| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2020/00155/И |
| Дугаар | 156/ШШ2020/00303 |
| Огноо | 2020-04-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 156/ШШ2020/00303
| 2020 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 156/ШШ2020/00303 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00155/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Айраг сумын ... дүгээр баг, ......... тоотод оршин суух, О Б (РД: ......)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг, .......... тоотод оршин суух, А А (РД: )-д холбогдох,
"насанд хүрээгүй А.Г эцэг мөн болохыг тогтоолгож, өөрийнхөө асрамжид авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:...Би А.А 2013 оноос хамтран амьдарч эхэлсэн. А нь өмнө нь 2 настай хүүтэй, гэр бүлийн баталгаатай байсан. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр охин Г төрсөн. Тухайн үед А шилжиж ирээгүй байсан тул хадам ээж С Хэнтий аймгаас охины гэрчилгээг авахдаа А овоглосон байсан.
2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хоёр дахь охин М төрсөн. А.А нь 2016 оны сүүлээр бага охиноо аваад, том охиноо үлдээгээд ээж дээрээ очоод ирнэ гэж яваад эргэж ирээгүй. Хойноос нь хичнээн хөөцөлдсөн ч ирэхийг хүсээгүй, өөр хүнтэй амьдарч дахин хүүхэд төрүүлсэн гэж сонссон.
Том охин Г маань .. нас гаруйтай үлдэж, түүнээс хойш 76 настай ээж, охин, бид гурвуулаа хөдөө амьдарч 3 жил болсон. Ээж маань 2019 оны 5 дугаар сард нас барсан.
Би өөрөө тархины хүнд хагалгаанд орж грүппэд байдаг. Одоо охин бид хоёр ах, эгч нараа түшиглэн Айраг суманд ирж амьдарч байна.
А.А бид хоёр цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул О.Б намайг Г охины эцэг болохыг тогтоож, А бид хоёрын дундаасаа хоёр охинтой бөгөөд том охин Г эцэг Б миний асрамжид, бага охин М ээж А асрамжид байлгахаар, тус тус тогтоож өгнө үү.
Ганзаяа охин маань энэ 2020 оны 9 дүгээр сард сургуульд орох тул бичиг баримттай болох, цэгцлэх чухал шаардлага үүсээд байгаа болно... (хх-ийн 1-2 тал)
Нэхэмжлэгч О.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:... Би Дорноговь аймагт амьдардаг тул шүүх хуралд очих боломжгүй байна.
Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү... (хх-ийн 22 тал)
Хариуцагч А.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Би О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж авлаа.
Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид 2013 онд танилцаад 2014 онд охин Г төрсөн. 2015 онд охин М төрсөн. Бид 2016 онд салсан. Охин М миний асрамжид байдаг. Охин Г нь Б асрамжид байгаа.
Иймд охин Г О.Б асрамжид үлдээх хүсэлтэй байна.
Энэ хэрэгт маргаангүй тул нэмж гаргах нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй. Би хөдөө ажилтай байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна.
Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү... (хх-ийн 17 тал)
Хариуцагч А.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:... Би хөдөө явах ажилтай тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү... (хх-ийн 23 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч А.А холбогдуулж, насанд хүрээгүй А.Г эцэг мөн болохыг тогтоолгож, өөрийнхөө асрамжид үлдээх-ээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч О.Б, хариуцагч А.А нар нь 2013 онд танилцаж, улмаар эр, эмийн харьцаатай байж, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр охин А.Г төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 17 тал) хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 9 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй охин А.Г нь эцэг О.Б асрамжид байдаг болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар, (хх-ийн 1, 17 тал) Дорноговь аймаг Айраг сумын 4 дүгээр багийн Засаг дарга Г тодорхойлолт, (хх-ийн 4 тал) Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багийн Засаг дарга А.П тодорхойлолт, (хх-ийн 6 тал) Дорноговь аймгийн Айраг сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцтэтгэгч Г.Ө тодорхойлолт, (хх-ийн 7 тал) ... зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т зааснаар 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр охин А.Г эцэг нь нэхэмжлэгч О.Б мөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар, (хх-ийн 1, 17 тал) Дорноговь аймаг Айраг сумын 4 дүгээр багийн Засаг дарга Г тодорхойлолт, (хх-ийн 4 тал) Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багийн Засаг дарга А.П тодорхойлолт, (хх-ийн 6 тал) Дорноговь аймгийн Айраг сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцтэтгэгч Г.Ө тодорхойлолт, (хх-ийн 7 тал) ... зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд зохигчдын хооронд хүүхдийн эцэг мөн болох, асрамжийн талаар маргаангүй байна гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид нь шүүх хуралдаанд оролцохгүй гэж хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д зааснаар тэднийг оролцуулахгүйгээр хэргийг шийдэв. (хх-ийн 17, 22, 23)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан насанд хүрээгүй, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, охин А.Г төрсөн эцэг нь ........... регистрийн дугаартай, И овогт О Б мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин Б.Г эцэг О.Б асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.А 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Ц даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ