Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/107

 

2025       03         17                                     2025/ШЦТ/107

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,

улсын яллагчаар Г.Халиун,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Г-ийн Т-д холбогдох эрүүгийн 2534******* дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн **** оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г-ийн Т /РД: ******/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/:

Шүүгдэгч Г.Т нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн **** багт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Ц-тэй маргалдаж, түүний зүүн гарыг эргүүлж хойш нь дарж, эрүүл мэндэд нь зүүн богтос ясны зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгч шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Г.Т нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн *** багт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Ц-тэй маргалдаж, түүний зүүн гарыг эргүүлж хойш нь дарж, эрүүл мэндэд нь зүүн богтос ясны зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

1.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болон нотлох баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,

 

-Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,  

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8 тал/,

-Хохирогч С.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ0725/2567 дугаартай "... С.Ц-ийн биед зүүн богтос ясны зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 тал/,   

-Шүүгдэгч Г.Т-гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 31-38/,

-Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 38-40 тал/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд, яллагдагч Г.Т нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баян-Өнжүүл *** багт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Ц-тэй маргалдаж, түүний зүүн гарыг эргүүлж хойш нь дарж, эрүүл мэндэд нь зүүн богтос ясны зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.Ц-ийн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ0725/2567 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Г.Т-гийн сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр давхар тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-н 59 тал/

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Халиун нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 40 дугаартай 2534******* дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Г.Т нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Г.Тд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Тд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тгийн хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Г.Тг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

Шүүгдэгч Г.Т нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Цэрэнчимэдтэй маргалдаж, түүний зүүн гарыг эргүүлж хойш нь дарж, эрүүл мэндэд нь зүүн богтос ясны зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.

Хохирогч С.Ц “Гомдол, саналгүй” гэсэн баримт гараараа бичиж шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Г.Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2534******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Төв аймгийн *** сумын газар нутгаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өнжүүл сумын газар нутгаас бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг тус тус сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүхээс тогтоосон Төв аймгийн **** сумын газар нутгаас бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, тодорхой газар очих хязгаарлалтыг тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус сануулсугай.

 

6. Эрүүгийн 2534******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ