Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 156/ШШ2021/00047

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

       156/2020/00938/и  

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг. тоотод оршин суух, Дашдоржийн Т. /РД:...../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн НТБтөвд холбогдох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, улирлын урамшуулал, хоол унааны зардал, өвөлжилтийн бэлтгэлийн хөнгөлөлт, нийт 3,170,556 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.М., нэхэмжлэгч Д.Т., хариуцагчийн төлөөлөгч Г.Д. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн НТБтөвийн нягтлан бодогч нь жирэмсний амралтаа авсан тул оронд нь НТБтөвд нягтлан бодогчоор би 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж анхны жил ажиллаж нягтлан бодогчийн цалингаар цалинжиж бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлс урамшууллыг хууль тогтоомж, журамд заасны дагуу авахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл Аудитын газраас 2020 оны 3 дугаар сараас  эхлэн цалингаас бусад бүх нэмэгдэл, нэмэгдэл хөлс, улирлын үр дүнгийн урамшуулал олгохгүйгээр хассан. Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 2-т заасан “Ахмад настны тэтгэвэр тогтоолгон ажиллаж байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэсэн заалт байх тул 2020 оны 3 дугаар сараас олгогдоогүй нэмэгдэл болох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, улирлын урамшуулал, хоол унааны зардал, өвөлжилтийн бэлтгэлийн хөнгөлөлт, нийт 3,170,556 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Хэнтий аймгийн НТБтөвийн захирал Г.Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дугаар заалтын дагуу “Ахмад насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэсэн заалтын дагуу ахмад насны тэтгэвэр тогтоолгон ажилласан Д.Т.т хоол унааны хөнгөлөлт, өвөлжилтийн бэлтгэл хангах хөнгөлөлт, ажилласан хугацааны нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, үндсэн цалинг олгож ирсэн нь Хэнтий аймгийн Аудитын газраас НТБтөвийн төсвийн гүйцэтгэлийн тайланд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар зөрчил болон гарч ирсэн тул Хэнтий аймгийн Аудитын газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 26/26 тоот албан шаардлагын дагуу зөрчлийг арилгаж, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр тогтоолгон ажиллаж байсан Д.Т.ийн нэмэгдэл урамшууллыг  хасч үндсэн цалингаар цалинжуулж ирсэн. 2020 оны 9 дүгээр сард Д.Т.т НТБтөвийн дотоод журам, хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.12 дугаар заалтын дагуу өвөлжилтийн бэлтгэл хангах хөнгөлөлт 350,000 төгрөгийг олгосныг Аудитын газраас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгууллагын санхүүгийн баримтад завсрын аудит хийж  Хэнтий аймгийн Аудитын газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 26/26 тоот албан шаардлагын хэрэгжилтийг хангаагүй гэж үзсэн. Иймээс нэхэмжлэлд шаардсан 3,170,556 төгрөгийг НТБтөв нь төлөх үндэслэлгүй, төлөх үндэслэл үүсвэл Хэнтий аймгийн Аудитын газар хариуцах ёстой, манай байгууллага аудитын албан шаардлагыг биелүүлж ажилласан гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т. нь хариуцагч Хэнтий аймгийн НТБтөвд холбогдуулан төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, улирлын урамшуулал, хоол унааны зардал, өвөлжилтийн бэлтгэлийн хөнгөлөлт, нийт 3,170,556 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Т. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...би өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч энэ нь миний хуульд заасан цалин хөлс, нэмэгдэл авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...манай байгууллага аудитын байгууллагаас тавигдсан албан шаардлагыг биелүүлж ажилласан. 9 дүгээр сард өвөлжилтийн бэлтгэлийн хөнгөлөлтийг олгосон боловч дахиад 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Аудитын газраас завсрын аудитын дүгнэлт гарч өмнөх аудитын шаардлагыг биелүүлээгүй байна гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцлээ. Харин нэхэмжлэгч Д.Т. нь нэхэмжлэлийн шаардлагаас өвөлжилтийн бэлтгэлийн хөнгөлөлт болох 350,000 төгрөгийг Хэнтий аймгийн НТБтөвөөс авсан, илүү нэхэмжилсэн болохоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдлаа.

Нэхэмжлэгч Д.Т. нь 2019 оны 2 дугаар сараас эхлэн Хэнтий аймгийн НТБтөвд нягтлан бодогчоор ажиллаж, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан, төрийн байгууллагын албан хаагчдын цалингийн сүлжээний дагуу ТҮ-8-1 шатлалаар үндсэн цалин авч, хамтын гэрээнд заасны дагуу нэмэгдэл авахаар гэрээнд тусгасан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 3-7/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.Т. нь өндөр настны тэтгэвэр тогтоолгосны дараа  Хэнтий аймгийн НТБтөвд нягтлан бодогчийн ажилд томилогдон ажилласан болох нь талуудын тайлбараар нотлогдож байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлд зааснаар тэрээр хөдөлмөр эрхэлж болох бөгөөд түүний тэтгэвэр авч байгаа нь цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн НТБтөвийн 2019 оны хамтын гэрээний 2.2-д “ажиллагсдын мэргэжлийн зэрэг, ур чадварын болон бусад нэмэгдлүүд, илүү цагаар ажилласны хөлс, анги даалт, кабинет хариуцсан зэрэг нэмэгдлийг цалингийн сан, цалин нэмсэн тохиолдолд журам зааврын дагуу хүн бүр дээр дүгнэж, гүйцэтгэлээр нь тооцож олгоно” гэж, мөн гэрээний 3.12-д “цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ажилтануудад жилд нэг удаа цалингийн сандаа багтаан өвөлжилтийн бэлтгэлд зориулан 300,000-500,000 төгрөг хүртэл мөнгөн болон бараа материалын буцалтгүй тусламж олгоно” гэж заажээ.

Гэвч Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 26/26 дугаартай албан шаардлагаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон төрийн албанаас чөлөөлөгдсөн ажилтанд төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдэл олгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэж Хэнтий аймгийн НТБтөвд албан шаардлага өгчээ. Энэхүү Аудитын албан шаардлагыг Хэнтий аймгийн НТБтөвийн захирал Г.Д., нягтлан бодогч буюу нэхэмжлэгч Д.Т. нар нь хүлээн авч, зөвшөөрсөн хэсэгт гарын үсэг зурсан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар төрийн хяналт шалгалтын тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг нь төрийн аудитын байгууллагын хяналт шалгалт гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар шалгуулсан байгууллага, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр нь үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргах эрхтэй байна. Гэвч Хэнтий аймгийн НТБтөвийн захирал Г.Д., тус төвийн нягтлан бодогч буюу нэхэмжлэгч Д.Т. нар нь тус албан шаардлагатай 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр танилцсан гэж тайлбарлах боловч уг албан шаардлагад гомдол гаргаагүй байна.

Иймд уг албан шаардлага дээр шалгуулсан албан тушаалтанууд гомдол гаргаагүй байх бөгөөд хүчин төгөлдөр болсон Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 26/26 дугаартай албан шаардлагыг биелүүлж, өндөр настны тэтгэвэр тогтоолгон ажиллаж байгаа ажилтанд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, улирлын урамшуулал, хоол унааны зардлуудыг олгохыг зогсоосон Хэнтий аймгийн НТБтөвийг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл иргэний хэргийн анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцааны хүрээн дэх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх тул Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 26/26 дугаартай албан шаардлагын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй.

Иймд нэхэмжлэгч Д.Т.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хэнтий аймгийн НТБтөвд холбогдох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, улирлын урамшуулал, хоол унааны зардал, өвөлжилтийн бэлтгэлийн хөнгөлөлт, нийт 3,170,556 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хэнтий аймгийн НТБтөвд холбогдох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, улирлын урамшуулал, хоол унааны зардал, өвөлжилтийн бэлтгэлийн хөнгөлөлт, нийт 3,170,556 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАРИНА