| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/0054/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/64 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох ........... тоот эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1.............................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******ы ........ тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.*******ийг зодож, биед цээжний зүүн талд 4, 5, 6-р хавирганд хугарал дал, хэвлий, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.*******г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай гадна хаалга эвдрэхэд солиод, яндан хөөлөх ёстой байсан. Тэгээд хүн гуйж гэртээ авч очихдоо 0.75 граммын архи авч ирээд уугаад юмаа хийсэн. Тэгээд орой дуусахад эхнэр ирсэн. Би орон дээрээ унтсан. Тэгээд ийм зүйл болсон байсан. Би санахгүй байгаа гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 01 дүгээр сарын 12-ны орой 18 цагийн үед гэртээ ирсэн чинь манай нөхөр ******* 1 шил 0.75 граммын архи уучихсан согтуу байсан. Тэгээд би гэрийн хаалгаа солиулах гээд хаалга захиалсан байсан чинь тэр ирээд хаалгаа солиулчхаад гэрээ цэвэрлэчхээд 22 цагийн үед орондоо орсон. Манай нөхөр 19 цагийн үед орондоо орсон. Тэгээд 23 цагийн үед би босоод галаа нэмэх гэсэн чинь нүүрс байхгүй байхаар нь нөхөр *******д хэлээд нүүрс байхгүй байна гээд бид 2 маргалдсан тэгээд над руу таавчиг аваад шидсэн чинь намайг оноод газар унасан. Тэгээд би зөрүүлээд нөгөө таавчигийг аваад шидсэн чинь оноогүй тэгсэн чинь ******* над дээр ирээд миний үснээс зулгааж миний цээж рүү нэг удаа хөл нүцгэн хөлөөрөө өшиглөөд үснээс зулгааж гэрийн үүдээр чирж гаргаад үүдээ хаасан. Тэгээд би босох гэсэн чинь босож чадахгүй байхаар нь хашхирсан чинь манай хүү хажуу гэрээсээ гарч ирээд намайг босож чадахгүй байхаар нь эмнэлэг аваад явсан, эмнэлэгт очоод үзүүлчихээд буцаад хүүгийнхээ гэрт байж байгаад манай бэр цагдаад өргөдөл өгсөн байсан. ******* бид хоёр гэр бүл болоод 43 жил болж байна, дундаасаа 1 хүүтэй, гэр бүлээ батлуулаад 30 гаруй жил болж байна. Манай бага хүү манай хажууд амьдардаг.. Нүцгэн хөлөөрөө нэг удаа өшиглөж гэмтэл учруулсан. Миний зүүн талын 2 хавирга цуурсан байна гэж эмч хэлсэн. Би эмчид үзүүлсэн... Би Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж байна. Одоогоор үнэгүй эмчилгээ хийлгэж байна. Би сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлага байхгүй. Надад санал хүсэлт гомдол байхгүй. Энэ хүнтэй 43 жил хамт байгаа юм. Энэ хүнд хөнгөн ял оноож өгөхийг л хүсэж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. /хавтаст хэргийн 12, 14 дэх тал/,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.*******ийн “...Манай нөхөр 19 цагийн үед орондоо орсон. Тэгээд 23 цагийн үед би босоод галаа нэмэх гэсэн чинь нүүрс байхгүй байхаар нь нөхөр *******д хэлээд нүүрс байхгүй байна гээд бид 2 маргалдсан тэгээд над руу таавчиг аваад шидсэн чинь намайг оноод газар унасан. Тэгээд би зөрүүлээд нөгөө таавчигийг аваад шидсэн чинь оноогүй тэгсэн чинь ******* над дээр ирээд миний үснээс зулгааж миний цээж рүү нэг удаа хөл нүцгэн хөлөөрөө өшиглөөд үснээс зулгааж гэрийн үүдээр чирж гаргаад үүдээ хаасан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 12, 14 дэх тал/,
гэрч Э.*******ы “...Сүүлдээ хэд хоногоос хавирга өвдөөд байна гэж хэлээд эмнэлэгт үзүүлсэн чинь хавирга нь гэмтсэн байна гэж хэлсэн...Аав ******* өмнө нь ээж *******ийн эрх чөлөөнд халдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
гэрч Б.*******ын “...2025 оны 01 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн үед намайг гэртээ эхнэртэйгээ унтаж байхад хажуу байшинд маргалдах чимээ сонсогдсон. Тэгээд би хувцсаа өмсөөд аав ээжийн гэр рүү ортол манай ээж гэрийнхээ хувцастайгаа аавтай маргалдаад аав руу юм авч шидэж байгаа харагдсан. Оносон үгүйг санахгүй байна манай аав орон дээрээ шалдан согтуу сууж байсан. Тэгээд би ээжийгээ аваад гэртээ оруулаад ор засаж өгөөд хэвтүүлэх гэсэн чинь манай ээж цээж хэсэг рүүгээ заагаад энд өвдөөд байна гэж хэлэхээр нь түргэн дуудсан чинь бид нарыг өөрсдөө ир гээд бид эмнэлэг орсон чинь манай ээжид тариа хийж өгөөд гэр рүүгээ ирсэн. Маргааш өглөө нь эмнэлэг орсон чинь цээжний зураг авахуулаад хэвтэж эмчлүүлэхээр биш байна гээд гэр рүү нь буцаасан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн .. дугаартай шинжээчийн “Л.*******ийн биед цээжний зүүн талд 4, 5, 6-р хавирганд хугарал, дал, хэвлий, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Л.*******ийн биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Г.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.*******ийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн .......дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/-ээр хүндэвтэр хохирол болох нь тогтоогдсон.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.
Иймд шүүгдэгч Г.*******гийн хохирогч Л.*******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл болно.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.******* нь мөрдөн байцаалтын шатанд “...Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, бүсийг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр хязгаарлах тухай санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү гэх санал, дүгнэлтийг,
Шүүгдэгч нь торгох ял шийтгэлийг онолдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан.
Шүүх шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан тул шүүгдэгч Г.*******д оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор барагдуулахаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.******* шүүхээс оногдуулсан торгох дээрх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.******* нь шүүгдэгч Г.*******гээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, хохирлын талаар маргаагүй гэсэн болохыг дурдав.
Шүүгдэгч Г.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Г.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.******* нь шүүгдэгч Г.*******гээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, хохирлын талаар маргаагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Г.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ