Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 524

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00186 дугаар шийдвэртэй Т.Н-ын нэхэмжлэлтэй хариуцагч О.С-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулж, 1 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд нийт 90 000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа дуусахад зээлээ төлөхийг удаа дараа шаардахад төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд хариуцагчаас 1 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Би 2015 онд 3 дугаар хороололд майханд н.Цэцгээгийн эзэмшлийн лангууг ажиллуулдаг байсан. Барааны хомстол үүссэн учраас би н.Цэцгээд түрээс төлөхөд хэцүү байна гэж учир байдлаа нэхэмжлэгчээс зээл авах талаар хэлсэн. Би очиж уулзсан боловч надад өгөөгүй учраас н.Цэцгээгээр дамжуулж 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээл авсан бөгөөд зээлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сард нөхөж байгуулсан. Тухайн үед гадаа хүйтэн болоод бараа зарагдахгүй байсан тул зээлийг төлж чадахааргүй болсон. Би нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа зүйл байхгүй боловч н.Цэцгээ миний барааг хурааж авчхаад өгөхгүй байгаа учраас би өөрөө хохирч үлдэхийг хүсэхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 910 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 190 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 26 390 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Т.Н нь тухайн үеийн мөнгөний хомстлыг далимдуулж хууль бусаар жижиг наймаа эрхэлдэг хүмүүст өндөр хүүтэй мөнгө зээлж иргэдийг хохироодог байсан нь тодорхой байна. Мөнгө зээлдүүлснээс хойш 3 жил гаруй хугацаа өнгөрсөн нь нотлогдож байхад нөхөж хийсэн гэрээг үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч О.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 100 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс авсан зээлээр бараа худалдан авч борлуулж байсан боловч н.Цэцгээ лангууны түрээс төлөөгүй хэмээн барааг хурааж авчихаад өгөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Т.Н нь 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч О.С-т 1 000 000 төгрөг зээлдүүлж, зээлийн хүүг сарын 10 хувийн хүүтэй байхаар амаар тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоог 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр баталгаажуулж зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн хэлцэл зэргээр тогтоогдож байна. /хх.14/

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсон тохиолдолд хэлцлийг амаар байгуулсанд тооцохоор заасан бөгөөд аман тохиролцооны дагуу нэхэмжлэгч Т.Н нь 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1 000 000 төгрөгийг хариуцагч О.С-т хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ба нэхэмжлэгч нь хариуцагч О.С-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Дээрх зээлийн гэрээний хугацаанд хариуцагч О.С нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 40 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 30 000 төгрөг тус тус төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ сарын хүүг 10 хувь байхаар тохиролцсон тул зээлийн гэрээний хүү болох 100 000 төгрөгийг нэмж гаргуулна гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт талууд зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол тус гэрээг бичгээр байгуулах талаар тусгайлан зохицуулсан бөгөөд зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн хүүг сарын 10 хувийн хүүтэй байхаар амаар тохиролцсон тул хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна. Иймд нэхэмжлэгч Т.Н нь хариуцагчаас зээлийн гэрээний хүү болох 100 000 төгрөгийг шаардах эрхгүй.

            Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үндсэн үүрэгт хариуцагчаас 910 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 190 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

            Түүнчлэн, зээлийн гэрээний харилцаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн тул н.Цэцгээгээс бараагаа эргүүлэн авсны дараагаар нэхэмжлэгчийн зээлийг төлж барагдуулна гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, мөн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн аман хэлцлээр хийсэн тохиролцоонд үндэслэн хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлбөр гаргуулж шийдвэрлэсэн байх тул нөхөж хийсэн бичгийн хэлцэл буюу 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд үндэслэж төлбөр гаргуулсан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 26 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ