Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 129/ШШ2021/00495

 

 

 

 

 

 

 

 

 

1129/ШШ2021/00495

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А овогт Д.У-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  АУУ ХХК-д холбогдох

 

АУУ ХХК-ийн орлогын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.У нь АУУ ХХК-д 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр томилогдож, орлогын байцаагчаар ажиллаж байсан. Б.Б захирал ажил аваад тооцооны нягтлан бодогч болон ерөнхий нягтлан бодогч нар солигдсон. Одоо яригдаад байгаа 50,000 төгрөгийг н.О гэх айл 2021 оны 2 дугаар сард тушаасан. 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр миний төрсөн аавын бие муудаж С аймгийн Х сум руу явахаар болж ажлаасаа 1 сарын хугацаатай чөлөө авч, тэндээ очоод Ковид-19 цар тахлын улмаас дахин 1 сарын хугацаагаар чөлөөний хугацааг сунгуулсан. Аав маань 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр бурхан болсон. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ерөнхий инженер Ц.Б намайг дуудаж, энэ мөнгийг яагаад тушаагаагүй юм бэ? гэж асуусан. Тэгэхээр нь би тухайн үед нь нэг айлын кодон дээр хоёр айл байдаг байсан учраас нягтлан бодогчтой тулгаж, тушаах гэж байгаад амжаагүй, өрөөндөө шүүгээнийхээ шургуулганд хийгээд орхисон байсан 50,000 төрөгийг ерөнхий инженерт оруулж харуулсан. Би ерөнхий нягтлан бодогчид өөрөө ашиглаагүй гэдгээ харуулж, тайлбарлаж хэлээд буцаагаад ширээнийхээ шургуулганд хийсэн байсан. Ерөнхий нягтлан бодогчоос уг мөнгийг одоо яах вэ гэж асуухад өөр дээрээ байлгаж бай гэж хэлсэн. Маргааш нь намайг захирал ажлаас халахаар нь би уг мөнгийг захиралд оруулж өгсөн. Ийм л үйл явдал болсон. Би хэрэглэгчийн төлбөрийг дансанд тушаахгүй бүртгэл буруу хөтөлсөн асуудал байхгүй. Би хэрэглэгчийн кодыг бүртгэлжүүлдэггүй. Намайг ажилд ороход 777-214 код дээр өөр айл байсан. Тэгээд тооцооны нягтлан бодогч 2020 онд янзалж байсан. Тийм учраас 2021 онд н.Г, н.С нягтлан бодогчид зөрсөн зүйл байхгүй гэж тайлбарлаад байна. Өмнөх оныг нь янзалсан талаар үзэж шалгах боломжтой байх. Өмнөх оны тайланг нягтлан бодогчид эксел файлаар өгсөн. Тэр эксел файлаас өмнө нь ямар айл байсан, ямар зөрүүтэй байсан гэдэг нь харагдах болов уу гэж бодож байна. н.Б дарга намайг намын шаардлагаар ажлаас халсан гэж үзэж байна. Сар болгон тооцооны нягтлан бодогчтой тулгана гэснийг би хоёр дугаар сард өөрийн биеэр н.С нягтлан бодогчийг даргын өрөөнөөс гараад өөрийнхөө өрөө рүү орж байхад нь хоёулаа тооцоогоо тулгая гэж хэлэхэд Аан за гэж хэлээд надад тодорхой хариу өгөөгүй. Жилийн эцсээр манай байгууллага уг нь тулгадаг. н.Б дарга 01 дүгээр сард ажилд орж байсан. Тэгэхэд тооцооны нягтлан бодогч н.У ерөнхий нягтлан бодогч н.А нар нь н.Б даргатай цаашид хамтарч ажиллах боломжгүй гээд бүгд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Тийм болохоор надад тухайн үед тулгах нөхцөл байдал үүсээгүй. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул миний урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох АУУ ХХК-ийн орлогын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.У-н АУУ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.У нэхэмжлэлтэй АУУ ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын зүгээс ажилтан Д.У-г Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 7.3.4-т заасныг үндэслэж ажлаас нь халсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэл байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулах гэсэн зүйл заалтад ажлаас халах гэсэн үндэслэл байгаа. Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.4-т санхүүгийн данс бүртгэлийг буруу хөтөлсөн, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар гэрээг дуусгавар болгоно гэсэн заалтыг баримталсан. Ажилтан Д.У нь тухайн үед ажиллаж байхдаа 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн н.О, н.Ц нарын тушаасан 50,000 төгрөгийн баримтыг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэхгүйгээр өөртөө мөнгийг удаасан байдаг. Энэ удаасан үйлдлийг нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэн н.О-н эхнэр н.Ц нь байгууллага дээр очоод манай тушаасан мөнгө орохгүй байна, манайх өр төлбөртэй гэж гарч ирээд байна гэсэн утгаар өөрөө өргөдөл өгсөн байдаг. Өргөдөл өгсний дагуу Д.У-г дуудаж асуухад н.Ц гэдэг хүн мөнгөө өгсөн боловч би мөнгийг нь тушааж чадаагүй гэсэн тайлбар хэлдэг. Үүн дээр нэхэмжлэгч Д.У маргадаггүй. Ийм үйл баримт тогтоогдсон учраас тухайн байгууллагын ёс зүйн хороо хуралдаж, дүгнэлтээ гаргаж, саяны хууль эрх зүйн актуудыг үндэслэж, хариуцагч байгууллагын захирал шийдвэр гаргасан байдаг. Тухайн үед хөдөө явахаар чөлөө авсан гэдэг тайлбар тавьдаг. Гэхдээ чөлөө аваад буцаад ирэх хооронд сар гаруй хугацаа байсан. Тухайн хугацаанд Д.У мөнгийг тушаах боломжтой байсан. Сая нотлох баримтаар гаргаж өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байгууллагын хурлын тэмдэглэл дээр би гарын үсэг зураагүй, бичээгүй гэсэн байдаг. Гэтэл бичээд ягаан хувийг нь өгсөн байдаг. Ийм үйл баримтууд тогтоогдсон учраас шийдвэрээ гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч АУУ ХХК-д холбогдуулан АУУ ХХК-ийн орлогын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч тал ...нэхэмжлэгч Д.У нь Хөдөлмөрийн гэрээний 7.3.4-т заасан зөрчил гаргасан нь байгууллагын Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон тул ажлаас халах тушаал гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

АУУ ХХК нь хэрэглэгчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төлсөн төлбөрийн мөнгийг компанийн дансанд тушаахгүй бүртгэл буруу хөтөлж, ажил олгогчийн итгэлийг алдан хөдөлмөрийн гэрээ зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэн Д.У-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7.3.4 дэх заалтыг тус тус баримтлан тус компанийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар орлогын байцаагчийн ажлаас халжээ. Ингэхдээ тушаалын үндэслэл болсон бусад хууль, журам, гэрээний зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт нийцүүлж баримталсан байна.

 

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр Д.У нь хариуцагч байгууллагын мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан болох нь тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын орлогын байцаагчийн ажил, албан тушаалд ажиллах явцдаа байгууллагын үйл ажиллагаанд баримталбал зохих хэрэглэгчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төлсөн төлбөрийн мөнгийг компанийн дансанд тушаахгүй бүртгэл буруу хөтөлж, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, сахилгын зөрчил гаргажээ.

 

АУУ ХХК-ийн ёс зүйн хорооны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон Д.У-н гаргасан дээрх зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7.3.4 дэх хэсэгт зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч байгууллагын шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор АУУ ХХК-ийн захирлын тушаал гарсан байна.

 

Нэхэмжлэгч тал нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд харин ...н.О гэх айл 50,000 төгрөгийг 2021 оны 2 дугаар сард тушаасан. 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр миний төрсөн аавын бие муудаж Сүхбаатар аймгийн Халзан сум руу явахаар болж ажлаасаа 1 сарын хугацаатай чөлөө авч, тэндээ очоод Ковид-19 цар тахлын улмаас дахин 1 сарын хугацаагаар чөлөөний хугацааг сунгуулсан. Аавын маань бие муудсан учраас уг мөнгийг тушааж чадалгүй явсан. Энэ мөнгийг би өрөөнийхөө ширээний шургуулганд хийгээд явсан. Иймд ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй. гэх мэтгэлцээний байр суурийг илэрхийлж байх боловч нэгэнт тогтоогдсон зөрчил дээр ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах нь ажил олгогчийн өөрийн эрх хэмжээний асуудал юм. Өөрөөр хэлбэл хууль тогтоомж, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй ажилтны буруутай үйл ажиллагааны талаар сахилгын арга хэмжээ авах эрх ажил олгогчид хадгалагдана.

 

Мөн ажилтны гаргасан зөрчлийн хэр хэмжээ, давтамж, шинж чанар, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмын зохицуулалт зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах зэрэг сахилгын шийтгэлийн хэлбэрээс ажил олгогч зохих сахилгын шийтгэлийг шууд сонгож ногдуулах эрхтэй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нөхцөл байдал үүсгэсэн ажилтны буруутай үйл ажиллагаанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хариуцагч байгууллагын эрх хэмжээний асуудал юм.

 

Иймд нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, ажил олгогч өөрийн эрх хэмжээний хүрээнд зохих шийдвэрийг гаргасан байх тул нэхэмжлэгч Д.У-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Д.У нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан АУУ ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан албан тушаал болох АУУ ХХК-ийн орлогын байцаагч ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.У-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА