| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2020/00154/И |
| Дугаар | 156/ШШ2020/00295 |
| Огноо | 2020-04-02 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2020/00295
156/ШШ2020/00295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00154/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Дадал сум, .... дүгээр багт оршин суух, Х овогт А Ц /РД:/-ийн хүсэлттэй
Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,
прокурор Д.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Ш овогтой А нь 1938 оны 03 дугаар сарын 10-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдан, онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдэж, Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар магадлалаар хэрэгт холбогдолгүй болгон цагаатгасан. Надаас өөр нөхөх олговор нэхэмжлэх хүн байхгүй. Иймд нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгоход татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Ц нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар А.Ц нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06/6231/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.
Ш /С/-гийн А нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Ш.А нь хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, А.Ц нь Ш.А төрсөн хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар магадлал,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05/3221 тоот лавлагаа,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 647 дугаар шийдвэр,
- Улсын дээд шүүхээс 1997 оны 07 дугаар сарын 24-ний өдөр олгосон цагаатгалын үнэмлэх,
- Үндэсний төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03-9/111 тоот лавлагаа,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газраас олгосон ... 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 103/001746 тоот Ш.А нь А.Ц эцэг гэх садан төрлийн лавлагаа, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11/2817 тоот албан бичгээр ирүүлсэн А.Ц эцэг нь Ш.А, эх нь А.М гэх ХААТР-1 маягт,
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 51 тоот албан бичиг.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Ш.А нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний охин А.Ц 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан Х овогт А Ц олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ