Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 174

 

 

 

 

 

                                                     

                                            ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2017 оны 07 сарын 03 өдөр

 

            Дугаар 163                           аанбаатар хот

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баясгалангийн Билэгсайханд холбогдох эрүүгийн 201626021111 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч А.Оюунгэрэл, хохирогч Н.Мягмаржав, шүүгдэгч Б.Билэгсайхан, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн шалган нэвтрүүлэх албаны офицер мэргэжилтэй, ам бүл 2, эцгийн хамт  амьдрах, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны 2-0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баясгалангийн Билэгсайхан /РД:МЮ87082672/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Б.Билэгсайхан нь 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Оросын холбооны улсын хутаг, Хиагтын хилийн боомт дээр иргэн Н.Мягмаржавтай машины дараалал зөрчсөн гэх хувийн сэдлээр маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн суддав. Үүнд:

 

1.  Шүүгдэгч Б.Билэгсайханаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Оросын холбооны улсын Хиагтын хилийн боомт дээр хохирогч Мягмаржавтай оочер дарааллаас болж маргалдаж барьцалдаж авсан. Тухайн үед Мягмаржав нь надтай барьцалдаж авах үедээ намайг толгойн тус газарт цохисон. Мягмаржав нь халтирч унаад босож ирэхдээ чулуу барьж босож ирсэн. Би хохирогч Мягмаржаваас уучлалт гуйж байна. Хохирогч Мягмаржавт эмчилгээний бодит зардалд 550.000 төгрөгийг нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Би одоо хувийн компанид туслах инженер хийж байгаа. Сарын цалин 500.000 төгрөгийн цалинтай, эхнэртэ болж байгаа, эхнэр маань 05 сартай жирэмсэн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Н.Мягмаржавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Өмнөх шүүх хурлаас хойш Оросын холбооны улс руу явж өргөдөл гомдол гаргасан байсныхаа хариуг авах гэж явсан зардал 300.000 төгрөг нэмж нэхэмжилнэ. Нийт  Билэгсайханаас 6.400.000 гаруй төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Үүнд 2016 оны 2, 3, 4, 8, 9, 10 дугаар сарын цалин тэтгэмжийн зөрүү 5.400.000 төгрөг, эмчилгээ, сувилгааны зардал нийлээд 6.400.000 төгрөг болсон.

Би нийгмийн даатгалын сангаас 2016 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 1.050.000 төгрөг авсан. Нэг сарын цалингийн зөрүү 900.000 гаруй төгрөг болж байгаа юм. Өмнөх шүүх хуралдаан дээр хэрэг гарсан байдал, учирсан хохирлын талаар дэлгэрэнгүй ярьсан учир өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна. Шүүгдэгчээс 550.000 эмчилгээний зардалд авсан нь үнэн. Цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. “Шивээ-Овоо” ХХК-д ажиллах байхдаа 2015 оны дундаж цалин нь 1.000.950 төгрөг авч байсан...” гэсэн мэдүүлэг,  

 

Эрүүгийн 201626021111 дугаартай хэргээс:

1. Хохирогч Н.Мягмаржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2016 оны 01 сарын 29-ний өдөр эхнэр Н.Ичинхорлоогийн хамт ОХУ-ын Улаан-Үүд хот орж цагаан сарын баярын хүнсээ цуглуулахаар Говьсүмбэр аймгийн Чойр хотоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум хүртэл өөрийн 79-25 УБҮ улсын дугаартай Avante маркийн машинаар явсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд очиход ОХУ-ын хил рүү машинаараа гардаг жолооч нар байдаг юм байна лээ. Би Алтанбулагт очоод ОХУ-ын улсын Улаан-Үүд хот руу явж байсан С.Батцэрэнтэй танилцаад түүний эзэмшлийн 38-44 УБП улсын дугаартай Приус-20 маркийн автомашинаар ОХУ-ын хил рүү 2016 оны 01 сарын 30-ны өдрийн үүрээр орсон. Ингээд 2016 оны 01 сарын 30-ны өдөртөө ОХУ-ын Улаан-Үүд хотын төв зах, хүнсний зах дэлгүүрүүдээр орж, хүнс бараагаа цуглуулчихаад 2016 оны 01 сарын 30-ны орой 21:00 цагийн үед Монгол улс руу гарахаар Хиагтын хилийн боомт дээр 38-44 УБП улсын дугаартай автомашинтай ирсэн.

Бид дөрвийг Хиагтын хилийн боомт дээр ирэхэд манай машины урд талд 40-50 гаруй машин оочерлосон байдалтай 1 цуваа үүсгэн зогсож байсан. ...Хилээр гарахаар хүлээгээд байж байтал оочерын эхний 3 машины хажуугаар 81-55 УНВ улсын дугаартай Лексус маркийн дунд оврын жийп машин гэнэт урсгал сөрөөд, дайрч орохоор машиныхаа хамрыг оруулан бэлдэн зогссон. Удалгүй энэ машины араас оочер дайрахаар 4 автомашин ирж зогссон.

Тэгэхээр нь би жолооч Батцэрэнгийн хамт машинаасаа буун оочерын эхэнд очин Орос цэргийн ахлагчтай уулзаж “дугаарлаагүй, оочирлоогүй автомашинуудыг битгий хилээр оруулаачээ” гэж гуйсан. Тэгэхэд Орос цэргийн ахлагч дугааргүй машинууд дээр очоод “та нар хэрвээ оочер дайрч орох юм бол би паспорт бичиг баримтуудыг  чинь хурааж аваад, машиныг чинь буцаах болно. Та нар нэг хэсэгтээ л Монгол руу гарч чадахгүй шүү” гэж оочер дайрах гэж байсан автомашины жолооч нарт хэлсэн. Гэтэл эдгээр машинууд явахгүй оочер дайрах гээд зогсоод байхаар нь Орос цэрэг эдгээр оочер дайрах гэж байсан машины жолооч нарт дахин сануулга хэлэхэд нь би Орос цэрэгт хандан Орос хэлээр “81-55 УНВ улсын дугаартай машины жолооч эмэгтэйгийн паспортыг бас хураагаарай” гэж хэлсэн.

Орос цэрэг 81-55 УНВ улсын дугаартай машинд анхааруулга өгчихөөд явсны дараа уг машины баруун талын суудлаас нэг залуу бууж ирээд намайг “чи яасан их хүн чаддаг хүн бэ, чамд би хүн яаж чаддагийг харуулъя” гэж хэлээд миний нүүрний зүүн хөмсөгний орчим баруун гараараа 3 удаагийн давтамжтай хүчтэй цохисон. Би цохиулсныхаа дараагаар хөлөөрөө өшиглөх санаатай баруун хөлөө өргөтөл, миний хөлнөөс зүүн гараа эвж, баруун гараараа бүсэлхийнээс барин дээш өргөж газар савсан. Ингээд намайг дээрээс шидэхэд нь би асфальтан зам дээр зүүн гарын бугуй хэсгээрээ дарж унасан. Намайг газар унагачихаад дээрээс хөлөөрөө өшиглөөд, хөлний хэсэг рүү дэвсэж, бие рүү гараараа цохисон. Намайг зодуулж байх үед манай эхнэр ирж тэр залууг холдуулсан. Энэ залууд зодуулсны улмаас зүүн гарын бугуйны яс хугарч, одоо хүртэл бүрэн эмчлэгдэхгүй байна.

Би зодуулсны улмаас ажилдаа явж чадаагүй, 4 сарын цалинг бодуулж авах, мөн эмчилгээний зардал болох 400.000 төгрөгийг хохиролд тооцоэ нэхэмжилнэ. Миний 1 сарын цалин нь 1.950.000 төгрөг бөгөөд 4 сарын листний мөнгийг хасахаар 3.800.000 төгрөг болж байна. Мөн Улаанбаатар хот, Говьсүмбэр аймгуудын хооронд явсан унааны зардал болох 1.0 сая төгрөг, өнгөрсөн жилээс эхлэн эмчилгээний зардал, тээврийн хэрэгслийн зардал зэргээр нийт 6.725.700 төгрөг болсныг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 132-136х, 3-р хавтас 32-37х/,

 

2. Гэрч Н.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Манай нөхөр Н.Мягмаржав ханиад хүрээд ажлаасаа өвчний акт авсан байсан. Ингээд бид хоёр өөрсдийнхөө 79-25 УБҮ улсын дугаартай автомашинаар 2016 оны 01 сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум орсон. Манай машин нь бидний нэр дээр байдаггүй учир өөр машинаар цааш явах шаардлага гарсан. Алтанбулаг суманд С.Батцэрэн гэх 38-44 УБП улсын дугаартай автомашины жолоочтой танилцаж, хамт ОХУ-н хилээр гарч цааш Улаан-Үүд орох зорилготой явсан. С.Батцэрэн болон түүний эхнэр нь Оросын холбооны улс руу анх удаагаа гарч байсан юм байна лээ.

Бид нар 2016 оны 01 сарын 30-ны өдөр Алтанбулагийн хилээр гарч цааш ОХУ-н Улаан-Үүд хот руу явсан. Улаан-Үүд хотод 2016 оны 01 сарын 30-ны өдөр  ...20:00 цагийн үед Улаан-Үүдээс гарч Хиагтын хил рүү буцсан. Хиагтын хил дээр очиход маш их машинууд оочерлосон байдалтай байсан.

...Намайг Батцэрэнгийн машинд дулаацаад сууж байтал С.Батцэрэнгийн эхнэр “танай нөхөр чинь зодолдоод байна” гэж хэлсэн. Би тэр даруйд нь машинаасаа буугаад оочерын эхэнд очиход манай нөхрийг нэг залуу унагаагаад зодоод байсан. Тэр залуу манай нөхрийг ухаан жолоогүй зодож, “чамайг алчихна шүү, алчихсан байхад яадаг юм” гэж хэлээд зодоод байсан. Би очоод манай нөхрийг зодож байсан хүнийг түлхээд, хөлөөрөө өшиглөтөл цаашаа гүйгээд явсан. Манай нөхрийг зодсон залуу 81-55 УНВ улсын дугаартай машинд суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 143-145х/,

3. Гэрч Г.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би өвөл 01 сарын сүүлээр цагаан сарын баяр дөхөж байгаатай холбогдуулан ажлын эгч Д.Наранцэцэгийн хамт ОХУ явж хүнс бараагаа цуглуулахаар болсон. Бид хоёр  ОХУ явах машин хайж байгаад Unegui.mn-ээс “Улаан-Үүд явна утас:99017970” гэсэн зарын дагуу яриад, 2016 оны 01 сарын 29-ний өдрийн орой 20-21 цагийн үед Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хил рүү хөдөлсөн. Эгч бид хоёрын сууж явсан машин нь цайвар өнгийн дунд гарын Лексус маркийн машин байсан. Бид хоёрыг машинд суухад эрэгтэй хүн машинаа жолоодож явж байсан бөгөөд жолоочийн хажуу талд намхан, барзгар бор царайтай, бөөрөнхий хэлбэртэй нүүртэй, богинохон үстэй эмэгтэй хүн сууж явж байсан.

Бид нар ОХУ-н Хиагтын хилийн боомтоор 2016 оны 01 сарын 30-ны үүрээр гарсан. Бид нар цааш Улаан-Үүд хот орж 2016 оны 01 сарын 30-ны өдөртөө хүнс бараагаа цуглуулж дуусаад, 01 сарын 30-ны орой нь 20-21 цагийн үед Улаан-Үүдээс Хиагтын хилийн боомт руу буцсан. Хиагтын хил дээр ирэхэд маш олон машин цуваад оочер үүсгэсэн байсан.

...Манай машиныг жолоодож явсан эмэгтэй оочер дайрах гээд цувааны дунд хэсэг рүү явсан. Ингээд оочер дайрах гээд хоёр удаа оролдож чадалгүй, арагшаа буцаж, хамгийн арын хэсэгт оочерлосон. Хамгийн арын хэсэгт оочерлож байгаад оочерын дунд хэсгээр танихгүй машины жолооч гуйж байгаад урд нь орж зогссон. Машины урд сууж байсан залуу өндөр туранхай, өтгөн хөмсөгтэй, богино үстэй залуу байсан. Хил дээр оочер дайрах үед машиныг эмэгтэй нь барьж байсан ба урсгал сөрж оочер дайрах гэж байгаад чадаагүй. Би машин дотор унтаад явсан болохоор орос цэрэг машин дээр ирснийг мэдээгүй.

Алтанбулагийн хилээр 81-55 УНВ дугаартай автомашинтай гарсан. Уг машинд би, манай эгч, жолооч эмэгтэй, түүний найз залуу бид 4 л явсан....” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 146-148х/,

 

4. Гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би өөрийн хуурай дүү Алтанцэцэгийн хамт ОХУ-н Улаан-Үүд хот руу цагаан сарын хүнсээ цуглуулах зорилгоор явах гээд интернет дэх зарын дагуу Улаан-Үүд явах мөнгөлөг саарал өнгийн Lexus Rx 400h маркийн автомашинд зорчин 2016 оны 01 сарын 29-ний өдрийн орой 20-21 цагийн үед Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хил рүү хөдөлсөн.

...Бид нар ОХУ-н Хиагтын хилийн боомтоор 2016 оны 01 сарын 30-ны үүрээр гарсан. Бид нар цааш Улаан-Үүд хот орж 2016 оны 01 сарын 30-ны өдөртөө хүнс бараагаа цуглуулж дуусгаад 30-ныхаа орой 20 цагийн үед Улаан-Үүдээс Хиагтын хилийн боомт руу буцсан.

Хиагтын хил дээр ирэхэд маш олон машин цуван оочер үүсгэсэн байсан. Манай машиныг жолоодож явсан эмэгтэй оочер дайрах гээд цувааны дунд хэсэг рүү явсан. Монголын хилээс орж ирдэг замын хажуу талаар явж байгаад оочер дайрах гэж оролдсон. Ингээд Хиагтын хил дээр оочерлож байж байгаад өглөөний 07-08 цагийн хооронд Монгол Улсын хилээр орж ирсэн. Би Э.Хандармаа, Б.Билэгсайхан нарыг харж байсан. Эдгээр хоёр хүн нь эхнэр, нөхөр юм уу гэмээр ойр дотны харилцаатай хүмүүс байсан. Хандармаа нь ОХУ-ын нутагт машинаа барьж явсан.

Оросын холбооны улсын хилийн боомт дээр зодоон болсон. Ямар ч байсан 2016 оны 01 сарын 30-ны шөнө Хиагтын хилийн боомт дээр хүмүүс бужигнаад шуугилдаад байсан. Шуугилдаад байхаар нь би гартал миний сууж явсан машинд байсан залуу амьсгаадаад зогсож байхаар нь би татаад машиндаа суулгасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 149-151х/,

 

5. Гэрч С.Батцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны цагаан сарын баяр ойртсон учир баярын хүнсээ цуглуулахаар эхнэр Ц.Цэндсүрэнгийн хамт өөрийн эзэмшлийн 38-44 УБП хөх өнгийн Приус-20 маркийн машинаар 2016 оны 01 сарын 29-ний өдрийн 11 цагаас Улаанбаатар хотоос хөдөлсөн. Цааш замдаа явахдаа эхнэр бид 2 л машиндаа сууж явсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилээр 2016 оны 01 сарын 30-ны өдрийн үүрийн 03 цагт гарсан. Эхнэр бид 2 Алтанбулаг сумын хилээр гарах гээд оочерлоод зогсож байтал эхнэр, нөхөр 2 хүн ирээд “Оросын хил гарчихъя” гээд хамт цааш явсан. Эхнэр бид хоёр зам мэдэхгүй учир тэр хоёр хүнийг авч гарахаар болсон. 2016 оны 01 сарын 30-ны өдөр бид гурав ОХУ-ын хилээр гарчихаад, хүнс бараагаа цуглуулж дуусаад буцаад Монгол улс руугаа хөдөлсөн.

2016 оны 01 сарын 30-ны өдрийн орой Хиагтын хилийн боомт дээр очиход машинууд дүүрэн, оочерлосон байдалтай, манай машин хоёр эгнээгээр жагссан 25 машины ард зогсож байсан. Ингээд оочерлож байсан машинууд явахгүй, оочерын эхэнд зогсож байсан машинуудын хажуугаар Сэлэнгийн машинууд оочер дайрах гээд бөөгнөрөөд зогсож байсан.

Манай машинд сууж явсан Н.Мягмаржав оочер дайрсан машинууд руу гэнэт буугаад алхаад очсон. Тэгээд 10-аад минутын дараагаар буцаж машиндаа орж ирсэн. Машинд орж ирэхдээ зүүн гараа барьчихсан “миний гар хугарчих шиг боллоо” гэсэн. Мягмаржавыг буухад эхнэр нь миний машинд суугаад үлдсэн бөгөөд удалгүй эхнэр нь яарсан байдалтай гүйгээд гарсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 152-154х/,

6. Гэрч Ц.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны цагаан сарын баяр ойртсон учир баярын хүнсээ цуглуулахаар нөхөр С.Батцэрэнгийн хамт нөхрийн эзэмшлийн 38-44 УБП хөх өнгийн Приус 20 маркийн машинаар ОХУ руу явсан. Нөхөр бид хоёр Алтанбулаг сумын хилээр гарах гээд оочерлоод зогсож байтал эхнэр, нөхөр хоёр болов уу гэмээр хүмүүс ирээд “Оросын хил хамт гарчихъя” гэсэн. ...Ингээд бид нар хүнсээ цуглуулаад Монгол улс руу буцахаар болсон. 2016 оны 01 сарын 30-ны өдрийн орой Хиагтын хилийн боомт дээр очиход машинууд дүүрэн, оочерлосон байдалтай, манай машин хоёр эгнээгээр жагссан 25 машины ард зогсож байсан.

Удалгүй оочерлож байсан машинуудын эхний эгнээний гол хэсэгт зодоон болж байсан. Энэ зодоон бол маш хурдан болж өндөрлөсөн бөгөөд нэг харахад Мягмаржавыг унагаагаад зодож байсан. Би тэр даруйд нь хойш гүйж, өөрийн машин дээр очин Мягмаржваын эхнэрт “зодоон болж байгаа” талаар хэлсэн. Н.Мягмаржавын эхнэр нь манай машинаас гараад зодоон болж байгаа газар дээр ирээд, тэр залууг нөхрөөсөө салгаад явуулсан. Н.Мягмаржавыг зодсон залуу нь 81-55 гэсэн дугаартай, мөнгөлөг өнгийн Харьер юм уу, Лексус маркийн машин руу гүйгээд орсон..” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 155-157х/,   

 

7. Мөрдөн байцаалтын явцад Э.Хандармаагийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг:

“...Би мөрдөн байцаалтын шатанд гэрчээр асуугдахдаа 2016 оны 05 сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлгийг худал өгсөн нь үнэн. Би 2016 оны 01 сарын 31-ны өдөр 81-55 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон ОХУ-ын Хиагтын хилийн боомтоор Монгол улсын хил нэвтэрсэн. 3 зорчигчтой Монгол руу орж ирсэн. Би тухайн үедээ “Билэгсайханыг огт танихгүй, миний машинд сууж явсан 2 эмэгтэйгийн танил” гэж худлаа мэдүүлсэн. Билэгсайханыг цагдаа шалгавал, дараа нь намайг зодож дарамтлах байх гэж айсан юм. 2016 оны 01 сарын 31-ний өдөр ОХУ-ын нутаг Хиагтын хилийн боомт дээр оочер дайрах гээд зогсож байтал орос цэрэг миний урд ирээд нэг юм хэлээд байсан. Би юу гэж хэлж байгааг нь ойлгоогүй. Ямар ч байсан Билэгсайхан намайг “машинаа ухраа, ухрахгүй бол орос цэрэг бичиг баримтыг чинь хураана” гээд байна гэсэн.

Тэгээд би ухраад машинтайгаа оочирын сүүлд очиж зогссон. Билэгсайхан машинд орж ирэхэд нь хоёр эмэгтэй зорчигчийн ахмад настай нь Билэгсайханд хандаж “миний дүү тайвшир, тайвшир хүнтэй яах гэж мууддаг юм” гэж хэлж байсан. Би Билэгсайханаас юу болсон талаар асуухад “нэг муу хачин юмтай маргалдаад” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 167-170х/,  

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 5331 тоот актын дүгнэлт:

1. Н.Мягмаржавын биед зүүн шуу ясны доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн яадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт. /хэргийн 1-р хавтас 164х/,

 

9. Хэргийн материалаар бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 611 тоот дүгнэлтэд:

1.ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч М.Золжаргалын гаргасан №5331 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Мягмаржавын биед зүүн шууны доод булууны далд хугарал бүхий гэмтэл учиржээ.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 45-46х/,

 

 10. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 120-123х/,

11. Хохирогч Н.Мягмаржавын цалингийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар  баримтууд /хэргийн 1-р хавтас 208-210х, 3-р хавтас 78-81х/,

 

12. Хохирогч Н.Мягмаржавын ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримт, эмнэлгийн магадлагаа, амбулаториор үйлчлүүлэгсдийн гар карт, нийгмийн даатгалын тэтгэмж олгосон эмнэлгийн хуудас баримтууд /хэргийн 1-р хавтас 211-220х, 3-р хавтас 82-83х,84-103х/,  

 

13. Хохирогч Н.Мягмаржаваас хэрэгт гаргасан хохирлын баримтууд /хэргийн 3-р хавтас 71х, 74-76х, 107-110х/,

 

14. 81-55 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Алтанбулаг боомтоор Монгол улсын хил нэвтэрсэн талаарх лавлагаа баримт /хэргийн 1-р хавтас 230-231х/,

 

15. Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 145 дугаартай прокурорын тогтоол /хэргийн 3-р хавтас 118х/,

 

16. Шүүгдэгч Б.Билэгсайханы мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би 2016 оны 01 сарын 30-ны өдөр өөрийн найз Хандармаатай түүний 81-55 УНВ улсын дугаартай саарал өнгийн Харьер маркийн машинаар Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хилээр гараад Оросын холбооны улсын Улаан-Үүд хот руу явсан. Тухайн үедээ хилээр гарахад Хандармаагийн машинд 2 эмэгтэй хүн байсан. Хандармаа нь дээрх хоёр эмэгтэй зорчигчийг зарын дагуу Улаанбаатар хотоос өөрийнхөө машинд суулгаад явсан.

2016 оны 01 сарын 31-ний үүрээр ОХУ-ын Улаан-Үүд хотод ирээд ...хүнс бараагаа цуглуулаад, оройхон хөдөлсөн. Улаан-Үүд хотоос гараад Хиагтын хил дээр ирэхэд Монгол улс руу гарах гэж байгаа машинууд чихэлдээд, оочерлосон байдалтай 2, 3 цуваа зогсчихсон байсан. Оочер ихтэй байсан учраас “цуваад оочерлосон машинуудын зүүн талаар нь дайраад оочерыг эвдээд орчих” гэж хэлсний дагуу Хандармаа оочерлосон машинуудын зүүн талаар нь дайраад очиж зогссон.

Ингээд оочерын хажууд зогстол хил дээр гадуур явган явж байсан нэг Монгол залуу Орос хилийн цэрэгтэй очоод л юм яриад уулзаж байсан. Удалгүй цэрэг нь ирээд “та нар бичиг баримтаа үзүүл” гэсэн, хариуд нь “бид нар ингээд хилээр гарчихъя” гэж хэлээд Хандармаа хойшоо ухраад, машинаа оочерын дунд зогсоосон.

Зогсоосных нь дараа би машинаас буугаад гартал нэг залуу ирэхээр нь “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “чи ингэх ёстой юм уу” гэж намайг заналхийлсэн байдлаар  заамдаад авсан. Намайг заамдаад боогоод авахаар нь адилхан заамдаад гарыг нь тавиулаад, намайг цохих гэхээр нь тонгойход өөрөө намайг даваад унасан. Ийнхүү унасных нь дараа хүмүүс ирээд бид хоёрыг салгасан.

Салаад би машин руугаа явж байтал миний араас том чулуу барьчихсан нөгөө залуу “чамайг ална” гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “намайг цохих яах вэ, хүний машин тэрэг эвдчихэв” гэж хэлсэн. Ингээд тэр хүн цаашаагаа машин руугаа яваад өгсөн. Би машин руугаа явсан. Хэрвээ надтай маргалдсанаас болж энэ хүн гэмтэл авсан бол би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 94х, 96х, 2-р хавтас 26-27х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 74х, 199х, 2-р хавтас 61х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 200х/ баримт зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы журам зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  хэрэгт цугларсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой  гэж үзлээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Билэгсайхан нь 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 81-55 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчин явахдаа Оросын холбооны улсын нутаг, Хиагтын хилийн боомт дээр иргэн Н.Мягмаржав “оочер дараалал зарчлөө, дугаарлаагүй машинуудыг хилээр оруулахгүй байх арга хэмжээг авч өгөөч” гэж Оросын хилийн шалганы цэрэгт хэллээ, чи яасан их хүн чаддаг юм” гэж түүнтэй маргалдан зодож, биед “зүүн шуу ясны доод 1/3 хэсгийн далд хугарал”  бүхий эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:  

- хохирогч Н.Мягмаржавын: “...Би ..Алтанбулагт очоод Оросын холбооны улсын Улаан-Үүд хот руу явж байсан С.Батцэрэнтэй танилцаад түүний эзэмшлийн 38-44 УБП улсын дугаартай Приус-20 маркийн автомашинаар Оросын холбооны улсын хил рүү 2016 оны 01 сарын 30-ны өдрийн үүрээр ороод ....2016 оны 01 сарын 30-ны өдөртөө Оросын холбооны улсын Улаан-Үүд хотын төв зах, хүнсний зах дэлгүүрүүдээр явж хүнс бараагаа цуглуулчихаад 2016 оны 01 сарын 30-ны 21:00 цагийн үед Монгол улс руу гарахаар Оросын холбооны улсын Хиагтын хилийн боомт дээр 38-44 УБП улсын дугаарын автомашинтай

Хиагтын хилийн боомт дээр ирэхэд манай машины урд талд 40-50 гаруй машин оочерлосон байдалтай 1 цуваа үүсгэн зогсож байсан. ...хилээр гарахаар хүлээгээд байж байтал оочерын эхний 3 машины хажуугаар 81-55 УНВ улсын дугаартай Лексус маркийн дунд оврын жийп машин гэнэт урсгал сөрөөд, дайрч орохоор машиныхаа хамрыг оруулан бэлдэн зогссон.

Тэгэхээр нь би жолооч Батцэрэнгийн хамт машинаасаа буун оочерын эхэнд очиж Орос цэргийн ахлагчтай уулзаж “дугаарлаагүй, оочерлоогүй автомашинуудыг битгий хилээр оруулаачээ” гэж гуйсан. Тэгсэн чинь Орос цэргийн ахлагч дугааргүй машинууд дээр очоод “та нар хэрвээ оочер дайрч орох юм бол би паспортуудыг чинь хурааж аваад, машиныг чинь буцаах болно. Та нар нэг хэсэгтээ л Монгол руу гарч чадахгүй шүү” гэж оочер дайрах гэж байсан автомашины жолооч нарт хэлсэн.

Гэтэл эдгээр машинууд явалгүй оочер дайрах гээд зогсоод байхаар нь Орос цэрэг эдгээр оочер дайрах гэж байсан машины жолооч нарт дахин сануулга хэлэхэд нь би Орос цэрэгт хандан Орос хэлээр “81-55 УНВ улсын дугаартай машины жолооч эмэгтэйгийн паспортыг бас хураагаарай” гэж хэлсэн. Орос цэрэг 81-55 УНВ улсын дугааратай машинд анхааруулга өгчихөөд явсны дараа, уг машины баруун талын суудлаас нэг залуу буун ирж намайг “чи яасан хүн чаддаг хүн бэ, чамд би хүн яаж чаддагийг харуулъя” гэж хэлээд миний нүүрний зүүн хөмсөгний орчим баруун гараараа 3 удаагийн давтамжтай хүчтэй цохисон. Би цохиулсныхаа дараа баруун хөлөөр өшиглөх санаатай баруун хөлөө өргөтөл миний хөлнөөс зүүн гараараа эвж, баруун гараараа бүсэлхийнээс барин дээш өргөж газар савсан.

Ингээд намайг дээрээс шидэхээд нь би асфальтан зам дээр зүүн гарын бугуй хэсгээрээ дарж унасан. Намайг газар унагачихаад дээрээс хөлөөрөө өшиглөөд, хөлний хэсэг рүү дэвсэж, бие рүү гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 132-136х, 3-р хавтас 32-37х/,

 

- гэрч Н.Ичинхорлоогийн “...Бид нар 2016 оны 01 сарын 30-ны өдөр Алтанбулагийн хилээр гарч цааш ОХУ-н Улаан-Үүд хот руу явсан. ... Ингээд хүнс бараагаа цуглуулчихаад 20 цагийн үед Улаан-Үүдээс гарч Хиагтын хил рүү буцсан. Хиагтын хил дээр очиход маш их машинууд оочерлосон байдалтай байсан. Намайг Батцэрэнгийн машинд дулаацаад сууж байтал С.Батцэрэнгийн эхнэр “танай нөхөр чинь зодолдоод байна” гэж хэлсэн.

Би тэр даруйд нь машинаасаа буугаад оочирын эхэнд очиход манай нөхрийг нэг залуу унагаагаад зодоод сууж байсан. Тэр залуу манай нөхрийг ухаан жолоогүй зодож, чамайг алчихна шүү, алчихсан байхад яадын гэж хэлээд зодоод байсан. Манай нөхрийг зодсон залуу 81-55 УНВ улсын дугаартай машинд суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 143-145х/,

 

- гэрч Д.Наранцэцэгийн “...Би өөрийн хуурай дүү Алтанцэцэгийн хамт ОХУ-н Улаан-Үүд хот руу цагаан сарын хүнсээ цуглуулах зорилгоор явах гээд интернет дэх зарын дагуу Улаан-Үүд явах мөнгөлөг саарал өнгийн Lexus Rx 400H маркийн автомашинд зорчин 2016 оны 01 сарын 29-ний өдрийн орой 20-21 цагийн үед Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хил рүү хөдөлсөн. ...Бид нар ОХУ-н Хиагтын хилийн боомтоор 2016 оны 01 сарын 30-ны үүрээр гарсан. Бид нар цааш Улаан-Үүд хот орж,  өдөртөө хүнс бараагаа цуглуулж дуусаад 2016 оны 01 сарын 30-ны орой 20:00 цагийн үед Улаан-Үүдээс Хиагтын хилийн боомт руу буцсан.

ОХУ-ын хилийн боомт дээр зодоон болсон. Ямар ч байсан 2016 оны 01 сарын 30-ны шөнө Хиагтын хилийн боомт дээр хүмүүс бужигнаад шуугилдаад байсан. Шуугилдаад байхаар нь би гартал миний сууж явсан машинд байсан залуу амьсгаадаад зогсож байхаар нь би татаад машиндаа суулгасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 149-151х/,

 

- гэрч С.Батцэрэнгийн “...2016 оны цагаан сарын баяр ойртсон учир баярын хүнсээ цуглуулахаар эхнэр Ц.Цэндсүрэнгийн хамт өөрийн эзэмшлийн 38-44 УБП хөх өнгийн Приус-20 маркийн машинаар 2016 оны 01 сарын 29-ний өдрийн 11 цагаас Улаанбаатар хотоос хөдөлсөн. ... Эхнэр бид 2 Алтанбулаг сумын хилээр гарах гээд оочерлоод зогсож байтал эхнэр, нөхөр хоёр хүн ирээд “Оросын хил гарчихъя” гэсэн. ... 2016 оны 01 сарын 30-ны өдрийн орой Хиагтын хилийн боомт дээр очиход машинууд дүүрэн байсан. ... Манай машинд сууж явсан Н.Мягмаржав оочер дайрсан машинууд руу гэнэт буугаад алхаад очсон. Тэгээд 10-аад минутын дараагаар буцаж машинд орж ирсэн. Машинд орж ирэхдээ зүүн гараа барьчихсан “миний гар хугарчих шиг боллоо” гэсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 152-154х/,

 

- гэрч Ц.Цэндсүрэнгийн “...2016 оны 01 сарын 30-ны өдрийн орой Хиагтын хилийн боомт дээр очиход машинууд дүүрэн, оочерлосон байдалтай, манай машин хоёр эгнээгээр жагссан 25 машины ард зогсож байсан. Удалгүй оочерлож байсан машинуудын эхний эгнээний гол хэсэгт зодоон болж байсан. Энэ зодоон бол маш хурдан болж өндөрлөсөн бөгөөд нэг харахад Мягмаржавыг унагаагаад зодож байсан. ... Н.Мягмаржавыг зодсон залуу 81-55 гэсэн дугаартай мөнгөлөг өнгийн Харьер юм уу, Лексус маркийн машин руу гүйгээд орсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 155-157х/,   

 

- “...Н.Мягмаржавын биед зүүн шуу ясны доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн яадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн  ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 5331 тоот актын дүгнэлт /хэргийн 1-р хавтас 164х/,

 

- “...ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч М.Золжаргалын гаргасан №5331 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн Хэргийн материалаар бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 611 тоот дүгнэлт, /хэргийн 3-р хавтас 45-46х/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 120-123х/, шүүгдэгч Б.Билэгсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Билэгсайханы “2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Оросын холбооны улсын хутаг, Хиагтын хилийн боомт дээр иргэн Н.Мягмаржавтай машины дарааллаас болж маргалдан, улмаар түүнийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан” гэм буруутай үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Мөн тухайн гэмт хэрэг нь ОХУ-ын нутаг дэвсгэр, Хиагтийн хилийн боомт дээр гарсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, шүүгдэгч ОХУ-ын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн дээрх гэмт хэрэгт тухайн орны хуулиар ял шийтгэгдээгүй, энэ талаар хэрэгт баримтгүй тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэн Б.Билэгсайханд холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь “Монгол улсын иргэн гадаад улсад Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгтээ ял шийтгүүлээгүй бол Монгол улсын Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх”  Эрүүгийн хуулийн /2002 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг болон Шинэчлэн найруулсан /2015 оны/ Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

Түүнчлэн оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэх бөгөөд 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс дагаж мөрдсөн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлага нь хөнгөрсөн байна.

Иймд шүүх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хуульд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Билэгсайханд 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан /2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн/  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан/ болгон өөрчлөн зүйлчилж, Б.Билэгсайханд тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, төлбөрийн тухайд:

 Шүүгдэгч Б.Билэгсайханы гэм буруутай дээрх үйлдлийн улмаас хохирогч Н.Мягмаржавын  биед “зүүн шуу ясны доод 1/3 хэсгийн далд хугарал бүхий” гэмтэл нь түүний эрүүл мэндэд учирсан “хүндэвтэр хохирол” болох ба түүний өөрийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэх, сувилуулах, мөн эмчилгээ сувилгаа хийлгэсэнтэй холобоотойгоор өвчний учир ажлаас чөлөөлөгдөн хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдаж, тэтгэмж авсан цалин, тэтгэмжийн зөрүү зэрэг бусад зардал нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан “хор уршигт” тус тус хамаарна.  

  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд” бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чавдар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, иинхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан байна.  

 

Хохирогч Н.Мягмаржав нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон эмчилгээ сувилгаа хийлгэсэн зардал, цалин тэтгэмжийн зөрүү болон бусад зардал зэргийг тооцон гаргуулахаар нэхэмжилсэн түүний шаардлага үндэслэл бүхий байна.

 

Энэ хэргийн хохирогч Н.Мягмаржав нь гэм хорын хохиролд 6.725.700 төгрөг нөхөн төлүүлэхээр нэхэмжилэл гаргасан ба шүүх, хохирогч Н.Мягмаржаваас хэрэгт гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлын хэмжээг тооцон үзэхэд бүгд 6.032.064 төгрөгийг гэм буруутай этгээд болох Б.Билэгсайханаар нөхөн төлүүлэх, ингэхдээ шүүгдэгчээс хохирогчид төлсөн 550.000 төгрөгийг хасч тооцсон үлдэгдэл 5.482.064 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Мягмаржавт олгохоор шийдвэрлэв. Үндэслэл нь:

Хохирогч Н.Мягмаржав нь Шивээ-Овоо ХК-д технологийн автомашины жолооч-оператороор ажиллаж, түүний сарын дундаж цалин 1.850.656 төгрөг болохыг тодорхойлсон Шивээ-Овоо ХК-ийн санхүүгийн албаны цалингийн тодорхойлолт /хэргийн 3-р хавтас 78х/, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар баримт /хэргийн 3-р хавтас 79-81х/ тус тус хэрэгт авагдсан ба тэрээр өвчний учир эмнэлгийн магадлагаагаар 2016 оны 2,3, 4 сард, мөн оны 9, 10  саруудад тус тус  ажлаас чөлөөлөгдөн өвчтэй байсан, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 2016 оны 3 сард 1.131.433 төгрөг, 2016 оны 4 сард 1.244.030 төгрөг, 2016 оны 5 сард 323.865 төгрөг, 2016 оны 09 сард 1.185.028 төгрөг, 2016 оны 10 сард 395.009 төгрөг тус тус нийгмийн даатгалын сангаас авсан болох нь эмнэлгийн хуудас баримтууд, уг баримтын тэтгэмж олголтын хэсэгт тэмдэглэгдсэн тэмдэглэгээ /хэргийн 3-р хавтас 82-83х, 1-р хавтас 211-212х/ баримтаар нотлогдсон байна.  

Хохирогчийн тухайн сард авсан тэтгэмжийг түүний сарын дундаж цалин орлогоос хасч тооцоход зөрүү нь 5.253.776 төгрөг болж байх ба үүн дээр хохирогчийн баримтаар нотлогдсон эмчилгээ онишилгоо хийлгэсэн зардал, сувиллын зардал  болон унаа, тээврийн хөлс зэрэгт нэхэмжилсэн 778.288 төгрөгийг нэмж тооцоход шүүгдэгч Б.Билэгсайханаас гаргуулж хохирогчид олговол зохих хохирол төлбөрийн дүн 6.032.064 төгрөг /зургаан сая гучин хоёр мянга жаран дөрөв/ болж байх тул энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгч Б.Билэгсайхан нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогджээ. /хэргийн 1-р хавтас 200х/,

 

Шүүх, шүүгдэгч Б.Билэгсайханд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Энэ хэрэгт Б.Билэгсайхан нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Б.Билэгсйханы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                           

ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Билэгсайханд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Боржигон овогт Баясгалангийн Билэгсайханыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

3. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Билэгсайханыг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Билэгсайхан нь нийтэд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Билэгсайханаас 5.482.064 /таван сая дөрвөн зуун наян хоёр мянга жаран дөрөв/ төгрөг гаргуулж хохирогч Говьсүмбэр аймаг, Шивээ говь сумын 1 дүгээр баг,  14-1-9 тоотод оршин суух Дайртан овгийн Намсрайн Мягмаржавт /РД:ХЖ71052514/ олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хангахгүй орхисугай.  

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Б.Билэгсайханы иргэний баримт бичиг шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Билэгсайханд урьд авсан бусдын балтан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч  эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Билэгсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД