Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 159/ШШ2022/0043

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                              

Хэргийн индекс: 159/2022/0040/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас огцруулах тухай” Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга *******ыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас огцруулах тухай” Б/38 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн байх бөгөөд уг захирамжийг эс зөвшөөрч *******ааас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсан. Өмнө нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/11 тоот захирамж гарсан ба тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхийн шийдвэрээр буцаж ажилдаа орсон. Гэтэл дахин Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас огцруулах тухай” Б/38 тоот захирамж гарсан. Тус захирамж гарах болсон гол хуулийн үндэслэл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2, 64.2.5-д заасныг баримталсан байна.

Миний хувьд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын ажлыг хийж эхэлсэн хугацаанаас хойш ямар нэгэн хууль зөрчсөн болон албан үүргээ хангалтгүй биелүүлсэн удаа байхгүй. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан сумын Засаг даргаас огцруулах үндэслэлүүд тогтоогдоогүй, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргаас огцруулах талаар саналыг Засаг даргад гаргаагүй байхад үндэслэлгүйгээр захирамж гаргасан байна. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас огцруулах тухай” Б/38 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Иргэн *******ын нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас огцруулах тухай” Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.Үүнд:

Зүүнбүрэн сумын Засаг дарга Эрдэнэжавын Саранбаатарыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас огцруулсан. Ингэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 зүйлийн 64.2.2 “хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн”, 64.2.5 энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр “65.1.3.хууль тогтоомж Засгийн газрын шийдвэр Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэг гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” огцруулсан.

Учир нь аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Эрдэнэжавын Саранбаатарыг Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилох тухай” аймгийн Засаг даргын Б/81 захирамжид холбогдох асуудлаар Зүүнбүрэн сумын иргэн (*******, ******* нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж гомдол гаргасан дээрх шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагы тухай хууль /2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/-ийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан шаардлагыг хангаагүй, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 05/13120 тоот дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө. тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх зарчмыг баримтлахаар заасантай тус тус нийцэхгүй гэж үзэн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Хууль хэрэгжүүлж ажиллах тухай”*******, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Хүсэлтийн тухай” *******, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдийн “Үүрэг даалгаврын хэрэгжилтийн тухай” ХЭГ/2123 тоотоор тус тус удаа хугацаатай үүрэг чиглэл ирж *******т мэдэгдсэн.

Аймгийн Засаг даргын 2022 оны “2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгавраар сумдын Засаг дарга 6 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт, явцын тайлан, дүн мэдээг ж сар бүрийн 25-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст ирүүлэхийг даалгасан. Гэвч өнөөдрийг хүртэл албан даалгаварын хэрэгжилтийн мэдээ, тайланг нэг ч удаа ирүүлээгүй, дээд шатны Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй байна. Дээрх албан даалгаварт тусгасан ажил, арга хэмжээний дагуу аймгийн Засаг дарга болон Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга 2022 оны 8 дугаар сарын 23-нд газар дээр нь үзэж танилцан хангалтгүй байсан тул үүрэг чиглэл өгсөн.

Мөн жилийн эцсийн аудитын дүгнэлтээр 2 жил дарааллан буюу 2020, 2021 онд тус тус хязгаарлалттай дүгнэлт авсан байдаг. Түүнчлэн Зүүнбүрэн сумын Засаг даргад нэр дэвшихдээ Монгол Улсын Ерөнхий хандаж гомдол гаргасан бөгөөд дээрх шийдвэр нь Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/-ийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан шаардпага хангаагүй, мөн хуулийн 26 зүйлийн 26.5.5-д заасан шаардлагыг хангаагүй буюу Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан нь аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 44/1-4554 тоотоор ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон.

Эндээс харахад ******* нь сумын Засаг даргаар нэр дэвшихдээ хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Дээр дурьдсан асуудлуудыг *******т удаа дараа мэдэгдэж өөрийн санаачилгээр хуулийн хэрэгжилтийг хангах боломжийг олгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй тул аймгийн Засаг даргаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сумын иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс огцруулах шийдвэрийг гаргасан. Иймд *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ажлаас огцруулах тухай Б/38 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тухайн захирамж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн 60.1.1, 60.1.17, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийн 64.2.5, мөн Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.6 дэх заалтуудыг тус тус үндэслээд үүрэгт ажлаас нь огцруулсугай гэх захирамж гарсан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яригдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийн 64.2.2 дахь заалтад зааснаар хууль тогтоомжийг удаа дараа ноцтой зөрчсөн гэх нэг шалтгаан байна. Хууль тогтоомжийг яаж удаа дараа зөрчсөн юм бэ, удаа дараа гэхээр нэгээс олон удаа байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас авч үзвэл *******т өмнө нь ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй. Хариуцагч талаас тайлбарлаж байгаа асуудал бол өмнөх ажилд нь томилохтой холбогдолтой асуудал нь хууль зөрчсөн учраас хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн гэх асуудал яригдаад байгаа юм. ******* Засаг даргаар томилогдон ажиллаж байхдаа ямар нэгэн байдлаар хууль тогтоомж зөрчөөгүй. Одоогийн хуульд Засаг даргыг томилохдоо ялгүй байх гэх үгийг оруулж ирсэн. Тухайн ойлголтын талаар Улсын дээд шүүхээс тайлбар гаргахдаа “ялгүй байх гэдэг нь энэ хүн өмнө нь ямар нэгэн байдлаар ял эдэлж байгаагүй хүнийг ойлгоно” гэх тайлбарыг хийгээд энэ тайлбар дээр гомдлууд гарсаны үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаартай дүгнэлт гараад Улсын дээд шүүхийн тайлбарыг үгүйсгэсэн. Үүнээс хойш хууль өөрчлөгдөөд ялгүй байх гэх ойлголтыг хасаад гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно гэж заасан. ******* нь болгоомжгүйгээр авто осол хийчихсэн байгаа. Тиймээс энэ хүний улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг бүх насаар нь хязгаарлаж болохгүй. Энэ нь өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа юм. Тиймээс ******* тухайн үедээ торгуулийнхаа ялыг эдлээд дуусчихсан учраас Засаг даргаар ажиллаж болно, мөн Улсын их хуралд ч нэр дэвших боломжтой. Аудитын газар хязгаарлалттай гэх дүгнэлт гаргасан болохоос биш яг ч хангалтгүй гэх дүгнэлт гаргаагүй байсан. Ямар ч байгууллагад шалгалт хийхээр жижигхэн ч болов зөрчил илэрнэ. Зуун хувь төгс ажилдаг байгууллага гэж байхгүй. Хэрвээ мөнгө идсэн байвал аудитын байгууллага шалгуулахаар дүгнэлт гаргадаг.

Тиймээс энэ хэрэгт ямар нэгэн байдлаар *******т хариуцлага оногдуулах ямар ч дүгнэлт гараагүй зөвхөн эрүүл мэндийн төвийн даргатай холбогдолтой зөрчил илэрсэн учраас тухайн хүн арга хэмжээ ав гэх хариу ирсэн. *******ыг сайн ажилласан уу гэдгийг дүгнэх хугацаа нь болоогүй байсан. Мөн Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар *******ыг оруулж үнэлэлт, дүгнэлт өгүүлэх ёстой байсан. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд Сэлэнгэ аймгийн Засаг дарга хувийн субъектив байдлаар хандаж зөвхөн иргэд гомдол гаргасны төлөө ажлаас нь халсан хандлага харагдаж байна. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах бичиг байгаа. *******ыг ажилд нь томилсон тушаал гараагүй байхад ирсэн бичиг юм. Үүнээс харахад *******ыг 2 сарын хугацаанд ажиллаж байхад өвөлжилтийн бэлтгэл ажил хангасан ажлаа тайлагнах болоогүй байхад дүгнээд ажлаас нь халчихсан байж ажил үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэх нь шаардлага хангаж байна уу гэх асуудал яригдаж байгаа юм. *******ыг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын ямар нэгэн албан бичиг байхгүй. Үүрэг даалгавар өгөөд байгаа болохоос биш яг хангалтгүй биелүүлсэн гэх байдлаар хандаад удаа дараа бичиг явуулсан зүйл байхгүй.

Хууль тогтоомжийг яаж удаа дараа зөрчсөн юм бэ гэхэд иргэдийн гомдол болон Авлигатай тэмцэх газрын бичиг, *******, ******* нарын Ерөнхий сайдад хүргүүлсэн бичгүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан тоотуудыг хэрэгжүүлж ажиллаа гэх тайлбарыг өгөөд байгаа юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн бичиг нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дугаартай захирамж хууль зөрчсөн учраас энэ захирамжийг хүчингүй болгох талаар чиглэл өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирсэн баримт бичиг хэрэгжээгүй байна. Тиймээс *******ыг өмнө нь томилсон Засаг даргын шийдвэр хүчинтэй байгаа гэсэн үг юм. Нэгэнт өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болгоогүй байгаа учраас төрийн албанд 3 жил ажлаагүй, ял шийтгэлтэй ч юм уу, авлигатай тэмцэх газрын дүгнэлт зэрэг зүйлсүүд яригдахгүй. Түүнийг ярих юм бол Сэлэнгэ аймгийн Засаг даргын хууль зөрчсөн асуудал яригдах шаардлагатай болно. *******ыг төрийн албанд 3 жил ажлаагүй гэдгийг юугаар нотолж байгаа вэ, Засаг дарга хангасан гэж үзээд захирамжаа гаргачихсан. Тийм учраас Сэлэнгэ аймгийн Засаг даргын Б/38 тоот захирамж хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Хэрвээ *******ыг ажлаас нь халах гээд байгаа бол хуулийн дагуу үндэслэлтэй халаач гэж хэлмээр байна. Энэ нь нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах боломжтой гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд бусад нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/38 дугаартай “Зүүнбүрэн сумын Засаг дарга *******ыг огцруулах тухай” захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2, 64.2.5-д зааныг үндэслэн Зүүнбүрэн сумын Засаг дарга *******ыг сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... Миний хувьд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын ажлыг хийж эхэлсэн хугацаанаас хойш ямар нэгэн хууль зөрчсөн болон албан үүргээ хангалтгүй биелүүлсэн удаа байхгүй, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дах хэсэгт заасан сумын Засаг даргаас огцруулах үндэслэл тогтоогдоогүй ... байхад үндэслэлгүйгээр захирамж гаргасан. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас огцруулах тухай” Б/38 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү.” хэмээн  маргажээ.

Нэг: Хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн тухайд /Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.2/

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна.” 64.2.2-т “хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн” бол огцруулахаар хуульд заажээ. Дээрх хуулийн заалтыг нэхэмжлэгч зөрчсөн талаар хариуцагчийн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болсон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан шаардлага хангаагүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.5-д заасан шаардлагыг хангаагүй Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилогдохдоо хуурамч материал бүрдүүлж хууль тогтоомж удаа дараа зөрчсөн гэх тайлбарыг гаргажээ.

Нэхэмжлэгч *******ыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/81 дугаартай захирамжаар Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилсон бөгөөд сумын Засаг даргыг томилоход тавигдах дээрх хуулийн шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавьж хуульд нийцэж байгаа эсэхийг шалгасны дараа сумын Засаг даргыг томилох эрх бүхий этгээд нь дээд шатны буюу аймгийн Засаг дарга өөрөө байх бөгөөд хуулийн шаардлагыг хангаагүй нэр дэвшигчийг сумын Засаг даргаар томилсон Сэлэнгэ аймгийн Засаг дарга дээрх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т заасныг зөрчсөн байх боломжтой байна. Өөрөөр хэлбэл хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар сумын Засаг даргаар томилоход тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй нэхэмжлэгч *******ыг Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилсон үйлдэлд Сэлэнгэ аймгийн Засаг дарга хууль зөрчсөн байх боломжтой бөгөөд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутган хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь Зүүнбүрэн сумын Засаг даргаар нэр дэвшиж томилогдохдоо дээр дурдсан хуулийн шаардлагыг хангаагүй болох нь тогтоогддог бөгөөд энэ талаар Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн******* дугаартай хууль хэрэгжүүлж ажиллах тухай албан бичигт “... Сэлэнгэ аймгийн Засаг даргын шийдвэр нь дээрх хүчингүй болсон хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2, 26.5.5 дахь заалтыг зөрчсөн хууль дээдлэх зарчимтай нийцэхгүй байх тул  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасны дагуу *******ыг Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилсон аймгийн Засаг даргын  2020 оны Б/81 дугаартай хуульд нийцээгүй захирамжийг хүчингүй болгох чиглэл өгч байсныг дурдах нь зүйтэй байна.

Хоёр: Дээд шатны засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн талаар /Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.5/

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдрагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5- д “энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр 65 дугаар зүйлийн 65.1.3-т “хууль тогтоомж, Засгийн газрын шийдэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга Ерөнхий сайд үзсэн” бол доод шатны Засаг даргыг огцруулна гэж заажээ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай “2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж сумдын Засаг дарга нарт хүргүүлжээ.

Хариуцагч хариу тайлбартаа “ ... 02 дугаар албан даалгавраар сумдын Засаг дарга нарт 6 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт, явцын тайлан, дүн мэдээг нэгтгэн сар бүрийн 25-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст ирүүлэхийг даалгасан боловч ... мэдээ тайланг нэг ч удаа ирүүлээгүй, дээд шатны Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна. Дээрх албан даалгаварт тусгасан ажил, арга хэмжээний дагуу Засаг дарга болон Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга 2022 оны 08 дугаар сарын 23-нд газар дээр нь үзэж танилцан хангалтгүй байсан тул үүрэг чиглэл өгсөн. Мөн жилийн эцсийн аудитын дүгнэлтээр 2 жил дараалан буюу 2020, 2021 онд тус тус хягаарлалтай дүгнэлт авсан байдаг.” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд шүүхээс Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт баримтын үзлэг хийх явцад 02 дугаартай албан даалгаврын хэрэгжилтийг хэрхэн биелүүлсэн эсэх талаар албан ёсоор ажлын хэсэг томилж, баримтжуулан шалгаагүй, мөн аймгийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийг 02 дугаартай албан даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн ямар нэг эрх зүйн баримт бичиг гараагүй бөгөөд уг  асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн албан бичигтээ ажлын хэсэг томилоогүй, хяналт шалгалт хийгдээгүй, нотлох баримт байхгүй талаар дурджээ[1].

Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2022 оны 11, 12 саруудад аймгийн Засаг даргын 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийн тайланг албан бичгийн хамт Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст ирүүлж байсан нь 02 тоот албан даалгавартай холбоотой мэдээ тайланг огт ирүүлж байгаагүй гэдгийг үгүйсгэж байна.

Хэрэгт цугларсан баримтаар Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газраас Зүүнбүрэн сумын Засаг даргын тамгын газрын 2020, 2021 оны санхүүгийн албанд хяналт шалгалт хийж хязгаарлалтай гэж дүгнэсэн байх бөгөөд энэ нь дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд уг хяналт шалгалтын мөрөөр аудитын байгууллагаас Зүүнбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн даргад сахилгын хариуцлага тооцуулах тухай албан шаардлагыг хүргүүлж байжээ.

Иймд хэрэгт авагдсан баримтуудаар Зүүнбүрэн сумын Засаг даргыг дээд шатны буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч хариу тайлбартаа Зүүнбүрэн сумын Засаг даргыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн[2] 26 дугаар зүйлийн 26.5.2, 26.5.5-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй талаар тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч *******ыг томилсон Сэлэнгэ аймгийн Засаг даргын Б/81 дугаартай захирамжийг хуульд нийцээгүй захирамж гэж үзсэн тохиолдолд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж заасны дагуу дээрх үндэслэлээр *******ыг Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилсон Б/81 дугаартай захирамжаа өөрөө хүчингүй болгох эрх нь нээлттэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2, 64.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Зүүнбүрэн сумын Засаг дарга *******ыг огцруулах тухай” Б/38 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 2,528,809.5 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.ОДБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 51 дүгээр тал

[2] 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдаж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болсон