Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/85

 

 

                                                                                 

 

 

 

2025        04         02                                           2025/ШЦТ/85  

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч Б.Т...

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У...,

Шүүгдэгч Т.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогтой Т.Ц холбогдох эрүүгийн 2512000000003 тоот хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

       Монгол Улсын иргэн, 1967 оны 08 дугаар сарын 31-нд А аймгийн Х.... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, А аймгийн Х... сумын Б... багийн М... гэх газар оршин суух хаягтай, урьд нь

1986 оны 08 сарын 15-ны өдөр А аймгийн хэсгийн ардын 3-р шүүхийн 27 дугаартай “Таслан шийдвэрлэх тогтоол”-оор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн “Б”-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

1995 оны 05 сарын 12-ны өдөр А аймаг дахь сум дундын шүүхийн 85 дугаартай “Таслан шийдвэрлэх тогтоол”-оор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Цд 3 жил 8 сарын хорих ял,

2002 оны 07,сарын 05-ны өдөр А аймаг дахь сум дундын шүүхийн 98 дугаартай “Таслан шийдвэрлэх тогтоол”-оор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох, 138 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан

Т овогтой Т.Ц, РД:...... /хх-н 39 хуудас/.

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

            Шүүгдэгч Т.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хонин сүрэгт нь бусдын 1 тооны, цагаан халтар зүсмийн, хязаалан насны эм ямаа нийлж, А аймгийн Х сумын Бургалтай багийн Мэргэн гэх газарт ирсэн байгааг мэдэж, улмаар шунахайн сэдлээр тус ямааг тухайн өдөрт нь төхөөрч махыг нь хүнсэнд хэрэглэж, арьсыг нь сумын төвд цагаан идээний лангуу ажиллуулдаг А.Чанцалд 20.000 төгрөгөөр худалдаж, хууль бусаар, өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулж, ямааны эзэн Б.Мт 130.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Цг бусдын өмчлөлийн 1 тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

    

                 Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Б.Тулга “яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэсэн байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал “шүүгдэгч Т.Цгийн эрх ашгийг хамгаалж оролцоно, Т.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй, иймд ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно...” гэсэн,

Шүүгдэгч Т.Ц “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн байр сууринаас оролцов.

Хохирогч Б.Мт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй” гэсэн тайлбарыг ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

                      

        Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Х сумын Б. багийн Ц уулын өвөр гэх газраас 1 тооны цагаан халтар зүсмийн хязаалан эм ямаа алдаад 2024 оны 11 дүгээр- сарын 12-ны өдөр худалдааны төв дотор цагаан идээний лангуу ажиллуулдаг Баяраа ах дээр ирээд манайхтай адил зүсмийн ямааны арьс байхаар нь дэлгээд хартал манай цагаан халтар зүсмийн ямааны арьс мөн байсан учир тухайн арьсыг хэн өгсөн талаар Б.. ахаас асуухад манайхтай ойролцоо саахалт байх Ц гэх хүн тухайн арьсыг өгсөн гэхээр нь би тухай үед өгсөн арьсыг нь Б... ахаас хорин мянган төгрөгөөр худалдаж авсан гэхээр нь би 20.000 төгрөгийг нь өгөөд ямааны арьсыг аваад Ц ах дээр очиж энэ манай ямааны арьсыг та зарсан байна ямар учиртай юм асуухад Ц ах би танай цагаан халтар ямаа манай хоньтой цуг ирэхээр авчихсан юм ахыгаа уучлаарай тохирчихъё ах нь ямааны чинь оронд хоёр тооны залуу эм ямаа өгье гэж хэлж байсан. Миний алдсан ямаа нь толгой, дөрвөн хөл, гэдэс,,цээж, бөгс хэсгээрээ цагаан халтар зүсмийн ямаа. Зүүн чих онь, баруун чих сам имтэй сувай хязаалан ямаа байсан..., ...Би буруутай этгээдээс хохирол төлбөрийг аваагүй байгаа. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргахгүй. Шаардлагагүй гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 65-66 дугаар тал/

            -Гэрч Д.Э... мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...гэртээ хариад байж байтал Т.Ц араас ирээд ах нь цагаан халтар зүсмийн ямааны чинь оронд 2 тооны залуухан эм ямаа өгье цагдаад хэлээд яах вэ эндээ учраа олъё гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/

            - Гэрч А.Ч... мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Маргааш өглөө нь М гэх хүн эхнэрийн хамт ирээд өчигдөр та ямааны арьс авсан уу гээд миний Т.Цгоос худалдаж авсан цагаан халтар зүсмийн ямааны арьсыг хараад энэ манай алдсан ямааны арьс байна. Та хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ? би мөнгийг нь өгөөд авъя гээд надад 20.000 төгрөг өгөөд тухайн цагаан халтар зүсмийн ямааны арьсыг аваад явсан. Дөрвөн хөл болон гэдэс, цээж, хонго хэсэг нь цагаан халтар зүсмийн ямааны арьс байсан. ...Би тухайн ямааны арьсны зургийг харвал танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/

           -     Гэрч А.Ч...2024 оны 12 сарын 18-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 23-27 дугаар тал/,

           -     2024 оны 12 сарын 20-ны өдрийн АЦ-24-220 дугаартай, нэг тооны ямааны үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт /хх-н 31-35 дугаар тал/,

- Яллагдагч Т.Цгийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 дугаар тал /,

Шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт,

Багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг шинжлэн судалсан.

Шүүгдэгч “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

        мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

       Хоёр: Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

       Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

       Үйл баримтын талаар:

      Иргэн Б.М нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр  1 тооны, цагаан халтар зүсмийн, хязаалан насны эм ямаагаа алдаж, түүнд 130,000 төгрөгийн хохирол учирсан, Т.Ц уг ямааг хонин сүрэгт нь нийлж ирснийг мэдсээр байж өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

      Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.Ц үйлдсэн болох нь:

      хохирогч Б.Мын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Х сумын Бургалтай багийн Ц уулын өвөр гэх газраас 1 тооны цагаан халтар зүсмийн хязаалан эм ямаа алдаад 2024 оны 11 дүгээр- сарын 12-ны өдөр худалдааны төв дотор цагаан идээний лангуу ажиллуулдаг Баяраа ах дээр ирээд манайхтай адил зүсмийн ямааны арьс байхаар нь дэлгээд хартал манай цагаан халтар зүсмийн ямааны арьс мөн байсан учир тухайн арьсыг хэн өгсөн талаар Баяраа ахаас асуухад манайхтай ойролцоо саахалт байх Ц гэх хүн тухайн арьсыг өгсөн гэхээр нь би тухай үед өгсөн арьсыг нь Баяраа ахаас хорин мянган төгрөгөөр худалдаж авсан гэхээр нь би 20.000 төгрөгийг нь өгөөд ямааны арьсыг аваад Ц ах дээр очиж энэ манай ямааны арьсыг та зарсан байна ямар учиртай юм асуухад Ц ах би танай цагаан халтар ямаа манай хоньтой цуг ирэхээр авчихсан юм ахыгаа уучлаарай тохирчихъё ах нь ямааны чинь оронд хоёр тооны залуу эм ямаа өгье гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

       гэрч Д.Э...“...гэртээ хариад байж байтал Т.Ц араас ирээд ах нь цагаан халтар зүсмийн ямааны чинь оронд 2 тооны залуухан эм ямаа өгье цагдаад хэлээд яах вэ эндээ учраа олъё гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

      Гэрч А.Ч... “....Маргааш өглөө нь М гэх хүн эхнэрийн хамт ирээд өчигдөр та ямааны арьс авсан уу гээд миний Т.Цгоос худалдаж авсан цагаан халтар зүсмийн ямааны арьсыг хараад энэ манай алдсан ямааны арьс байна. Та хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ? би мөнгийг нь өгөөд авъя гээд надад 20.000 төгрөг өгөөд тухайн цагаан халтар зүсмийн ямааны арьсийг аваад явсан. Дөрвөн хөл болон гэдэс, цээж, хонго хэсэг нь цагаан халтар зүсмийн ямааны арьс байсан. ...Би тухайн ямааны арьсны зургийг харвал танина...” гэх мэдүүлэг,

      Гэрч А.Чанцалаар 2024 оны 12 сарын 18-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

          2024 оны 12 сарын 20-ны өдрийн АЦ-24-220 дугаартай, нэг тооны ямааны үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нологдон тогтоогдлоо.

 

            Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Бусдын өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга халдлагын зүйлээс  хамааран зүйлчлэгдэх бөгөөд “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг ба “мал хулгайлах”  гэмт хэргийн тухайд халдлагын зүйл нь “мал” буюу “хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ” байдгаараа бусад эд хөрөнгө хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр эсхүл захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Цгийн үйлдлийг алдуул мал завшсан гэмт хэргийн шинжтэй гэж тайлбар хэлсэн ба уг дүгнэлтийг хүлээн хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” алдуул мал завших гэмт хэрэгт тооцохоор заасан. Харин шүүгдэгч Т.Ц өөрийн хонин сүрэгт байсан нэг тооны ямааг бусдын эзэмшил өмчлөлийн мал болохыг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүй захиран зарцуулсан байх ба алдуул мал байсан талаар хэрэгт баримт байхгүй, хохирогч гэрч нар уг ямааг алдсан талаар мэдүүлсэн зэргээр уг тайлбар няцаагдаж байна.

 

Шүүгдэгч Т.Ц нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгчийн үйлдэлд мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй болно.  

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Иймд шүүгдэгч Т.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Т.Цг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж шүүх үнэлээгүй болно.

Шүүгдэгчээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхүүдийг зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй. 

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар бусдаас мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн явуургүй муу заль, ахархан бодол, шууд санаатай, шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Т.Цгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мт 130,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээг гаргасан  шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Б.М нь алдсан гэх 1 тооны ямааны хохирлоо шүүгдэгчээс гаргуулж авсан, шүүгдэгч нь хохирогч Б.Мт хохиролд 2 тооны ямаа өгсөн талаар шүүх хуралдааны шатанд хэлж мэдүүлж байх тул шүүгдэгч Т.Ц нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэх үндэстэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Тулгаас “Шүүгдэгч Т.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар А аймгийн Х сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал “хорих ял оногдуулахгүйгээр 1-5 жил хүртэл хугацаагаар тэнсэн хянан харгалзаж өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоож өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан, мөн хуульд заасан бүхий л нөхцөл боломжийг Т.Цгийн тухайд хангачихсан, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Т.Ц нь “Дахин ийм гэмт хэрэг хийхгүй. Намайг харж үзнэ үү” гэсэн,  

 

Шүүгдэгч Т.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байдал болон хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Цг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д хэсэгт зааснаар Т.Цд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

               1. Шүүгдэгч Т овогтой Т.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

               2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Төмөрийн Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

                3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Цд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

               4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгч Т.Ц нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

              

               5. Шүүхийн шийдвэртийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

               6. Шүүгдэгч Т.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

               7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР