| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0068/Э |
| Дугаар | 301/ШЦТ/87 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 301/ШЦТ/87
2025 04 03 2025/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг,
Улсын яллагч Б.Т.,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б овогт Л.М холбогдох эрүүгийн 24.... дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 1... дүгээр сарын ...-ны өдөр, Ө... аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, .... ХХК-д менежер, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт У....р хот Б....л дүүргийн .... дугаар хороо .....бүс Д.....гудамж .....байрны ..... тоот хаягт бүртгэлтэй боловч ...... дүүргийн ...... дугаар хороо, 100В байрны ....тоотод түр оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б овогт Л.М /РД:...../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд А.... аймгийн .... сумын .... баг, .....ы ам гэх газарт Тоёота .... маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ..согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч онхолдон, улмаар зорчигч П.Мгийн амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.М-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч П.М-гийн амь нас хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Б.Т “яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н “гомдолтой, шударга хуулийн өмнө зогсож байгаа гэж бодож байна, энэ хэрэг шударгаар шийдэх байх гэж найдаж байна” гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.С “...Хохирогчийн эрх ашгийг хамгаалж, өмгөөлөгчөөр оролцоно, хохирол хор уршиг, хохирлуудаа гаргуулж авах хүсэлттэй....” гэсэн,
Шүүгдэгч өмгөөлөгч Б.Б “...Гэм буруу дээр маргахгүй, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” гэсэн,
Шүүгдэгч Л.М “чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрнө” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Хавтаст хэргээс:
Улсын яллагч:
- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4дүгээр тал /,
- 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хийсэн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч солон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-20 дугаар тал/,
- А аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 259 дугаартай “Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. Л.Мын гэх цусанд 1,0 промилли спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар тал /,
- Цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-35 дугаар тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Манай охин 1989 онд Ө аймгийн Ц суманд төрсөн. Төрсөн цагаасаа тэндээ өссөн дунд ангиасаа ӨМОЗО-ны Ленхэй хотын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаад Монголд ирж Ханбогд сумын 10 жилийн сургуулийг төгссөн. Төгсөөд Их засаг их сургуульд элсэн орж оюутан солилцоогоор Хөх хотод суралцаж төгссөн. Удалгүй Ш. хот магистрын ангид 1-2 жил суралцаж байгаад төгсөж ирээд хувиараа ажиллаж байсан. Өөрөө хувийн бизнес хийгээд явдаг байсан. Намайг асарч надад хань түшиг болж байсан. Намайг тэтгэвэрт гарахын өмнө Улаанбаатар хот ирээд Нисэхийн шалган нэвтрүүлэх хэсэгт ажилд орсон. Миний охинд ямар нэгэн элдэв муу зан харилцаа байхгүй, хорт зуршил байхгүй байсан. Төлөв даруу хүүхэд байсан. Аав нь өөд болсон болохоор надад байсан хань болж явдаг байсан. Улаанбаатар хот орж ирээд 2 жил болсон. Хань ижил үр байхгүй ганц бие байсан. Одоо энэ жолооч гэх М гэх залуутай хамт амьдарч байсан талаар хэлж байгаагүй. Гарч ороод явах нь их болсон байсан. Хүнтэй үерхэж нөхөрлөж байгаа талаар ярьж байгаагүй. Би бол М гэх хүнийг танихгүй. Энэ хүний талаар надад ярьж байгаагүй... Ажлаасаа буухаасаа өмнө над руу яриад та борц бэлдэж байгаарай би аяллаар явах боллоо гэсэн тэгэхээр нь жаахан юм бэлдээд тавьсан байсан. Тухайн үед хэнтэй явах талаар асуухад ажлын хүнтэйгээ явна гэж байсан. Өмнө аяллаар явж байсан болохоор явж ирээд тэнхрүүлнэ нуруугаа үзүүлнэ гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 150 дугаар тал/,
- А аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаартай “1. Амь хохирогч П.Мгийн биед өвчүү яс, хоёр талын олон хавирганы хугарал, уушгины няцрал, үнхэлцэг, голтод цус хуралт, элэгний язрал, цээж, хэвлийн хөндийд дотуур цус алдалт, дотор эрхтний доргилт, цээж, баруун суга, бугалга, шуу, тохой, зүүн тохой, бугуйнд зулгаралт, хоёр гуя, өвдөгт зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд язарсан шарх, хоёр цавинд цус хуралт, нүүрэнд зулгаралт, дээд уруул язарсан шарх, хуйханд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Осол болох цаг хугацаанд үүснэ. 4. Хоёр талын олон хавирганы хугарал, уушгины няцрал, элэгний язрал, цээж, хэвлийн хөндийд цус алдалт гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 41.15-д зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. 5. Амь хохирогч П.М нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. 6. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдоогүй. 7. Амь хохирогч П.М нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. 3 дугаар бүлгийн цустай байна /хх-ийн 25-28 дугаар тал/ ,
- Техникийн шинжээч Б.Чулуунбаатарын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай “Тус зам тээврийн осол нь 36-60 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б овогт Л.Мын Монгол улсын замын *хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна заалтууд тус тус зөрчигдсөнөөс гарсан байх үндэслэлтэй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-58 дүгээр тал/
- Яллагдагч Л.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би талийгаач Мтай ээлжийн амралтаа авахаар баруун аймаг руу хамт аялахаар ярилцчихсан байсан юм. Би 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн амралтаа авсан юм. харин М 2024 оны 08 дугаар сарын 03-ны өглөө ээлжээсээ буугаад 72 цаг амардаг мөн дараагийн ээлжид гарахгүй өөр хүн гаргахаар ярьчихсан байсан юм тэгээд бид хоёр 8 хоног аялахаар болсон. 2024 оны 08 дугаар 03-ны өдөр Улаанбаатар хотоос гараад Өвөрхангай аймгийн Хархорин суманд хоноод маргааш нь А аймгийн Өгийнуур дээр 2 хоноод 08 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байдаг Улаан цутгалангийн хүрхэрээ дээр 1 хоноод 08 дугаар сарын 07-ны өглөө А аймгийн Тэрхийн цагаан нуур дээр очихоор гарсан юм. Бид хоёр замдаа тал шил вино хувааж уусан мөн би 0.5 литрийн улаан касс нэртэй пиво 2 ширхгийг уусан орой 18 цаг өнгөрч байхад А аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн төв өнгөрөөд их хол яваагүй 1-2 км явсан байх замын сэвээ донсолгоотой хэсэг дээр хурдаа тохируулж чадаагүйгээс болж замын баруун гар тал руу онхолдсон юм. Хэсэг зуур ухаан балартаад сэрэхэд машины 4 дугуй дээш харчихсан би жолоо дээрээ бүсэн дээрээ тохогдсон байдалтай байсан. Машинаасаа гараад ирэхэд М цонхоор шидэгдсэн бололтой газар хэвтэж байсан. Намайг яваад очиход ухаантай байсан. Замаар явж байсан хүмүүс цагдаа эмнэлэг дуудсан байх, 30-40 минут орчмын дараа эмнэлгийн машин замаар ирж байгаа харагдсан гэтэл М гэмт амьсгалахгүй болсон. Эмч нар ирээд үзэхэд нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс хэргийн газрын үзлэг тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20 хуудас/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-56 хуудас/, дансны хуулгаас холбогдох хэсэг /хх-ийн 237-р хуудас/, 23 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-58/ зэрэг баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс иргэний нисэхийн үндэсний төвийн тодорхойлолт /1-р хх-ийн 39/, хаягийн лавлагаа /хх-ийн 40/, 218 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 159-161/, дансны хуулга /хх-ийн 184/, хохирол төлсөн баримт /хх-ийн 185/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 199/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 205-223/, дансны хуулга /хх-ийн 230/, Их даян бүүвэй ХХК-ний захирлын тушаал /хх-ийн 231/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Л.М 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдон, улмаар зорчигч П.Мгийн амь нас хохирсон үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.М үйлдсэн болох нь:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н-ийн “...Ажлаасаа буухаасаа өмнө над руу яриад та борц бэлдэж байгаарай би аяллаар явах боллоо гэсэн тэгэхээр нь жаахан юм бэлдээд тавьсан байсан. Тухайн үед хэнтэй явах талаар асуухад ажлын хүнтэйгээ явна гэж байсан. Өмнө аяллаар явж байсан болохоор явж ирээд тэнхрүүлнэ нуруугаа үзүүлнэ гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг,
- А аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаартай “амь хохирогч П.М-гийн биед өвчүү яс, хоёр талын олон хавирганы хугарал, уушгины няцрал, үнхэлцэг, голтод цус хуралт, элэгний язрал, цээж, хэвлийн хөндийд дотуур цус алдалт, дотор эрхтний доргилт, цээж, баруун суга, бугалга, шуу, тохой, зүүн тохой, бугуйнд зулгаралт, хоёр гуя, өвдөгт зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд язарсан шарх, хоёр цавинд цус хуралт, нүүрэнд зулгаралт, дээд уруул язарсан шарх, хуйханд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, осол болох цаг хугацаанд үүснэ, хоёр талын олон хавирганы хугарал, уушгины няцрал, элэгний язрал, цээж, хэвлийн хөндийд цус алдалт гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 41.15-д зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна, амь хохирогч П.М нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ” гэх дүгнэлт,
- Техникийн шинжээч Б.Ч 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай “тус зам тээврийн осол нь 36-60 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.М-ын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна заалтууд тус тус зөрчигдсөнөөс гарсан байх үндэслэлтэй” гэх шинжээчийн дүгнэлт,
- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл,
- 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хийсэн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч солон гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- А аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 259 дугаартай “Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. Л.Мын гэх цусанд 1,0 промилли спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт,
- Цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-35 дугаар тал/
- шүүгдэгч Л.Мын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зохимжгүй хэрэглээ нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр түүнээс дээш хохирол учирсан, хүний амь нас хохирсон нь шинжээчийн дүгнэлт, хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагддаг.
Харин хүндрүүлэх шинж нь учирсан хохирол болон шүүгдэгчийн осол хэрэг үйлдэх үеийн биеийн байдлаас шалтгаалах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол”, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэх нөхцөл байдлуудыг хуульчилжээ.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын А аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч П.М нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан нь үндэслэл бүхий нотлогдон тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Л.М нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/..согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан согтуурлын шалгасан тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар бүрэн хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Л.М-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, замын хөдөлгөөнд оролцож замын онцлогт тохируулан хурдаа тохируулж яваагүйн улмаас замын зорчих хэсгээс гарч онхолдон нэг хүний амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан онц хүндрүүлэх шинжийг хангасан, харин энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн байгаа нь тухайн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан тусгайлсан хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байх тул ийнхүү тусгайлсан хүндрүүлэх шинжээр зүйлчлэх хууль зүйн үндэслэл болсон байна.
Шүүгдэгч Л.М-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой атал мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд П.М-гийн амь нас хохирсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч оролцсоныг дурдах нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.С шүүгдэгч Л.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан эсэх нь тодорхойгүй тул үнэмлэхтэй эсэх талаар баримтыг хэрэгт ирүүлсний дараа хэргийг шийдвэрлүүлэх, энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлнө гэж зүйлчлэлийн талаар тайлбар гаргасан.
Шүүгдэгч Л.М-ыг жолооны үнэмлэхтэй эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт жолоодох эрхийн үнэмлэхтэй гэсэн тайлбарыг гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн субъектийг “эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, автотээврийн хэрэгслийн жолооч байна” гэж,
мөн хуулийн аунтентик тайлбарт автотээврийн хэрэгслийн жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарласан.
Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль бөгөөд уг хуулийн тусгай анги нь бүлэг, зүйл, хэсэг, заалтаас бүрддэг бөгөөд тухайн гэмт хэргийн үндсэн буюу ердийн, хүндрүүлэх ба онц хүндрүүлэх шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоосон байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон” бол гэж энэ гэмт хэргийн онц хүндрүүлэх шинжийг заасан бол мөн зүйлийн тусгайлсан хүндрүүлэх шинжийг мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол” гэж тодорхойлж, оногдуулах санкци буюу эрүүгийн хариуцлагыг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар,
мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж тухайн зүйлд хамаарах субъектийг тодорхойлж, оногдуулах хариуцлагыг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус хуульчилж өгсөн.
Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэмт хэргийг нийлмэл ба нэгдмэл гэж ангилан үздэг бөгөөд Л.М-ын гэмт үйлдэл нь объектив болон субьектив шинжээрээ нэгдмэл гэмт хэрэгт хамаарч байх тул прокурор хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй.
Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчин осол гаргаж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг буй болгосон бол түүний үйлдлийг тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг нь хууль хэрэглээний тогтсон ойлголт юм.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан үр дагавраар нь өөр өөр хэсгүүдээр давхар зүйлчлэх талаар тайлбар үндэслэлгүй, жолооч Л.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, жолооч гэх ойлголтод тэрээр хамаарч байгаа тул тус зүйлд зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Мыг “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ хүний амь нас хохироож, үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй ба шүүгдэгчээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхийг тус тус зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н шүүхийн хэлэлцүүлэгт “гомдолтой байна, оршуулгын зардлыг авсан, сэтгэцийн хор уршиг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, хуульд зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг 150 дахин нэмэгдүүлснээр гаргуулмаар байна” гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.С “сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон нь үндэслэлгүй, хуульд зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр гаргуулах” гэсэн агуулга бүхий санал, тайлбарыг,
Улсын яллагч “шууд учирсан хохирлыг төлж барагдуулсан байна, сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гаргуулах нь зүйтэй” гэсэн агуулга бүхий тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “оршуулгын зардалд 32,084,277 төгрөг төлсөн, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын дагуу тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргуулсан шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хохирлыг тооцож 16 сая төгрөг шилжүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй” гэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Т.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас П.М-гийн амь нас хохирсон. Талийгаачийн оршуулгын зардалд шүүгдэгч Л.М нь 32,084,277 төгрөг, төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учруулсан хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх ерөнхий болон тусгай хууль, дүрэм, журмаар хамгаалах ашиг сонирхлын хүрээ буюу ямар төрлийн хохирлыг нөхөн төлүүлэх, түүнийг үнэлэхээс хамаарч тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байна. Үүнээс гадна Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний 2023 оны 07 дугаар зүйлийн 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох талаар мөн журмын 2.2-т тодорхой тусгагджээ.
Хэргийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ж.Н тогтоогдсон нь хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 218 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр гуравдугаар зэрэглэлд хамаарна гэж тогтоож, дүгнэлт гарган ирүүлжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар дээрх дүгнэлтийг үндэслэлгүй, хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг гаргуулна гэсэн тайлбарыг гаргасан ба дээрх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжилгээг ямар үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинээр нотлох баримт шүүхэд ирүүлээгүй.
Мөн шүүх энэ хэрэгт урьдчилсан хэлэлцүүлгийг өөрийн санаачилгаар хийж талуудын санал тайлбар, хүсэлтийг авсан ба хэлэлцүүлгийн шатанд уг шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргасныг хянан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж, хүсэлт гомдол гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдаж шийдвэрлэсэн.
Гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргахдаа дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй, шинээр нотлох баримт гаргаж ирүүлээгүй бөгөөд хэрэгт хуульд заасан шаардлагыг хангаж гарган ирүүлсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 218 дугаартай дүгнэлт нь нэмэлт болон дахин дүгнэлт гаргуулах хуулийн үндэслэлд хамаарахгүй байх тул шүүх Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох журмын дагуу гаргаж ирүүлсэн уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг дүгнэлтээр тогтоогдсон зэрэглэлийн дагуу гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэсэн.
Иймд шүүгдэгч Л.М-оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3.4, 4-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс хувьчилж 15 хувь буюу 15,173,400 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н-т олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд 16 сая төгрөг төлсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдов.
Иймд энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.М-ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг цаашид энэ хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
улсын яллагч Б.Тулга “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилээр хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н “оногдуулах хариуцлагын тал дээр тусгайлан хэлэх зүйл байхгүй, хэлж мэдэхгүй байна” гэсэн.
Хохирогчийн хууль ёсны төөлөгчийн өмгөөлөгч Л.С “гомдолтой, хариуцлага дээр саналгүй” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх бүрэн боломжтой, энэ зохицуулалтыг хэрэглэн 1 жилийн хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлж өгнө үү....” гэсэн,
Шүүгдэгч Л.М “хорих ялын саналыг зөвшөөрч байна, ялыг эдлүүлж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Л.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Л.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн хор уршиг ихтэй, арилаагүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх шаардлагагүй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Л.Мод оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Л.Мод тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч Л.Мод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний баримт бичиг шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй гэсэн болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б овогт Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мод оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс хугацааг тоолохыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Мод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Л.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н энэ хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Л.М энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний баримт бичиг ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.М-од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР