| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2021/00432/И |
| Дугаар | 129/ШШ2021/00455 |
| Огноо | 2021-10-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 129/ШШ2021/00455
| 2021 оны 10 сарын 05 өдөр | Дугаар 129/ШШ2021/00455 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХБ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х овогт М.Г
Хариуцагч: С овогт Г.М нарт холбогдох
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 20,293,871.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Г.М, хариуцагч М.Г-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Г, Г.М нар тус банкны А Төв тооцооны төвөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/............. тоот зээлийн гэрээ байгуулан 13,562,860.24 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан, зээлийн барьцаанд иргэн М.Г, Г.М нар нь А аймаг, Э сум, 3 дугаар баг, Ц-ын 15-06 тоот хаягт орших гэрийн эд хогшил болон ирээдүйд орох цалингийн орлого тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 10,404,531.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,303,625.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 16,708,157.65 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, 1154 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээлийн үлдэгдэл 11,795,468.23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,190,586.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 293,816.49 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 14000 төгрөг, нийт 20,293,871.62 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Г, Г.М нар нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр А аймаг дахь тооцооны төвөөс 13,562,860 төгрөгийн цалингийн зээл авч гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсний улмаас 20,293,871.62 төгрөг болсон. Одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл нь 11,795,468 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,190,586 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 293,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 14000 төгрөг буюу нийт 20,293,871.62 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэлийн хувьд хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй учраас шүүхэд хандсан. Иймд гэрээний төлбөрийг барагдуулах хүсэлттэй байна. Хариуцагч талаас хамтран үүрэг гүйцэтгэгч Г.М-ийг зээл төлөхөөс чөлөөлж өгнө үү гэж байна. Үүнд зээлийн гэрээ байгуулах үеэр гарын үсэг зурж харилцан тохиролцсон учраас хамтран үүрэг гүйцэтгэгчийг салгаж, зээл төлөхөөс чөлөөлөх боломжгүй. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар зээлдэгч нар албан ёсоор бичгээр хүсэлт гаргаагүй. Мөн М.Г-ы зээлийн хүү, хүүний буцаалтыг хийж өгнө үү гэж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл өндөр байх тусам зээлийн хүү өндөр бодогддог. Тухайн үед мөрдөгдөж байгаа банкны хамтран ажиллах гэрээ болон зээлийн гэрээний ерөнхий нөхцлийн хүүгээр бодогдсон. Тухайн хүү нь зээлийн гэрээ дуусгавар болох хүртэл хугацаанд өөрчлөлт орохгүй, тухайн хүүгээр бодогддог. Яагаад ийм өндөр хүү гарч байгаа вэ гэдэг эргэлзээн дээр үндсэн зээлийн үлдэгдэл өндөр, хугацаа хэтэрсэн хоног нь өндөр болохоор зээлийн хүү өндөр бодогдож байгаа. Иймд зээлийн хүүний буцаалт хийх боломжгүй гэв.
Хариуцагч М.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Г миний бие 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хамтран зээлдэгч Г.Мийн хамт хашаа байшин худалдан авах зорилгоор Х банкны А аймаг дахь салбараас цалингийн зээл авсан. 2018 онд Г.М-ээс гэрлэлтээ цуцлуулж тухайн хашаа байшин эд хогшлыг Г.М-ийн мэдэлд үлдээсэн боловч Ц-ын 24,000,000 төгрөгөөр авсан хашаа байшинг борлуулж “Приус-20” маркийн автомашин худалдан авч өөртөө зарцуулсан. Тухайн хашаа байшинг хамтран авсан зээлдэгч нэг ч төгрөг төлөөгүй. Хамтран зээлдэгч Г.М нь энэ зээлтэй хамааралгүй, би 100 хувь өөрөө төлж барагдуулах болно. Миний төлөх эх үүсвэр нь сард авдаг групийн 350,000 төгрөгөөр төлнө. Би эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй болж тус зээлийг төлж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Мөн Х банкны А салбарын нэхэмжилсэн зээлийн хүүгийн төлбөр 8,190,587 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 293,817 төгрөгийг төлөх чадваргүй учир үндсэн зээлийн үлдэгдэл болох 11,795,469 төгрөгийг төлөх хүсэлттэй байна. М.Г миний бие эрүүл мэндийн шалтгаанаар 2018 оноос хойш ажил хөдөлмөр эрхлээгүй тогтсон цалин болон өрхийн орлогогүй цаашид хөдөлмөр эрхлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч М.Г-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн хүү М.Г-ыг төлөөлж итгэмжлэлээр оролцож байна. Хүү М.Г минь төрөлхийн түнхний гэмтэлтэй, гэмтэл нь одоо улам бүр муудаж Солонгос улсаас эмч нар ирж хагалгаанд орохоор бэлтгэгдэж байгаа учраас би өмнөөс нь ирсэн. Г.М-ийг хамтран үүрэг гүйцэтгүүлэхээс чөлөөлүүлэх хүсэлттэй байна. М.Г, Г.М нар өмнө нь хамт амьдарч байсан. Хамт амьдарч байх хугацаандаа 2 хүүхэдтэй болсон. Амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр 2 хүүхэдтэйгээ хамт тусдаа гарч амьдрахаар хашаа байшин худалдаж авч байсан. Гэтэл энэ хоёр маань салсан. Тэгэхдээ би хоёр ачынхаа төлөө, хүүгийнхээ төлөө явахаас өөр аргагүй болж байна. Хамгийн гол нь энэ Х банкны үндсэн зээл 11,000,000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэж хүсэж байна. Хэрвээ 2020 оны 08 дугаар сард хурлаа хийсэн бол дахиад 3,000,000 төгрөг нэмэгдэхгүй байх байсан. Тухайн үед шүүх хуралдаанд н.Ж гэдэг хүн амралтанд амарсан нь хүндэтгэх үзэх шалтгаан биш учраас нэхэмжлэлийг буцаасан. Тэгэхэд би У хотоос ирж оролцож байсан. Тэгээд би зээлийн хүүг нь жаахан харж үзэж өгнө үү гэж Х банкинд очиж хүсэлтээ гаргаж өгч байсан. Тухайн үед мэдэгдлээ өгөөд явж байсан. Тэрнээс хойш өнгөрдөг хавар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж яриад байгаа. Надтай хэн ч, ганц удаа ч яриагүй. Би Х банк руу залгаад энэ хүний хурал юу болж байгаа вэ? гэж лавладаг байсан. Гэтэл хэзээ хойно хаяган дээрээ байхгүй гэдэг үндэслэлээр хойшилогдсон гэж хэлсэн. Өнөөдрийн байдлаар ноднин жилээс хойш 3,000,000 төгрөг нэмэгдчихээд байна. Нэгэнт амьдралаа дээшлүүлье гээд зээл авсан болохоор буцааж төлөх нь зайлшгүй. Гэхдээ зээлийн хүүн дээр нь жаахан уян хатан хандаж өгнө үү. Үр хүүхдүүдийн минь амь амьдралыг харж үзнэ үү гэж би Х банкнаас дахин дахин чин сэтгэлээсээ хүсэж байсан. Одоо ч гэсэн хүсэж байна. Миний хүү М.Г нь сард 350,000 төгрөгийн групийн мөнгө авдаг. А аймгийн хаягаасаа шилжээгүй байгаа. У хотод түр оршин сууж байгаа. Тэнд эмнэлэгээр явж байгаа. Яагаад миний хүү 20,000,000 төгрөгийг 100 хувь төлье гэж хүсэлт гаргасан бэ гэхээр үр хүүхдийнхээ хойчийг бодож байна. “Би нэг ч удаа хүүхдүүдийнхээ тэтгэмжийг өгч чадахгүй байна. Тийм болохоор ээж минь та очоод битгий үгүй гэж хэлээрэй. Би үр хүүхдийнхээ хойдохыг бодож байгаа учраас энэ зээлийг 100 хувь халамжийн тэтгэврийн 350,000 төгрөгөөрөө төлнө гэдгийг сайн хэлж өгөөрэй” гэж намайг явуулсан. Би ч бас үр хүүхэд, ач зээгээ бодоод тэгж л бодож байна. Маш их хэмжээний хүү бодож энэ хүмүүсийн ноён нурууг хугалж байна. Хүнд мөнгө өгч байгаа гэхдээ цаана нь хүнийг өчнөөн их хүүгээр дарамталж байна. Залуу хүмүүс их хэцүү байна. Энэ талаас нь жаахан бодож хүүг нь цуцалж өгнө үү. Өнөөдөр энэ нийгэм ямар байгаа билээ, өвчин зовлон ямар байгаа билээ. Г.М бас зээл төлж байгаа. Тэгэхээр өсөж яваа хоёр хүүхэд юу идэх вэ? Х банк арай дэндүү байна. Үр хүүхдийнхээ төлөө зүрх цохилж байна. Бид Г.М-ээс мөнгө аваад яах юм бэ? Г Г.М 500,000 төгрөгийн цалинтай, шимтгэл улсад төлнө. Тэгээд 400,000 гаран мянган төгрөг авч байгаа. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож байна. Тэгэхээр Х банк энэ хүмүүсийн амь амьдралыг бодож жаахан ч гэсэн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэж гуймаар байна. Хэрвээ ноднин жил шийдчихсэн бол ядахдаа 3,000,000 төгрөг нэмэгдэхгүй л байсан. Ноднин жил 17,000,000 төгрөг байсан түүнээс хойш хүү нь 3,000,000 төгрөг нэмэгдээд 20,293,871.62 төгрөг болж байгаа. Хэрвээ зайлшгүй төлнө гэх юм бол ядаж бид нараас шалтгаалаагүй ноднин жилийн 08 дугаар сараас өнөөдрийг хүртэлх 3,000,000 төгрөгийн хүүг хасуулмаар байна. 17,000,000 төгрөгийг миний хүү төлнө гэв.
Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М миний бие 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр М.Г-аас гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдийн тэтгэмж тогтоолгож, эд хөрөнгийн маргаангүй гэсэн шүүхийн шийдвэр гаргуулж байсан. Үндсэн зээлдэгч М.Г нь 20,293,871.62 төгрөгийн зээлийг 100 хувь даагаад төлье гэж хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг бас харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. Х банкинд би 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр М.Г-аас гэрлэлтээ цуцлуулчихаад амаар болон бичгээр удаа дараа хандаж байсан. Гэтэл Х банк хамтран зээлдэгч гэдэг утгаар миний бүх дансыг битүүмжилж байгууллагын миний дансанд орсон байсан 1,231,000 төгрөг, хувьцааны 70,000 төгрөг, ebarimt-аас орсон 100,000 гаран төгрөг буюу нийт 1,400,000 төгрөгийг Х банкны зээл рүү татсан байгаа. Байгуулллагын 1,231,000 төгрөгийг би ажилдаа үлдэхийн тулд хүмүүсээс зээлж төлсөн. М.Г-аас би хүүхдийн тэтгэмж тогтоолгосон хэдий ч төлөх боломжгүй гээд одоо хүртэл хүүхдийн тэтгэмж аваагүй. М.Г бид хоёрын дунд ярилцаж тохиролцсон зүйл байгаа. М.Г-ыг энэ зээлийг төлөх юм бол 2 хүүхэддээ хүүхдийн тэтгэмжийн мөнгө авахгүй гэж бид хоорондоо ярилцаж тохиролцож байсан. Би А аймгийн Монгол шуудан компанид үйлчилгээний ажилтан хийдэг. Миний сарын цалин 550,000 төгрөг, би 550,000 төгрөгөөс 440,000 төгрөгийг гар дээрээ авдаг. Би Т банкнаас 11,000,000 төгрөгийн цалингийн зээл 2018 оны 12 дугаар сар авч байсан. Би сар болгон 270,896 төгрөгийг цалингийн зээлэнд төлдөг. Үлдсэн 169,000 төгрөгөөр сард 2 хүүхэдтэйгээ амьдралаа болгодог. Одоо өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байгаа болохоор 169,000 төгрөгөөр 2 хүүхдээ тэжээгээд 3 хүнтэй ам бүл амьдрахад үнэхээр хэцүү гэдгийг хэн хүнгүй хараад ойлгож байгаа байх. Миний охин одоо 9 дүгээр анги, хүү 5 дугаар ангид сурдаг байгаа. Энэ 2 хүүхдийн хэрэглээ өдөр ирэх тусам өсөж байна. Үүнийг ойлгоод М.Г энэ зээлийн мөнгийг 100 хувь даагаад төлье гэсэн хүсэлтээ ноднин жилээс эхлээд өгсөн. Ноднин жилийн шүүх хуралдаан дээр хүсэлт, баталгаа гаргаж өгсөн байгаа. Үүнийг харгалзаж үзэж М.Г-аар зээлийг төлүүлэх шийдвэр гаргаж өгч тусална уу гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХБ нь М.Г, Г.М нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 11,795,468.23 төгрөг, зээлийн хүү 8,190,586.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 293,816.49 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 14,000 төгрөг, нийт 20,293,871.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь зээлдэгч М.Г, Г.М нар нь ХБ Архангай салбараас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №ЗГ/............. дугаартай зээлийн гэрээ байгуулан 12,062,860.24 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,500,000 төгрөг, нийт 13,562,860.24 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авч, уг зээлийн гэрээнд зээлдэгч М.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.М нар гарын үсэг зурж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №ЗГ/201843376967 дугаартай зээлийн гэрээ, №БГХ............. дугаартай “Барьцааны гэрээ” болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт тус тус заасан хүчин төгөлдөр гэрээ байх ба талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсантай маргаагүй.
Зээлдэгч М.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.М нар нь ХБ-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №ЗГ/............ дугаартай “Зээлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлд 10,404,531.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,303,625.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 16,708,157.65 төгрөгийг төлж барагдуулсан ба зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан нь зээлийг төлөх талаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Зээл төлөх мэдэгдэл”, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Зээлийг буцаан дуудах мэдэгдэл”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн 1154 хоногоор зээл төлөх хугацааг хэтрүүлсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд болон шүүхэд ирүүлсэн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “...Үндсэн зээлдэгч М.Г нь 20,293,871.62 төгрөгийн зээлийг 100 хувь өөрөө дааж төлье гэж хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна.” гэх, хариуцагч М.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Хамтран зээлдэгч Г.М нь энэ зээлтэй холбоогүй, цаашид үлдэгдэл зээлийг Г.М-ээс хамааралгүй 100 хувь өөрөө төлж барагдуулах болно.” гэх, хариуцагч М.Г-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Г.М-ийг хамтран үүрэг гүйцэтгүүлж зээл төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлттэй байна. Мөн 3,000,000 төгрөгийн хүүг хасуулмаар байна. 17,000,000 төгрөгийг миний хүү төлнө.” гэх тайлбаруудыг тус тус өгч маргаж байх боловч хамтран үүрэг гүйцэтгэгч Г.М нь зээлийн гэрээтэй танилцаж үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж гэрээнд гарын үсэг зурсан ба гэрээний дагуу эрх үүрэг үүссэн, хариуцагч нар нэхэмжлэгч байгууллагад хандаж хамтран үүрэг гүйцэтгэгчийг солих, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, хүүг зогсоох тухай хүсэлтээ бичгээр гаргаж шийдвэрлүүлээгүй, мөн талууд харилцан тохиролцоогүй байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийг эргэн төлөх үүргээс чөлөөлөгдөх боломжгүй, мөн хариуцагч нарын ХБ-с авсан үндсэн зээлийн хүүнд бодогдсон 8,190,586.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд бодогдсон 293,816.49 төгрөгийг хасаж тооцох боломжгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааж болно.” гэж тус тус заасан байх тул Х банкны А салбар нь хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч М.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.М нар нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №ЗГ/............ дугаартай “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч М.Г, Г.М нараас үндсэн зээлийн үлдэгдэл 11,795,468.23 төгрөг, зээлийн хүү 8,190,586.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 293,816.49 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 14,000 төгрөг, нийт 20,293,871.62 төгрөгийг гаргуулан ХБ-т олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,419 төгрөгийг хариуцагч М.Г, Г.М нараас гаргуулан нэхэмжлэгч ХБ-т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дах хэсэгт заасныг тус тус баримтлан ХБ-н хариуцагч Х овогт М.Г, С овогт Г.М нартай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №ЗГ/201843376967 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч М.Г, Г.М нараас үндсэн зээлийн үлдэгдэл 11,795,468.23 төгрөг, зээлийн хүү 8,190,586.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 293,816.49 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 20,293,871.62 /хорин сая хоёр зуун ерэн гурван мянга найман зуун далан нэг/ төгрөгийг гаргуулан ХБ-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,419 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г, Г.М нараас 259,419 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХБ-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА