| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/04518/И |
| Дугаар | 101/ШШ2021/03886 |
| Огноо | 2021-11-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2021/03886
2021 11 25 101/ШШ2021/03886
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У.У-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,636,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч А.З нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр У.У нь “Т” ХХК-тай 13901669 дугаар “Зээлийн гэрээ”, “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-г тус тус байгуулж, 9,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Toyota Prius 30 маркийн 0000 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.
Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг 580 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна.
Тэрээр зээлийн төлбөрт гэрээнд заасан хуваарийн дагуу 2020.01.18-ны өдөр 531,771 төгрөг, 2020.02.18-ны өдөр 531,771 төгрөг, нийт 2 удаагийн төлөлт хийсэн, үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй.
Зээлийн гэрээний 1.2.6-д зааснаар “Ноцтой зөрчил гэж зээлийн эргэн төлөх хуваарийг 30-аас дээш хоног хэтрүүлэх”-ийг ойлгох ба зээлдэгч 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд гэрээгээр хүлээсан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, гэрээг цуцалж байгаа тухай мэдэгдсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй.
Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д “Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтанд байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана” гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд зээлдэгч У.У зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна.
Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон.
Хариуцагч У.У нь 2021.10.27-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан байх ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүрэг хүлээсэн, гэтэл тэрээр хариу тайлбараа ирүүлээгүй байна. Мөн тэрээр оршин суух хаягаа өөрчилсөн бол үүнийгээ шүүхэд мэдэгдэх үүрэгтэй, гэтэл тэрээр үүнийг шүүхэд мэдэгдээгүй байх ба шүүхээс түүний шүүхэд өгсөн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
Иймд хариуцагч У.У-тай байгуулсан зээлийн гэрээг 2021.09.28-ны өдрөөр тооцон хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,479,000 төгрөг, хүү 4,917,800 төгрөг, алданги 4,239,500 төгрөг, нийт 17,636,300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч У.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,479,000 төгрөг, хүү 4,917,800 төгрөг, алданги 4,239,500 төгрөг, нийт 17,636,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
“Т” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр У.У-тай 9,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0,5 алданги тооцохоор тохиролцсон №13901669 дугаартай зээлийн гэрээг байгуулсан байх ба гэрээнд оролцогч талууд гарын үсэг зуран баталгаажуулжээ.
/хх-ийн 6-7 тал/
Зохигч талууд мөн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх №13901669 дугаартай фидуцийн гэрээ байгуулан, У.У нь 2010 онд үйлдвэрлэсэн, 2019 онд Монгол улсад бүртгэгдсэн, мөнгөлөг өнгийн, 0000 УБВ улсын дугаартай, Тоёота Приус маркийн, автомашиныг барьцаалснаар тэдний хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдан “Т” ХХК нь гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн авчээ.
/хх-ийн 8-9 тал/
Нэхэмжлэгч “Т” ХХК нь гэрээний зүйл болох 9,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч У.У-т шилжүүлэн өгсөн болох нь талуудын гарын үсэг зурсан барьцаат зээлийн тооцооны хуудас гэх баримтаар тогтоогдож байна.
/хх-ийн 10 тал/
Гэрээний оролцогч нь хүсэл зоригийн илэрхийлэл болгон гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, хариуцагч У.У нь гэрээний талаар шаардлага гаргаагүй бөгөөд уг гэрээнээс үзэхэд талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулсан, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэх үндэстэй.
Хариуцагч У.У нь гэрээний үүрэгт 2020.01.18-ны өдөр 531,771 төгрөг, 2020.02.18-ны өдөр 531,771 төгрөг, нийт 1,036,542 төгрөг төлсөн, өөр төлөлт хийгээгүй, 2020.03.18-ны өдрөөс хойш зээлээ төлөхийг удаа дараа түүнээс шаардсан, тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, фидуцийн зүйл хаана байгаа нь тодорхойгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, ийнхүү цуцлах хүртэлх хугацааны үүрэг шаардсан гэж нэхэмжлэгч тайлбарласан.
Дээрх нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд хариуцагч У.У нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д заасан зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн зөрчсөн, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг зээлдэгчид мэдэгдсэн гэх үндэслэлтэй байх тул зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2-т заасан зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зээлдүүлэгч нь 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар гэрээ цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүнчлэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан зэргээс үзэхэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй”,
286.2-т “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно”,
286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заажээ.
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус хуулийн этгээдийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл хэсэгт “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” гэсэн байна.
/хх-ийн 4 тал/
Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцаа нь зээлдэгчээс хөдлөх хөрөнгийг барьцаалах, зээлдэгч зээл, хүүгээ хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар гэрээний үүргийг хангуулах шинжтэй.
Мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй” гэж зааснаас үзэхэд барьцаалан зээлдэх газар нь барьцааны зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй байх бөгөөд нэхэмжлэгч барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зааснаар талууд зээлийн гэрээний 2.3-т хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогджээ.
Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч У.Уаас үндсэн зээлийн үлдэгдэл 8,479,000 төгрөг, хүү 4,917,800 төгрөг, алданги 4,239,500 төгрөг, нийт 17,636,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч У.У-т нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөлөлийн мэдүүлэгтэй танилцуулсан, мөн өдөр түүнд нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримттай танилцуулах ажиллагааг хийсэн байна.
/хх-ийн 27-30 тал/
Гэвч хариуцагч У.У нь дээр дурдсан хуульд заасан хугацаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх энэ өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.
Түүнээс гадна хариуцагч У.У-т түүний өөрийн тодорхойлон өгсөн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байр, 0 тоот хаягаар шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч тэрээр уг хаягт оршин суудаггүй болохыг тус хорооны Засаг дарга тодорхойлон ирүүлсэн байгаагаас үзэхэд түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ тус тус биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
/хх-ийн 14, 38-41 тал/
Хариуцагч У.У нь нэхэмжлэлийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул түүнийг энэ хуулийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
/хх-ийн 33-35, 37 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч У.У-аас 17,636,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч У.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 246,130 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ