Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 523

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/00145 дугаар шийдвэртэй С.А-ийн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ, “А” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, ажиллагааг эхнээс нь явуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Д.Азжаргал гэх танил маань надаас зээл авахад туслаад хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэж гуйхаар нь би байраа барьцаалахыг зөвшөөрч зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсгээ зурсан, мөнгийг Д.Азжаргал авсан. Д.Азжаргал зээлээ төлөөгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүхийн шийдвэрээр Д.Азжаргал, С.А нараас 60 000 000 төгрөг гаргуулж “А” ХХК-д өгөхөөр шийдвэрлэсэн. Дээрх шийдвэртэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.Ариунзаяа нь надад дарамт үзүүлж Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 хороолол, 16 байр, 103 тоот 18 м.кв 1 өрөө байраа “А” ХХК-д шилжүүлж өгөөд хугацаа авч болно гэж хэлж, хугацаа авах гэхэд төлбөр авагч байгууллага нэр шилжүүлэхийг шаардаж байна гэж хэлсээр байгаад миний орон сууцыг төлбөр авагч байгууллагын нэр дээр шилжүүлүүлж байсан. Тиймээс миний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа. Учир нь шүүхийн шийдвэрээр Д.Азжаргал болон С.А нараас 60 000 000 төгрөг гаргуулах шийдвэр гарсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь зөвхөн С.А миний эд хөрөнгөөс шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлж, надаар урамшууллын мөнгө төлүүлж, миний байрыг төлбөр авагчид шилжүүлсэн. Нөгөө төлбөр төлөгч болох н.Азжаргалтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй бөгөөд нэг удаа дуудаж уулзаж тайлбар авсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруу, дутуу хийгдсэн гэж үзэж байгаа тул тус ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, ажиллагааг эхнээс нь явуулж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч С.А нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, 16 байр, 103 тоот 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг төлбөрийн үнийн дүнд шилжүүлж өгөхөөр төлбөр авагчтай харилцан тохирсон тул “А” ХХК-д шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Төлбөр төлөгч төлбөрөө төлөхөөр хүсэлтээ гаргасан тул шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрийг тооцож, Д.Азжаргалд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцсон тул уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед С.А нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр төлнө гэсэн хүсэлт гаргасан. Тус хүсэлтдээ дан ганц С.А биш, н.Азжаргалын төлбөрийг төлөхөөр хамт нэрээ бичиж нотариатаар гэрчлүүлсэн байх тул уг хүсэлт нь хуулийн шаардлага хангаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр авагчийн өмчлөлд уг байрыг шилжүүлж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж, төлбөрийг барьцаа хөрөнгөөр тооцож авсан бөгөөд нэхэмжлэгч нь уг ажиллагааг өөрөө мэдэж байсан, хүсэл зоригийнхоо хүрээнд хүсэлтээ бичиж өгсөн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: С.А болон “А” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 120 дугаарт талуудын эвлэрлийг баталсан захирамж эрх зүйн хувьд алдаатай гарсан гэж үзэж байна. Учир нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхэд баримтлах зарчмыг зөрчсөн. 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаас үзвэл урамшууллын төлбөрийг төлбөр авагч нь төлөх ёстой байсан. Гэтэл хариуцагч буюу төлбөр төлөгч төлөхөөр шийдвэрлэсэн нь буруу болсон. Шүүх ирээдүйд болох зүйлийн талаар дүгнэлт гаргах ёсгүй. Гэтэл төлбөр төлөөгүйгээс үүдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар ажиллагаа хийсэн тохиолдолд урамшууллыг хэн төлөхийг шийдсэн. Энэ нь хуулиас давсан шийдвэр болсон. Дээрх 2 шалтгаанаас үзвэл шүүгч М.Мөнхтөр нь өөрийн алдаатай баталсан захирамжийг зөвөөр тайлбарласан мэт харагдаж байна. Мөн өөрөө өмнө шийдсэн хэргийн талаар шийдэхгүй байх ёстой байсан. Гэтэл энэхүү хэргийг шийдсэн нь буруу юм. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар шүүгчээс татгалзаагүй ч шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүний хувьд өөрөө хэргээс татгалзах эрхтэй байсан ч татгалзаагүй нь алдаа болсон. Шүүхийн шийдвэрийн 4 дүгээр хуудасны 3-р догол мөрөнд “С.А нь шийдвэр гүйцэтгэгч н.Ариунзаяа нь урамшуулал авдаг хууль нь байхгүй болох гээд байсан учраас надаас урамшууллын мөнгө авахын тулд маш хурдан ажиллагааг гүйцэтгэсэн, намайг дарамталсан гэжээ. Гэвч хэрэгт авагдсан баримтаар төлбөр төлөгчийг дарамталсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зөвшөөрөгдсөн тул энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна” гэжээ. Миний бие дарамтад орсон болохоо баримтаар нотолж өгсөн. Учир нь шүүхийн шийдвэрийг бодитоор нэг ч төгрөг төлөгдөөгүй байхад буюу 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр анх урамшууллын төлбөр төлүүлсэн. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр урамшууллын төлбөр төлсөн болохоо нотлох баримтаар өгсөн. Төлбөр төлөгч С.А нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэр шилжүүлэн өгөх хүсэлт өгч 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 17/751 дүгээр тогтоолоор төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж шийдвэрт тусгасан байна. Энэхүү хугацааг харах юм бол төлбөрийг төлөхөөс өмнө урамшууллын төлбөрийг төлүүлж байсан нь нотлогдож байна. Мөн хуулиар бол төлбөр авагч нь урамшууллын төлбөрийг төлөх ёстой байтал төлбөр төлөгчөөр төлүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл байна. Энэ талаар шүүх хуралдаанд миний бие тайлбарлаж хэлсэн. Гэтэл үүнийг шүүх та Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл болсон. Тайлбар хийхдээ миний ярьснаас эсрэгээр маргаагүй зүйлийн талаар илтэд үндэслэл муутай, буруу тайлбарыг хийсэн. Учир нь н.Ариунзаяаг урамшуулал авах нь буруу гэж маргаагүй гагцхүү хуулийг буруу хэрэглэж намайг дарамталсан гэдгээр нь маргасан. Шүүх 2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг баримталж ажиллагаа дуусгавар болгосон тул энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулах шаардлагагүй гэж дурджээ. Шүүхийн шийдвэрээр 2 хүнээс төлбөр гаргуулахаар заасан гэтэл нэгийг нь хохироож нөгөө хүнд нь ямар ч үүрэг хариуцлага ногдуулахгүйгээр шийдвэр гүйцэтгэгч нь өөрийн зөвхөн эрх ашиг сонирхлыг үүднээс хийсэн ажиллагаа болох нь нотлогдож байгаа. Миний хувьд илтэд хохиролтой үлдсэн. Гэтэл нөгөө төлбөр төлөгч нь ямар ч өр төлбөргүй үлдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулахгүй шүүхийн шийдвэр болон албадан гүйцэтгэх захирамж хуудсанд заагдаагүй байхад шууд дарамтад оруулж шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас үнийн дүнгээс гаргуулна гэснийг зөрчиж ямар ч төлбөр төлөөгүй байхад урамшууллын төлбөр гэх зүйлийг урьдчилан авч төлбөрийг миний эд хөрөнгөөр хаахаар төөрөгдөлд оруулж дарамталсан. Миний бие анхнаасаа энэ зээлийг авахад ямар ч мөнгө аваагүй. н.Азжаргал гэх хүн л энэ мөнгийг авч ашигласан гэтэл би авч ашигласан юм шиг хохироод байна. Харилцан тохиролцож төлбөрийг авсан гэсэн утга байхгүй байна. Мөн 2 хүнээс төлбөр гаргуулах байтал нэгнээс нь аваад нэгнээс нь авахгүй байх, нэгийг нь хохироогоод нөгөөхийг нь ямар ч гэм буруугүй үлдээх гэсэн ямар ч хуульд байхгүй зарчим ярьж байгаа нь байж боломгүй хэрэг юм. Иймд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч НШШГГ, “А” ХХК-д тус тус холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, ажиллагааг эхнээс нь явуулахыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1-2/ хариуцагч нар эс зөвшөөрч төлбөр төлөгч С.А нь орон сууцыг төлбөртөө тооцож өгөхийг өөрөө зөвшөөрч хүсэлт гаргасан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбар гарган маргажээ. /хх.27/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, үүнтэй холбоотой гомдол гаргах эрхийг олгосон.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, ажиллагааг эхнээс нь явуулахыг хариуцагч нарт даалгах гэсэн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч С.А нь ямар эрх, ашиг сонирхлоо хэрхэн хамгаалуулахаар шүүхэд хандсан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг тодруулахгүйгээр шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэгч С.А-ийн үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 16 дугаар байрны 103 тоот хаягт байрлалтай 18 м.кв, 1 өрөө орон сууцыг “А” ХХК-д шилжүүлсний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэж арилгуулахаар шаардаж байгаа, эсхүл дээрх үл хөдлөх эд хөрөнгөө буцааж авахаар шаардаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, зохих ажиллагааг хийсний үндсэн дээр давж заалдах шатны шүүхээс хууль зөв хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/00145 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                             ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ