Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/02

 

Г.*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.*******8 түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Г.*******т холбогдох 2023001000085 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Пүрэвдорж, прокурор Н.*******, шүүгдэгч Г.******* түүний өмгөөлөгч Б.******* нар/Говь-Алтай аймгийн шүүхээс онлайнаар/ оролцов. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү ******* багт оршин суух хаягтай, урьд 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт *******ийн *******, /регистрийн дугаар ДК*****/

Шүүгдэгч Г.******* 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 21-22 цагийн үед Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн ******* хайрхан гэх газарт байрлах Ц.*******ын гэрийн хаалганы цоожны даруулга төмрийг хөшиж онгойлгон дотогш нэвтрэн орж 3 шуудай 74 килограмм ноолуурыг “Мустанг 150” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж түүнд 3,774,000 төгрөгийн хохирол учруулж, “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 8 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 3 жил 8 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-150” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 250,000 төгрөгийг шүүгдэгч Г.*******аас гаргуулж улсын орлого болгож,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Г.******* нь энэ тогтоолоор хохирогч Ц.*******ад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдолд: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/шцт/03 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр онлайнаар хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс *******ийн *******ыг Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэн нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу тусгайлан хамгаалагдсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 3 жил 8 сар 6 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй, зөрүүтэй байхад хэтэрхий нэг талыг баримтлан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж түүнд ял шийтгэл ногдуулсан гэж үзэж байна. Учир нь:

1. Хохирогч Ц.******* нь мөрдөн байцаалтад удаа дараа өгсөн мэдүүлэгтээ: “...74 килограмм ноолуур хулгайд алдсан...” гэх мэдүүлдэг бөгөөд түүний 74 кг ноолуур байсан гэдгийг түүний хохирогчтой хамаарал бүхий хүн болох түүний ээж гэх О.ийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* нь өөрийн 35 кг ноолуур, аавын 30 кг ноолуур нийт 65 кг ноолуур тушаасан гэж мэдүүлж байгаагаас үзэхэд хохирогч Ц.*******ад яг ямар хэмжээний хохирол, хор уршиг учирсан талаар нарийвчлан тогтоож чадаагүй байна. Мөн хохирогч Ц.*******ын ээж гэрч О. нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймаг явсан байсан, эзгүй байсан бөгөөд гэрт хулгай орж хаана нь байсан ямар хэмжээтэй ноолуур алга болсон талаар огт мэдээгүй байсан атлаа тухайн үйл явдлыг болсон мэт мэдүүлж байгаа нь хохирогч нь зохиомол байдлыг бий болгож, гэрчид ямар зүйлийг мэдүүлэх талаар урьдчилан бэлтгэсэн байж болзошгүй нөхцөл байдлыг харуулж байхад анхан шатны шүүх уг асуудлыг нягтлан шалгалгүйгээр хэргийг хэтэрхийн нэг талыг баримтлан шийдвэрлэсэн байна.

2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн гэх бөгөөд уг мэдүүлэг нь хохирогч Ц.*******, гэрч О., Г., Э. нарын мэдүүлэг болон хэргийн үйл баримт, цаг хугацааны хувьд тохирч байна гэж дүгнэсэн. Гэвч анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийг зөрчсөн байх тул мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нотлох баримтаар тооцохгүйгээр шийдвэрлэсэн атлаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг үндэслэн түүнийг гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Мөн анхан шатны шүүхээс түүнийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ямар нэгэн нотлох баримтгүйгээр, үндэслэлгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан бөгөөд улмаар шүүгдэгчээс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлэг авахдаа түүний Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан өөрөө өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд заасан Өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангалгүйгээр н. гэх өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авч байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. /Хэрэгт н. гэх өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй бөгөөд албан ёсоор гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна./

3. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч Ц.*******ыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд хохирогч Ц.*******аас мөрдөн байцаалтын шатанд асууж тодруулаагүй зарим нэг зүйлсийг асууж тодруулах шаардлагатай байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох боломж нөхцөлөөр хангаагүй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бүхэлд хянан үзлээ. Шүүгдэгч Г.******* 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 21-22 цагийн үед Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн ******* хайрхан гэх газарт байрлах Ц.*******ын гэрийн хаалганы цоожны даруулга төмрийг хөшиж онгойлгон дотогш нэвтрэн орж 3 шуудай 74 килограмм ноолуурыг “Мустанг 150” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан авсан үйл баримт хэрэгт авагдсан хохирогч Ц.*******ын өгсөн мэдүүлэг, гэрч О., Г., С. нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ц.ын банкны дугаартай дансны хуулга/хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэж хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нь дээрх үйлдлийн улмаас хохирогчид 3,774,000 төгрөгийн хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-дахь хэсгээр зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна. Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан байх бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Г.*******ын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн, ял хүнддээгүй байна. Ялтан Г.******* түүний өмгөөлөгч Б.******* нар нь давж заалдах гомдолдоо:

1. Хохирогч Ц.******* нь 74 кг ноолуур алдагдсан гэдэг боловч энэ нь нотлогдоогүй хохирогчийн хамаарал бүхий гэрч буюу түүний ээж О.ийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж анхан шатны шүүх үздэг.

2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийг зөрчсөн гэж үзэж, нотлох баримтаар тооцохгүйгээр шийдвэрлэсэн атлаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг үндэслэн түүнийг гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Г.*******ын өмгөөлүүлэх эрхийг зөрчиж Н. гэх өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авсан нь хуулийг ноцтой зөрчсөн.

3. Хохирогч Ц.*******ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасаар байтал түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох боломж нөхцөлөөр хангаагүй гэж үзлээ гэжээ. Хохирогч Ц.******* нь анх Цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа 2020 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн ******* хайрхан гэх газарт байрлах иргэн Ц.*******ын жижиг гэрээс гурван шуудай 74 кг ноолуур хулгайд алдагдсан гэх гомдлыг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-11/ хуудас, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зураг 5 ширхэг, мөн хохирогч Ц.******* болон гэрч нарын мэдүүлгээр гурван шуудай буюу 74 кг ноолуур хулгайд алдсан болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийг зөрчсөн гэж үзэж, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нотлох баримтаар тооцохгүйгээр хасч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Г.*******ын яллагдагчаар татсан мэдүүлэг болон гэрч, хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн Г.*******ыг гэм буруутайд тооцож, хэргийг шийдвэрлэсэнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна. Мөн хохирогч Ц.*******аас мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан, тэрээр хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй гэсэн байх бөгөөд түүнийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь оролцогчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчөөгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөөгүй байх тул хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Ж.БАТТОГТОХ