| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00226/И |
| Дугаар | 156/ШШ2020/00284 |
| Огноо | 2020-04-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 156/ШШ2020/00284
156/ШШ2020/00284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00226/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Марина, шүүгч Л.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, ... дугаар баг, ............. тоот хаягт оршин суух, Б овогт Д А /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, ... дугаар баг, .......... тоот хаягт оршин суух, С Ж /РД:/-д холбогдох,
Эд хөрөнгөд учруулсан хохирол 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Д.А,
хариуцагч С.Ж,
иргэдийн төлөөлөгч А.Н,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө С.Ж нь манайд орж ирээд уурлаж зуухны ширмэн төмрийг авч шилэн хаалгатай мебель тавилга руу шидэж хагалсан. Миний хувьд тийм үйлдэл гаргахад нь нөлөөлсөн зүйл байхгүй. Иймд тавилганы үнэ 300 000 төгрөг гаргуулж өгнө үү. Уг тавилгыг өнгөрсөн жил 300 000 төгрөгөөр худалдаж авсан. Зохих хэмжээнд засвар хийж болох боловч тавилгын бүтэн үнийг авч шинэ тавилга авна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.А их бага хэмжээгээр их тус болдог байсан. Тухайн үед энэ хүний тавилгыг эвдсэн гэдэг дээр маргах зүйл байхгүй. Зохих хэмжээнд хохирлыг барагдуулахыг зөвшөөрөх боловч 300 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Тавилгаа засварлаад хэрэглэж болно. Миний бодлоор 50 000-80 000 төгрөгийн засвар орох байх гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.А нь С.Ж холбогдуулан эд хөрөнгөд учруулсан хохирол 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх хуралдаанд хуульд зааснаар сонгогдон оролцсон иргэдийн төлөөлөгчийн зүгээс гаргасан дүгнэлтдээ “нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй” гэжээ.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2019 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хариуцагч С.Ж буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.А өмчлөлийн шилэн хаалгатай мебель тавилгад эвдрэл учирсан гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон тул хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг хуульд зааснаар барагдуулах үүрэгтэй болжээ.
Харин хохирлын хэмжээний хувьд нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийн нийт үнэ болох 300 000 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагч нь засвар хийхэд гарах зардалд 80 000 төгрөг төлж болно гэх байр суурийг илэрхийлсэн байна. Зохигчийн хэн алиний тайлбараар хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас тухайн эд хөрөнгөд зохих эвдрэл учирсан болохоос бүрэн устсан, дахин ашиглах боломжгүй болсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан эвдрэлийг засварлахад шаардлагатай зардлыг хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцах ёстой болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийнхээ дагуу нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөд 300 000 төгрөгийн хохирол учирсан болохыг нотолж чадаагүй тул шилэн хаалгатай мебель тавилгад учирсан хохирлын хэмжээг хариуцагч талын маргахгүй байгаа хэмжээ болох 80 000 төгрөгөөр тооцон нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 220 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд бичгийн нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй, маргааны зүйлд учирсан хохирлыг бүрэн тодорхойлоогүй учир Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЗДТГ-ын Үнэлгээний комиссийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05/441 дүгээр үнэлгээг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ж 80 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А олгож,
нэхэмжлэлийн шаардлагаас 220 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 9 600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧ Б.МАРИНА
Л.ЦЭРЭНДУЛАМ