Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2021/03749

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2021        11         16                                     101/ШШ2021/03749         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.Э-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 28,940,698 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Хариуцагч Т.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Т,

Гэрч М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Т.Э нь мөнгөний хэрэгцээ гараад байгаа тул тантай гэрээ хийгээд мөнгө зээлэх хүсэлтэй байна гэж надад хандсаны дагуу 2019.05.17-ны өдөр 1327 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээг байгуулж, нотариатаар батлуулан 5,000,000 төгрөгийг Т.Э-т зээлдүүлсэн юм. Гэрээнд дурдсан 0 тоот дансанд 5,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн.

Т.Э нь 2019.05.21-ний өдөр дахин надтай ирж уулзаад 1,000,000 /нэг сая/ төгрөгийг нэмж зээлэхийг хүссэний дагуу 1327-р гэрээнд дурдсан 0 тоот дансанд 1 сая төгрөгийг 2019.05.21-ний өдөр нэмж шилжүүлсэн. Түүнчлэн 2019.05.17-ны өдрийн зээлийн хэмжээг 1 сая төгрөгөөр нэмэгдүүлэн нийт зээлийн хэмжээг 6,000,000 /зургаан сая/ төгрөг болгосон тухай тэмдэглэлийг 1327-р зээлийн гэрээний арын хуудсан дээр тэмдэглэн, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан болно.

Зээлийн гэрээний дагуу зээл эргэн төлөх хугацаа 2019.05.17-2019.08.17-ны өдрийг хүртэл 3 cap үргэлжилсэн ба хариуцагч cap бүрийн 25-ны дотор зээлийн хүүг өгөх, зээлийн гэрээний хугацаа дуусмагц нийт зээлийг эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байна.

2019.05.17-ны өдрөөс хойш өнгөрсөн 2 жил 2 сарын хугацаанд Т.Э-тэй олон удаа холбогдон, мөнгөө авахаар гуйж байсан. Тэр болгонд мөнгийг чинь одоо өгнө, маргааш өгнө, 7 хоногийн дараа өгнө гэх мэтчилэн хэлсээр өнөөдрийг хүрлээ. 2020 онд би байрны мөнгөө өгөх боломжгүй болоод Т.Э-тэй утсаар ярьсаны дараа надад 100,000 /нэг зуун мянган/ төгрөг өгснөөс хойш өнөөдрийг хүртэл өөр мөнгө өгөөгүй болно.

2021.02.08-ны өдөр би Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаягийг тодруулах тухай шүүгч Б.Ц-ийн 2021.04.22-ны өдрийн 6750 дугаар захирамж гарсан ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Л-ийн 2021.05.18-ны өдрийн 1129 дүгээр шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж хариуцагчийн хаягийг тогтоосон болно. Энэ бүх шүүх цагдаагийн ажиллагаа нь надад маш их чирэгдэл зардал учруулж байгааг дурдах нь зүйтэй юм.

Зээлийн гэрээнд зээлийн сарын хүү 14 хувь ба хариуцагч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасны дагуу дараах тооцоолол гарч байна. Үүнд: Зээлийн хэмжээ 6,000,000 төгрөг, Зээл өгсөн өдөр нь 2019.05.17, гэрээний хугацаа дууссан өдөр нь 2019.08.17, гэрээгээр тохирсон зээлийн хүү сард 14 хувь нь 42 хувь, гэрээний дагуу бодогдох хүү 2,520,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр 2021.07.07, хугацаа хэтэрсэн хоног 2019.08.17-ны өдрөөс 2021.07.07-ны өдөр хүртэл 681 хоног, гэрээний дагуу тооцогдох алданги хоногт 0,5 хувь 30,000 төгрөг, гэрээний дагуу тооцогдох алданги 20,430,000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн дүн 28,950,000 төгрөг болно.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нь нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 28,950,000 төгрөг болсон бөгөөд үүнээс 2020 онд буцааж өгсөн 100,000 төгрөгийг хасаад, хариуцагчийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэртэй холбогдон гарсан зардал 71,718 төгрөг, шүүхэд нэхэмжлэл өгөхөд хөл хорио тогтоосон байсан учир шуудангийн зардалд төлсөн 1,980 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 90,698 төгрөгийг нэмэхэд 28,940,698 төгрөг болж байна.

Б.Н нь өдгөө 79 нас сүүдрийг зооглож байгаа бөгөөд өөрийн хадгаламжийн мөнгийг Т.Э-т итгэж зээлдүүлсэн. Өнөөдрийн эдийн засгийн хямралтай нөхцөлд өндөр насны тэтгэврийн мөнгөөр байр, цахилгаан, дулаан, хоолны мөнгөө залгуулахад хүндрэлтэй болсоор байна. Түүнчлэн корона вирус, цар тахалтай холбогдон улс орны аж ахуй хүндэрч, хоол хүнсний үнэ ихээр нэмэгдэж байгаа нь амьдралд маш хүндээр нөлөөлж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нь “Н” ХХК-тай холбоотой зүйл яриад байгаа нь энэхүү зээлийн гэрээтэй огт хамааралгүй бөгөөд зээлдүүлэгч  Б.Н-тай хамтран ажиллах талаар тохиролцоогүй.

Т.Э-ийн өөрийнх нь хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой тайлбар нь энэ хэрэгт хамааралгүй, тэрээр өөрөө уг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, М.Б-ыг гүйцэтгэх захирлаар томилсон, өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байж магадгүй боловч ийм баримт хэрэгт байхгүй байна.  

Зээлийн гэрээний 3.3-т сарын хүүг 14 хувь, 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох, сар бүрийн 25-ны өдөр хүүгээ өгөхөөр тохиролцсон, гэрээг Сонгинохайрхан дүүргийн нотариатч Л.О гэрчилсэн, хүчин төгөлдөр гэрээ юм. Түүнээс гадна 2019.05.21-ний өдөр 1,000,000 төгрөгийг энэхүү зээлийн гэрээний нөхцлөөр авсан болохыг бичгээр илэрхийлсэн тул хүү, алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.      

Иймд Т.Э-ээс үндсэн зээл 6,000,000 төгрөг, 3 сарын хүү 2,520,000 төгрөг, 681 хоногийн алданги 20,430,000 төгрөг, нийт 28,950,000 төгрөгөөс түүний өгсөн 100,000 төгрөг хасаад 28,850,000 төгрөг бөгөөд үүн дээр бусад зардал болох 90,698 төгрөгийг нэмээд нийт 28,940,698 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон өмгөөлөгч А.Т-ын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Т.Э нь иргэн Б.Н-аас 2019.05.17-ны өдөр 3 сарын хугацаатай 5,000,000 төгрөг, 2019.05.21-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус өөрийн охины ХААН банкны дансаар дамжуулж авсан нь үнэн.

Энэ зээл үүсэх болсон шалтгаан нь нэхэмжлэгч Б.Н-ын хүү М.Б надтай холбоо бариад телевизийн салбарт хамтарч ажиллах санал тавьж уулзсан юм. Тэрээр TV1 телевизийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг авч түр хугацаагаар хаалттай байсан телевизийн эрхийг сэргээж сонгуулийн болон төлбөрт нэвтрүүлэг явуулж хамтарч ажиллахаар тохиролцсон. М.Б-д телевизийн эрх сэргээх мөнгө өөрт нь байхгүй, харин ээж Б.Н-д бол байгаа, ээж надад бол өгөхгүй, харин та зээл хэлбэрээр авчихвал, зээлийг телевизийн ашгаас хоёулаа төлье гэж ярилцаж тохиролцсон.

Ингээд Б.Н-аас зээлж авсан 5,000,000 төгрөгийг тэр өдөрт нь “Н” ХХК-ийн кабелийн суваг, тусгай дугаарын төлбөрийг төлж, зөвшөөрлөө авсан, мөн М.Б-д унааны зардлыг өгсөн. М.Б нь “Н” ХХК-ийн нэрийн өмнөөс Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан мөртлөө төлбөрийг нь өөрийнхөө дансаар авч итгэл эвдсэн. Түүнтэй холбогдох гэхээр тэр утсаа авдаггүй, холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөөр өнөөг хүрсэн. М.Б нь өөрийн амласан тохиролцоондоо хүрэлгүй, телевизийн ажиллагааг санаатай, санаандгүй тасалдуулж хаалттай байснаас илүү өр төлбөрт оруулсан болно. Тэрээр гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлгэж өгөөгүй бөгөөд ээж нь түүнийг архины эмчилгээнд явсан гэж хэлсэн. Түүнд компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ байсан бөгөөд ашиглах зорилгоор хоосон цаасан дээр тамга дарсан байхыг авсан байхыг үгүйсгэхгүй юм.

Иймд нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 6,000,000 төгрөгийг М.Б-тай хувааж төлөхийг зөвшөөрнө.

2019.05.17-ны өдрийн 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд сарын хүүг 14 хувь гэж бичсэн болохыг өнөөдөр харж байна. Ер нь хувь хүн 14 хувийн хүү бол маш өндөр тул хүү болон алдангийг зөвшөөрөхгүй.

2019.05.21-ний өдөр 1,000,000 төгрөг хүлээн авсан баримт дээр “Н” ХХК гээд хуулийн этгээдийн тамга дарсан, өөрөөр хэлбэл компанийн үйл ажиллагаанд зориулж авсан. Өмнөх зээлийн нөхцөл гэдэг нь 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, үүнээс өөр зээлийн гэрээ байгуулаагүй.

Миний бие Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 хаягт оршин суух хаягтай, шүүхээс дуудах үед хөрш айл барилга бариад, хашаа татсан байснаас манай орох, гарах гарцыг хаасан цаг хугацаатай таарч байна.

Бүх нийтийн хөл хорио тогтоосноос шуудангийн үйлчилгээ авч гаргасан зардал, мөн өөрийнхөө нотлох баримтыг нотариатчаар гэрчлүүлсний зардал нь надаас хамааралгүй гэж үзэж байх уг зардлыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч М.Б-ын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Т.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,940,698 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Зохигч талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.Н нь 5,000,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл буюу 3 сарын хугацаатай, сарын 14 хувийн хүүтэй зээлдүүлэх,

Т.Э нь зээлийн гэрээний хугацаа дуусмагц нийт зээлийг эргүүлэн төлөх, сар бүрийн 25-ны өдөр зээлийн хүүг төлөх,

зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон №1327 дугаартай зээлийн гэрээ байгуулагджээ.

 

/хх-ийн 6 тал/

 

Мөн талууд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг дээрх зээлийн гэрээнд заасан нөхцлөөр хүлээлцсэн талаарх баримт үйлдсэн байна.

 

/хх-ийн 7 тал/

 

Зээлийн гэрээний 3.4-т зээл олгох хэлбэрийг “ХААН банк” ХХК-ийн 0 тоот данс гэж тохирсон байх ба зээлдүүлэгч Б.Н нь уг дансанд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь “ХААН банк” ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба зээлдэгч Т.Э нь 6,000,000 төгрөгийг хүлээн авсан, зохигч энэ талаар маргаагүй.

 

/хх-ийн 8 тал/

 

Хариуцагч Т.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 6,000,000 төгрөгийг гэрч М.Б-ын хамт хувааж төлөхийг зөвшөөрч, зээлийн харилцаа үүсгэх болсон шалтгаан нь нэхэмжлэгчийн хүү М.Б-тай хамааралтай тул үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний 3.3-т зээлийн хүүг сарын 14 хувийн хүүтэй, 3.7-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох гэж тусгасан байх ба 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн баримтад “энэхүү зээлийн гэрээний нөхцлөөр нэмж 1,000,000 төгрөгийг авахаар болж байна” гэж бичигдсэн байх ба хариуцагч Т.Э нь уг баримтад зурагдсан гарын үсгийн талаар маргаагүй, түүнээс гадна дээр дурдсан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнээс өөр нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдсан гэх байдлаа баримтаар няцаасангүй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

282 дугаар зүйлийн 282.4-т: “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд Б.Н болон Т.Э нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч Б.Н нь гэрээ байгуулагдсан өдөрт нь гэрээний зүйл болох 5,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг зээлдэгч Т.Э-ийн өмчлөлд тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. 

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”,

232 дугаар зүйлийн 232.3-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”,

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд хүү болон анз тогтоосон зээлийн гэрээ бичгээр хийсэн нь хуульд нийцжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 6,000,000 төгрөгийг, сарын 14 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч нь зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөх, хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Б.Н нь 681 хоногийн алдангид 20,430,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч Т.Э нь гэрээгээр хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй, гэрч М.Б-ын хамт зээлийн үүргийг хувааж хариуцна гэх татгалзлын үндэслэлийг тус тус нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу зохигч шаардлага, татгалзлаа нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т: “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэжээ.

 

Дээр дурдсанаас үзэхэд хариуцагч Т.Э нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 2,520,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцож алданги 3,000,000 төгрөг, нийт 11,520,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Н-д буцаан өгөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. 

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2021/06750 дугаартай захирамжаар Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоот хаягт хариуцагч Т.Э бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тус хорооны Засаг дарга тодорхойлсны дагуу Б.Н-ын нэхэмжлэлтэй, Т.Эт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

/хх-ийн 11-14 тал/

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2021/01129 дугаартай шийдвэрээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Э-ийг эрэн сурвалжилсан, уг шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэс нь хариуцагч Т.Э-ийн оршин суух хаягийг тогтоожээ.

 

/хх-ийн 4-5 тал/

 

Хариуцагч Т.Э нь Цагдаагийн байгууллагын тогтоосон гэх Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоот хаягт байнга оршин сууж байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.   

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т: “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаас үзэхэд хариуцагч Т.Э зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчснөөс нэхэмжлэгч Б.Н нь түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн нь дээрх шийдвэрээр тогтооогдож байх тул уг зардлыг хохиролд тооцон шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Харин Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хязгаарлалт тогтоосон нь хариуцагчийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэх боломжгүй тул шуудангийн зардлын 1,980 төгрөг, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бичмэл нотлох баримтыг нотариатчаар гэрчлүүлсний зардлын 17,000 төгрөг зэрэг нь Т.Э-ээс шалтгаалсан гэж үзэхээргүй байх тул тэрээр дээрх зардлыг хариуцан төлөх үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Т.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 2,520,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, эрэн сурвалжлуулах зардалд төлсөн 70,200 төгрөг, нийт 11,590,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,350,498 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Т.Э-ээс 11,590,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,350,498 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Т.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 200,393 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ