Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, 

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Г.Мөнхтүвшин

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул

Шүүгдэгч О.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дугаар зүйлийн 214.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Данхар овогт Отгонцэндийн Цэцэгсүрэнд холбогдох эрүүгийн 201710010084 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлэн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дугаар сарын 16-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нэхмэлийн сүлжигч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Амарын 1-9 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Данхар овогт Отгонцэндийн Цэцэгсүрэн /РД: ЧА79111601/ 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч О.Цэцэгсүрэн нь 2017 оны 02 сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 07-19 ТӨА улсын дугаартай УАЗ-31522 маркийн тээврийн хэрэгслээр 3 шуудай буюу 75 кг химийн их аюултай бодис болох Кальцийн хлорид зохих зөвшөөрөлгүйгээр /Монгол улсын хилээр нэвтрүүлсэн/ импортолсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

-Шүүгдэгч О.Цэцэгсүрэн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 02 сарын эхээр бетон хашааны захиалга аваад бетон хашаа хийх гэтэл цаг агаар хүйтэн байсан учир бетон бэлдэцийг хурдан хатаахын тулд нэмэлт бодис хэрэгтэй болсон. 2017 оны 02 сарын 13-ны өдөр 00-19 ТӨА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодон Эрээн хор руу гарсан. Ингээд би Эрээн хотын Саншин гэх нэртэй хуучин барилгын захаас бетон зуурмаг хурдан хатаадаг нэмэлт бодис байна уу гэж асууж сураглаж байгаад Кальцийн хлорид гэх нэршилтэй 25 кг-р савлагдсан 3 шуудай бодисыг 120 юаниар буюу 1 шуудай нь 40 юаниар худалдаж авсан, тэгээд каргоны газраас хөлсөөр барилгын материал ачаад 14-ны өдрийн 12 цагийн орчим Монгол улсын хилээр орж ирсэн ба улсын хилээр орж ирэхээс өмнө нь дээрх 3 шуудай бодисыг машиныхаа копудан дотор хийсэн. Тэгээд би нөхөрийгөө гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр утсаар дуудаад өөрөө цаад талд явж байсан, тухайн үед би нөхөртөө машины копутан дотор 3 шуудай бодис байгаа гэдгийг урьдчилаж хэлээгүй бөгөөд гаалийн хяналт шалгалтын явцад дээрх 3-н шуудай бодис илэрсэн. Тэгсэн гаалийн улсын байцаагч нь таны улсын хилээр тээвэрлэсэн зүйл чинь химийн бодис байна, үүнийг шинжилгээнд өгч дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж хэлээд гаалийн лабориаторид өгч, шинжилгээ хийлгэсэн ба шинжээчийн дүгнэлтээр улсын хилээр импортолход тусгай зөвшөөрлөөр нэвтрүүлдэг хиймийн бодис болох нь тогтоогдсон. Тухайн үед хувьдаа ашиглахаар 3-н шуудай бодис авсан байсан тул гаалийн байгууллагад энэ талаар мэдүүлэх шаардлаггүй гэж бодсон, тэрнээс би хууль бусаар улсын хилээр нэвтрүүлье гэж бодоогүй, улсын хилээр нэвтрүүлэхэд шаардагдах тусгай зөвшөөрөл байхгүй байсан гэжээ. /хх-ийн 53-54/         

- Гэрч Ш.Дүүриймаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 02 сарын 14-ны өдрийн 13 цагийн орчим Эрээн хотоос 00-19 ТӨА улсын дугаартай УАЗ-31514 маркийн тээврийн хэрэгсэл гаалийн хяналт шалгалтын бүсэд орж ирсэн, ингээд би хувиарын дагуу уг тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт явуулахад копутан дотроо 3 ширхэг Кальцийн хлорид гэх нэршилтэй 25 кг-р савлагдсан 3 шуудай бүхий нунтаг зүйл нуусан байсан, тэгээд би тухайн автомашины жолооч гэх Б.Батмөнхөөс юу болохыг тодруулж асуухад цемент хурдан хатаахад ашигладаг бодис байгаа юм аа, хувьдаа ашиглах гэж худалдаж авсан юм гэж хэлсэн. Тэгээд би уг химийн бодисыг ямар төрлийн юунд ашигладаг бодис болохыг тодруулах зорилгоор Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн лабораторид өгч шинжлүүлэхэд улсын хилээр тусгай зөвшөөрөлтэй нэвтрүүлдэг Кальцийн хлорид гэх нэршилтэй химийн бодис болох нь тогтоогдсон тул холбогдох байгууллагад материалыг шилжүүлсэн. Намайг гаалийн хяналт, шалгалт явуулах үед Батмөнх гэж хүн ачаа бараагаа үзүүлсэн бөгөөд дараа нь манай эхнэр Цэцэгсүрэн хилээр оруулж ирсэн гэж ярьж байсан, тэрнээс би яг хэнийг жолоодсон болохыг мэдээгүй гэжээ. /хх-ийн 38-39/    

 - Гэрч Б.Батмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 сарын 13-ны өдөр манай эхнэр О.Цэцэгсүрэн нь Эрээн хотоос барилгын туслах материал ачиж оруулж ирэх зорилгоор 00-19 ТӨО улсын дугаартай УАЗ-31514 маркийн хэрэгсэлийг  жолоодон ганцаараа явсан. Ингээд тэр өдрөө орж ирж чадалгүй Эрээн хотод хоноод каргоны газраас хүний барилгын туслах материал ачаад улсын хилээр ороод ирсэн, тэгээд би эхнэрийнхээ өмнөөс гаалийн хяналт шалгалтанд хамрагдуулаад зогсож байтал манай машины копутан дотор кальцийн хлорид гэсэн бичиглэлтэй 3 шуудай химийн бодис хийсэн байсан. Тэгэхээр нь би эхнэрээсээ энэ юу вэ гээд асуусан чинь бетон хурдан хатаадаг гэхээр нь Эрээнээс хувьдаа худалдаж авсан юм аа чамд харин энэ талаар хэлэхээ мартчихсан байна гэж хэлсэн. Тэгсэн гаалийн улсын байцаагч нь энэ 3 шуудай бодисыг шинжлүүлэх шаардлагатай миний бодлоор улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардагддаг байх гэж хэлээд гаалийн лабораторид тэр өдрөө өгч шинжилгээ хийлгэхэд тусгай зөвшөөрөл шаардагддаг бараа болох нь тогтоогдсон. Миний хувьд улсын хилээр орж ирсэн ачаа барааг эхнэрийнхээ өмнөөс гаальд мэдүүлж, хяналт шалгалтанд зохих ёсоор хамруулсан, тэрнээс эхнэртэйгээ урьдчилан үгсэн тохиролцож, нууж хаасан зүйл байхгүй ээ. 2017 оны 02 сарын 06-ны өдөр гаднаас бетонон хашаа хийх захиалга орж ирэхээр нь цементэн бэлдэцээ хурдан хугацаанд хатааж, бэлтгэхийн тулд ямар бодис хэрэглэвэл хөлдөөхгүйгээр хурдан хатах вэ гээд судлаж байсан юм аа, гэтэл манай эхнэр 13-ны өдөр Эрээн гарахдаа надад хэлэлгүйгээр тухайн бодисыг сурадлаж байгаад худалдаж авсан байсныг мэдэгдэлгүй гаальд хэлээгүй шалгуулсан, гэхдээ манай эхнэр тухайн үед надад хэлэхдээ машины кабин дотор багтахгүй болохоор нь копутыхаа зайг ашиглаад хийчихсэн юм аа гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 42-43/

-Гэрч Б.Отгоны мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би албаны даргын даалгасан үүргийн дагуу гаалийн үнийн баазаас тухайн барааны үнийг тодорхойлсон. Би үнийн тодорхойлолт гаргахдаа тухайн барааны сав баглаа боодол болон лабораторийн дүгнэлт, хаяг шошгыг үндэслэн 1.01 ам долларын үнэлгээ бүхий шар айрагны тогоо цэвэрлэх зориулалтаар ашигладаг Кальцийн хлоридын үнийг сонсгосон, мөн өөр төрлийн кальцийн хлоридын үнийн дүнг оруулсан, энэ нь тухайн бодисын шинж чанар, чанар байдлын харгалзан үзсэн. Гаалийн импортын барааг үнэлэхдээ гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн үнийг тодорхойлоход 6 арга байдаг ба уг аргын уялдуулан хэрэглэх үнийн аргыг хэрэглэсэн гэжээ. /хх-ийн 44/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгуулах тухай тогтоол /хх-ийн 5/

-Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 9-12/

-Химийн бодис, урвалуудын аюулын үнэлгээ /хх-ийн 17-19/

-Замын-Үүд дэх гаалийн газар. Гаалийн салбар лабораторийн дүгнэлт /хх-ийн 20-21/

-Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Сарангийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/

-Кальцийн хлоридын гаалийн үнэлгээ /хх-ийн 26-27/

-Шинжээчийн 73 тоот дүгнэлт /хх-ийн 48/

-Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/   

-Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 67-73/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэх /хх-ийн 78/

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 83/

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 111/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.  

Шүүгдэгч О.Цэцэгсүрэн нь 2017 оны 02 сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 07-19 ТӨА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслээр 3 шуудай буюу 75 кг химийн их аюултай бодис болох Кальцийн хлорид зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилээр нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Ш.Дүүриймаагийн “...Эрээн хотоос 00-19 ТӨА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл гаалийн хяналт шалгалтын бүсэд орж ирсэн, ингээд би хувиарын дагуу уг тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт явуулахад копутан дотроо 3 ширхэг Кальцийн хлорид гэх нэршилтэй 25 кг-р савлагдсан 3 шуудай бүхий нунтаг зүйл нуусан байсан, тэгээд би тухайн автомашины жолооч гэх Б.Батмөнхөөс юу болохыг тодруулж асуухад цемент хурдан хатаахад ашигладаг бодис байгаа юм аа, хувьдаа ашиглах гэж худалдаж авсан юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Б.Батмөнхийн “...эхнэрээсээ энэ юу вэ гээд асуусан чинь бетон хурдан хатаадаг гэхээр нь Эрээнээс хувьдаа худалдаж авсан юм аа чамд харин энэ талаар хэлэхээ мартчихсан байна гэж хэлсэн. Тэгсэн гаалийн улсын байцаагч нь энэ 3 шуудай бодисыг шинжлүүлэх шаардлагатай миний бодлоор улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардагддаг байх гэж хэлээд гаалийн лабораторид тэр өдрөө өгч шинжилгээ хийлгэхэд тусгай зөвшөөрөл шаардагддаг бараа болох нь тогтоогдсон.” гэх мэдүүлэг, гэрч Б.Отгоны “...Би албаны даргын даалгасан үүргийн дагуу гаалийн үнийн баазаас тухайн барааны үнийг тодорхойлсон. Би үнийн тодорхойлолт гаргахдаа тухайн барааны сав баглаа боодол болон лабораторийн дүгнэлт, хаяг шошгыг үндэслэн 1.01 ам долларын үнэлгээ бүхий шар айрагны тогоо цэвэрлэх зориулалтаар ашигладаг Кальцийн хлоридын үнийг сонсгосон, мөн өөр төрлийн кальцийн хлоридын үнийн дүнг оруулсан, энэ нь тухайн бодисын шинж чанар, чанар байдлын харгалзан үзсэн.” гэх мэдүүлэг, шинжээчийн 73 тоот дүгнэлт, химийн бодис, урвалжуудын аюулын үнэлгээ /хх-ийн 17-19/, Замын-Үүд дэх гаалийн газар Гаалийн салбар лабораторийн дүгнэлт /хх-ийн 20-21/, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Сарангийн шинжээчийн дүгнэлт зэргээр батлагдаж байна гэж үзлээ.     

Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дугаар зүйлийн 2141.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл ангийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Цэцэгсүрэнгийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй юм. Иймд шүүгдэгч О.Цэцэгсүрэнгийн үйлдсэн гэх хэрэгт нь Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дугаар зүйлийн 2141.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл ангийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан 75 кг карьций хлорид гэх нэршилтэй химийн бодис нь “Монгол улсын Засгийн газрын 2007 оны 95-р тогтоолоор батлагдсан Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад хамрагдахгүй. Баглаа боодол болон нэршилээс харахад техникийн буюу үйлдвэрлэлийн зориулалттай. Үйлдвэрт усны хатуулаг тохируулахад болон барилгын салбарт өргөн хэрэглэгдэнэ. Цаашид ашиглах боломжтой” гэх шинжээчийн дүгэлт /хх-ийн 22-23/, Кальцийн хлорид 1 кг нь 1,01 ам доллар /тухайн үеийн долларын ханш 2,464,00 төгрөг/ 75 кг нь нийт 182,633 төгрөг 25 мөнгөний үнэлгээтэй болох нь гэрч Б.Отгоны мэдүүлэг /хх-ийн 44/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч О.Цэцэгсүрэнгийн худалдаж авсан кальцийн хлорид гэх нэршилтэй химийн бодисыг гэмт хэрэг үйлдэхдээ олсон орлого байна гэж дүгнэлээ. Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснар 182.633 төгрөг 25 мөнгөний үнэ бүхий кальцийн хлоридыг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Отгонцэндийн Цэцэгсүрэнд зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дугаар зүйлийн 2141.1-г /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1-г болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Данхар овогт Отгонцэндийн Цэцэгсүрэнг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Отгонцэндийн Цэцэгсүрэнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 182.633 төгрөг 25 мөнгөний үнэ бүхий 75 кг кальцийн хлоридыг улсын орлого болгосугай.

6.  Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 00-19 ТӨА улсын дугаартай УАЗ-31512 маркийн, 31-16 ДГО улсын дугаартай Bongo маркийн тээврийн хэрэгслүүдийг шүүгдэгч О.Цэцэгсүрэнд буцаан олгосугай. 

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Цэцэгсүрэнд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    Э.БОЛОРМАА