| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 194/2025/0601/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/710 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Марал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/710
2025 03 18 2025/ШЦТ/710
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
улсын яллагч А.Марал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт З.Б эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2511 00199 0161 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Үүнд: Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1049 дугаартай шийтгэвэр /хх-ийн 12-15/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа И.Шагдарсүрэнгийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 17-18/, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 06 цаг 30 минутад саатуулагдсан иргэн З.Б /РД:..../-г драйгер багажаар үлээлгэж шалгуулсныг баримтжуулсан зураг гэх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 20-21/, шүүгдэгч З.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 35/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 7/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 11/,
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/,
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 44 дугаартай “Тус хорооны .... тоотод түр оршин суугч З.Б нь охин Б.Е /..../, Б.А /.../ нарын хамт өрх толгойлон амьдардаг аав болно..” гэх тодорхойлолт /хх-ийн 42/,
Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “Шүүгдэгч З.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч З.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч З.Б нь өмнө 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 06 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн замд Тоёота приус маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1049 дугаартай шийтгэвэр /хх-ийн 12-15/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа И.Шагдарсүрэнгийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “...Би урд шөнө 12 цаг хүртэл найзын хамт архи уусан... Таны согтуурлын зэрэг 0,91%-ийн согтолттой гарсан байна гээд согтуурал шалгасан багажийн заалтыг харуулахад хүлээн зөвшөөрснөөр бичлэг дууссан...” гэх тэмдэглэл /хх-ийн 17-18/, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 06 цаг 30 минутад саатуулагдсан иргэн З.Б /РД:..../-г драйгер багажаар үлээлгэж шалгуулсныг баримтжуулсан зураг гэх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 20-21/, шүүгдэгч З.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Явах замдаа Бүрдийн тойргийн ойролцоо 06 цаг 30 минутын орчимд байж байтал цагдаа хяналт шалгалт хийж байсан. Тэгээд намайг зогсоон тандагч багажаар үлээлгэн шалгахад улаан гэрэл асаж байсан бөгөөд драйгер багажаар үлээлгэн шалгахад 0,91 хувийн согтолттой байсан. Улмаар миний машиныг журмын хашаа руу шилжүүлж намайг Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэс рүү авч явсан... 2024 оны 12 дугаар сарын 23-ны орой уусан байсан. Цагдаа намайг драйгер багажаар шалгахад 0,91% согтолттой байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 35/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч З.Б нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1049 дугаартай шийтгэврээр 2,46 хувийн согтолтын зэрэгтэй буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь хэрэгт авагдсан шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 12-15/
Шүүгдэгч З.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 06 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн замд Тоёота приус маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар /0,91%/ жолоодож, замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, дээрх үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч З.Б ийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч З.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч З.Б эд Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэх дүгнэлтийг,
шүүгдэгч “хэлэх зүйлгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч З.Б эд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч З.Б эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч З.Б эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б эд оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Б эд мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч З.Б эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б эд оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Б эд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч З.Б эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл З.Б эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО