Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00183

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч Б.Ганжуур нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүдрагчаагийн Ганжуурт холбогдох 201722000242 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон Бүдрагчаагийн Ганжуур, 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд 2011 онд Эрүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЭ91062534 дугаартай,

Шүүгдэгч Б.Ганжуур нь 2017 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутагт Суман толгой гэх газарт байрлах иргэн Х.Ууган-Эрдэний эзэмшлийн худгийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч цахилгаан үүсгүүр мотор, цахилгаан хадуур зэрэг эд хөрөнгө хулгайлж 680.000 төгрөгний буюу бага бус  хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэнд холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ганжуур нь 2017 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутагт Суман толгой гэх газарт байрлах иргэн Х.Ууган-Эрдэний эзэмшлийн худгийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч цахилгаан үүсгүүр мотор, цахилгаан хадуур зэрэг эд хөрөнгийг хулгайлж 680.000 төгрөгний буюу бага бус  хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Ганжуурын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "…Би өмнө нь Ууганаагийн худаг руу орж байсан болохоор ямар эд зүйл байгааг нь мэдэж байсан. Мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 5-6, 10-11 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /ХХ-ийн 115-117 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,

Хохирогч Х.Ууган-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Манай аав надруу залгаад худаг дотроос мотор, хадуур хоёр алга болсон талаар хэлсэн...Би алдсан зүйлээ буцаагаад авсан тул одоо надад гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-27 дугаар хуудас/,

Гэрч Н.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Ганжуур манайд ирээд хөдөө хүний машин засаад ирье гээд машинаа өгөөч гээд гуйгаад байхаар нь машинаа өгсөн…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 05 дугаар сарын 11-ний өглөө гэрээсээ гараад худаг дээр очсон чинь худагны хаалганы цоожийг хөшөөд дотор нь байсан мотор, хадуур хоёрыг авсан байсан." гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Би эксэль маркийн 65-29 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй. Би хүнээс худалдаж аваад удаагүй байгаа …" гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар  хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /ХХ-ийн 37 дугаар хуудас/,

Хохирогч Х.Ууган-Эрдэнэ нь шүүгдэгчтэй 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 59 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ганжуурыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201722000242 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж шүүх үнэллээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заажээ. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг  2017 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэхь хэсэгт зааснаар гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг өөрчлөөгүй, ялын дээд хэмжээ нэмэгдсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байна гэж үзлээ.

Хохирогч Х.Ууган-Эрдэнэ нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь урьд 2011 онд Эрүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар / ХХ-ийн 54-58 дугаар хуудас/-аар тогтоогдож байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болсон байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

      Шүүгдэгч Б.Ганжуураас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн машины үнэ 500.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

      Эрүүгийн 201722000242 дугаар хэрэгт битүүмжилсэн 65-29 ХӨА улсын дугаартай hyuindai excel маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож 65-29 ХӨА улсын дугаартай hyuindai excel маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Б.Алтангэрэлд буцаан олгох нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дугуйн дроцов, худгийн хаалганы цүү, цоож зэргийг устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Боржигон Бүдрагчаагийн Ганжуурыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Бүдрагчаагийн Ганжуурыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганжуурт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Ганжуурт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж,  2      /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Б.Ганжуурын тэнсэж хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Б.Ганжуурын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн машины үнэ 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

       7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож,         65-29 ХӨА улсын дугаартай hyuindai excel маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Б.Алтангэрэлд буцаан олгосугай.

       8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, дугуйн дроцов, худгийн хаалганы цүү, цоож зэргийг устгахыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

      9. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганжуурт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР