| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0070/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/84 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/84
2025 02 20 2025/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,
улсын яллагчаар Э.Ууганцэцэг,
хохирогч, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн,
хохирогч, шүүгдэгч Э.Л, түүний өмгөөлөгч Л.Мөнхдөл нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Х овогт Б-ын А,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э овогт Э-ын Л-т нарт холбогдох эрүүгийн 2534****** дугаартай хэргийг дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймаг Заамар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, өрөмдлөгийн туслах ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Төв аймгийн Заамар сумын **** тоотод оршин суух,
урьд
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Э овогт Э-ын Л, /РД*****/.
2. Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төв аймаг Заамар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Төв аймгийн Заамар сумын ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Х овогт Б-ын А, /РД: ****/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/:
Шүүгдэгч Б.А нь Төв аймаг Заамар сум **** тоотод архи уусан үедээ үл ялих шалтгааны улмаас Э.Л-тай маргалдан улмаар түүнийг зодож Э.Л-ын биед баруун хацар ясны цөмөрсөн, хамар ясны зөрүү багатай, зүүн 8-р хавирга зөрүүгүй, 9, 10-р хавирга зөрүү багатай хугарал, баруун дээд 1, 2- р шүдний булгарал, доод уруулд шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.Л нь Төв аймаг Заамар сум **** тоотод хохирогч Б.А-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний баруун гарын дунд хурууг заазуураар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгч шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Б.А нь Төв аймаг Заамар сум **** тоотод архи уусан үедээ үл ялих шалтгааны улмаас Э.Л-тай маргалдан улмаар түүнийг зодож Э.Л-ын биед баруун хацар ясны цөмөрсөн, хамар ясны зөрүү багатай, зүүн 8-р хавирга зөрүүгүй, 9, 10-р хавирга зөрүү багатай хугарал, баруун дээд 1, 2- р шүдний булгарал, доод уруулд шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.Л нь Төв аймаг Заамар сум **** тоотод хохирогч Б.Атэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний баруун гарын дунд хурууг заазуураар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
1.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болон нотлох баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэсэн,
Шүүгдэгч Э.Л мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 тал/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 тал/,
-Хохирогч Э.Л-ын мэдүүлэг /хх-ийн 9-13 тал/,
-Хохирогч Б.А-ийн мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/,
-2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/,
-2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 тал/,
-шүүгдэгч Б.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,
-шүүгдэгч Э.Л-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А, Э.Л нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-н 80-81 тал/
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганцэцэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай 2534****** дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.А, Э.Л нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.А, Э.Л нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А, Э.Л нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Э.Л нарын хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.А, Э.Л нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.А, Э.Л нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Хохирогч, шүүгдэгч Э.Л “...хохирлоо бүрэн төлсөн би дахин нэхэмжлэх зүйлгүй... Алтансүх бид 2-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 80 тал/,
Хохирогч, шүүгдэгч Б.А “Гомдол санал нэхэмжлэх хохирол, гэм хорын талаар гомдолгүй тул бид хоёрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 81 тал/ хавтаст хэрэгт авагдсан байна.
Иймд шүүгдэгч Э.Л, Б.А нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2534****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг заазуурыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.А, Э.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Э овогт Э-ын Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х овогт Б-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр,
Шүүгдэгч Э овогт Э-ын Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан мянга/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х овогт Б-ын А, шүүгдэгч Э овогт Э нар шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.А, Э.Л нар шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2534****** дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.А, Э.Л нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн 2534****** дугаартай хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А, Э.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ