Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/01

 

 

 

 

      

 

 

 

   2021         01            13                                           2021/ДШМ/01

 

 

 

Ч.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Б.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Ч

Шүүгдэгч: Ч.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ч.Б-т холбогдох, эрүүгийн 2019000160127 дугаартай, 2 хавтас, 364 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Ч.Б түүний өмгөөлөгч Ж.Ч нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ч.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор Б.М яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 03 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багт байрлах “Хонгор” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу жоншны эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж, 0.5 га талбайг эвдрэлд оруулж, байгаль орчинд шууд 12 075 650 төгрөгийн хохирол, техникийн нөхөн сэргээлт хийлгэхэд 3 025 900 төгрөгийн, биологийн нөхөн сэргээлт хийхэд 475 000 төгрөгийн хохирол, байгаль орчны хяналт, мониторингийн зардалд 38 000 төгрөгийн, нийт 15 614 550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан 6 000 000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 45-79 УН улсын дугаартай /арлын дугаар ZL50CL1110312/ шар өнгийн ковш маркийн тээврийн хэрэгслийг, хово маркийн 51-56 ДГС улсын дугаартай /арлын дугаар LZZ5ELND3EA023367/ улаан өнгийн тээврийн хэрэгслийг тус тус хураан авч улсын орлого болгохоор,

 

Хэрэгт ковш болон хово маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 5/05 тоот тогтоолыг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлжийн **-байрны ** тоотын * өрөө байрыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5/06 тоот тогтоолыг хүчингүй болгож,

 

Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйл байдлыг бүрэн нотлоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хор, хохирол, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна уу гэдэг тал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хууль, бусад хуулийг чанд сахина гэж заасан хууль зүйн талаас нь бодитой дүгнэж чадсангүй гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэсэн хуулийн шаардлагыг тусгай зөвшөөрөлгүйгээр гэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахаар Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиас соёрхон баталсан, нэгдэн орсон Олон Улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална гэж заасан байгаа. Түүнчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл гэж тодорхой төрлийн аж ахуй үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл шаардлагын дагуу явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдтэй, эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг хэлнэ гэж заасан. Тэгэхээр Ч.Б нь “Шинэ айраг залуус” нөхөрлөлийн дүрэмдээ өөрчлөлт оруулж Улсын бүртгэлд бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагааны чиглэл дээрээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл өөрчлөлт оруулж бүртгүүлсэн байгаа юм. Энэ нь тусгай зөвшөөрөл авсан байна гэдэг нь харагдаж байна. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуй үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно гээд заасан учраас шүүгдэгч нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр гэдгийг шүүх гэм буруугийн талаар дүгнэсэн дүгнэлтэд зөвхөн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт явуулж, шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд дүгнэлттэй холбоотой гомдол гаргаагүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хуульд зааснаар дүгнэж, гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа эсэх дээд дүгнэлт хийх ёстой байсан. Тухайн шүүгдэгч маргаагүй байна гээд заавал хариуцлага хүлээлгэнэ гэсэн ойлголт Эрүүгийн хуульд заагаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 23 дахь хэсэгт зааснаар бичил уурхай эрхлэх гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагаа гэж заасан байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 3.2 дугаар зүйлд бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална гэсэн хуулийн заалтаас үзэхэд Эрүүгийн хуульд тусгайлан заасан энэ шаардлага нь ашигт малтмалын эрэл хайгуул олборлох, ашиглалт хийгдэх, Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг хуулийн этгээдэд хамааралтай эсэх тал дээр шүүх анхаарч дүгнэлт хийсэнгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд хамаарагдах хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 3-6 дугаар бүлэгт зааснаар тусгай зөвшөөрөл авах иргэн, хуулийн этгээдийн болон төрийн захиргааны эрх, үүргийг нэг бүрчлэн хуульчилж өгсөн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 23 дахь хэсэгт зааснаар Ч.Б нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Айраг сумын Хонгор нэртэй газар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Б-ын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Ашигт малтмалын тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан. Энэ журмын 2 дугаар зүйлд зааснаар Засаг даргад өргөдөл гаргана гэсэн шаардлагыг бүрэн хангасан байна гэж үзэж байна. Журмын 3 дугаар зүйлд заасны дагуу эрх, үүргээ биелүүлж, Засаг даргатай гэрээ байгуулж, ашигт малтмал олборлохдоо 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах гэж заасны дагуу өөрийн төрсөн ах болох н.У-ын эзэмшлийн техникийг өөрийн нэр дээр шилжүүлэн ашиглаж байсан. Журамд зааснаар нөхөн сэргээлт хийж, ажилтнуудаа нийгмийн даатгалд хамруулан үүргээ сайн биелүүлэн ажиллаж байсан болох нь Айраг сумын Засаг даргын Тамгын даргын шүүхэд гаргаж байсан тодорхойлолтоор нотлогддог. Мөн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар татвар төлдөг болох нь хавтаст хэрэгт авагдсан нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээгээр нотлогдож байна. Ч.Б нь журамд заасны дагуу бүхий л бичиг баримтаа холбогдох албан тушаалтанд гаргаж өгсөн байдаг ба бичиг баримтыг хянан үзсэний үндсэн дээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг дарагд уламжлах, 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талбайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар байгуулах гэж заасан байгаа нь Сумын засаг даргын эрх, үүрэгт хамааралтай. Журмын 6.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нөхөн сэргээлт хийгээгүй болон ашигт малтмал олборлох гэрээний үүргээ биелүүлээгүй бичил уурхай эрхлэгч этгээдтэй байгуулсан гэрээг цуцлах, түүнтэй дахин гэрээ байгуулахгүй байх гэсэн заалтыг зөрчөөгүй байна. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 11-02-038/24 дугаартай улсын байцаагчийн актад дурдагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтууд нь Аймаг, сумын Засаг дарга нарын эрх хэмжээний буюу төрийн захиргааны байгууллага эрх, үүргээ биелүүлээгүйн үүднээс тавигдсан акт юм. /Хавтаст хэргийн 14-р тал/ Мөн актад Ашигт малтмалын тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 23 дахь хэсэгт заасан нь төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг байна. Улсын байцаагчийн акт нь тухайн газар дээр дүгнэлт гаргаагүй байна гэснээс биш Ч.Б нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон байна гэж үзээгүй. Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж иргэн, хуулийн этгээд хохирох ёсгүй юм. Ч.Б-ын өргөдлийг хүлээн авсан даруйдаа бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хангаж байгаа эсэх тал дээр дүгнэлт хийж хангасан тохиолдолд гэрээ байгуулагдахаар журамлагдсан байна. Тиймээс Ч.Б-т сумын Засаг дарга нь Ашигт малтмалын газрын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн газар эзэмшүүлэх албан бичиг болон бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг үндэслэн гэрээ байгуулсан гэж бодож байгаа тул Ч.Б-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэж үзэх үндэслэлгүй байна. Төрийн албан хаагчдын буруутай үйлдэл байхад гэм буруугүй иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилтод нийцэхгүй байна гэж үзэж байна. Дээрх хуулиудын болон журмуудын заалтуудыг зөрчөөгүй байна гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөөч ээ гэж хүсэж байна. Мөн анхан шатны шүүхээр улсын орлого болгосон тээврийн хэрэгслийг буцаан Ч.Б-т олгож, хохиролд төлсөн 15.615.550 /арван таван сая зургаан зуун арван таван мянга таван зуун тавин тав/ төгрөгийг буцаан олгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Б давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Б би хуулийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Шинэ айраг залуус” гэсэн нөхөрлөл байгуулж, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрлийг 0990 дугаараар улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн оныхоо 02 дугаар сард нутаг дэвсгэртээ харьяалагдах Хуучин хонгор нэртэй газраас бичил уурхайгаар 169 га газраас 5 га газар хүсэж, Айраг сумын Засаг даргатай гэрээ хийсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын сүүлээр Ашигт малтмалын газраас газрын тосны дүгнэлт гаргаагүй байна гэсэн үндэслэлээр нөхөрлөлийн  үйл ажиллагааг түр хаасан гэсэн. Мөн манай нөхөрлөлийн зэрэгцээ манайхаас сүүлд байгуулагдсан “Айраг шинэ цагийн залуучууд” нөхөрлөл жонш олборлолтоороо үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд дүгнэлт гаргуулахаар манай нөхөрлөл болон нөгөө нөхөрлөл хамтран захиргааны байгаль орчинд 2019 оны 05 дугаар сард хүсэлт гаргаж аймгийн Засаг даргаар уламжлуулан Ашигт малтмал газрын тосны газар явуулсан. Гэтэл манай нөхөрлөлийн хариу 5 га газраас хэтэрсэн тул дүгнэлт гарах боломжгүй, харин нөгөө нөхөрлөлд давхцалгүй учраас үйл ажиллагаа явуулж болно гэсэн. Хариу аваад байгаль орчны байцаагчаар үйл ажиллагаа явуулж байгаа газрынхаа координатыг дахин хэмжүүлэхэд 5 га газарт хүрэхгүй байна гэхээр дахин Ашигт малтмалын газарт хүсэлт явуулсан. Тэгээд эргээд ирэхдээ давхцалтай байна гээд хариу ирсэн. Тэгээд н.Л гэх байгаль орчны байцаагч, хажуу талын нөхөрлөлийн ахлагч н.Э бид 3 газар дээр нь очиж хэмжиж үзэхэд хажуу талын нөхөрлөл манай нөхөрлөлийн зургийг аваад явуулчихсан байсан. Тэгээд Э-с энэ ямар учиртай юм бэ гэхэд ах аа би мэдэхгүй, надтай хамтарч ажилласан ах нар дээгүүр, доогуур нэмсэн байх гэж надад хэлсэн. Бичил уурхай байгуулагдсан он, сарын дарааллаараа газрынхаа хүсэлтийг авч, зөвшөөрлийг авч ажиллана гэсэн заалт нь бичил уурхайн журамд байгаа. Энэ тухайн мөрдөн байцаалтын шатанд хэлсэн. Энэ үйлдлийг шүүх, прокурор хүртэл явж, торгууль төлж, эд хөрөнгөө хураалгана гэдгээ би мэдээгүй. Энэ албан бичгийг хэн нэгэн эрх мэдэлтэн олж янзалсан, үүнийг мөрдөн байцаалтын явцад ирүүлнэ гэж бодож байсан. “Айраг шинэ цагийн залуучууд” нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулж болно гэж дүгнэлт гарсан газар манай нөхөрлөлийн үйл ажиллагаа явж байсан болно. Тус нөхөрлөлийн н.Э нь намайг нөхөрлөлдөө ямар нэр өгснийг мэдэж байсан бөгөөд өөрийнхөө нөхөрлөлд ойролцоо утгатай нэр өгч, бусдын толгойг эргүүлж байгааг гайхаж байна. Үүний нэг жишээ нь Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч акт өгөхдөө манай нөхөрлөлийн толгойтой нөгөө нөхөрлөлийн нэр дээр үйл ажиллагааг нь зогсоосон бичиг өгсөн. Шүүгчийн захирамжаар хураагдах болсон Howo маркийн 51-56 ДГС улсын дугаартай машин бол миний төрсөн ах Ч.У-ын нэр дээр байсан 22-89 УБИ улсын дугаартай машин юм. Би ахыгаа орлоготой байлгахын тулд тээвэрт явуулах журмаар машиныг нь Айраг суманд авчирсан. Орон нутгийн тээвэр хийхэд гадны дугаартай гээд хэл ам гараад байхаар нь би өөрийнхөө нэр дээр 2019 оны 06 дугаар сарын 14-нд шилжүүлж Дорноговийн дугаартай болгосон. Уг машиныг би худалдаж аваагүй, ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй болохыг манай Дорноговь аймгийн авто тээврийн газраас уурхайн ачаа тээврийг болж өгвөл орон нутгийн машинуудыг явуулах журмаар иргэдтэйгээ ажиллаж байсан. Мөрдөн байцаалтын үед байцаагч ирээд тээврийн хэрэгслийг битүүмжилнэ гээд надаас үнэлгээ асуухаар нь иймэрхүү үнэтэй байх гэж хэлсэн болохоос үнэлгээний газарт очиж үнэлгээ хийгээгүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.  

 

Прокурор Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...тусгай зөвшөөрөл, бичил уурхай гэсэн 2 асуудал яриад байна. Бичил уурхай чиглэлээр “Шинэ айраг залуус” нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулсан. Тэгээд энэ үйл ажиллагаанд нь 2019 оны 03 дугаар сард шалгалт хийхэд Ашигт малтмалын тухай хууль, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсон. Гэтэл бичил уурхай гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь хэсэгт заасан зориулалтаар олгосон ашигт малтмалыг үйлдвэрийн бус агуулахтай, эдийн засгийн үр ашиггүй орд ашиглалтыг технологийн хаягдлаар бий болж үүссэн ордыг ашиглах, нөхөрлөлийн хэлбэрээр ийм газар дээр явуулж болно гэж заасан. Тэгтэл энэ бичил уурхайгаар явуулах журмаа нэгдүгээрт зөрчсөн, хоёрдугаарт Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлгүй нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Тиймээс тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулсан гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас экологи, эдийн засагт бодит хохирол учирсан нь үнэлгээгээр тогтоогдсон. Тэгэхээр эдгээр олон дүрэм, журмууд нэг л асуудлыг хийсвэр байдлаар дүгнээд яваад байна. Тэгэхдээ тогтоогдсон нөхцөл байдал бол тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулаад экологи, эдийн засагт бодит хохирол учирсан гэдэг нь тогтоогдсон. Тиймээс өмгөөлөгчийн нөхөрлөл нэрээр үйл ажиллагаа явуулж байсан, холбогдох бичиг баримтыг өгсөн байсан, хариуг нь аваагүй байсан зэрэг нь үндэслэлгүй юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Өмгөөлөгч бол гэмт хэргийн шинжгүй гэж үзээд байгаа мөртлөө, энэ гэмт хэргийн шинжийг ямар байдлаар, яаж үгүйсгэгдээд байна гэдэг талаар давж заалдсан гомдлоос ойлгомжгүй, баахан дүрэм, журам яриад байна. Тухайн ярьж байгаа дүрэм, журмууд нь энэ хэрэгт холбоо хамааралгүй, анхан шатны шүүх хуралдаанд яригдаагүй асуудлууд байна. Миний хувьд нэгэнт тусгай зөвшөөрөл байхгүй, нөхөрлөл нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч тухайн үед бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулах журмаа зөрчсөн тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас 3 дугаар сард үйл ажиллагаагаа зогсоо гэсэн үүрэг өгсөн байхад шүүгдэгч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж явуулаад экологи, эдийн засагт бодит хохирол учруулсан нөхцөл байдал байна гэж үзэж байна. Тийм учраас өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлууд нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна...” гэв.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 2020/ШЦТ/122 тоот шийтгэх тогтоолтой хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч, шүүгдэгч Ч.Б нарын давж заалдсан гомдлуудад үндэслэн тэдгээрт бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар “хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн бодитойгоор шалгаж хянах” үүргээ биелүүлээгүйгээс хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийсэн нь буруу болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

            Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Б нь “Шинэ айраг залуус” нөхөрлөл байгуулан 2018 оны 02-р сард Дорноговь аймгийн Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэр болох “Хонгор” гэх газарт жонш олборлох зорилгоор тус сумын засаг дарга Л.М-тай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан.

 

2019 оны 03-р сарын 26-нд мэргэжлийн хяналтын улсын байцаагч мөн газарт жонш олборлолтын үйл ажиллагаа явуулдаг ... нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж жонш олборлох үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох тухай 11-05-038/24 тоот улсын байцаагчийн акт гаргасан, мөн сумын Засаг даргын тамгын газраас 2 нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд шалгалт зохион байгуулж Б ахлагчтай “Шинэ айраг залуус” нөхөрлөлд газрын дүгнэлт гаргуулаагүй, сумын засаг даргатай гэрээ байгуулалгүйгээр жонш олборлох үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр Айраг сумын засаг даргаас жонш олборлох үйл ажиллагаагаа зогсоож, газраа хүлээлгэж өгөхийг 2019 оны 11-р сарын 22-ны өдрийн 5/696 тоот албан бичгээр шаардсан ба иргэн С.Э болон Айраг сумын 1-р багийн засаг даргаас цагдаагийн байгууллагад 2 нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг шаардсан гомдол мэдээллийг өгснөөр шүүгдэгч Ч.Б-т прокуророос тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу жоншны эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж 0.5 га талбайг эвдрэлд оруулж байгаль орчинд шууд 12.075.650 төгрөгийн, техникийн нөхөн сэргээлт хийлгэхэд 3.025.900 төгрөгийн, биологийн нөхөн сэргээлт хийхэд 475.000 төгрөгийн, нийт 15.614.550 төгрөгийн хохирол учруулсан гэж үзжээ.

 

            Гэтэл шүүгдэгч Ч.Б-ын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн нотолбол зохих байдал буюу “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан”  гэх гэм буруутай үйлдэл нь буюу ашигт малтмал хайх, ашиглах олборлох хууль бус ямар үйлдэл байгааг прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлоогүй.

 

            Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч Ч.Б Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг зөрчсөн үйлдлийн улмаас уу, эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21, гурав, дөрөвдүгээр бүлгүүдэд тус тус зааснаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөлгүй байж үйл ажиллагаа явуулсан үйлдэл хийсний улмаас уу зэрэг ямар гэм буруутай үйлдлээр нь түүнийг буруутгаад байгаа нь тодорхой биш байна.

 

            Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн хууль бус гэсэн шинжийг хууль тогтоогч тусгай зөвшөөрөлгүй гэж тодруулж тодорхойлсноос үзэхэд энэ гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэл нь тусгай зөвшөөрөлгүй буюу эрх бүхий байгууллагаас олгосон хууль ёсны зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон байхаар ойлгогдож байна.

 

            Энэ талаарх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоос үзэхэд ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг аж ахуйн нэгж байгууллага эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах, эсхүл бичил уурхайгаар  хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр явуулах хэлбэрүүдийг зохицуулсан гэж үзэхээр байгаагийн гадна эдгээр харилцааг Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” зэрэг эрх зүйн актаар хэм хэмжээг тогтоожээ.

 

            Эндээс дүгнэж үзвэл “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэг нь дээрх хууль тогтоомжид заасан энэ талаар дагаж мөрдвөл зохих хэм хэмжээг зөрчсөн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байж гэмт хэргийн шинжийг агуулах буюу тодруулбал прокурор шүүгдэгч Ч.Б-ыг нөхөрлөлийн ахлагч удирдлага болохынхоо хувьд, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмших эрхгүй этгээд болох хувь хүнийхээ хувьд дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэнээ прокурор яллах дүгнэлтдээ тодорхойлоогүйгээс шүүх гэм буруутай үйлдлийн талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

            Мөн тухайн гэмт хэргийн шинжээс үзэхэд хувь хүн, хуулийн этгээд алин ч байсан ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаарх хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн эсэхийг тогтоохын тулд дээрх хууль, журамд заасан нөхцөл шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн эсэхийг зайлшгүй шалгаж тогтоосны үндсэн дээр Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжтой болох юм.

 

            Айраг сумын засаг дарга Х.М-ын хэрэгт гэрчээр өгсөн “...2018 оны 2-р сард 2 нөхөрлөлтэй гэрээ байгуулсан, 2019 оны 03-р сард мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актын дагуу үйл ажиллагааг зогсоох албан бичиг хүргүүлсэн, уг 2 нөхөрлөлийн газрын дүгнэлт гаргуулахаар Ашигт малтмал газрын тосны газарт хүсэлт өгсөн, н.Э ахлагчтай нөхөрлөлийн газар давхцалгүй гэсэн хариу ирсэн боловч мэргэжлийн хяналтын газраас гэрээг байгуулахгүй, журам шинэчлэгдэж байгаа гэсэн учраас гэрээг байгуулаагүй. Тэгээд олон удаа үйл ажиллагааг зогсоох тухай бичгээр болон өөрийн биеэр хэлсэн боловч үйл ажиллагааг зогсоогоогүй, газрыг чөлөөлөхгүй байгаа” /1-р хх-ийн 48-49/ гэсэн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ч.Б нь “Шинэ айраг залуус” нөхөрлөл байгуулж Айраг сумын Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр бичил уурхайгаар жонш олборлох үйл ажиллагааг явуулж байжээ гэж ойлгогдохоор байна.

 

            Хэрвээ бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан бол Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д зааснаар Сумын засаг дарга бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймгийн Засаг даргад уламжлах, аймгийн Засаг даргаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд уг саналыг хүргүүлснээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал саналыг хэлэлцэж уг газрыг бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зориулалтаар тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэрийг гаргаж, уг шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-т заасан дүгнэлтийг гаргуулахаар геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлтийг хүргүүлэх, газрын дүгнэлт гарсны дараа үйл ажиллагааг зохион байгуулахаар сумын засаг даргыг удирдлагаар хангаж ажиллах, сумын Засаг дарга аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу бичил уурхай эрхлэхийг хүссэн 9-өөс цөөнгүй гишүүнтэй нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг тухайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих, үйл ажиллагаа явуулсан газарт нөхөн сэргээлт хийлгэсний дараа газрыг хүлээн авах байдлаар бичил уурхайн үйл ажиллагааг явуулахаар зохицуулжээ.

 

            Хэрэгт Дорноговь аймгийн Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэр болох “Хонгор” гэх газрыг бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор тусгай хэрэгцээнд авч, бичил уурхай эрхлэхийг хүссэн нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулах үйл ажиллагааг энэ журамд зааснаар явуулсан эсэх нь мөн тодорхойгүй, энэ талаарх баримтууд авагдаагүй, гэрчүүд болон шүүгдэгчийн мэдүүлгээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан гэх үйл баримт үгүйсгэгдээгүй боловч гэрээ хэрэгт авагдаагүй, гэрээг цуцалсан эсэх буюу ямар үндэслэлээр цуцалсан эсэх нь тодорхойгүй.

 

            Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эсэргүүцэл, дүгнэлтдээ улсын байцаагчийн актыг үндэслэсэн буюу бичил уурхайгаар ашиглах боломжтой эсэх талаар төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргуулаагүй үйл ажиллагаа явуулсан гэх боловч тухайн газарт дүгнэлт гарсан, эсхүл гараагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 11-05-038/24 актанд нөхөрлөлүүдийн нэрийг зөрүүтэй бичсэнээс агуулгын хувьд ойлгомжгүй, хуульд нийцсэн эрх зүйн баримт бичиг болж чадаагүй байгааг анхаараагүй.

 

Ашигт малтмал, газрын тосны газраас гарах дүгнэлт гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-т зааснаар “...ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаарх, мөн газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоосон” тухай дүгнэлт бүхий албаны бичиг ба Засгийн газрын 151 дүгээр тогтоолын 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар сум дүүргийн засаг дарга уг дүгнэлтийг гаргуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр байна.

 

            Гэтэл прокурор мөрдөгч энэхүү үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлоогүй атлаа “Шинэ айраг залуус” нөхөрлөл нь зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох, нөхөрлөлийн ахлагчаар шүүгдэгч Ч.Б бүртгэгдсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 41-42/ р тогтоогдсон байхад Мэргэжлийн хяналтын улсын байцаагч “Айраг шинэ цагийн залуучууд” нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох тухай 11-05-038/24 акт /1-р хх-ийн 14/  гаргасныг прокурор шүүгдэгч Ч.Б-ын байгуулсан “Шинэ Айраг залуус” нөхөрлөлд хамаатуулан яллах гол үндэслэлээ болгон мэтгэлцэж байгаа нь ойлгомжгүй ба улмаар улсын байцаагчийн 11-05-038/24  актыг  яллах дүгнэлтэд нотлох баримтаар дурдаагүй болно.

 

            Мөн хэрэгт мөрдөгчөөс байгаль орчинд учирсан хохирлыг тогтоолгохоор “Сайхан ариун дэлхий” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх” шаардлагад нийцээгүй буюу шинжээчийн тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиггүй байгууллагыг шинжээчээр томилсны гадна мөрдөгчийн тогтоолд шинжээчид асуулт тавигдаагүй байхад шинжээч нь 0.5 га эдэлбэр газарт 103.950 төгрөгийн, газрын хэвлийд 11.971.700 төгрөгийн, нийт 12.075.650 төгрөгийн, эвдрэл үүсгэсэн 0.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхэд 3.025.900 төгрөгийн, биологийн нөхөн сэргээлт хийхэд 475.000 төгрөгийн, байгаль орчны хяналт, мониторингийн зардалд 38.000 төгрөгийн зардлууд гаргахаар шинжээчийн дүгнэлт гаргасан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 27.6 дугаар зүйлд тус тус зааснаар эрх бүхий шинжээчийг томилоогүй, шинжээч томилох шийдвэрт тусгагдвал зохих зүйлүүд бүрэн тусгагдаагүй шийдвэрээр дүгнэлт гаргуулсан зэрэг үндэслэлээр шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны дагуу болж чадаагүй гэж үзнэ.

 

            “Шинэ айраг залуус” нөхөрлөл нь Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.2 дугаар зүйлийн 3.2.2-т заасны дагуу нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг батлуулж, нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах хөрөнгийг сумын байгаль орчинг нөхөн сэргээх сангийн дансанд төвлөрүүлсэн байсан эсэх нь мөн тодорхойгүй, энэ нь хэргийн талаар нотолбол зохих асуудал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтооход ач холбогдолтой гэж үзнэ.

           

            Дорноговь аймгийн Айраг сумын 1-р багийн нутаг “Хонгор” гэх газарт  урьд нь өөр этгээд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан эсэх, тэр нь энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдах байсан эсэх, “Шинэ айраг залуус” нөхөрлөлийн үйл ажиллагаанаас болж байгаль орчинд учирсан гэх хохирол нь дангаараа эсхүл урьд нь үйл ажиллагаа явуулснаас үүдэлтэй хамтран хариуцах байсан эсэхэд тус тус мөрдөгч, прокурор мөн анхаараагүй байх буюу дээр дурдсан нөхцөл байдлууд нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн нотолж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй, улмаар хэрэгт авагдсан нотлох баримтууд энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай эсэхийг хянаагүй байна.

 

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй, эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 1.2, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагааг нэмж  хийлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.            

 

            Эдгээр үндэслэлүүдээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг хүссэн шүүгдэгч Ч.Б-ын давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул түүнийг хангаж, харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч-ийн шүүгдэгч Ч.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн тухай давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ч.Б-ын давж заалдсан гомдлыг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                  А.САЙНТӨГС