Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Г.Мөнхтүвшин

Шүүгдэгч С.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борижгон овогт Сүхбаатарын Батбаярт холбогдох эрүүгийн 201710010088 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлэн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 40 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сум 4-р баг Найрамдалын 133-1 тоотод оршин суух хаягтай, одоо Замын-Үүд сумын 2 дугаар баг, Хилийн 2-3 тоотод түр оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Боржигон овогт Сүхбаатарын Батбаяр /РД: ЕС77102111/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч С.Батбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт өөрийн түрээсийн байрандаа согтуугаар хамтран амьдрагч Э.Эрдэнэчимэгтэй  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч С.Батбаярын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 03 сарын 14-ны өдөр би архи уусан байсан Эрдэнэчимэгийг гэртээ дуудсан. Мөн Мөөгий ахыг дуудсаж нийлээд архи уусан. Тухайн үед би их согтуу байсан учир Эрдэнэчимэгийг яаж зодсоноо мэдэхгүй байна. Өглөө боссон чинь Эрдэнэчимэгийн нүүр ам нь хавдсан хөхөрсөн байсан мөн миний нэг нүд нээгдэхгүй хавдсан байсан. Эрдэнэчимэг надад чи шөнө намайг зодсон Мөөгий ах намайг өмөөрөөд чамайг зодсон гэж хэлсэн. Эмнэлэг явъя гэтэл Эрдэнэчимэг явахгүй намайг ажилдаа яв гэж хэлсэн тэгээд би ажилдаа явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

- Хохирогч Э.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 03 сарын 14-ны өдрийн 17 цагийн үед Батбаяр над руу залгаад манай гэрт хүрээд ир гэж дуудсан, тухайн үед би өөрийн найз Мөнхцэцэгийн хамт Кука гэх найзынхаа гэрт 1 шил архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд би Мөнхцэцэгийг дагуулаад Батбаярын амьдардаг түрээсийн байранд очиход бага зэрэг халамцуу байдалтай ганцаараа байсан ба бид хоёрын ирсний дараа ажлынхаа газрын Мөөгий гээд ахыг утсаар дуудсан. Удалгүй Мөөгий ах 1 шил нэр нь үл мэдэгдэх татваргүй бараанаас авсан 1 шил архитай орж ирэхээр нь бид 4 архийг нь хувааж уугаад сууж байтал Батбаяр бид хоёр хоорондоо үл ялих зүйлээс болж маргалдаж эхэлсэн. ...Тэгээд би уусан архиндаа нэлээн согтчихсон байсан болохоор Батбаяртай яаж учир зүйгээ олсноо санахгүй байна, ямар ч байсан намайг хэвтсэний дараа Батбаяр миний хажуугаар орж ирээд дээрээс хөлөөрөө хавчиж хэвтээд миний зүүн гар болон цээж, нүүрний орчим гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Ингээд миний хамар амнаас цус гарахаар нь Батбаяраас гуйгаад чи намайг зодохоо болиоч ээ гэтэл миний үгийг сонсохгүй үргэлжүүлэн цохиод байсан, гэтэл хажуу айлын хүн хаалга тогшоод хаалганы цаанаас гар утас байна уу, байвал утсаар чинь нэг ярья гэж асуухад Батбаяр байхгүй гэж харицлаад намайг зодохоо больсон. ...Хоёр нүд юм харж чадахгүй болтлоо хавдсан, зүүн талын бие битүү хөхөрч хавдсан, толгой нилэнхүйдээ хөхөрч гэмтэл авсан байсан гэжээ. /хх-ийн 7-9/

-Хохирогч шүүхэд гаргаж өгсөн хүсэлтэндээ: Би шүүх хуралдаанд оролцохгүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээний зардалд 2 сая төгрөг нэхэмжилсэн байсан боловч шүүгдэгч нь 300.000 төгрөгийг өгсөн үлдэх нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. 

 - Гэрч Ц.Мөнхжаргалын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 03 сарын 14-ны өдрийн 12 цагийн орчим С.Батбаяр над руу утсаар яриад та гэрт хүрээд ирэх үү, манай хоёр эмэгтэй найз ирчихсэн байна, ирэхдээ нэг шил архи аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд миний ажил амжихгүй, очиж чадахгүй байсан чинь Батбаяр өөрөө ажил дээр ирээд нэг шил архи хэрэгтэй байна гэхээр нь гэрт байсан татваргүй батаанаас авсан 1 литрийн архиа аваад Батбаярын хамт түрээсийн байранд нь очсон. Тэгсэн Эрдэнэчимэг нэг найзынхаа хамт бага зэрэг халамцуу байдалтай сууж байхаар нь авчирсан нэг шил архиа задлаад 4-лээ хувааж уугаад сууж байтал Эрдэнэчимэг Батбаярт хандаж би чамтай сууснаас хойш уруудаад байна, хэрвээ нөхөртэйгээ байсан бол дээшлэх байсан юм гэсэн утагтай зүйл яриад гомдлоод байсан чинь Батбаяр хэлсэн үгэнд нь уурлаад Эрдэнэчимэгийн нүүр рүү 1 удаа алагдаад цээж рүү нь түлхсэн. Тэгэхээр нь би Батбаярыг барьж аваад хорих гэтэл эсэргүүцээд Эрдэнэчимэг рүү дайраад байхаар нь түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиод гудсан дээр дарж авсан. Үүний дараа Эрдэнэчимэгтэй хамт явж байсан. Мөнхцэцэг гэгч эмэгтэй гараад явсан ба удалгүй Эрдэнэчимэг араас нь гарсан. Ингээд би Батбаярыг босгоод миний дүү ингэж их согтвол чи хүн ална шүү, одоо наад архиа боль энэ хоёр хүүхэнтэй ч гэсэн битгий нийлж бай гэж хэлээд гэртээ харьсан. Тухайн үед цаг ойролцоогоор 15-16 цаг болж байсан ба үүнээс хойш Батбаярын гэрт юу болсныг мэдэхгүй ээ гэжээ. /хх-ийн 12-13/

-Гэрч Т.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 03 сарын 14-ны өдрийн 16 цагийн үед өөрийн найз Эрдэнэчимэгийн хамт танил ах эгчийнхээ гэрт 1 шил архи уугаад сууж байтал Эрдэнэчимэгийн хамтран амьдрагч Батбаяр түүн рүү утсаар залгаад гэрт хүрээд ир гээд дуудсан. Тэгээд би Батбаярыг таньдаг болохоороо Эрдэнэчимэгийн хамт түрээсийн байранд нь очиход ганцаараа халамцуу байдалтай сууж байсан. Тэгсэн Эрдэнэчимэг чи юу ч үгүй байж бид хоёрыг дуудлаа, бид хоёр явлаа гэсэн чинь Батбаяр одоо манай ажлын ах, нэг юм авчирнаа түр хүлээж бай гэж хэлсэн. Ингээд удалгүй Батбаяртай хамт ажилладаг Мөөгий гэх өндөр нуруутай ах нэг шил архитай орж ирээд бид 4 архийг нь хувааж уусан, тэгсэн Эрдэнэчимэг бид хоёр явлаа гэсэн чинь Батбаяр битгий яваач гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд уур амьсгал нэг л сонин болоод хүмүүс хоорондоо маргалдаад байхаар нь дотроо явъя гэж бодоод гарах гэтэл Батбаяр Эрдэнэчимэгийн хацар руу нь нэг алагдсан, тэгсэн Мөөгий ах босч ирээд Батбаярыг чи эмэгтэй хүнд гар хүрлээ гэж загнаад түүний шанаан тус газар нэг удаа гараараа цохисон. Тэгээд нөгөө 3 чинь хоорондоо учраа олоод тайвширхаар нь би гэртээ ганцаараа харьсан ба миний дараа Мөөгий ах гараад Эрдэнэчимэг, Батбаяр нар гэртээ үлдсэн байсан. Маргааш өглөө нь Эрдэнэчимэг над руу утсаар яриад өчигдөр шөнө Батбаярт зодуулчихлаа, чи гэрт хүрээд ирэх үү гэхээр нь гэрт нь яваад очтол хамаг бие нь харахын эцэс байхгүй хавдаж, хөхөрсөн байдалтай гэртээ хэвтэж байхаар нь эмнэлгийн байгууллагад үзүүлэх хэрэгтэй гэсэн чинь өөрөө яахийн яахийн гээд байсан гэжээ. /хх-ийн 17-18/        

-Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх-ийн 1/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Шүүх эмнэлгийн 4109 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Э.Эрдэнэчимэгийн биед эрүүний зүүн үений сэртэн, зүүн зургаадугаар хавирга, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хацар, эрүүний зүүн хэсэг, хүзүүний зүүн дээд хэсэг, хөхлөг сэртэн, хүзүүний урд доод хэсэг, өвчүү, баруун, зүүн бугалга, дал, цээжний зүүн ар доод хэсэг, зүүн гуянд цус хуралт, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 26/ 

-Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/  

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49/

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 58-59/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.  

Шүүгдэгч С.Батбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт өөрийн түрээсийн байрандаа согтуугаар хамтран амьдрагч Э.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүний зүүн үений сэртэн, зүүн зургаадугаар хавирга, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хацар, эрүүний зүүн хэсэг, хүзүүний зүүн дээд хэсэг, хөхлөг сэртэн, хүзүүний урд доод хэсэг, өвчүү, баруун, зүүн бугалга, дал, цээжний зүүн ар доод хэсэг, зүүн гуянд цус хуралт, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус харвалт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Э.Эрдэнэчимэгийн “...Тэгээд би уусан архиндаа нэлээн согточихсон байсан болохоор Батбаяртай яаж учир зүйгээ олсноо санахгүй байна, ямар ч байсан намайг хэвтсэний дараа Батбаяр миний хажуугаар орж ирээд дээрээс хөлөөрөө хавчиж хэвтээд миний зүүн гар болон цээж, нүүрний орчим гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Ингээд миний хамар амнаас цус гарахаар нь Батбаяраас гуйгаад чи намайг зодохоо болиоч ээ гэтэл миний үгийг сонсохгүй үргэлжүүлэн цохиод байсан, гэтэл хажуу айлын хүн хаалга тогшоод хаалганы цаанаас гар утас байна уу, байьал утсаар чинь нэг ярья гэж асуухад Батбаяр байхгүй гэж харицлаад намайг зодохоо больсон.” гэх мэдүүлэг, гэрч Ц.Мөнхжаргалын “...Батбаяр хэлсэн үгэнд нь уурлаад Эрдэнэчимэгийн нүүр рүү 1 удаа алагдаад цээж рүү нь түлхсэн. Тэгэхээр нь би Батбаярыг барьж аваад хорих гэтэл эсэргүүцээд Эрдэнэчимэг рүү дайраад байхаар нь түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиод гудсан дээр дарж авсан.” /хх-ийн 12-13/ гэх мэдүүлэг, гэрч Т.Мөнхцэцэгийн “...Тэгээд уур амьсгал нэг л сонин болоод хүмүүс хоорондоо маргалдаад байхаар нь дотороо явъя гэж бодоод гарах гэтэл Батбаяр Эрдэнэчимэгийн хацар руу нь нэг алагдсан, тэгсэн Мөөгий ах босч ирээд Батбаярыг чи эмэгтэй хүнд гар хүрлээ гэж загнаад түүний шанаан тус газар нэг удаа гараараа цохисон.” /хх-ийн 17-18/ гэх мэдүүлэг, шүүх эмгэлгийн шинжээчийн 4109 дугаартай дүгнэлт зэргээр батлагдаж байна гэж үзлээ.    

Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл ангийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Батбаярын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй юм. Иймд шүүгдэгч С.Батбаярын үйлдсэн гэх хэрэгт нь Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл ангийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлсөн зэргийг харгалзан үзлээ.

 Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Сүхбаатарын Батбаярт зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-г /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Батбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Сүхбаатарын Батбаярт 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.                

4. Шүүгдэгч С.Батбаяр нь нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар нийт 240 цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч С.Батбаярын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэнийг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Батбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  Э.БОЛОРМАА