Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/06

 

 

 

 

 

      

 

 

   2021          02           24                                     2021/ДШМ/06

 

 

 

М.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                          

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.М,

Насанд хүрээгүй хохирогч: М.О,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Э,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ж.Х,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ю.Н,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Л,

Шүүгдэгч: М.Т,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Т-д холбогдох, эрүүгийн 2019001550116 дугаартай, 2 хавтас, 267 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н-ийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар прокурор Б.М-ээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч М.Т 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, төрсөн дүү болох арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй буюу 14 нас, 06 сар, 08 хоногтой М.О-д хүч хэрэглэн, өөрийнхөө бэлэг эрхтэнг түүний бэлэг эрхтэнд оруулан хүчиндэж, бэлгийн замын халдварт тэмбүү өвчин халдаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5 дахь хэсэгт заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн төрсөн дүүг хүчиндэж, бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д 2 /хоёр/ жил хорих ял оногдуулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

шүүгдэгч М.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Т-ийн хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 4 сартай байсан, Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан өсвөр насны буюу арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насан хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бүрэн тогтоогддог. Анхан шатны шүүхээс, шүүгдэгч насанд хүрсэн, энэ хууль нь зайлшгүй хэрэглэх ёстой хуулийн зохицуулалт биш гэсэн хууль хэрэглээний алдаатай дүгнэлтүүд хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хууль тогтоогчид өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт хөнгөн, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх ёстой гэсэн хүүхдийн эрхийн талаарх олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд тусгагдсан. Энэ хэргийн хувьд бусад хэргээс маш их онцлогтой, нэг айлын хүүхдүүд болох төрсөн ах, дүү хоёрын дунд үйлдэгдсэн асуудал байдаг. Төрсөн ах нь хорих ялаар шийтгэгдсэнд хохирогч болох төрсөн дүүгийнх нь хувьд сэтгэл санааны маш хүнд байдалд орж, нэг гэр бүлийн хувьд хэрэгт холбогдсон арван наймхан настай хүүгээ гэх, хохирогч болсон өсвөр насны охиноо, үр хүүхдүүдээ аль алиныг нь гэх, ахыгаа хоригдсонд маш ихээр сэтгэл зүй, хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлд нь сөргөөр нөлөөлөх болсон эгэл жирийн нэг айлд үнэхээр хүнд асуудал тулгарсныг та бүхэн ойлгож, тунгаан хэдийгээр шүүгдэгч, хохирогч  ч гэлээ бүхэл бүтэн нэг айл гэр бүлээрээ 2 хүүхдийнхээ төлөө шаналан зовж байгааг, Т, О гэсэн хоёр хүүхдийн эрх ашиг, хуулиар олгосон хөнгөрүүлэх, харгалзан үзэх, тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх бүхий л нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 8 жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахдаа тэнсэж шийдвэрлэж болно гэж заасан. Тэгэхээр М.Т-ийн насны болон сэтгэл зүйн байдал, хувийн байдлууд ба энэ хэргийн онцлог нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2020 оны 01 дүгээр сард энэ Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялд өөрчлөлт орсон. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх хугацаанд энэ гэмт хэрэг өөрөө 2-8 жилийн хорих ялтай ийм гэмт хэрэг байсан учраас энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна ...” гэв.

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний амьдрал 2020 оны 05 дугаар сараас эхлээд өнөөдрийг хүртэл маш бүрхэг хэцүүхэн амьдралтай байна. Би төрсөн охиныгоо ийм болгуулсан, мөн адилхан л надаас унасан миний хүү учраас та бүгдээс миний хүүг тэнсэнгээр гаргаад өгөөч ээ гэж хүсэж байна. Миний охин энэ жил 10 дугаар ангид сурдаг. Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуульд сурдаг, сургуулийн шигшээ багт байдаг, бүжиглэдэг. Мөн манай улс Герман улстай хамтарсан хөтөлбөрийн дагуу гурван үе шаттай шалгалт аваад тэнцсэн хүүхэд нь Герман явж сурах боломж олгож байгаа юм. Тэрэнд нь охиноо оруулж шалгалтыг нь өгүүлээд эхний шалгалтдаа тэнцсэн байгаа. Хэрвээ энэ хэрэг сайхан шийдэгдэх юм бол миний охин цаашдаа ирээдүйд Монгол Улсдаа ихийг хийж бүтээх зорилготой байгаа. Тэгээд миний охин сая ахыгаа ийм юманд орсноос хойш “ээжээ би сургуульд сураад ч яах юм, ахыгаа ийм болгочихоод надад ямар ч зам алга. Би ахыгаа гарч ирэхгүй бол үхнэ” гэж хэлдэг болсон. Иймээс би охиныгоо гаргахаас ч айдаг болсон. Бие засах гээд гарахад нь хүртэл хамт явж, эсхүл дүү нарыг нь дагуулаад явуулдаг. Бүх л анхаарлаа охин дээрээ тавьдаг. Би ахыгаа явуулчихвал юун сургуульд сурах гээд зурагтаар гарч байгаа теле хичээлээ ч хийдэггүй. Би охиндоо миний охин хичээлээ хийж бай ах нь гараад ирнэ гэж хэлдэг. Тийм учраас та нар миний амьдралд гэрэл гэгээ гаргаж, миний охины ирээдүйг бодоод, мөн хүүгийн минь ирээдүйн амьдралыг бодоод тэнсэнгээр гаргаж өгөхийг эгч нь гуйж байна, миний хүүг тэнсэнгээр гаргаж, амьдралд минь гэрэл гэгээ гаргаж өгвөл би та бүхэнд үнэхээр их баярлана. Миний хүүгийн хийсэн хэрэг бол үнэхээр муухай зүйл. Би хүүгийн өмнөөс уучлалт гуйя. Тэгээд ч миний бас буруу байгаа,. Миний охины ирээдүйг бодоод, ийм хуруухан чинээ миний хүүг тэнсэж өгөхийг та бүхнээсээ гуйж байна” гэв.

 

Шүүгдэгч М.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг үнэхээр уучлаарай, би үнэхээр муухай юм хийсэн, хийсэн  хэрэгтээ маш их гэмшиж байна, дахиж ийм муухай юм хийхгүй,  тэнсэж өгнө үү ” гэв.  

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг бүрэн нотлогдсон гэм бурууг шийдсэн. Эрүүгийн хариуцлага нь 2 жилийн хорих ял оногдуулсан байгаа. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд ч хэлж байсан. Энэ хэрэг маш их онцлогтой хэрэг, яагаад гэвэл төрсөн ах, дүү 2 холбогдсон. Гэм буруутай этгээдэд шийтгэл оногдууллаа гэхэд насанд хүрээгүй хохирогчийн сэтгэл санаа, ар гэрийн байдалд хэрхэн нөлөөлөх вэ? гэдгийг бас бодолцож үзэх ёстой байхаа гэсэн саналыг гаргаж байсан. Мөн давж заалдах шатны шүүхэд энэ саналаа давхар хэлье. Гэм буруутай нь тогтоогдож, хариуцлага хүлээлгэсэн асуудал нь насанд хүрээгүй хохирогчид хэрхэн нөлөөлөх вэ? учир нь энэ хэрэг онцлогтой гэж түрүүнд хэлсэн. Иймд давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй. Хүүхдийн байгууллага болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ эрүүгийн хариуцлага дээр уян хатан хандаж шийдвэр гаргах байх гэсэн байр суурьтай байна” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд бас өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Энэ хэрэг маань өөрөө онцлогтой, төрсөн ах, дүү 2 холбогдсон. М.О-ын хувьд сэтгэл санааны үнэхээр асуудалтай байгаа, байнгын уйлдаг. Миний бие энэ хугацаанд нэг удаа утсаар ярьсан, нэг удаа биечлэн уулзсан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ерөөсөө ярьж чадахгүй, байнгын уйлдаг, мөн ахыгаа ийм байдалд оруулсан нь миний буруу гэж өөртөө хамааруулдаг. Бас амиа хорлох оролдлогыг хийхийг оролдсон гэж ээж нь хэлсэн. Тиймээс хүүхдийн хувьд сэтгэл зүйн асар их дарамтад байгаа. Манай байгууллага чиг үүргийнхээ хүрээнд хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөөг утсаар холбогдож өгдөг. Өчигдөр орой хүртэл хүүхэдтэй биечлэн уулзаж зөвлөгөө өгч, амиа хорлох эрсдэлээс хамгаалах зөвлөгөө, мэдээллийг өгсөн байгаа. Шүүгдэгчийн хувьд тухайн хэргийг хийхдээ насанд хүрээгүй байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эргэж хараач ээ, мөн энэ байдал нь эргээд насанд хүрээгүй хохирогчид дарамт болж байна гэдгийг Хүүхдийн байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн хувьд ийм саналтай байна...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч М.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэдий манай ах надад буруу зүйл хийсэн ч гэсэн төрсөн ах, дүү 2 болохоор би ахыгаа тийм муухай газар явуулмааргүй байна. Тэгээд ахыг маань уучлаад өгөөч ээ гэж гуйж байна. Манай ах энэ муухай газар хоригдохоосоо өмнө бид 2 өмнөхөөсөө илүү дотно харилцаатай байсан. Нэг өдөр л ийм муухай газар яваад би эргээд ирнэ гэж бодож байтал агаа маань үлдчихсэн байсан. Тиймээс агаагийн маань ирээдүйг бодоод, миний бас ирээдүйг бодоод агааг маань уучилж өгөөч гэж гуйж байна... ” гэв.

 

Прокурор Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг Улсын Дээд шүүх 2019 оны 254 дүгээр тогтоолоор 18 насанд хүрсэн 21 насанд хүрээгүй хүн бүрийг энэ ойлголтод хамааруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд зааснаар хэрэглэх боломжгүй гэж үзсэн байгаа. Учир нь тухайн шүүгдэгч маань сэтгэхүй, оюун санааны хөгжлийн хувьд насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдийн адил үйлдэл хийж байгаа нь 18 насанд хүрсэн 21 нас хүртэлх хүнийг энэхүү ойлголтод хамааруулан ойлговол зохино. Энэ тохиолдолд ийм байдал нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхыг шаардаж байгаа. Түүнээс бол хүн болгоныг 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үед насанд хүрсэн байвал энэ зохицуулалтыг хэрэглэхгүй гэсэн тайлбар байгаа. Энэ үндэслэлээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг үйлдэж байсан цаг хугацааны хувьд үйлчилж байсан эрүүгийн хуулийг баримтлаад ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Тиймээс давж заалдах гомдол маань хуулийн хүрээнд үндэслэлгүй болчихоод байгаа юм. Иймд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна... ” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч М.Т-ийн үйлдсэн хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.  

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаарх нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж тодруулсан, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан зөрчил тогтоогдохгүйн гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан шаардлагыг хангажээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаад шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар тодруулбал:

 

Шүүгдэгч М.Т 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу төрсөн дүү болох 14 настай М.О-г хүчиндэж, бэлгийн замын халдварт өвчин халдаасан үйл баримт тогтоогдсон байх ба хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Мөрдөгчөөс уг гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн гүйцэд шалгаж, нотолжээ.

 

Хэргийн оролцогчоос холбогдох шинжээчийн дүгнэлтүүдийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүйн гадна шүүгдэгчээс удаа дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдээс шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байна.

 

Хэрвээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болдоггүй учиртай.

 

Тиймээс шүүгдэгч М.Т-ийн гэм буруутай үйлдэл нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тус тус нотлогдож, тогтоогдсон гэж үзнэ.

 

 Мөн шүүгдэгч М.Т-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийн шинжийг бүрэн илэрхийлж байхын зэрэгцээ энэ гэмт хэргийг “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан” гэж үзэх хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа болно.

 

Түүнчлэн шүүгдэгч М.Т-ийн 2019 оны 12 дугаар сарын гэм буруутай үйлдэлд “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр Эрүүгийн хуульд заасныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчилжээ. Гэхдээ гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай. 

 

 Энэ талаар Анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийсний зэрэгцээ хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлтийг шинжлэн судалсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн  гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүчиндэх” гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тодорхойлж, хэргийг зөв зүйлчилжээ.

 

Гэхдээ эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” талаар тусгасан ба Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд  энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.

 

Шүүгдэгч М.Т шийтгэх тогтоол гарах үед 18 нас 5 сартай байсан ба гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 4 сартай буюу арван найман насанд хүрээгүй байсан учир дээр дурдсаны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн шаардлагад нийцэж байгаа болно.

  

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэм бурууг ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон хорих ял оногдуулахыг тэнсэж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болохыг мөн хуулийн  8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах”-д чиглэсэн байх хуулийн шаардлагад нийцүүлж, шүүгдэгчийн “Хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсныг  мөн Дорноговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Дорноговь аймгийн Хүүхдийн хууль зүйн хороо болон шүүгдэгчийн эцэг, эхийн “М.Т-г хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгах, хүмүүжүүлэх хүсэлт” гаргасан зэрэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүгдэгч М.Т-д хорих ял оногдуулахыг тэнсэж, нэг /1/ жил хянан хүмүүжүүлэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Тодруулбал шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгч М.Т-д хорих ял оногдуулахыг тэнсэж, нэг /1/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2, 3,4, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгч М.Т-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, “шүүгдэгч М.Т-д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг Дорноговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Дорноговь аймаг Хүүхдийн хууль зүйн хороо, мөн М.Т-ийн эцэг, эхэд тус тус даалгаж,  шүүгдэгчээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэх” гэж тус тус өөрчлөлт оруулахаар, бусад заалтыг хэвээр үлдээж, энэ үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны 2021/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг

 

“Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д хорих ял оногдуулахыг тэнсэж, нэг /1/ жил хянан хүмүүжүүлэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.” гэж,

 

3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг,

 

“Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2, 3, 4, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн    2.2-т зааснаар “шүүгдэгч М.Т-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, шүүгдэгч М.Т-д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг Дорноговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Дорноговь аймаг Хүүхдийн хууль зүйн хороо болон М.Т-ийн эцэг, эхэд тус тус даалгасугай.” гэж,

 

6 дугаар заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.” гэснийг,

 

“Шүүгдэгч М.Т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н-ийн давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч М.Т 37 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                    Н.БОЛОРМАА