Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/01671

 

 

 

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/01671

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А 

Хариуцагч: Б.Х нарт холбогдох,

Үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 120,000 төгрөг, алданги 1,560,000 төгрөг, эрх зүйн туслалцаа авсны 500,000 төгрөг, нийт 5,180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017.01.30-ны өдөр Б.Ариунцацрал, Б.Борхүүхэн нартай зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлж зээлийн гэрээний үүрэгт Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 133 тоот хаягт байрлах Б.Борхүүхэний өмч 700 м.кв газрыг барьцаалж барьцаат зээлийн гэрээ байгуулсан билээ.

Зээлийн гэрээний 2.6-д хэрэв зээлээ хугацаандаа төлөөгүй бол алданги төлөхөөр тохиролцсон ба гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч нар 600,000 төгрөгийн хүү төлсөн байна.

Иймд үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 120,000 төгрөг, алданги 1,560,000 төгрөг, эрх зүйн туслалцаа авсан 500,000 төгрөг, нийт 5,180,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ариунцацрал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие *******гаас 3,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Гэхдээ миний бие зээлсэн мөнгөнөөс нийт 1,500,000 орчим төгрөгийг бэлнээр болон дансаар хийсэн. Иймд нэхэмжилсэн 5,180,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Миний бие жижиг бизнес эрхэлдэг байсан боловч бизнес дампуурч лангуугаа татан буулгасан тул одоогоор төлөх боломжгүй болсон.

Миний бие зээлсэн мөнгөө төлөхгүй гэж маргахгүй. Гагцхүү үндэслэлгүйгээр нэмж мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Миний ээж Б.Борхүүхэн нэг удаа 250,000 төгрөг бэлнээр өгч байсан.

Иймд миний өгсөн мөнгийг шударгаар хүлээн зөвшөөрөх байх гэж итгэж байна. Мөн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн тул хэргийг үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.Ариунцацрал, Б.Борхүүхэн нарт холбогдуулан, үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 120,000 төгрөг, алданги 1,560,000 төгрөг, эрх зүйн туслалцаа авсны 500,000 төгрөг, нийт 5,180,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдсэнийг нь эс зөвсөөрсөн агуулгатай тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Талууд 2017 оны 01 сарын 30-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* нь зээлдэгч Б.Ариунцацрал, Б.Борхүүхэн нарт 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай нэг сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.Борхүүхэний өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Ойчид 1 гудамж, 133 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газрыг барьцаалан авсан байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан иргэд хоорондын Зээлийн гэрээний харилцаа болон 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч талаас барьцаа хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир шүүх зээлийн гэрээний харилцааг дүгнэсэн болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч ******* нь зээлдэгч Б.Ариунцацрал, Б.Борхүүхэн нарын өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч Б.Ариунцацрал, Б.Борхүүхэн нар шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тооны мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөн зээлийн гэрээгээр талууд хүү, алданги хэлэлцэн тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус нийцэж байна.

Хариуцагч Б.Ариунцацрал нь зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг хүлээн авсан болохоо зөвшөөрдөг ба зээлийн гэрээний үүрэгт нийт 1,750,000 төгрөгийг өгсөн хэмээн тайлбарладаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлийг өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт нийт 1,750,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн болохоо баримтаар нотлоогүй учир 600,000 төгрөг авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлтэй гэж үзэв.

Зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Ариунцацрал, Б.Борхүүхэн нарын хүлээх үүрэг нь үндсэн зээл 3,000,000 төгрөг + 3 сарын зээлийн хүү 720,000 төгрөг, нийт 3,720,000 төгрөг болж байна.

Өмнө дурдсан 600,000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа авсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу уг төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д зааснаар хүүгээс анз буюу алданги тооцохгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 2,400,000 төгрөгөөс хууль болон гэрээнд заасан алдангийг тооцох нь зүйтэй.

Ийнхүү тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хязгаарыг давж байх тул алдангийг хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй тогтоох үндэслэлтэй.

Иймд хариуцагч нарын зээлийн гэрээний дагуу хүлээх үүрэг нь үндсэн зээл 2,400,000 төгрөг, зээлийн хүү 720,000 төгрөг, алданги 1,200,000 төгрөг, нийт 4,320,000 төгрөг болох тооцоо гарч байна.

Эрх зүйн туслалцаа авахад гарсан зардал гэх 500,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгчийн өөрийнх нь сонголт байх тул холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.2-т зааснаар хариуцагч Б.Ариунцацрал, Б.Борхүүхэн нар хэргийн материалтай танилцах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн материалтай танилцуулах үүргийг хүлээхгүй бөгөөд хариуцагч нар энэхүү эрхээ хэрэгжүүлэх эсэх нь тэдгээрийн хүсэл зоригийн асуудал болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.6-д тус тус зааснаар хариуцагч Б.Ариунцацрал, Б.Борхүүхэн нараас 4,320,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 860,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,830 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Ариунцацрал, Б.Борхүүхэн нараас улсын тэмдэгтийн хураамж 84,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР