Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/09

 

 

 

 

 

      

 

 

   2021          03           22                                     2021/ДШМ/09

 

 

 

Г.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                         

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.М,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч: дэслэгч Д.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Уянга нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ХМШЗ/02 дугаар шүүгчийн захирамжтай, ялтан Г.Н-т холбогдох, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын 2019001550116 дугаартай, 1 хавтас, 186 хуудас бүхий хувийн хэргийг прокурор Б.М-ийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ялтан: Г.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурор Б.М-аас дүгнэлт үйлдэж ирүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Г.Н-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас, эдлээгүй үлдсэн 168 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 21 хоногийн хорих ялаар солиулах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.12 зугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл ялтан давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.М давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Ялтан Г.Н-ийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй. Г.Н нь миний хөл өвдөөд байсан, эмнэлгээр явсан гэсэн тайлбарыг анхан шатны шүүхэд гаргаж, шүүх тухайн тайлбарыг үндэслэн шийдвэрээ гаргасан байна. Гэтэл ялтан Г.Н нь өөрт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх, үүргээ мэдэж байж шийдвэр гүйцэтгэгчдээ мэдэгдэлгүй 2 өдрийн ажил тасалсан. Журмаараа бол хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн ялыг биелүүлэх боломжгүй гэж үзвэл журамд заасанчлан хүсэлт гаргаад шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэтэл үүнийг зөрчсөн явдал нь хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй хэмээн үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ялтан Г.Н-ийн эдлээгүй үлдсэн 168 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 21 хоногийн хорих ялаар солих асуудлыг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Ялтан Г.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Би ажиллах боломжтой тул ажилдаа эргэн орох хүсэлтэй байна” гэсэн хүсэлт өгсөн ба түүний маргааш буюу 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тайлбар авахад миний эмчилгээ дууссан, би ажлаа үргэлжлүүлэх боломжтой гэсэн тайлбар өгч байсан. Гэтэл 2021 оны 02 сарын 02, 03-ны өдрүүдэд ажилдаа очоогүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан учир нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй гэж уг ялыг хорих ялаар солиулахаар саналаа прокурорт хүргүүлсэн” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, ялтан Г.Н-т холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэрэг/№20080081/-т цугларсан баримтыг бүхэлд нь хянаж үзээд прокурорын эсэргүүцлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нийтэд тустай ажил хийлгэх ял болон оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхтэй холбоотой хууль зүйн зохицуулалтын талаар тодруулбал: Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”Ялтан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан байх ба “Ялтан нийтэд тустай ажил хийх нийт хугацаанд “...ажлаа дур мэдэн орхисон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан...” тохиолдолд нийтэд тусгай ажил хийлгэж байгаа байгууллага энэ тухай шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэнэ”, мөн “Ялтан хуурамчаар өвдсөн, эмнэлгийн магадлагаа, зохих баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсан...” зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солино гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.2 дахь хэсэгт заажээ.

 

Харин хүндэтгэн үзэх шалтгаанд “онцгой нөхцөл шалтгаан” хамаарах  ба тэдгээрийг нотлох баримтад үндэслэн “хүндэтгэн үзэх” шалтгаан мөн эсэхийг тогтоох бөгөөд эрүүл мэндийн шалтгаан буюу өвчтэй, эмчилгээ хийлгэсэн, эмчилгээ хийх шаардлагатай зэрэг нөхцөл байдал нь нэн тэргүүнд хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарах учир нийтэд тустай ажил хийж байгаа ялтны тухайд эрүүл мэндийн шалтгаан буюу тэр тусмаа гэмтлийн улмаас бие эрхтэнд зовуурь илэрснээс эмчид үзүүлж, эмчилгээ, эм тариа бичүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа бол энэхүү нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэлд хамааруулж ойлгох нь зүйтэй.

 

Прокуророос “...ялтан Г.Н-ийг 2021 оны 02 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд ажилдаа очоогүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 16 цагийн ажил тасалсан учир түүнд шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас, эдлээгүй үлдсэн 168 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 21 хоногийн хорих ялаар солиулах” тухай дүгнэлтийг Анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

 

Анхан шатны шүүхээс “...ялтан Г.Н-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн, прокурорын “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солиулах” тухай саналыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь  “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх” хуулийн шаардлагад тохирчээ.

 

Өөрөөр хэлбэл прокурорын “нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солиулах” тухай дүгнэлт ялтны хувийн хэрэг дэх нотлох баримтаар тогтоогдоогүй талаар шүүгчийн захирамжид заасан нь үндэслэл бүхий байна.

Тодруулбал ялтан Г.Н 2021-01-04-нөөс 25-ны өдөр хүртэл “баруун шилбэний ясны хугарал” онош/хх46-50/-той эмнэлгийн магадлагааны дагуу эмчлүүлсэн, энэхүү гэмтлийн улмаас хөл нь дахин өвдөж, зовиур илэрсэн учир 2021 оны 02 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн болох нь, мөн Г.Н-ийн “ ...хөл өвдөөд, зовиуртай байсан, 2 сарын 2, 3-нд эмнэлэгт үзүүлсэн, 3-нд үзүүлж байхад шийдвэр гүйцэтгэлийн Б утсаар яриад эмнэлгийн гадаа гарч уулзсан, эмнэлэгээс очиж авсан” гэсэн тайлбар нь өвчтөний картад тэмдэглэгдсэн эмчийн тэмдэглэл/хх-61, 62/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл/хх-57,58, 60/ болон түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогджээ.

 

Тиймээс ялтан Г.Н-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, хуурамчаар өвдсөн, эмнэлгийн магадлагааг хуурамчаар бүрдүүлсэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүйн гадна Г.Н урьд авсан гэмтлийн улмаас хөл нь өвдөж, зовиуртай байснаас, эмнэлэгт очиж үзүүлсэн байх тул түүнийг “хүндэтгэн үзэх шалтгаантай” байжээ гэж үзнэ. 

 

Түүнчлэн ялтны эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхээ эдэлснийг “хүндэтгэн үзэх шалтгаангүй”-ээр гэх нөхцөл, байдалд хамааруулахгүй төдийгүй ялтан Г.Н эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт үзүүлсэн, энэ нь нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон учир түүнийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” ажил тасалсан зөрчил гаргасан гэж үзэх  хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй байх зарчмыг баримтлах учиртай.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ХМШЗ/02 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                        Н.БОЛОРМАА