Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/07

 

 

 

 

 

      

 

 

   2021          02           24                                     2021/ДШМ/07

 

 

Х.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х,

Шүүгдэгч Х.Т,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/11 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Х.Т-т холбогдох, эрүүгийн 1919002010007 дугаартай, 3 хавтас, 670 хуудас бүхий хэргийг прокурор Б.М-ийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор Б.М-аас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Х.Т Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн б/1518 дугаартай тушаалаар дэд ахлагч цолтойгоор, ахлагчийн бүрэлдэхүүнд орж, цэргийн гэрээт алба хаахаар томилогдон, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Хөтөлийн шанд” гэх газарт байрлах Хилийн цэргийн 0168 дугаар ангийн төв малын суурийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж байх явцдаа хугацаат цэргийн албан хаагч, малчин цэрэг О.А нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өглөө малын эрэлд явах үүрэг аваад орой 18 цагт малын суурь дээрээ ирэх ёстой атал ирээгүй талаар 2019 оны 05 дугаар сарын 26-ны 22 цаг 25 минутад отрядын шуурхай жижүүрт мэдэгдсэн нь Хилийн алба хаах журам буюу Хилийн тухай хууль болон Хил хамгаалалтын дүрэмд нийцүүлэн гаргасан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/97 дугаартай тушаалаар батлагдсан “Хугацаат цэргийн алба хаагчтай малын суурьт цэргийн албыг зохион байгуулах заавар”-ын 3.4 дүгээр зүйлийн 3.4.3-т заасан “Малын суурийн ахлагч нь суурийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, өөрийн хариуцсан мал сүргийн бүрэн бүтэн байдал, эд хөрөнгийн ашиглалт, эзэмшилтийг хариуцна” гэснийг, 4.3 дугаар зүйлийн 4.3.7-д заасан “Малын сууриудын хэсгийн ахлагч заставын жижүүр, отрядын шуурхай жижүүртэй 07.00, 18.00, 21.00 цагуудад харьцаж, суурийн үйл ажиллагааны талаар илтгэнэ. Шаардлагатай тохиолдолд цаг харгалзахгүй харьцаанд орно” гэснийг, мөн Хил хамгаалалтын дүрмийн 3 дугаар бүлгийн 1 дүгээр хэсгийн 28.8-д заасан “Учрал, гэмт хэрэг гарсан, манааны бүрэлдэхүүн алга болсон үед нэн яаралтай мэдэгдэх” гэснийг тус тус зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж, цагаатгагдсан этгээд Х.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар цагаатгагдсан этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн дотор Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлаж,

 

Х.Т энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.М давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Т хилийн цэргийн 0168 дугаар ангийн гэрээт цэргээр алба хааж байсан. Энэ гэрээт цэргээр алба хааж байсан үүргийн хүрээнд төв малын суурийн даргын үүрэг гүйцэтгэж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан түүний тушаал зэргээр нотлогддог. Прокуророос хил хамгаалахын дүрэмд нийцүүлэн гаргасан Хил хамгаалах ерөнхий газрын даргын А/97 дугаартай тушаалаар батлагдсан Хугацаат цэргийн алба хаагчдын малын суурь, цэргийн албаны зохион байгуулалт, зааврын гурван заалтыг, Хил хамгаалалтын нэг заалтыг тус тус зөрчсөн гэж буруутгасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.15 дугаар зүйлд заасан хилийн алба хаах журам зөрчих гэмт хэрэг маань хэлбэрийн шинжтэй, хохирол шаардахгүй, тухайн үйл баримт нь хийснээр төгсдөг ийм гэмт хэрэг байгаа. Тухайн үйл баримт малын суурь дээр 6 цэргийн алба хаагч Х.Т-ийн удирдлага дор алба хааж, малын суурьт байгаа малыг хариулж байсан. Ингэж хариулахдаа Х.Т малын суурийн харуул хамгаалалт, мал маллах арга заавар гээд бүх л зүйлийг тухайн объектынхоо хүрээнд хариуцаж, удирдах албан тушаалын үүрэг гүйцэтгэж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа. 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барсан С.А гэдэг цэрэг малын эрэлд явах үүрэг аваад 08 цаг 00 минутад гарсан. Гарахдаа станцаа аваад, унах малынхаа уналгыг бэлдэж гарсан. Орой малын суурь дээр 18 цаг 00 минутад ирэх ёстой байтал ирээгүй. Тухайн өдрөө Х.Т-тэй огт холбогдоогүй байдаг. Энэ хугацаанд Х.Т явсан цэргээ хүрээд ирнэ гэж бодож, мөн өөрөө хайсан байдаг. Маргааш орой нь 22 цаг 25 минутад отрядынхаа шуурхай жижүүрт мэдэгдсэн. Гэтэл Хилийн алба хаах дүрмээрээ 2 цаг тутам мэдээ өгч, цэрэг анги байрлалдаа ирээгүй тохиолдолд тэр даруй төв отряддаа мэдэгдэж, эрлийн багийг гаргуулж ажиллах ёстой байсан. Ингэснээр Хил хамгаалах дүрэм, мөн түүнд нийцүүлэн гаргасан малын суурь дээр цэргийн алба хааж байгаа тохиолдолд ямар зохион байгуулалтай арга хэмжээ авах талаарх заавруудын дөрвөн зүйл заалтыг зөрчсөн гэж буруутгасан. Прокурорын хувьд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.15 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байгаа бөгөөд төв отряд руугаа мэдэгдээгүй үйлдэл нь энэ гэмт хэрэг төгсөж байна гэдгийг хөдөлбөргүй тогтоосон гэж үзэж байна. Мөн цагаатгах тогтоолын бас нэг үндэслэл нь цэргийн алба хаахтай холбоотой Монгол Улсын нууцтай холбоотой баримт бичгүүдийг авахдаа хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар заалтыг зөрчсөн гэдэг. Энэ заалтыг прокурор мөрдөн шалгах нууц ажиллагааны хүрээнд хийгдэх ёсгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл шүүх үүнийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах байгууллага ажилтны үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг тодорхойлохдоо холбогдсон энэ хуульд заагаагүй асуудлыг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулна гэж байна. Мөн хуулийн 4 дэх хэсэгт энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадалгаа үйлдэж, прокуророор батлуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэсэн. Ийм 2 заалтыг зөрчсөн гэж үзээд байгаа. Гэтэл Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2 дугаар зүйлд үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас урьдын ба тусгай нууц арга хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээллийн баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйл гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хуулийн зохицуулалтыг энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааж өгсөн байна. Тэгтэл Х.Т-ийн нууц гээд тэмдэг дарсан байгаа 1-р хавтаст хэргийн 101-145-р тал, 146-161-р тал, 167-171-р тал, 234-236-р талуудад авагдсан нууцын зэрэглэлтэй баримтуудыг мөрдөгч албан тоот явуулаад нууцын баталгааг гаргуулж, хавтаст хэрэгт тусгаж байгаа үйл баримт нь нууц ажиллагаа биш гэж үзэж байна, анхан шатны шүүх нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй, зөрчсөн гэдэг үндэслэл гаргаж ирээд байгаа. Харин мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нь гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээллийн дотор нууцаар тагнах, чагнах, үзлэг хийх, нэгжлэг хийх гэсэн ийм зүйлүүд хамаарч байна. Иймд миний дурдсан хавтаст хэрэгт авагдаад байгаа нотлох баримтууд маань нууц ажиллагааны үр дүнд биш, зүгээр бичиг баримт гаргуулах мөрдөгчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа байгаа юм. Тэгэхээр шүүх үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд заасан нууц ажиллагааны хүрээнд олж авсан баримт гэж үзээд байгаа нь буруу тул цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй гэсэн эсэргүүцлийн гол үндэслэл маань энэ болж байгаа юм...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж байгаа. Энэ нь үндэслэлтэй хуулийн дагуу болсон гэж үзэж байна. Улсын нууцтай хамааралтай материалууд байгаа. Эдгээр материалуудын агуулгыг ярихад бүрэн эхээр нь танилцах боломжгүй тул хуулбар үнэн дарсан. Хуулбар үнэн дарсан нь зөвхөн зөрчилтэй холбоотой материал ирсэн. Энэ дүрэм, журмыг зөрчсөнөөс хариуцлага яаж тооцдог нь тодорхойгүй байна. Үүнийг тодорхой болгохын тулд мөрдөгч танилцуулан магадалгаа бичээд А/97 тушаал батлагдсанаар ийм, ийм заалтыг зөрчсөн байна. Эсхүл энэ нь эрүүгийн хэрэг болдог юм байна, энэ нь байгууллагын дотоод журам, нэг бол сахилгын арга хэмжээ авагддаг юм байна гэсэн нотолгоо хавтаст хэрэгт байхгүй болоод энэ хуулбар үнэн гэсэн баримтуудаар дангаар нь үнэлэх боломжгүй юм байна гэж үзсэн нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хоёрдугаарт Монгол Улсын хилийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 17 дахь хэсэгт хилийн манааг тодорхойлсон байгаа. Монгол Улсын хил хамгаалах, тушаал биелүүлж байгаа зэвсэглэсэн нэг эсхүл хэд хэдэн хилчнийг хилийн манаа гэнэ гэж тодорхойлсон. Мөн н.Энхтайван болоод хилийн эрх бүхий албан тушаалтнуудаас мэдүүлэг авдаг. Энэ мэдүүлэгт Х.Т нь Монгол Улсын хилийн манаанд орох уу? гэхээр ордог гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдаанд н.Энхтайван гэрчээр орж мэдүүлэхдээ “Заставд үүрэг гүйцэтгэж байгаа бүх албан хаагч хил хамгаалах манааны үүрэг гүйцэтгэж байгаа гэж ойлгож болно”. Хил хамгаалах тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 17 дахь хэсэгт Монгол Улсын хил хамгаалах, тушаал биелүүлж байгаа зэвсэглэсэн нэг эсхүл хэд хэдэн хилчнийг хилийн манаа гэнэ гэж тодорхойлоод өгсөн. Тэгэхээр хилийн манаа нь олон янз байдаг. Хилийн манаа, хилийн хайчин манаа, сэргийлэх манаа гэх мэт байдаг. Малчин цэргүүдийн үндсэн үүрэг нь мал адгуулах мөн боловч давхар үүрэг нь сэргийлэх манаанд ажилладаг. Сэргийлэх манаанд өдөр тутамд томилдоггүй, хилийн дэвтэр гэх зүйл дээр сар, жилээр нь тэмдэглээд явдаг нутгийн гүнд үүрэг гүйцэтгэж байна гэж ойлгож болдог. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.15 дугаар зүйлд заасан гэмт хэрэг яг хилийн манаад гарч байгаа цэргүүдэд хамаатай заалт байна гэсэн нөхцөл үүсэж байна. Иймд Х.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.15 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект мөн эсэх дээр анхаарал хандуулах хэрэгтэй болж байна. Энэ зүйл заалт хилийн манааны дүрэм журмыг зөрчсөн бол энүүгээр хариуцлага хүлээлгэх үү, эсхүл малын суурийн мал хариулахтай холбоотой дүрэм, журмаа зөрчсөн байх юм бол хариуцлага хүлээх үү гэдэг асуудал яригдах юм. Тиймээс анхан шатны шүүх цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч хангаж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээс “...шүүгдэгч Х.Т-ийг Эрүүгийн хуулийн 28.15 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт шийдвэрлэсэн хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Гэхдээ цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын талаар тусгахдаа  “....нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авах, цуглуулах, бэхжүүлэх шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 3, 4, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.1, 18, 23, 23.5 дахь заалтыг зөрчсөн ” гэсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Монгол Улсын хил хамгаалалтын II ангийн дүрмийн 120.12 дахь заалт, ХХЕГ-ын даргын 2014 оны А/97 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 4.3.7 дахь заалт, отрядын штабын даргын 2018 оны мн/05 дугаар захирамжийн мэдээ, мэдээлэл солилцох журам, ангийн захирагчийн 2019 оны А/01 тоот тушаалын 2 дугаар хавсралт, Монгол Улсын хил хамгаалалтын III ангийн дүрмийн 1 дүгээр бүлгийн 28.8, ХХЕГ-ын даргын 2019 оны А/14 дугаар тушаалаар батлагдсан “Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын ёс зүйн дүрэм”-ийн 3.2.3 заалтыг тус тус хуулбарлан нууцын болон байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарсан байгаа нь хууль зөрчөөгүй байх буюу мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт хамааралтай төрийн нууцтай холбоотой баримтыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авсан нь хуульд нийцсэн байх ба мөрдөгчөөс мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулаагүй тул эдгээр баримтууд нь мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох хуулийн үндэслэлд хамаарахгүйн гадна мөрдөгчөөс нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, прокуророор баталгаажуулах шаардлагагүй бөгөөд Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

 Иймээс эдгээр нотлох баримтаар шүүгдэгч Х.Т дэд ахлагч цолтойгоор, ахлагчийн бүрэлдэхүүнд орж, цэргийн гэрээт алба хаахаар, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Хөтөлийн шанд гэх газарт байрлах Хилийн 0168 дугаар ангийн малын суурийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж байсан нь нотлогдож, тогтоогдсон байна.

 

Харин улсын яллагчаас шүүгдэгч Х.Т-ийг “ ...малчин цэрэг О.А 2019 оны 05 дугаар сарын 25-ны өглөө малын эрэлд явах үүрэг аваад орой 18 цагт малын суурь дээрээ ирэх байтал ирээгүй талаар 2019 оны 05 дугаар сарын 26-ны орой отрядын шуурхай жижүүрт мэдэгдсэн нь Эрүүгийн хуулийн 28.15 дугаар зүйлд “Хилийн албан хаах журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн буюу мөн хуулийн 28.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэрээт цэргийн албан хаагч хилийн алба хаах журам зөрчсөн” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн үндэслэлгүй болжээ.    

 

Тодруулбал  “Хилийн алба хаах журам зөрчих” гэмт хэргийн гол шинж нь Монгол Улсын Хилийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрмээр тогтоогдсон улсын хил хамгаалах журам, үндэсний аюулгүй байдлыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх ба хил хамгаалах үүрэг бүхий цэргийн албан хаагч нь хил хамгаалах хууль болон хилийн манааны журмаар тогтоосон журмыг биелүүлээгүй буюу Эрүүгийн хуульд зааснаар “Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль, түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөн бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, Монгол Улсын хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.17-д “хилийн манаа” гэж Монгол Улсын хил хамгаалах тушаал биелүүлж байгаа зэвсэглэсэн нэг, эсхүл хэд хэдэн хилчнийг” гэж тус тус тодорхойлсон байна.

 

Өөрөөр хэлбэл хил хамгаалах үүрэг бүхий цэргийн албан хаагч хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах үүргээ биелүүлээгүй, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг зохих ёсоор шалгалгүй нэвтрүүлсэн, хилийн аюулгүй байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй байх, хилийн манааны цэгээ орхин явах, архидан согтуурах гэх мэт идэвхтэй үйлдэл, мөн хилийн манааны журмаар тогтоосон журмыг биелүүлэхгүй байх идэвхгүй эс үйлдлээр хил хамгаалах журмыг зөрчсөн байхыг “Хилийн алба хаах журам зөрчсөн“ гэмт хэрэг гэж үзнэ.

 

Тиймээс  “...малын эрэлд явсан малчин цэрэг ирээгүй талаар тухайн цаг хугацаанд шуурхай жижүүрт мэдээлээгүй” шүүгдэгчийн үйлдлийг  “Хилийн алба хаах журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, гэм буруутай гэж үзэхгүй төдийгүй харин эдгээр нотлох баримтаар шүүгдэгч Х.Т тухайн үйл баримт болсон цаг хугацаанд, хилийн 0168 дугаар ангийн малын суурийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж байсан буюу малын суурийн ахлагч нь малын суурийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, өөрийн хариуцсан мал сүргийн бүрэн бүтэн байдал, эд хөрөнгийн ашиглалт, эзэмшлийг хариуцан ажиллах үүргийг тус тус хүлээж, гүйцэтгэж байсан ба харин хилийн манааны үүргийг гүйцэтгээгүй байсан нь нотлогдон, тогтоогджээ.

 

Түүнчлэн аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь зөвхөн нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон байх ёстой учир прокуророос шүүгдэгч Х.Т-ийн гэм буруутайг нотолсон гэж үзэж байгаа, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтад үндэслэн түүнийг Монгол Улсын Хил хамгаалах хууль, түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.    

 

Хэрвээ нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгохгүй бөгөөд гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт чиглэгддэг болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийг “Хилийн алба хаах журам зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэг дэх нотлох баримтаар бүрэн дүүрэн, нотлогдож тогтоогдохгүйн гадна “...малын эрэлд явсан малчин цэрэг О.А ирээгүй талаар шуурхай жижүүрт мэдээлээгүй” шүүгдэгч Х.Т-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний 2021/ШЦТ/11 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.М-ийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг нь хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс   хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                   Н.БОЛОРМАА