Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/314

 

Б.Пүрэвдоржид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Л.Галав,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/1596 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Батболдын бичсэн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 1906 07275 2081 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хар тугчин овгийн Баттөрийн Пүрэвдорж, 1994 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар гудамж, 84-2145 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  /РД:УК94100630/;

 

Б.Пүрэвдорж нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар гудамжны 84-2145 тоот гэртээ өөрийн эцэг Л.Баттөртэй маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний зүүн даланд хутгалж, зүүн даланд хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Б.Пүрэвдоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хар тугчин овогт Баттөрийн Пүрэвдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, Б.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлж, Б.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Пүрэвдоржийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хартугчин овгийн Баттөрийн Пүрэвдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн нь ойлгомжгүй байна. Мөн шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдлыг тусгана гэж хуульчлан заасан. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн бичилтээс үзэхэд шүүгдэгч нь хэзээ, хаана, ямар гэмт хэргийг хэрхэн, яаж үйлдсэн болохыг тусгаагүй нь учир дутагдалтай болжээ. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор Л.Галав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1596 дугаартай шийтгэх тогтоолыг 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсан. Эсэргүүцэл бичиж байгаа гол үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй байна. Зүйлчлэлийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтаар тохирсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон. Эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

 

Прокуророос Б.Пүрэвдоржийг “Өөрийн эцэг Л.Баттөртэй маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний зүүн даланд хутгалж, эрүүл мэндэд нь зүүн даланд хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчид дээрх зүйл хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т зааснаар ялаас чөлөөлөх саналыг гаргаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар Б.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлөхдөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт” гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагагыг хангаагүй байна.

 

Учир нь, анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “...Баянгол дүүргийн Прокурорын газраас Б.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон..” гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Б.Пүрэвдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвдоржид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж бичсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Хэрэв Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ талаар дүгнэлтийг мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тодорхой, ойлгомжтой” байх шалгуурыг хангасан байдлаар, 36.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан шаардлагын дагуу бүрэн бичиж, дүгнэх шаардлагатай байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж...” буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эрх хэмжээг давж заалдах шатны шүүхэд хуулиар олгосон тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Пүрэвдоржийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжээр гэм буруутайд тооцсоныг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж хүндрүүлэн өөрчлөх боломжгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулгаар бичсэн дээд шатны прокурор Ц.Батболдын 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/1596 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/1596 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Пүрэвдоржид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Пүрэвдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                               

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ