| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 2539000000045 |
| Дугаар | 2025/ШЦТ/56 |
| Огноо | 2025-03-24 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/56
2025 03 24 2025/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Н.Амгалан
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******
Шүүгдэгч Э.*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын Э.*******-*******од холбогдох эрүүгийн 2539000000045 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.*******-******* нь “******* ******* *******” ХХК-ний Хэнтий салбарт түгээлтийн жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд харилцагч 11 байгууллагуудаас худалдан авалтын авлагын мөнгийг авах ажил гүйцэтгэх явцдаа нийт 13,413,974 (Арван гурван сая дөрвөн зуун арван гурван мянга есөн зуун далан дөрөв) төгрөгийг тус байгууллагын дансаар биш өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар болон бэлнээр авч хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.*******-******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* овогт *******ын Э.*******-******* нь “******* ******* *******” ХХК-ийн Хэнтий салбарт түгээлтийн жолоочоор ажиллаж байх хугацаандаа 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу харилцагч 11 байгууллагуудаас худалдан авалтын авлагын 13,413,974 (Арван гурван сая дөрвөн зуун арван гурван мянга есөн зуун далан дөрөв) төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар болон бэлнээр авч хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Э.*******-*******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “******* Стар” компанид түгээгчийн жолоочоор ажилд орсон юм. Манай компани нь Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, эмийн сангуудад ахуйн хэрэглээний бараа түгээдэг юм. Би 2024 оны 12 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Улаанбаатар хотод ажилтай явж байхад Хэнтий аймгийн “Хас” банкнаас над руу залгаад “Цалингийн зээлээ 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж дуусгана уу? Тэгэхгүй бол шүүх рүү шилжих гээд байна” гэсэн. Тэгэхээр нь нь би өөрөө “Хэнтий аймагт очоод энэ асуудлаа шийдье” гэсэн. Тэгээд хотод 3 хоноод Хэнтий аймагт ирэхэд “Хас” банк миний материалыг Хэнтий аймгийн шүүх рүү шилжүүлсэн байсан. Тэгээд шүүх дээр ирж уулзаад “Хас” банкны эдийн засагчтай очиж уулзаад 2024 оны 12 дугаар сарын 31-ний өмнө төлөх хуваарь хэлсэн. Тэгээд би зээлээ яаж төлөх вэ? гэж бодоод байж байтал манай “******* Стар” ХХК-н нягтлан над руу яриад түгээлт хийсэн өртэй дэлгүүрүүдээсээ өрнүүдээ аваарай гэсэн. Тэгэхээр нь би уг дэлгүүрүүдээс “Сарын эцэс болж байна өрнүүдээ барагдуулаарай” гээд байгууллагын данс биш өөрийн дансаа өгөөд энэ данс руу хийгээрэй гээд дэлгүүрүүдээс авах мөнгөнүүдийг нь байгууллагын дансаар биш өөрийн хувийн дансаараа авсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-14),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.*******ийн “...2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш бид 3 дэлгүүрүүддээ хуваагдаад авлагаа авахаар явсан юм. Тэгээд 10 хэд хоног яваад оны дараа 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил цугласан ба тухайн өдөр манай төв компани нягтлан миний утас руу залгаад “Танай салбар энэ онд ямар их үлдэгдэл өртэй оров оо. Үлдэгдлээ яагаад авахгүй байгаа юм” гэхээр нь би “Өгөхгүй байна” гэхэд манай нягтлан “*******-******* тухайн үлдэгдэлтэй дэлгүүрүүдээс мөнгөө өөрийнхөө данс руу авсан байна” гэсэн. Тэгээд маргааш нь хотын төв компани хүмүүс хотоос шалгалтаар ирээд тухайн дэлгүүрүүдээр нь орж *******-*******ын данс руу шилжүүлсэн дансны хуулгуудыг нь аваад цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 6-7), “******* ******* *******” ХХК-ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол (хх-ийн 2-3), “******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б-487 тоот тушаал (хх-ийн 20), дансны хуулгууд (хх-ийн 21-29), Э.*******-*******ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 54) болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Э.*******-*******ын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсны улмаас 13,413,974 (арван гурван сая дөрвөн зуун арван гурван мянга есөн зуун далан дөрөв) төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Э.*******-******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаас гадна шүүгдэгч Э.*******-******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “******* ******* *******” ХХК-ийн эд хөрөнгөд 13,413,974 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Э.*******-******* нь учруулсан хохирлоо нөхөн илэрхийлж, одоогоор төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-*******ын гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 13,413,974 (арван гурван сая дөрвөн зуун арван гурван мянга есөн зуун далан дөрөв) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.*******өд олгох нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-*******од хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Э.*******-*******од тэнссэн хугацаанд мөрийтэй тоглоом тоглодог зан үйлээ засах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.*******-*******од прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-*******од хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Э.*******-*******од тэнссэн хугацаанд мөрийтэй тоглоом тоглодог зан үйлээ засах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.*******-******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******-*******од хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Э.*******-*******од тэнссэн хугацаанд мөрийтэй тоглоом тоглодог зан үйлээ засах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.*******-*******од мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-*******ын гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 13,413,974 (арван гурван сая дөрвөн зуун арван гурван мянга есөн зуун далан дөрөв) төгрөгийг гаргуулж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг К36-22 тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.******* (РД: СЭ87051419)-д олгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.*******-******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.*******-*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР