| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2020/00208/И |
| Дугаар | 156/ШШ2020/00305 |
| Огноо | 2020-04-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 156/ШШ2020/00305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00208/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Мөрөн сумын .. дугаар багт оршин суух, Л Б (РД: )-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дугаар баг, ............ оршин суух, Э Н (РД: )-д холбогдох,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Э.Н 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж хамт амьдарсан.
2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин Н.А маань мэндэлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Үүнээс хойш 3 жил хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа 2016 оны хавраас хоорондоо таарамжгүй харьцаатай болж цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул 2018 оны 06 дугаар сараас тусдаа амьдарсан.
Одоо надад энэ хүнтэй дахин эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон. Энэ талаараа Хэнтий аймгийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах албанд өргөдөл гаргасан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа эвлэрэх боломжгүй гэдгийг маань баталгаажуулж дуусгавар болсон учир бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү... (хх-ийн 1, 20 тал)
Хариуцагч Э.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагууд буюу гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээх зэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргах зүйл байхгүй.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тус хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.
Би одоогоор Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа учраас шүүх хуралдаанд биеэр оролцох боломжгүй байна.
Иймд шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэнэ үү... (хх-ийн 19 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Э.Н гэрлэлтээ цуцлуулж, охин Н.А хүүхдийн тэтгэлэг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон болох нь № 2301000107 дугаартай гэрлэсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 7 тал) 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин Н.А төрүүлсэн болох нь № 2301000560 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 8 тал) нэхэмжлэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт, (хх-ийн 3 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байв.
Нэхэмжлэгч нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлахад эвлэрэхээр хүсэлт гаргасан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 11 тал)
Хариуцагч Э.Н нь охин Н.А өөрийн асрамжинд авах талаар болон гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг төлөх талаар маргаагүй гэж дүгнэв.
Зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэлт цуцлуулах үед насанд хүрээгүй, охин Н.А хэнийхээ асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, ээнэгшил, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг... харгалзаж хүүхдийг хэний асрамжинд өгөх эсэхийг шүүх шийдвэрлэв.
Охин Н.А нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 4 настай, болох нь төрсний гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 8 тал) ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд ээждээ ээнэгшин дассан нь Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандгана багийн Засаг даргын тодорхойлолтоор, (хх-ийн 3 тал).... зэргээр тус тус тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн охин Н.А эх Л.Б асрамжинд үлдээхээр тогтов.
Мөн эцэг Э.Н Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2- зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин Н.А олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Зохигчид нь одоогийн байдлаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг ... эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч .......... регистрийн дугаартай, Ө овогт Л Б, хариуцагч ............ регистрийн дугаартай А овогт Э Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Н.А эх Л.Б асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, насанд хүрээгүй охин Н.А 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Э.Н сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж охин Н.А тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Л.Б дааллгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар охин Н.А эцэг Э.Н уулзуулж байхыг эх Л.Б даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Н 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Ц даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ