Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/MA2017/0246

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 30 өдөр                   Дугаар 221/МА2017/0246                          Улаанбаатар хот

        

М.*******гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, М.*******гийн нэхэмжлэлтэй, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг тус тус баримтлан Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.*******г Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны аялал жуулчлал, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 7105735 төгрөгөөс хуульд заасан шимтгэлийг суутган тооцож, үлдэх олговрыг хариуцагч Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Мижиддорж овогтой ******* нь даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас удаа дараа сануулга авч хамгаалалтын захиргааны даргын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, үндсэн цалинг 2 сарын хугацаатай 15 хувиар бууруулсан. 2015 онд ажилласан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр 55.0 буюу F (Хангалтгүй) дүгнүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчиж, ажилдаа хариуцлагагүй хандаж албан үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалаар М.*******г ажлаас чөлөөлсөн.

Иймд нэхэмжлэгч М.******* төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчиж ажилдаа хариуцлагагүй хандаж албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, мэргэжлийн болон ажлын байрны шаардлага хангахгүй байгаа тул Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч М.******* нь “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Маргаан бүхий Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 /удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах/-д заасантай нийцээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд ажлаас халах, уг үндэслэл тус бүр тодорхой байх төдийгүй нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

Гэтэл энэ тохиолдолд хариуцагчийн нэрлэн заасан “М.******* удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлүүд баримтаар тогтоогдсонгүй.

Хариуцагчаас “М.******* үр дүнгийн гэрээнд заасан төлөвлөгөөг биелүүлээгүй, 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлт F буюу хангалтгүй үнэлэгдсэн” гэж маргах боловч үүнийг нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч М.*******гийн 2015 оны үр дүнгийн гэрээ хангалтгүй дүгнэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, хариуцагч нь үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудсыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 6.7-д зааснаар гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болохоор заасан тул хариуцагчаас шүүхэд ирүүлсэн “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээ” гэх хүснэгтийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй.

Мөн хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч М.*******д “2015 оны Байгаль орчны яамны мэдээлэл хийх самбар хийгээгүй, 2015 онд манай хамгаалалтын захиргааг сургалт, сурталчилгааны ажил маш муу хийдэг талаар судалгаа гарсан” гэх үндэслэлээр 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар тушаалаар “цалин бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан атлаа ажлаас халсан үндэслэлээ дахин дээрх зөрчилтэй холбон тайлбарлаж байгаа нь түүний 1 зөрчилд 2 удаа шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн хариуцагч “Сургалт, сурталчилгаа хийгээгүй талаар сум, багийн Засаг дарга нарын мэдээлэл байгаа” гэж тайлбарлах боловч сумын Засаг дарга нараас шүүхэд ирүүлсэн албан бичгүүд цаг хугацааны хувьд маргаан бүхий акт гарснаас хойш ирсэн байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Хариуцагчаас “...М.******* төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчиж, ажилдаа хариуцлагагүй хандаж, ...мэргэжлийн болон ажлын байрны шаардлага хангахгүй байгаа” гэж давж заалдах гомдол гаргасан боловч энэ нь тушаалд заагаагүй шалтгаан, үндэслэл байх тул хүлээн авах боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Гэхдээ шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг бодохдоо тооцооллын алдаа гаргажээ. Тодруулбал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг тооцож үзэхэд 535 445 төгрөг болж байх бөгөөд ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх нийт ажлын 263 хоногийн /535445:21,5=24905х263/ 6 550 015 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгохоор байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 7105735 (долоон сая нэг зуун таван мянга долоон зуун гучин тав) ...” гэснийг “... 6550015 (зургаан сая таван зуун тавин мянга арван тав) ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

 

            ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

 

            ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН