Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2020/00296

 

 

 

 

 

 

 

156/ШШ2020/00296

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00266/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, ... дүгээр багт оршин суух, Х овогт Л М /РД:/-ын хүсэлттэй

Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

хүсэлт гаргагч Л.М,

прокурор М.Н,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Д Л нь одоогийн Баянмөнх сумын нутагт байсан Баянтүмэнгийн хийдэд умдад тушаалтай, төвд монгол хэлтэй эмч, гүрмэч хүн байсан. 1938 онд Улс төрийн хилс хэрэгт баривчлагдан, онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдэж, Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1941 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаар хурлын тогтоолоор хэрэгт холбогдолгүй болгон суллажээ. Надаас өөр нөхөх олговор нэхэмжлэх хүн байхгүй. Иймд нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгох нь зүйтэй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.М нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Л.М нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32/6257/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.

Д Л нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар  шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Д.Л нь хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, Л.М нь Д.Л төрсөн охин гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 05/6882 тоот лавлагаа,

- Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 416 дугаар шийдвэр,

- Үндэсний төв архивын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03-8/5889 тоот лавлагаа,

- Улсын бүртгэлийн Төв архивын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ... Л.М эцэг нь Д Л, эх нь Н Д ... гэх 1 дүгээр  маягтын лавлагаа-А,

- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18 тоот албан бичиг.

 

Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Д.Л нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний охин Л.М 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан Х овогт Л М олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.БАДРАХ