Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00184

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  Ш.Эрдэнэцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийж

Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дагвадоржид холбогдох  201714000255 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч Ц.Идэрмөнх, хохирогч С.Батжаргал, шүүгдэгч Б.Дагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-2 эхнэрийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 70-06 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Өндөрнөр овгийн Батмөнхийн Дагвадорж. / РФ 76090175/

Холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Дагвадорж нь 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэр “Энх” төвийн урд талын засмал зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 26-16 УНҮ  улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж эсрэг урсгалд орж С.Батжаргалын жолоодож явсан 10-85 ОРО улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөж зам тээврийн осол гарган, осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд : 1.

Шүүгдэгч Б.Дагвадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би зугтах нь зугтсан. Тэр үедээ мэдэж байсан. Толгойноос цус гарчихсан болохоор нь яваад өгчихсөн юм. Тэгээд Шандаас доошоо уруудаж явж байгаад цагдаад баригдсан. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, би зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Согтуу байсан нь үнэн. Би хохирол 2 100 000 төгрөг төлсөн гэв.

Хохирогч С.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Энх төвийн тэнд явж байхад өөдөөс гэрлээ асаасан машин урсгал сөрөөд яваад байхаар нь би хурдаа багасгаад зогсооход урдаас ирээд миний машины урд хэсэг рүү мөргөчихөөд зугтаах гээд машинаа ухраахаар нь би машинаасаа  буугаад тэр жолоочийг татаж буулгасан. Тухайн үед жолоочоос маш их архи үнэртэж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгч байтал энэ жолооч зугтаасан. Миний машины урд хэсэгт гэмтэл учирсан.  Би хохирол 2 100 000 төгрөг авсан одоо нэхэмжлэх зүйлгүй гэв.

Гэрч О.Тамирбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад 7035102 дугаараас Шанд багийн 17 дугаар сургуулийн урд талын засмал зам дээр 2 машин мөргөлдсөн байна гэх дуудлагын дагуу очиход зам дээр саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Би уг тээврийн хэрэгслийн жолооч Батжаргал гэдэг хүнээс болсон явдлын талаар асуухад 26-16 УНҮ улсын дугаартай Приус 10 маркийн тээврийн хэрэгсэл урдаас ирж мөргөчихөөд цагдаад дуудлага өгч байх хооронд зугтчихлаа жолооч нь согтуу байсан гэсэн. Орой 21 цагийн үед Яргуйт багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж явахад Эрдэнэс хүнсний дэлгүүрийн харалдаа гудамжны хажууд 26-16 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь очиж шалгахад Дагвадорж гэдэг хүн уг тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдсон. Дагвадоржийн согтолтын зэргийг тогтоох зорилгоор драгер үлээлгэж шалгахад 0.87 хувийн согтолттой байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 тал/

Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /4-7 тал/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис  хэрэглэсэн эсэхийг  шалгасан тэмдэглэл, баримт /хх-ийн 15-16 тал/

Тоёота приус загварын 10-85 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зураг /хх-ийн 19-21 тал/

 Тоёота приус загварын 16-26 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зураг /хх-ийн 23-25 тал/

Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 285 дугаартай ...С.Батжаргалын биед тархи доргилт үүсчээ. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх-ийн 38 тал/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээний тайлан 2 060 000 төгрөгөөр 10-85 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл үнэлэгдсэн тухай /хх-ийн 46-49 тал/

Шинжээчдийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 74 дугаартай: 1. Тус газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн хошууч Б.Батцэнгэлийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

26-16 УНҮ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Дагвадорж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дуьдсан үүрэг хүлээнэ.

2.5а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба осолын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх.

2.5б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгсэлийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх.

2.5в. Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх.

-2.7. Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно.

2.7а. Согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт зөрчсөн. Тээврийн хэрэгсэл байрлан явах.

8.2. Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

3. 10-85 ОРО улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Батжаргал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

4. 26-16 УНҮ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Дагвадорж нь зам тээврийн осол гаргах үедээ 0.87 хувийн согтолттой нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а. Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт зөрчсөн байна.

5. 26-16 УНҮ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Дагвадорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5а, 2.5б, 2.5в, 2.7а, 8.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт /хх-ийн 54 тал/

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргийг судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой байх тул шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Давгадорж нь 2017 оны  03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энх” төвийн урд талын зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 26-16 УНҮ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.2.5а.Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх. 2.5б. Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх. 2.5в.Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгуулагад / ажилтан / мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх. 2.7.Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. 2.7а. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. 8 дугаар бүлэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2.Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эсрэг урсгалд орж хохирогч С.Батжаргалын жолоодож явсан 10-85 ОРО улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч С.Батжаргал, гэрч О.Тамирбат нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Давгадорж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн бөгөөд түүнд Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орихж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Гэвч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж, мөн хуулийн 27.11 дүгээр  зүйлийн 1.д Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. 2002 оны Эрүүгийн хуулийн 216.2.д заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу ямар нэг хохирол учирсан байхыг шаарддаггүй байсан бол 2017 оны 07 дугаар сарын 01-нээс үйлчилж эхэлсэн эрүүгийн хуулийн заалт материаллаг бүрэлдхүүнийг шаардаж, ямар нэгэн хохирол учирсан буюу 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна.  Иймд улсын яллагчийн шинээр мөрдөж байгаа эрүүгийн хуулиар шүүгдэгч Б.Дагвадоржийн үйлдэл нь гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу хэрвээ тухайн үед хохирогч С.Батжаргалд хүндэвтэр гэмтэл учирч, их болон үлэмж хэмжээний хохирол учирсан бол эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэх байсан. Харин хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан тул 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулиар 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдээгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх журам буюу одоо үйлчилж байгаа хуулийг өмнөх цаг хугацаанд үйлчлэхээр хуульчилсан заалтыг хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй болсон учир ял оногдуулах боломжгүй байна гэсэн улсын яллагчийн санал үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Давгадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1,5,8 дахь хэсэг, 36.2,36.6,36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь :

 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5.д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэрэгт тооцохгүй орхиж, Өндөрнөр овгийн Батмөнхийн Давгадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.

3. Шүүгдэгч Б.Дагвадоржид урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчинтөгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.