Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 159/ШШ2022/0044

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2022/0039/З

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “*******” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч *******

          Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч *******ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч ******* нь “*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг ногдуулжээ.

Гомдол гаргагчаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ханджээ.

“*******” ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: “... Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч ******* нь манай компанийг 5 сая төгрөгөөр торгож, шийтгэлийн хуудсыг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гардуулсан болно. Манай компанийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2021 оны А/176 дугаар захирамжийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн хянан хэлэлцсэн байдаг. Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн ахан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг. Товчдоо энэхүү шүүхийн шийдвэрээр Мандал сумын Засаг даргын иргэн *******т 8485 м.кв газрыг эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мандал сумын Засаг даргын зүгээс манай компанийн эзэмшлийн газрын зарим хэсгийг гуравдагч этгээдэд давхцуулан олгосон үйл баримтыг шүүх дүгнэсэн төдийгүй захиргааны журмаар газрын асуудлыг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хуульд зааснаар хэрэгжиж дуусах юм. Манай компаниас шүүхийн шийдвэрийн дагуу газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруй Мандал сумын Засаг даргад газрын асуудлыг шийдвэрлүүлэх талаар маш тодорхой хүсэлт хүргүүлсэн, хүсэлтийг шийдвэрлээгүй байхад уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон иргэн ******* болон түүний өмгөөлөгч нар мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж, мэргэжлийн хяналтын газар уг гомдлыг хүлээн авч зөрчил гэж үзэж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зуйлийн 1 дэх хэсэгг “Хуульд өорөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” 1.1 дэх заалтын “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрогоор торгох шийтгэл оногдуулахаар заасан зорчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн”, 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүулэх өдрийг хүртэл тоолно” гэж хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хуулийн дээрх зохицуулалтыг баримтлалгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолж зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдлыг илтэд зөрчин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хариуцлага ногдуулсан нь хууль дээдлэх төрийн зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх олгосон Засаг дарга газрын албаны буруутай үйл ажиллагааны улмаас газрын кадастрын эргэлтийн цэг тодорхойлогдоогүй, хашаагаа хэмжээнээс хэтрүүлэн барьсан үйл баримт тогтоогдсон байхад санаатайгаар хууль тогтоомж зөрчсөн зөрчилтэй адилтгаж байгаа нь харамсалтай. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа оролцогчдод хэргийн баримтыг танилцуулаагүй, Мандал сумын газрын даамал *******ыг зөрчлийн хэрэгт шинжээчээр томилсон ЗХБ-49 дугаартай тогтоол гаргасан бөгөөд үүнийгээ биднээс нууцлаж шинжээчээс татгалзах эсхүл шинжээчид асуулт тавих боломжоор хангаагүй бөгөөд эрх бүхий албан тушаалтны шийдвэрт тавих прокурорын хяналтыг үгүйсгэсэн. Бидний зүгээс шийтгэлийн хуудсыг хүлээн авахдаа шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт гарсан болохыг мэдсэн төдийгүй шинжээчээр шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэгдсэн захиргааны байгууллагын эцэслэн шийдэгдээгүй асуудлаар дүгнэлт гаргасан нь хууль бус юм.

Мөн шинжээчээр томилогдсон газрын даамал нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 13.1-д “Кадастрын зураглалын улсын хяналтыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ” гэж заасныг зөрчиж дүгнэлт гаргаж хууль бус дүгнэлтийг үндэслэн шийтгэл оногдуулж салбарын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гаргасан. Иймд илт зохион байгуулалттай процессын маш олон алдаатай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах хууль зүйн үндэслэлгүй байхад хууль бус шийдвэр гаргаж манай компанийг торгосон эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч ******* би “*******” ХХК-ийн дугаарын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах талаар гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. Иргэн ******* түүний өмгөөлөгч Б.Солонго нарын “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах талаар гаргасан гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу хүлээн авч гомдол мэдээллийн бүртгэлд оруулан 6.1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

2. “*******” ХХК нь эрх бүхий байгууллагын олгосон 1 га газар эзэмших 0030806 дугаарын эрхийн гэрчилгээнээс хэтрүүлэн, зохих зөвшөөрөлгүй 1.1 га газар /нийт 2.1 га/ ашиглаж байгаа болох нь зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэл, хэмжилт хийсэн зураг, шинжээчийн дүгнэлт, 0030806 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу дугаарын шийтгэлийн хуудсаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, дур мэдэн эзэмшиж буй нийтийн эзэмшлийн 1.1 га газрыг чөлөөлөх, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтын дагуу 5 сая төгрөгийн торгуулийг ногдуулсан болно. Иймд “*******” ХХК-ийн гаргасан дугаарын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай санал, гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байгаа болно.” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлын шаардлагын үндэслэлийн хувьд “*******” ХХК нь газрын маргаантай байсан. Энэ газрын маргааны асуудлаар Мандал сумын Засаг дарга болон гуравдагч этгээд нартай холбоотой газрын маргааныг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр манай нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Манайх гомдолдоо шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хавсаргасан байгаа. Энэ шүүхийн шийдвэрийн хүрээнд хэд хэдэн асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байдаг. Нэгдүгээрт “*******” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм байна. Энд нь газар эзэмшүүлсэн нь хууль бус байна. Гэхдээ энэхүү эзэмшүүлсэнд “*******” ХХК-ийг буруутгах боломжгүй байна. Ийм учраас захиргаа үүнийг хожим зөвтгөх боломжтой байна.

Хоёрдугаарт “*******” ХХК нь эзэмшил ашиглалтад олгосон газраасаа илүү газар хашаалсан байна гэдгийг эрх бүхий мэргэжлийн байгууллага болох газар зохион байгуулалт геодезийн дүгнэлтээр баталдаг. Нэхэмжлэгч тал ч үүнийг үгүйсгэдэггүй. Үүнд шүүхийн шийдвэрээр энэ бол зөрчлийн хэрэг хууль тогтоомжоор шийдвэрлэгдэх асуудал байна гэж дүгнэсэн байдаг. Үүний дагуу Мандал сумын Засаг даргын тодорхой албан тушаалтнуудын зүгээс дахин Сэлэнгэ аймгийн “*******” ХХК-ийн газрыг булааж авах ажлаа эрчимжүүлсэн. Энэ хүрээнд Байгаль орчны улсын ахлах байцаагч дүгнэлт гаргадаг. Энэ дүгнэлтийг гомдол гаргагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт шинжээч томилсон тогтоолоо бид нарт танилцуулаагүй, хэн ямар иргэн гомдол гаргаад байгааг бид нарт албан ёсоор танилцуулаагүй. Үндсэндээ нууцаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Мөн гомдолд тодорхой дурьдсан хашаалсан үйлдэл хамгийн сүүлийн үеийн байдлаар 2013 онд хөөн хэлэлцэх хугацаа дуусчихаад байхад хэргийг тодорхой албан тушаалтны үүрэг даалгавраар явуулсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Мандал сумын газрын даамал ******* гэх хүнийг зөрчлийн хэрэгт шинжээчээр томилсон. Энэ нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг тодорхой зөрчиж байгаа. Тухайлбал Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.8-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн байршлын талаархи маргааныг мэдээллийн санд байгаа өгөгдлөөр шалгах, мэргэжлийн дүгнэлт гаргах чиг үүрэг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт байдаг. Манай талаас шинжээчийн дүгнэлт хууль бус гэдгийг хэлж байгаа. Мөн гуравдугаарт хэрвээ шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болохгүй бол одоо ******* байцаагчийн дүгнэлтээр газар албан чөлөөлөх ажиллагаа явагдах гээд байна. Гэтэл “*******” ХХК-ийн нэр бүхий тодорхой үл хөдлөх хөрөнгүүд “*******” ХХК-ийн газар дээр ч байгаа, Б.Ганзоригийн гэх газар дээр ч байгаа. Түүнийг жинхэнэ эрх бүхий мэргэжлийн байгууллага буюу Газар зохион байгуулалт геодизи зураг зүйн газар тогтоочихсон байгаа. Тиймээс энэ хүмүүс албадан чөлөөлөх үйл ажиллагаа явуулах явцдаа “*******” ХХК-ийн үл хөдлөх өмчийн хөрөнгийг устгаж, нурааж болзошгүй нөхцөл байдал үүсэх боломжтой байна. Тийм учраас улсын байцаагчийн дүгнэлт хууль бус гэж гомдол гаргагч тал үзэж байгаа. Тиймээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болоод одоо гаргаагүй хууль тогтоомжийн хүрээнд эрхээ хамгаалах зорилгоор энэхүү гомдлийг гаргасан байгаа. Тиймээс гомдлын шаардлагаа дэмжиж байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч *******ийн  2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад иргэн ******* болон өмгөөлөгч Б.Солонго нар нь эрх бүхий байгууллагын олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн зохих зөвшөөрөлгүй газрыг хууль бусаар эзэмшсэн гэх гомдлыг гаргасны дагуу Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч ******* нь хяналт шалгалтын ажлыг эхлүүлэн зөрчлийн хэргийг нээж холбогдогч “*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчил тогтоогдсон гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар “*******” ХХК-нд таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

“*******” ХХК нь Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байхад ажиллагаа явуулж шийтгэл ногдуулсан, хэн ямар иргэн гомдол гаргаад байгаа талаар бидэнд албан ёсоор танилцуулалгүй, тодорхой албан тушаалтны үүрэг даалгавраар явуулсан. Мандал сумын газрын даамал н.Алтанзулыг зөрчлийн хэрэгт шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсаныг хууль бус гэж үзэн маргаж байна.

Гомдол гаргагч “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Газар олгох тухай” 122 дугаартай захирамжаар  үйлдвэрлэл явуулж арматур хийх зориулалтаар Мандал сумын 2 дугаар баг Төмөр замын зүүн гарамын баруун талд байршилтай 1 га газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд өөрийн эзэмшил газраас гадна эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр 1.1 га газрыг хашаалж үл хөдлөх хөрөнгө барин ашигласан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасантай нийцээгүй мөн тухайн газрыг эзэмшиж, ашиглах эрхгүй болох нь гомдол гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нийт талбайг харуулсан зураг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчлийн үр дагавар хэзээ үүссэнээс үл хамааран тухайн зөрчил үйлдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”, 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж тус тус заасан энэ тохиолдолд зөрчил таслан зогсоогдоогүй үргэлжилж байгаа буюу 1.1 га газар дээр баригдсан хашаа болон үл хөдлөх хөрөнгүүдийг буулгаагүй байх тул зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн гэж үзэхээргүй байна.

Холбогдогч “*******” ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 57 дугаар албан бичгээр *******, ******* нарыг компанийг төлөөлөх итгэмжлэл олгожээ. 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч нь тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийг холбогдогчоор асуун мэдүүлэг авснаас үзэхэд  албан ёсоор мэдэгдэж танилцуулаагүй гэдэг нь үндэслэлгүй юм.

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “*******” ХХК нь  Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад холбогдуулан Мандал сумын Засаг даргын 2021 оны А/176 дугаар захирамжийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилжээ.

Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/28 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-Иргэн *******ийн эзэмших эрхтэй “... 8485 м.кв талбайтай “*******” ХХК-ийн барьсан гэх хашаа 7883 м.кв, 2 барилга 548 м.кв, 169 м.кв талбайгаар давхцаж байна.

-Засаг даргын баталсан төлөвлөлтийн зураг дахь салаа төмөр зам болон ойролцоох объектууд /консар баазаас 50 метр, НИК колонкоос 150 метр, төв замаас 30 метр/ гэхийг харуулсан зураг ирүүлээгүй байх тул Газрын кадастрийн мэдээллийн сангийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн мэдээлэлд бүртгэлтэй иргэн *******ийн 8485 м.кв, “*******” ХХК-ийн 10000 м.кв талбайтай газруудыг тус газарт хадгалагдаж буй 2021 оны сансарын зурагтай давхцуулан хүргүүлэв.

-2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 122 дугаартай захирамжаар “*******” ХХК-нд 1 га газрыг олгох шийдвэр гарч олгосон байх боловч тухайн онд үйлдсэн кадастрын зураг, солбилцлын утга байхгүй байна.

-Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар “... “*******” ХХК болон иргэн *******ийн нэр дээр бүртгэгдсэн газрууд давхцалгүй байна.” гэж дурдсанаас үзэхэд холбогдогч “*******” ХХК нь газрын хэмжээг хэтрүүлэн газрыг  хууль бусаар эзэмшиж байсан байна.

“*******” ХХК нь тухайн газар орчинд нийтэд нь 21602 м.кв газрыг хашаалсан түүний дотор 1000 м.кв газар нь “*******” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй байх ба үлдэх 11602 м.кв газарт ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр байшин барьж үйл ажиллагаа эрхэлж байгаа болох нь гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул тус газарт зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, улмаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд ногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан үзэж 8.1 дүгээр зүйлд “Газрын тухай хууль зөрчих” гээд 10 дахь хэсэгт “Хуульд заасныг зөрчих” 10.1 дэх заалтад “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан бол ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар гомдол гаргагчийн зөрчилд шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Иймд ... таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн үйлдсэн акт нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасантай нийцэж байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч *******ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шйтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-д заасныг тус тус баримтлан “*******“ ХХК-ийн  Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч *******ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шйтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгнөөс 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж илүү төлсөн 70.200 төгрөгийг гомдол гаргагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуудлийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.БУРМАА