Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/78

 

 

 

 

 

 

 

                                                                                  2025/ШЦТ/78    

 

 

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

            Улсын яллагч: Б.Т

Шүүгдэгч: Д.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын Цид холбогдох эрүүгийн 2412003180017  тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, маркетингийн менежмент мэргэжилтэй, “.......” үнэт цаасны ......... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, У хотын С дүүрэг, ....... тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 10-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Дын Ц/РД:УМ................../

                                             

Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч Д.Ц нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 2024 оны 06 сарын 04-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 21-ний 00 цаг 10 минутад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ...  дугаар багийн нутаг дэвсгэрт ... .... улсын дугаартай “Акуа” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

               Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                 *Эрүүгийн 2412003180017 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

     *Гэрч М.Содномын өгсөн:

     “...2024 оны 09 дүгээр сарын 21-ний 00 цаг 10 минутад эргүүл хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... дугаар
багийн нутаг ... ....ийн уулзвар орчим хяналт шалгалт хийх хугацаандаа
....... улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад
Д.Ц нь уг тээврийн хэрэгслийг жолоодож хажууд талд эмэгтэй зорчигч сууж
явсан. Жолоочийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар
шалгахад архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож
байсан учир тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд аваачиж
жолооч гэх Д.Цийг драгер багажаар үлээлгэхэд согтолтын зэрэг 0,54 %
согтолттой байсан. Тиймээс дээрх хэргийг Цагдаагийн байгууллагад гомдол
мэдээллийн санд бүртгүүлсэн. Би 1322 гэрчилгээний дугаартай, 2024 оны 05 дугаар сарын 22-
ны өдөр стандарт хэмжил зүйн газраар баталгаажсан Драгер багажаар шалгасан. 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 06 дугаар 04-ний өдрийг хүртэл хугацаанд жолоодох эрхийг хасуулсан байсан. Хасуулсан эсэхийг Х-cover 4 нэртэй жолооч, тээврийн хэрэгслийн мэдээлэл шалгах багажаар шалгаж мэдсэн. Шаардлага эсэргүүцсэн зүйл байхгүй
...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,

 

*Гэрч Ц.Цын өгсөн:

“...2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 3 дугаар сургуулийн 50 жилийн ойн арга хэмжээний шоу талбай дээр болоод 00 цаг өнгөрч байхад уг шоу арга хэмжээнээс гэртээ харих гээд өөрийн эзэмшлийн ... .... улсын дугаартай авто машинаа өөрийн найз болох Д.Цоор жолоодуулан явж байхад А ард талын уулзвар дээр цагдаа зогсоогоод шалгахад Д.Ц эрхээ хасуулсан, мөн дээр нь архи уусан болох нь цагдаагийн согтуурал шалгах багажаар тогтоогдсон. Манай найд урд өдөр нь архи уугаад унтаж байгаад ирлээ гээд харагдах байдлаараа эрүүл юм шиг байсан болохоор нь би машинаа жолоодуулан явсан. Манай сургуулийн ой болоод би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор Д.Цид шилжүүлсэн Д.Ц надад эрүүл байгаа гэж хэлсэн мөн харагдах байдал эрүүл юм шиг харагдаж байсан. Тамгын газрын урд талбайгаас Айн хойд уулзвар хүртэл явсан хэдэн км явсанг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-52 дугаар тал/

 

*Яллагдагч Д.Цийн өгсөн:

            “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-45 дугаар тал/

 

            *Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 2 дугаар тал/

            *Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч

М.С...ын 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 3 дугаар тал/,

 

*Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...0.54% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/,

*Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 20 дугаар тал/,

*Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар тал/,

*Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/..... дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 31-32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Д.Цид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Ц нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 2024 оны 06 сарын 04-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ... .... улсын дугаартай “Акуа” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  Шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 00 цаг 10 минутын орчимд, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр, ......ийн уулзвар замд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч М.С.ын “...2024 оны 09 дүгээр сарын 21-ний 00 цаг 10 минутад эргүүл хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг ... ....ийн уулзвар орчим хяналт шалгалт хийх хугацаандаа ....... улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Д.Ц нь уг тээврийн хэрэгслийг жолоодож хажууд талд эмэгтэй зорчигч сууж явсан. Жолоочийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар шалгахад архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байсан учир тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд аваачиж жолооч гэх Д.Цийг драгер багажаар үлээлгэхэд согтолтын зэрэг 0,54 % согтолттой байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Цын”...өөрийн эзэмшлийн ... .... улсын дугаартай авто машинаа өөрийн найз болох Д.Цоор жолоодуулан явж байхад А ард талын уулзвар дээр цагдаа зогсоогоод шалгахад Д.Ц эрхээ хасуулсан, мөн дээр нь архи уусан болох нь цагдаагийн согтуурал шалгах багажаар тогтоогдсон...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Цийн мэдүүлэг, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч М.С.ын 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...0.54% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/... дугаартай шийтгэврийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Цийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж,  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан,  согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.Цийн зүгээс  гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан хуульд зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь шүүхээс оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б овогт Дын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь шүүхээс оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Д.Цид хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР