| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/02825/И |
| Дугаар | 101/ШШ2021/04031 |
| Огноо | 2021-12-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2021/04031
2021 12 03 101/ШШ2021/04031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Д” Олон Улсын Байгууллагад холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 30,871,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Э миний бие Д Олон улсын байгууллага (цаашид “Д” ОУБ эсхүл “ажил олгогч” гэх)-ын Б аймаг дахь орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгчээр 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад “Д” ОУБ-ын суурин төлөөлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/18 дугаар тушаалаар 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт олгосон (2018.03.27-ны өдөр хүү Ю-г төрүүлсэн).
2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн R18/12/26 дугаар тушаалаар “Д” ОУБ-ын Б аймгийн орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул уг тушаалыг эс зөвшөөрч тус дүүргийн шүүхэд хандсан.
3 шатны шүүхээр хэрэг хянан шийвэрлэх ажиллагаа явагдаж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.04.06-ны өдрийн 001/ХТ2021/00344 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны буюу 2019.04.01-ний өдрөөс 2019.09.27-ны өдрийг хүртэл (давж заалдах шүүх хуралдаан болох хүртэл 6 сараар тооцож) 9,142,872 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын дээд шүүхийн 2021.04.06-ны өдрийн дугаар 001/ХТ2021/00344 дугаар тогтоолоор уг хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч байгууллага болох Д Олон Улсын Байгууллага дээр 2021.05.24-ний өдөр биечлэн очиж уулзахад байгууллагыг төлөөлж хүний нөөцийн хэлтсийн захирал Т.С хүлээн авч уулзан шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд маань эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрт заасан нөхөх олговорыг олгоно, 2021.06.07-ны өдөр ажилдаа ороорой гээд энэ тухай орон нутгийн менежерт мэдэгсэн байсан.
Ингээд миний бие 2021.06.07-ны өглөө 08:00 цагт ирж ажилдаа ороод өнөөдрийг хүртэл ажлаа хийж байгаа болно.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.25-ны өдрийн 101/ШШ2019/01878 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.27-ны өдрийн 1745 дугаар магадлал гарснаас хойш Д Олон улсын байгууллагын Б аймаг дахь орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгчээр 2021.06.07-ны өдөр ажилдаа орох хүртэлх нийт 22 cap буюу 401 хоног ажилгүй байсан хугацаанд миний бие ямар нэгэн ажил эрхлээгүй бөгөөд цалингаас өөр орлогогүй надад хүндээр тусч байна.
Г.Э миний бие Б аймаг, Ө сумын 0 дугаар багт Ц 0 орон сууцны 0 давхар 0 тоотын 41 м кв байрыг 2016 оны 7 сард ипотекийн зээлээр 18 жилийн хугацаатай авч байсан. Энэхүү байрны ипотекийн зээлийг цалингаараа төлөхөөс гадна амьжиргаагаа залгуулдаг байсан бөгөөд ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсаны дараа төлж чадахгүйд хүрч 2019 оны 3 сард өөрийн ээжийн тэтгэврийн зээлийг 24 сараар буюу 3,000,000 төгрөг авахуулаад 6 cap гаруй төлж байгаад ажлаас үндэслэлгүйгээр халагдаж ажилгүй болсны улмаас цаашид төлж чадахгүй байдалд хүрч арга буюу өөрийн төрсөн дүү Г.О-т орон сууцаа худалдаж миний өмнөөс cap бүр 300,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр дүүдээ шилжүүлж өгсөн. Ингээд миний бие өөрийн гэсэн орон гэргүй болж Бугат суманд зээ дүү К.Б-ийн зуны зориулалттай зуслангийн байшинд хүү Э.Ю, өндөр настай 80 гарсан ээж Ж.О-ы хамт өнөөдрийг хүртэл 2 жил гаруй хугацаанд амьдарч байна.
Ажилгүй байх хугацаанд миний бие маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл өөр ажилд орохоор ажил хайсан боловч ажил олдохгүй, хэдий ах дүү байлаа ч илүү гаргах юмгүй хэцүү хүнд нөхцөлд амьдарсаныг ах дүү нар гэрчлэх болно. Хүүхдийн 20,000 төгрөгнөөс өөр орлогогүй байсан.
Өндөр настай 80 гарсан бие муутай ээжтэйгээ өрх толгойлсон эмзэг бүлгийн өрх болсон. Улмаар өрхийн хүнс болон хэрэглээний зардлыг хүрэхгүй өр зээл тавьж өнөөдрийг хүртэл зохицуулж ирсэн.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш ажилдаа эргэн орох хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх талаар миний бие хүний нөөцийн захирал Т.С-д биечлэн уулзахдаа амаар хандахад шүүхэд хандаад албан ёсоор шүүхийн шийдвэр гарсан бол ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн олгоход татгалзах зүйлгүй гэсэн тул ийнхүү шүүхэд хандаж байна.
Бид хариуцагч байгууллага дээр очиж уулзахад хүний нөөц хариуцсан ажилтан нь “Олон улсын байгууллага учраас цалингийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдолд асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн хариу өгсөн. Давж заалдах шатны шүүхийн хуралдааны дараа хариуцагч талд нэхэмжлэгч тал саналаа тавьж байсан, тухайн үед асуудлыг шийдсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан.
Нэг сарын дундаж цалинг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.27-ны өдрийн 1745 дугаар магадлалд тогтоосноор бодсон болно.
Иймд хариуцагч Д Олон Улсын Байгууллагаас 22 cap буюу 401 хоног ажилгүй байсан хугацаанд цалинтай тэнцэх нөхөх олговорт нийт 30,871,000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Д Олон Улсын Байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд хянагдаж буй Г.Э-ийн нэхэмжлэлтэй, Д Олон Улсын Байгууллагад холбогдох иргэний хэрэгт “Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 30,871,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.
Г.Э нь Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1745 дугаар магадлалаар цалингаа шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг “Д” Олон улсын байгууллага бүрэн биелүүлж, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгосон.
Давж заалдах шүүхийн магадлал гарснаас хойш хариуцагчийн зүгээс хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд энэхүү гомдлыг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хяналтын шүүх хэлэлцсэн явдалд хариуцагч буруугүй гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор хяналтын шатны шүүх хуралдаан хийгдэхгүй, нэг жил гаруй хүлээгдсэн бөгөөд энэхүү объектив хүчин зүйлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан.
Анхан шатны шүүх 2019.06.25-ны өдрийн 1878 дугаар шийдвэрээр Г.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, гэтэл Давж заалдах шатны шүүх ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байхад уг хугацааг сэргээгээд 2019.09.27-ны өдрийн 1745 магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Г.Э-ийн нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шат хэргийг зөрүүтэй шийдвэрлэсний улмаас хариуцагч хяналтын журмаар гомдол гаргаж, хуулиар өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан боловч хуулийн энэхүү заалт хэрэгжээгүй, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсний төлөө үүссэн үр дагаврыг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Байгууллагын зүгээс Г.Э-д ажилгүй байсан хугацааны цалин өгнө гэж хариу өгсөн гэдгийг мэдэхгүй байна, надад өмнөх шүүхийн үйл ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагын тал хувиар эвлэрэх боломжтой гэх мэдээлэлийг өгсөн.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримталсан боловч хуульд “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.
Мөн Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар 2021 оны 1 сараас нийгмийн даатгалын дэвтэр цахим болж, дэвтэрт гараар бичилт хийгдэхгүй болсон. Үүнээс үзэхэд өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч Г.Э нь өөр ажил хөдөлмөр эрхэлж байсан эсэх, эсхүл огт ажил эрхлээгүй байсан эсэх нь тодорхойгүй байна. Эдгээр байдал нь тодорхой болсноор түүнд дээрх хуульд заасны дагуу урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох боломжтой болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 сарын хугацааны буюу Нийслэлийн шүүхийн магадлалаар тодорхойлсон 1,523,812 төгрөг буюу 3,047,624 төгрөгийг зөвшөөрч байх тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч “Д Олон Улсын Байгууллага”-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 30,871,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нь уг шаардлагаас 3,047,624 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01878 дугаар шийдвэрээр Г.Э-ийн “Д Олон улсын байгууллага”-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1745 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Э-ийн шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г.Э-г “Д“ Олон улсын байгууллагын Б аймаг дахь орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 13,537,124 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн,
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3, 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч тал тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн,
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2021/00344 дугаар тогтоолоор дээрх Магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...13,537,124...” гэснийг “...9,142,872...” гэж, 2 дах заалтын “...дурдсугай” гэснийг “...дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 161,236 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
/хх-ийн 7-21 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Э-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох “Д Олон улсын байгууллага”-ын Б аймаг дахь орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгчийн ажилд 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч нь буцаан томилсноор, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байх ба энэ талаар зохигч маргаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д :” Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 401 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 30,871,000 төгрөг шаарджээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1745 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2021/00344 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Г.Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундажийг сард 1,523,812 төгрөг, 1 /нэг/ өдөрт 70,875 төгрөг, ажилгүй байсан хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэж тооцсон байна.
Хариуцагч “Д Олон улсын байгууллага” нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 сарын хугацааны цалин хөлс болох 3,047,624 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлийг шүүхийн шийдвэрт хяналтын журмаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн, шүүх хуульд заасан хугацааны дотор хэргийг хэлэлцээгүй нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаатай холбоогүй, түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх хугацаанд өөр ажил хөдөлмөр эрхэлж байсан эсэх, эсхүл огт ажил эрхлээгүй байсан эсэх нь тодорхойгүй гэжээ.
Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэл болох нэхэмжлэгчийг дээрх хугацаанд өөр ажил хөдөлмөр эрхэлж байсан эсэх, эсхүл огт ажил эрхлээгүй байсан эсэх нь тодорхойгүй гэх тайлбартай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Түүнээс гадна зохигч нь хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шүүхэд гомдол гаргасан нь ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
Зохигчийн тайлбараар ажилтныг шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогч нь өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эгүүлэн томилсон байгаагаас үзэхэд ажил олгогчийн зүгээс 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд ажилтанд цалин, хөлс олгоогүй, тэрээр дээрх хугацаанд өөр ажил, албан тушаал эрхэлж цалин, хөлстэй байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч Г.Э-ийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч “Д Олон улсын байгууллага”-аас гаргуулан олгохдоо Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1745 дугаар магадлалаар тогтоосон ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундаж сард 1,523,812 төгрөг, 1 /нэг/ өдөрт 70,875 төгрөг гэх хэмжээгээр тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Иймд хариуцагч “Д Олон улсын байгууллага”-аас ажилгүй байсан 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх 401 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 28,420,875 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,450,125 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
/401хоногх70,875төгрөг=28,420,875төгрөг/
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д: “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т: “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан тул хариуцагчид уг үүргээ биелүүлэхийг даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар хариуцагч “Д Олон улсын байгууллага“-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 28,420,875 төгрөг гаргуулж, нээхмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,450,125 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Э-ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Д Олон улсын байгууллага”-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Д Олон улсын байгууллага“-аас улсын тэмдэгтийн хураамжид 300,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ