Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр,

Улсын яллагч Б.Батнасан,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунзул,

Шүүгдэгч Ц.Цэрмаа болон түүний өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Цэрмаад холбогдох 201707000045 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харьяат, халх, 1954 оны  05 дугаар сарын 23-ны өдөр 63 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, хүүхдүүд, ач зээ нарын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 24-4 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд нь 2001 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 21 дугаартай тогтоолоор 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, ЖБ54052368 регистрийн дугаартай, Урианхай овогт Цэвээнжавын Цэрмаа гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Ц.Цэрмаа нь онцгой албан татварын тэмдгийг хуурамч гэдгийг мэдсээр байж өөрийн гэртээ хууль бусаар үйлдвэрлэсэн архины шилэнд нааж ашигласан, бусдад борлуулсан гэх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт заасан заалтад хамаарч Говь-Алтай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт 2017 оны 2 сард  шүүгдэгч Ц.Цэрмаа нь онцгой албан татварын тэмдгийг хуурамч гэдгийг мэдсээр байж өөрийн гэртээ хууль бусаар үйлдвэрлэсэн архины шилэнд санаатайгаар нааж ашигласан, ашиг олох зорилгоор уг хууль бусаар үйлдвэрлэсэн архиа бусдад борлуулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь :

 

Шүүгдэгч Ц.Цэрмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Цагаан сар болох гэж байсан Би шинжилгээ өгөх гээд хот явсан. АКЦ-тай 17 шил архийг би өөрөө хотоос худалдаж авсан 17 биш, хорин хэдэн архи авсан юм. Манайд Алгирмаа охин Жаргалмаа гэдэг охин байгаа хоёр хүн утас тавьж архи авна гээд ирэх үед тэр лацтай архинаас хоёрыг өгсөн байна. Бусад архийг би арав гаран жилийн өмнө архи хийж байсан намайг аймагт архи хийх нь элбэг байсан амьдрал ядуу байсан хүүхдүүд бага байсан архи найруулж зарахаар мөнгө амархан олдог юм гэхээр нь архи хийж эхэлсэн. Хотод явж байхад наран туул зах дээр хүмүүс онцгой албан татвар гэж ийм зүйл байдаг юм авах уу гээд сууж байхаар нь юу байдаг юм гэхэд архинд наадаг зүйл байдаг юм та найруулсан архи хийдэг үү гэхээр нь тэгвэл би авья гээд авсан. Архи хураалгах үед би сандарсан зүрх муутай юм. Хураагдсан арван хэдэн архийг би өөрөө үйлдвэрлээгүй өмнө нь Нарантуулаас онцгой албан татвар авч байсан. Тэр нь миний буруу хүлээж байна. Хураагдсан архинууд бөглөөгүй зүгээр найруулсан архинууд байсан. Цагаан сараар өөрөө хэрэглэж, хүнд амсуулаад хүн сураглавал өгнө гэсэн бодолтой байсан. Надад хөнгөн ял оноож өгнө үү. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, буруутайгаа ойлгож байна хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,  

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунзулын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Ц.Цэрмаа нь манайхаас ямар нэгэн байдлаар онцгой албан татварын тэмдэгт /АКЦ/ авч байгаагүй, угаасаа өгөх боломжгүй. Яагаад гэхээр архи согтууруулах ундааг үйлдвэрлэх, худалдан борлуулах явцад заавал хуулийн этгээд оролцох ёстой. Энэ утгаараа Ц.Цэрмаад өгөх  боломжгүй. Манайх хохирол тогтоох гэхээр тийм боломж байхгүй. Яагаад гэхээр ямар хэмжээтэй АКЦ авсан, ямар хэмжээтэй согтууруулах ундаа борлуулсан гэдэг талаар баримт байгаагүй тул хохирол тогтоох боломжгүй байдлаар хандсан байгаа ..гэх мэдүүлэг,

Гэрч Л.Мөнхбилгүүний мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Цэрмаагийн гэрт ороход олон тооны архи согтууруулах ундааны зүйл өрж тавьсан, коридорт нь хоосон архины шилнүүд, мөн цааш том өрөөнд нь ороход шилтэй бөөн архинууд болон 5 литрийн цэвэр усны савтай спирт мэт зүйл байсан... Том өрөөний цонхон доор акцтай, акцгүй, тагтай, тагтүй олон янзын архинуудаа хамт нэг газар бөөнд нь нуусан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэрч Ж.Батнасангийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн“...Би тухайн үед /2013 оны 04 сард/ ажил үүргээ гүйцэтгэж байхад энэ төрлийн гомдол ирж би Цэрмаагийнхаас түүний охин Алгирмаа, Цэрмаа нараас одоо санаж байгаагаар 7-8 орчим тоо ширхэг, гар аргаар хууль бусаар бэлтгэсэн Ерөөл нэртэй архи хураан авч байсан... Тухайн үед хураагдсан архинуудад онцгой албан татварын тэмдэгт наасан байсан... Мэдээж хэрэг гар аргаар үйлдвэрлэсэн архи байсан тул онцгой албан   татварын тэмдэгтүүд нь мөн хуурамч  байсан... Хурааж авсан архинууд онцгой албан татварын тэмдэгтэй байсан... Тухайн архинуудыг зарж байгаад хураалгаж байсан юм" гэх мэдүүлэг /хх 41-42-рт/,

Гэрч Г.Ганболдын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би Цэвээнжавын Цэрмааг танина. Тэднийхээс архи авч уудаг юм... Би одоогоос 2 жилийн өмнөөс л тэднийхээс архи авч уухаа больсон. Тэрнээс өмнө бол байнга тэднийхээс архи авч уудаг байсан... Би олон жил тэднийхээс найрка архи /найруулсан гар аргаар хийсэн архи/ янз бүрийн л хүмүүстэй авч ууж байсан, тэр болгоныг тоочоод барахгүй байх. Ерөөл архи дандаа худалдаж авч уудаг байсан. Тухайн үеийн ханшаар 3500 төгрөгөөр 0,5 литрийн хэмжээтэй архи авч уудаг байлаа... Миний авдаг байсан Ерөөл архинууд Цэрмаагийн өөрийнх нь  найруулсан  архинууд  байсан. Би үйлдвэрийн архи, Цэрмаагийн гар аргаар найруулсан архийг ялгалгүй яахав дээ. Олон жил тэдний архийг авч уулаа. Үйлдвэрийн архийг би ялгана. Амт нь шал өөр байдаг юм. Миний авч байсан тэдгээр Ерөөл архинууд нь Цэрмаагийн өөрийнх нь архи байсан ба таглаа, лац, албан татварын тэмдэгтэй архинууд байдаг байсан... Цэрмаагийн архи найдвар муутай, дээрээс нь үнийн хувьд дэлгүүрийн архинаас нэг их зөрүүгүй болсон тул найдвартай үйлдвэрийн архи авч уусан нь дээр шүү дээ” гэх мэдүүлэг /хх 39-40-рт/,

Гэрч Б.Амартүвшингийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...23 цагийн үед Мөнх-Эрдэнэ, Баасандорж нар орж ирээд “Баасандоржийн Самсунг галакси эс-4 утсыг барьцаанд тавиад 2 шил Ерөөл нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи авлаа” гэсээр 2 архи авч орж ирсэн... Лацтай, бөглөөтэй, онцгой албан татварын тэмдэгтэй архи байсан, лац нь их сул дөнгөж тогтоосон байсан. Тэр хоёрын авч ирсэн архийг нь би задалж тойруулсан учраас маш сайн санаж байна... Би сайн санаж байна. Учир нь лац нь сул байсан учраас тухайн үед гайхаж байсан. Тэгээд их тод сайн санаж байна” гэх мэдүүлэг /хх 43-рт/,

Гэрч Б.Амартүвшин, Ж.Мөнх-Эрдэнэ нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл. Гэрч Б.Амартүвшин: “...Миний байцаалтанд хэлсэн зүйлс үнэн зөв, тухайн үед авч ирсэн 2 шил архийг нь би задалж хундаглаж байсан учраас би сайн санаж байна. Баасандорж, Мөнх-Эрдэнэ нарын авч ирсэн архи нь бөглөөний доод талаар улаан өнгийн лацтай байсан бөгөөд лацны хоёр үзүүрийг нь нааж тогтоосон тэр нь сул байсан, мөн тагны дээд талд наалттай татварын тэмдэгтэй байсан”. Гэрч Ж.Мөнх-Эрдэнэ: “...Б.Амартүвшингийн ярьж байгаа зүйлс үнэн зөв, би архийг худалдан авсан учраас мэдэж байна... Өмнө байцаалт өгөхдөө би найрка архи юм чинь угаасаа татварын тэмдэг, лац байдаггүй байх гэж бодоод тэгээд хэлчихсэн юм. Харин одоо хэрэг дээрээс зургийг нь хараад санаж байна, тэр худалдан авсан хоёр архины таг дээр цаасан татварын наалт байсан юм” гэх мэдүүлэг/хх 209-211-рт/,

Эд мөрийн баримтаар хураагдсан архинд үзлэг хийсэн тэмдэглэл “...Эдгээр архинуудад акция /онцгой  албан татварын тэмдэг/ шинээр  наасан архийг ялгахад 17 ширхэг Ерөөл архинд акция наасан байна. Дээрх 17 акцитай архинаас акциудыг нь салгаж аван  цаасанд  нааж битүүмжлэн  шинжилгээнд хүргүүлэн шинжлүүлэхээр тогтов” гэх тэмдэглэл /хх 19-21-рт/

“Үндэсний үнэт цаас” ХХК-ийн дэд захирал, шинжээч Б.Александрын дүгнэлт “1. Шинжилгээнд хүргүүлсэн 1-17 хүртэл дугаарласан 17 ширхэг архины онцгой албан татварын тэмдэгтүүдэд бүгдэд нь шинжилгээг хийх боломжтой байна. 2. Дээрх 17 ширхэг онцгой албан татварын тэмдэгтүүдийг шинжилж үзэхэд бүгд  хуурамчаар дуурайлган  хийсэн  байгааг хавсралтад  байгаа дэлгэрэнгүй дүгнэлтээс үзнэ үү. 3. Дээрх онцгой албан татварын тэмдэгтүүд нь бүгд манай үйлдвэрлэсэнтэй тохирохгүй байгааг үүгээр мэдэгдэж байна. 4. Дээрх 17 ширхэг онцгой албан татварын тэмдэгтүүд нь бүгд манай үйлдвэрлэсэнтэй тохирохгүй байгаа бөгөөд хаана хуурамчаар үйлдэж байгааг  тэмдэгтүүдэд шинжилгээ хийснээр тогтоох боломжгүй юм” гэх дүгнэлт /хх 66-68-рт/,

Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 04/1415 дугаартай “...Эх орны үйлдвэрийн онцгой албан татварын 17 ширхэг тэмдгийн сери дугаарыг шалгахад бүгд “Үндэсний үнэт цаас” ХХК-ийн хэвлэн татвар төлөгчид олгосон тэмдгийн сери дугаартай таарахгүй байна” гэх албан бичиг/хх 141-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Уг гэмт хэрэг гарах болсон үндсэн  шалтгаан нь  шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй хэдий ч шүүх хуралдаанд мэдүүлж байгаа шүүгдэгчийн мэдүүлэг болон гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд хууль бусаар архи согтууруулах ундааны зүйлийг зориулалтын бус аргаар үйлдвэрлэж болохгүй гэдгээ мэдсээр байж амар хялбар аргаар мөнгө, ашиг олох гэсэн санаа зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх үзлээ.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй зэргийг  дурьдах нь зүйтэй байна.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээд  шүүхээс шүүгдэгч Ц.Цэрмааг онцгой албан татварын тэмдгийг хуурамч гэдгийг мэдсээр байж өөрийн гэртээ хууль бусаар үйлдвэрлэсэн архины шилэнд санаатайгаар нааж ашигласан, ашиг олох зорилгоор уг хууль бусаар үйлдвэрлэсэн архиа бусдад борлуулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч Мөнх-Эрдэнийн мэдүүлэг/хх 30-рт /, гэрч Төртулгын мэдүүлэг/хх 31-32-рт/, гэрч Машбатын мэдүүлэг/хх 35-рт/, Ц.Цэрмаагийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг/хх 87-88-рт/, Цэрмаагийн анх өгсөн тайлбар/хх 15-рт/, эргүүлийн цагдаа Төртулга, Мөнхбилгүүн, олон нийтийн цагдаагийн ажилтан Жавхлантөгс нарын бичсэн илтгэх хуудас/хх 18-рт/, эд мөрийн баримтад хураагдсан архинд үзлэг хийсэн тэмдэглэл/хх 19-21-рт/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол/хх 24-25-рт/, Цэрмаагийн гэр болон хашаанд үзлэг хийж хураамж авсан архины шил/хх 23-рт/ зэрэг эдгээр зүйлс цагдаагийн байгууллага дээр хураагдаж байна, шинжээч татварын улсын байцаагч Лхагвадоржийн дүгнэлт/хх 55-56-рт/, үндэсний үнэт цаас ХХК-ийн дүгнэлт/хх 66-68-рт/, 17 шил архи нь 12 шил нь 0.5 л байгаа хураагдсан АКЦ нь 3 ширхэг нь 0.5 л байгаа, 14 ширхэг АКЦ нь 0.75 л архинд наах АКЦ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн хүсэлтээр: Улсын яллагчийн шинжлэн судалсантай давхцаж байна. Гэрч Машбатын мэдүүлэг/хх 35-рт/, гэрч Тэрбишийн мэдүүлэг/хх 37-рт/, гэрч Алтанцэцэгийн мэдүүлэг/хх 38-рт/, ял шалгах хуудас/хх 108-рт/, өргөмжлөл/хх 190-рт/, диплом/хх 191-рт/, алдарт эхийн нэгдүгээр одонгийн үнэмлэх/хх 192-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

 Эд мөрийн баримтаар хураагдсан Ерөөл архины 178 шил, Улаанбаатар архины 38 шил, Сархад архины 90 шил, Хар сувд архины 1 шил, Сүлд архины 1 шил, Архи гэсэн бичиглэлтэй архины 3 шил, Хараа архины 68 шил, Өргөө архины 1 шил, Тайга архины 1 шил, Альфа архины 1 шил, Охь архины 9 шил, бага зэргийн шингэн агууламжтай Данзка гэсэн архины сав 1, 0,75 литр Болор архи 2 шил, 0,75 литр Улаанбаатар архи 8 шил, 0,5 литр Улаанбаатар архи 1 шил, 0,75 литр Сархад архи 12 шил, 0,5 литр Ерөөл архи 12 шил, 0,75 литр Ерөөл архи 7 шил, 5 литрийн цэвэр усны савтай ихэнх тал хэмжээтэй спирт мэт шингэн зүйл 1, нийт 392 ширхэг архины шил, 42 шил архи зэргийг устгаж, онцгой албан татварын хуурамч тэмдэг 17 ширхэг зэргийг тус тус шинжлэн судалж, үзлэг хийв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг бусад нотлох баримтуудаар Ц.Цэрмаа нь гэм буруутай болох нь тогтоогдож байх  тул шүүгдэгчид  холбогдох үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Цэрмааг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал буюу 63 настай зэргийг Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Иймд шүүгдэгчийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Цэрмаад хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж үзлээ. Харин гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол байхгүй гэж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдүүлж байгааг дурьдах нь зүйтэй байна.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ерөөл архины 178 шил, Улаанбаатар архины 38 шил, Сархад архины 90 шил, Хар сувд архины 1 шил, Сүлд архины 1 шил, Архи гэсэн бичиглэлтэй архины 3 шил, Хараа архины 68 шил, Өргөө архины 1 шил, Тайга архины 1 шил, Альфа архины 1 шил, Охь архины 9 шил, бага зэргийн шингэн агууламжтай Данзка гэсэн архины сав 1, 0,75 литр Болор архи 2 шил, 0,75 литр Улаанбаатар архи 8 шил, 0,5 литр Улаанбаатар архи 1 шил, 0,75 литр Сархад архи 12 шил, 0,5 литр Ерөөл архи 12 шил, 0,75 литр Ерөөл архи 7 шил, 5 литрийн цэвэр усны савтай ихэнх тал хэмжээтэй спирт мэт шингэн зүйл 1, нийт 392 ширхэг архины шил, 42 шил архи зэргийг устгаж, онцгой албан татварын хуурамч тэмдэг 17 ширхэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна гэж үзэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Цэрмаа нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.Цэрмаагийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Ц.Цэрмаад холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Урианхай овогт Цэвээнжавын Цэрмааг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрмаад ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрмаа нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан журмын дагуу ял оногдуулах болохыг сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрмаад хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ерөөл архины 178 шил, Улаанбаатар архины 38 шил, Сархад архины 90 шил, Хар сувд архины 1 шил, Сүлд архины 1 шил, Архи гэсэн бичиглэлтэй архины 3 шил, Хараа архины 68 шил, Өргөө архины 1 шил, Тайга архины 1 шил, Альфа архины 1 шил, Охь архины 9 шил, бага зэргийн шингэн агууламжтай Данзка гэсэн архины сав 1, 0,75 литр Болор архи 2 шил, 0,75 литр Улаанбаатар архи 8 шил, 0,5 литр Улаанбаатар архи 1 шил, 0,75 литр Сархад архи 12 шил, 0,5 литр Ерөөл архи 12 шил, 0,75 литр Ерөөл архи 7 шил, 5 литрийн цэвэр усны савтай ихэнх тал хэмжээтэй спирт мэт шингэн зүйл 1, нийт 392 ширхэг архины шил, 42 шил архи зэргийг устгаж, онцгой албан татварын хуурамч тэмдэг 17 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

7. Шүүгдэгч Ц.Цэрмаа нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, иргэний цахим үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуудас ирсэн зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Цэрмаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА