Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 413

 

С.Ө-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар магадлалтай, С.Ө-т холбогдох 1717000310013 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагч С.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Г овогт С-ийн Ө.

С.Ө нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын “Аварга” цайны газрын хажуу талын уулзварт С.Э-ын эзэмшлийн “Стевр” загварын 4904 УБЕ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас А.Ц-гийн жолоодож явсан “Тоёота алион” загварын 2041 УБЧ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч А.Ц-, зорчигч Э.Г- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Э.Г-ын эзэмшлийн 2041 УБЧ дугаартай тээврийн хэрэгсэлд 4.945.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, зам тээврийн осол гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Ө-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Э-оос 7.442.952 төгрөг гаргуулж хохирогч Э.Г-д, 1.781.805 төгрөг гаргуулж хохирогч А.Ц-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч С.Э гаргасан гомдолдоо “…Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дугаар заалт иргэний хууль болон онолын түвшинд буруу үнэлж дүгнэсэн байна. Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэдгээс үзвэл өмчлөгч нь Монроуд ХХК бөгөөд иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй үүнээс үзэхэд захиран зарцуулах эрхтэй улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөгч гэж үзэх бөгөөд тус 49-04 УБИ улсын дугаартай Стевр маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн болохыг шүүхээс үзсэн боловч иргэн С.Э-од гэм хорыг хариуцуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан эзэмшигч, “ашиглагч” гэсэн нэр томьёотой холбон тайлбарлавал энэ тохиолдолд жолоочийг эзэмшигч гэхээсээ илүү “ашиглагч” гэж үзнэ. Иймд тээврийн хэрэгслийг эзэмшилдээ хэсэг хугацаанд авсан хүн бүрийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан эзэмшигч гэж туйлшруулан ойлгох боломжгүй юм. Мөн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн эзэмшигчийн хариуцлагыг зааснаас үзэхэд тээврийн хэрэгсэл бодитой хяналтдаа байлгах боломжгүй бол эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүхээс С.Э-од Стевр маркийн 49-04 УБЕ улсын дугаартай автомашин түүний эзэмшилд шилжсэн тул үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх үүсэж, өмнөх өмчлөгч Монроуд ХХК-ны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж байгаа нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2 “Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрх болон мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасны дагуу эрх бүхий бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөгч буюу эзэмших эрх үүсэх байхад анхан, давж заалдах шатны шүүхээс хууль ёсны эзэмшигчийг тогтоолгүй гагцхүү бусдад гэм хорыг хариуцуулж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд С.Ө-т холбогдох хэргийн С.Э-од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Иргэний хариуцагчаас гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хариуцагч С.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн С.Ө-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч С.Ө- нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед С.Э-ын эзэмшлийн “Стевр” загварын 4904 УБЕ дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасныг зөрчиж А.Ц-гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж жолооч А.Ц- болон зорчигч Э.Г- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Э.Г-ын тээврийн хэрэгсэлд 4.945.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч С.Ө-ийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэсэн үндэслэлийн дагуу Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүргийг хуулиар хүлээсэн С.Э-ыг иргэний хариуцагчаар татаж, 7.442.952 төгрөг гаргуулан хохирогч Э.Г-д, 1.781.805 төгрөг гаргуулан хохирогч А.Ц-д нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч С.Э-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, иргэний хариуцагч С.Э-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

            ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН