| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0062/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/74 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/74
2025/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.ГанД даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгч: Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Эмээлч овогт Дын Бөд холбогдох эрүүгийн 2512000000029 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Х суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Х сумын М баг ......... гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Эмээлч овогт Дын Б/РД:АК................/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Б нь зөвшөөрөлгүйгээр 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Х сумын Ж багийн Н гэх газраас 1.5 метрийн урттай. 63 ширхэг 2.4242 м.куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо модыг унагаж бэлтгэн, Архангай аймгийн Х сумын Ж багийн Н гэх газраас тус аймгийн Х сумын төв хүртэл өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 266.080 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч В.Мөнхбатын “...Би хэрэгт ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/, гэрч Б.Аийн“...Би 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Х сумын Ө. багийн нутаг дэвсгэрт хяналт, шалгалт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа иргэн Д.Бийг шалгахад эрхийн бичиггүй галын түлээний мод бэлтгэж, тээвэрлэж явсныг илрүүлж ажилласан. Босоо мод бэлтгэсэн байсан. ...... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/, гэрч М.Ж..гийн “...Би Архангай аймгийн Х сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. Энэ хүн надаас өмнө нь мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан. Тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авах болон холбогдсон зүйл байхгүй. Н гэх газар нь тусгаарлалт хийгдээгүй. Тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/, яллагдагч Д.Бийн”... миний үйлдэлтэй тохирч байна. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 74-75 дугаар тал/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б..ийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн АРХ0325/071 дугаартай”...Монгол орны мод сөөг гарын авлагатай харьцуулахад ....Нарсны овгийн...Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй мод нь 10,6 хувь чийгтэй хуурай мод байна. Мөрдөгчийн хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд уг моднууд нь босоо модноос бэлдсэн байна. Шинжлэгдэж буй мод нь 2.4242 м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 266.080 төгрөг байна...” гэх дүгнэлт/хх-ийн 49-52 дугаар тал/,
Хөрөнгийн үнэлгээний Мэргэнгүн аудит ХХК-ийн үнэлгээчин А.Б..ын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай”...хөрөө-80.000 төгрөг, мод-83.300 төгрөг, машин-3.200.000 төгрөг...” гэх дүгнэлт/хх-ийн 54-56 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 2-5 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 6-12, 36-37 дугаар тал/, Архангай аймгийн Эрдэнэмандал сум дахь сум дундын ойн ангийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай албан бичиг/хх-ийн 32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бийн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Бийг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 266.080 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /266.080*3=798,240/долоон зуун ерэн найман мянга хоёр зуун дөч/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 798,240/долоон зуун ерэн найман мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тооцон, шүүгдэгч Д.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой. Прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын үр дагаварыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Бийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан. Шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.200.000/гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ...... улсын дугаартай Портер маркийн автомашин нь түүний эзэмшлийнх болох нь Авто тээврийн үндэсний төвийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаагаар тогтоогдож байх тул уг автомашиныг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 798,240/долоон зуун ерэн найман мянга хоёр зуун дөч/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2,401,760/хоёр сая дөрвөн зуун нэг мянга долоон зуун жар/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 83,300/наян гурван мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий 2,4242 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 80.000/наян мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эмээлч овогт Дын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гэрэл үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бөөс 798,240/долоон зуун ерэн найман мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.200.000/гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ...... улсын дугаартай Портер маркийн автомашиныг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 798,240/долоон зуун ерэн найман мянга хоёр зуун дөч/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 2,401,760/хоёр сая дөрвөн зуун нэг мянга долоон зуун жар/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 83,300/наян гурван мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий 2,4242 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 80.000/наян мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНД