Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 129/ШШ2021/00438

 

 

 

 

 

 

 

 

 

129/ШШ2021/00438

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С овогт Б.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: О овогт Л.Ц-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөнөөс өөрт болон 2 хүүхэддээ оногдох хэсэг болох 27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2005 онд Л.Ц-тай танилцаж, 2009 оноос хамт амьдраад 2010 онд гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон. Бидний дундаас 2010 оны 06 сарын 08-ны өдөр том хүү Л.Ж, 2014 оны 08 сарын 27-ны өдөр бага хүү Л.Б нар төрсөн. Л.Ц нь архи уух дуртай, уухаараа байнгын агсан согтуу тавьж, надад гар хүрдэг байсан. Эхэндээ тэвчиж, сүүлдээ аав, ээжид нь хэлэхээр тэднийхээ үгийг тоодоггүй байсан учраас цагдаагийн байгууллагад ханддаг болсон. Архинаас гаргах эмчилгээ хүртэл хийлгэж, 2 хүүхдээ бодоод хангалттай тэвчсэн. Хамгийн сүүлд 2019 оны 11 сарын 17-ны өдөр би бүтэн өдөржин, шөнөжин зодуулж, маргааш өглөө нь цагдаад хандсан. Улмаар хариуцагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Зөрчлийн туахй хуулийн дагуу 14 хоногоор баривчлагдаж байсан. Тухайн үед учирсан олон бэртэл гэмтлийг Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн. Одоо ч тархи толгой өвддөг, айж цочиж айдсын байдлаасаа бүрэн гарахад хэцүү байдаг. Энэ хүний гарт амь насаа алдахгүйн тулд 2 хүүхдээ аваад өөрийн аав, ээж дээрээ очсон бөгөөд хариуцагчаас тусдаа амьдраад 2 жил болж байна. Л.Ц нь хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлээ анхаардаггүй байсан. Өөрийн нэр дээр байдаг малнаасаа нууцаар байнга зарж, худалдаж авсан хүмүүс нь малаа авах гээд ирэхээр нь л би мэддэг байсан. Өвөл зарсан малыг хавар зун, намар зарсан малыг өвлийн идэшнээр мэддэг байсан, зарсан малын мөнгө гэж нэг төгрөг ч гэр бүлийн амьдралд орж ирж байгаагүй. 8 сард бага хүүгээ төрүүлэх гээд Архангй аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөд архи уугаад шөл цай ч байхгүй эмнэлэгт 4, 5 хонож байсан. Эмнэлгээс гараад гэрлүүгээ явахын тулд хүн гуйж машинаа бариулсан, энэ мэт гомдол цөхөрлийг тээсээр 2 хүүгээ бодож олон шөнийг нулимстай өнгөрөөж өглөө босоод юу ч болоогүй мэт ажилдаа явчихаад орой ажил тараад гэрлүү гунигтай, айдастай алхдаг байсан үеээ бодоход одоо ч гэсэн сэтгэл шимширч нулимс гарах ийм л хүчирхийлэлтэй айдастай амьдралыг туулсан. Тусдаа амьдарснаас хойш 2 хүүхдээ нэг ч удаа анхаарч байгаагүй. Эцэг хүнийхээ хувьд Л.Ц нь хоёр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, мөн хуулийн 38 дугаар зүлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан. Миний бие хамтын амьдралаа сайн сайхан авч явахын төлөө өдөр бүр хичээн тасралтгүй 11 жил Архангай аймгийн Чулуут сумын сургуульд ажилласан. Биднийг гэр бүл болоход аав, ээжүүд маань таван ханатай гэр, 5 тугалтай үнээ, 2 унагатай гүү, 2 морь, 30 гаруй хонь, ямаа өгч байсан бөгөөд одоо тухайн хөрөнгө нь Архангай аймгийн Чулуут суманд байгаа. 2010 оноос хойш цалингийн зээлээр сумын төвд газар авч, 2014 онд хувийн сууц /байшин/ барьсан бөгөөд 2013 онд Nissan sunny маркийн тээврийн хэрэгсэл авсан. Мөн цалингийн зээлээр 2 мотоцикль, 3 машин, байшингийн хажууд 3:7 харьцаатай амбаар барьсан. 2013 онд Л.Ц нь архи ууж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осолд орж, машинаа эвдэж, тухайн хохирлын зардалд миний бие 2,500,000 төгрөг, мөн миний 5 болон 10 жилийн тэтгэмжийн мөнгөнөөс 3,000,000 төгрөгөөр 2018 онд байшингийн засвар, үйчилгээг хийж байсан. Цалингийн зээлээ 10 жилийн турш ганцаараа төлж, 2021 оны 05 сарын 02-ны өдөр дууссан. Гэтэл хариуцагч нь миний цалингийн зээлээр авсан бүх хөрөнгийг дур мэдэн бусдад худалдсаныг саяхан мэдсэн. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-д Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна гээд, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж тус тус заасан, хариуцагчийн худалдсан газар, байшин, тээврийн хэрэгсэл нь биднийг гэр бүл болсноос хойш бий болж, миний бие бүх төлбөрийг нь зээл авч төлж байсан учир гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Архангай аймгийн Чулуут суманд байх Л.Ц-н нэр дээрх хашаа, байшинг 30.000.000 төгрөг, мөн түүний дээрх тээврийн хэрэгсэл 6.000.000 төгрөг нийт 36.000.000 төгрөгөөр үнэлж байгаа. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүдээ ногдох хэсэг /1 хүнд ногдох 9.000.000 төгрөг, 3х9.000.000 төгрөг =27.000.000 төгрөгийг гаргуулна. Л.Ц-ыг архинаас гаргаж 2 хүүхдээ бодоод элэг бүтэн хамт амьдрах гэж миний хувьд зөндөө хичээж байсан. Л.Ц байнга архи уудаг, худлаа ярьдаг. Аймаг явахаараа олон хоногоор явж, хаана байгаа нь мэдэгддэггүй, утсаа авдаггүй байсан. Өмнөх хурал дээр аав ээж нь ирсэн байсан. Би хоёр хүүхдэд телевиз, хивсийг явуулаач, хоёр хүүхэд теле хичээл үзэхэд хэцүү байна гэж хэлэхэд явуулъя гэж хэлснээ, дараа нь ярьсан чинь энэ хүн чинь хоосон хоцрох гээд байна. Энэ чинь бас хүн юм байгаа биз дээ, өгөхгүй гэж хэлж байсан. 5 хоногийн өмнө ярихад аав нь 5 ханатай гэрээ, гэр дотор байсан бүх юм, хивс, телевиз зэргээ аваад аймаг руу явсан гэж хэлсэн. Надад юу ч хэлэлгүйгээр хашаа байшинг 18,000,000 төгрөгөөр зараад 8,000,000 төгрөгөөр нь өөрөө машин авч унаад, 10,000,000 төгрөгийг нь аав ээжийнхээ дансанд хийсэн байсан. Тэрийг нь надад Чулуут сумаас хүн хэлсэн. Тэгээд би Л.Ц руу залгахад утсаа авахгүй байхаар нь аав ээж рүү нь залгаад хашаа байшингаа зарсан юм шиг байна, надад хүн тэгж хэлж байна гэж хэлэхэд өө тийм үү, тийм юм шиг байна лээ гэж хэлж байсан. Тэгсэн өөрсдийнх нь данс руу 10,000,000 төгрөгийг нь хийсэн байсан. Би тухайн худалдаж авсан хүнд нь наадах чинь миний юм, худлаа гэвэл би нотолно. Би цалингийн зээлээрээ барьж байсан миний юм. Хүний эд хөрөнгийг худалдсан, худалдан борлуулсан хэн бүхэн буруутай байх. Би эсхүл шүүхэд хандана гэж хэлсэн чинь худалдаж авсан хүн нь наймаагаа буцаасан. Буцаахдаа би чамд хэлэлгүй буруу зүйл болжээ, уучлаарай. Л.Ц өөрөө 8,000,000 төгрөгийг нь аваад 10,000,000 төгрөгийг аав ээжийнх нь данс руу шилжүүлсэн гэж хэлж байсан. Аав ээж нь мэдээгүй юм шиг ярьж байсан. Ер нь бол бид гурвыг хайхардаггүй. Архангай аймгийн зар дээр машиныхаа зургийг тавиад утсаа бичээд ямар ч асуудалгүй машин үнэ тохирч зарна гээд тавьсан байсан. Гэтэл сая сэлбэгэнд 170,000 төгрөгөнд өгсөн гэж хэлж байна. Би шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш хашаа байшин болон автомашины үнэлгээг гаргуулсан байгаа. Иймд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон 2 хүүхэддээ оногдох хэсэг болох 27,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэхдээ би дундын өмч хөрөнгөндөө мал, 5 ханатай гэр оролцуулаагүй. Би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлнэ гэж бодож байсан боловч сая хариуцагч хашаа байшингаа хоёр хүүхэддээ өгнө гэсэн тайлбар хэлж байна. Иймд би автомашины үнэнээс өөрт болон хоёр хүүхэддээ оногдох хэсгийг гаргуулахаас татгалзаж байна. Эд хөрөнгө гаргуулах шаардлага дээр хариуцагчтай эвлэрсэн гэж үзэж болно. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулна шаардлага хэвээрээ гэв.

Хариуцагч Л.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н бид хоёр 2005 онд оюутан байхдаа танилцаж, 2009 онд хамт амьдарч, 2010 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болж байсан. 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр том хүү Ц.Ж төрсөн, 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр бага хүү Ц.Б төрсөн. Түүнээс хойш 10 жил хамт амьдарсан. Хурим хийхэд эцэг эх маань 2 тугалтай үнээ, 1 морь, 5 хонь, 5 ямаа өгч байсан. Ах дүү нараас өөр мал ирээгүй. Б.Н-н ах дүү нараас мал ирээгүй, өөр ах дүү нараас минь мал ирээгүй. Миний эцэг эх л мал өгч байсан. Би өөрөө сургуулийн нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад Б.Н-г өөрийнхөө оронд нийгмийн ажилтнаар ажилд оруулж, би өөрөө сумынхаа Тамгын газарт нутгийн захиргаа хариуцсан эрх зүйн түшмэлээр 1 жил ажиллаж байгаад сумын Засаг даргын орлогчоор 2 жил ажиллаж байсан. Түүнээс хойш тусгай хамгаалалттай газар буюу байгаль орчны газар, иргэдийн хурал зэрэг ажлуудыг хийж байсан. Сургуульд насан туршийн боловсролын багшаар ажиллаж байсан. Ерөнхийдөө иймэрхүү ажлууд хийж байсан. Б.Н ганцаараа 10 жил гэр бүлээ авч явж байгаагүй. Хурим хийхээс өмнө 2007 онд намайг оюутан байхад аав энэ газрыг дуудлага худалдаагаар авч өгч байсан. Тэгээд тухайн газарт хашаа бариад бид хоёр гэр бүл болж байсан. 2014 онд байшин барьж байсан. Б.Н цалингийн зээл авч, би үхэр мал зарж байшингаа барьж тухайн жилдээ орж байсан. Одоо бол мал гэж байхгүй. Манайх 10 жил амьдрахад ганц удаа ч идэш худалдаж авч үзээгүй. Өөрсдийнхөө малыг иддэг байсан. Заримдаа цалингийн зээл дутах зэрэг юман дээр мал гаргаж түүнээсээ хийдэг байсан. Манайхан Б.Н-т хир халдаадаггүй, маш сайн байсан. Би архи дарс уудаг байсан нь үнэн. Гэхдээ 10 жил байнга өдөр болгон архи ууж орж ирээд дарамтлаад байсан зүйл бол байхгүй. Бид хоёр харилцан зодоон хийдэг байсан. Гэр бүлийн хүчирхийллээр баригдаж байсан нь үнэн. Хамгийн сүүлд энэ асуудал үүсэхэд 2020 онд 7 хоног баривчлагдаад эргээд очиход 2 хүүхдээ болон хамаг эд зүйлээ аваад явсан байсан. Би архины эмчилгээ хийлгэж байсан, гэхдээ манай аав, ээж хоёр хийлгэж байсан болохоос Б.Н хийлгээгүй. Би ганц нэг жил ажилгүй байсан. Би 2010 онд Ц.Ж-г төрөхөд нэг жил ажиллаад дараа жилээс нь ажлаасаа гараад хүүхдээ өсгөсөн. 2014 онд Ц.Б-г төрөхөд ажилгүй байсан болохоор би гэртээ байж хүүхдээ өсгөж байсан. Би хоёр хүүхдээ хоёуланг нь өсгөж байсан. Ер нь бол үүнийг бүх хүн мэднэ. Эд хөрөнгө гэж яриад байгаа Б.Н-н юм гэхээр дундын эд хөрөнгө байж болдоггүй юм уу, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байх манайхан ажил явдалтай байсан. Тухайн үед аавынхаа дүүтэй ирээд өөрийн гэсэн бүх юмаа ачаад аваад явж байсан. Овоолоод ачаад аваад явсан, аав нь мэдэж байгаа байх, өөрөө ч мэдэж байгаа байх. Бусад нь дундын хөрөнгө юм уу, би сайн ойлгохгүй байна. Надад 2 хүүхдээ өнчрүүлье гэсэн бодол байхгүй байна. Тэгээд ч цаашдаа хүүхдүүдээ хүний нүүр харуулж амьдруулмааргүй байна. Дундын хөрөнгөнд нэхэмжилсэн хашаа байшинг хоёр хүүхэддээ өгнө, би булаацалдахгүй. Намайг худлаа яриад байна гэж хэлж байна. Өөрийгөө өрөвдүүлэх гэсэн ч юм уу, иймэрхүү маягаар ярих гээд дэмий байх. Ерөнхийдөө үнэн мөнөөр яваасай гэж бодож байна. Тэгж худлаа ярилаа, ингэж худлаа ярилаа гээд дандаа намайг буруутгасан шинжтэй юм яриад байна. Би энэ дээр гайхаж байна. Би өөрийгөө зөвтгөх гэж байгаа юм биш. Гэхдээ үнэн юм үнэнээрээ л байх хэрэгтэй. Одоо хашаа байшингаа өгөхөөр надад хөндий 5 ханатай гэрээс өөр юм байхгүй. Дундын эд хөрөнгөн дээр маргах зүйлгүй. Хашаа байшингаа 2 хүүхэд болон Б.Н-т өгөхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгөн дээр эвлэрч байна гэж ойлгож болно. Одоо эвлэрч амьдарлаа гэхэд өмнөх шигээ сайхан амьдрахгүй байх. Иймд гэрлэлт цуцлуулах тал дээр санал байхгүй. Хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ гэж бодоход би 2 хүүхдээ цаашдаа харж хандана. Гэхдээ би тэтгэмж тогтоолгохыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр надад сар болгон хүүхдийн тэтгэмж төлөөд явах тогтвор суурьшилтай ажил байхгүй, боломж нөхцөл байхгүй тул үүнийг харгалзан үзнэ үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Л.Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүү Ц.Ж, Ц.Б нарт оногдох хэсэг 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Л.Ц нар 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болон, тэдний дундаас 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүү Ц.Ж, 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүү Ц.Б нар төрсөн ба одоо хүү Ц.Ж, Ц.Б нар нь эх Б.Н-н хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан №341/000953 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ц.Ж, Ц.Б нарын төрсний гэрчилгээний №0358555, №6552000079 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь, Б дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6071 дугаартай тодорхойлолт, Н-ийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 28 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

I

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасан гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон гэсэн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд шууд гаргажээ. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй юм.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж болдог тул түүний бат бэх байдал, гэр бүлийн гишүүдийн, ялангуяа хүүхдийн эрх ашгийг онцгойлон анхаарах шаардлагатай болдог.

Гэрлэгчдийн хоорондын таарамжгүй харьцаа, нэгнийхээ эрхийг зөрчсөн асуудлаас үүдэн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байгаа боловч Гэр бүлийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудын зохицуулалтын хүрээнд шүүх шаардлагатай гэж өөрийн эрх хэмжээний хүрээнд үзсэн тохиолдолд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах эрхтэй байдаг.

Гэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.4 дэх хэсэгт Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар шүүхийн зүгээс гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах эрхэд хязгаарлалт тогтоож өгсөн.

Нэхэмжлэгч Б.Н нь ...Л.Ц нь архи уух дуртай, уухаараа байнгын агсан согтуу тавьж, надад гар хүрдэг байсан. Архины эмчилгээ хийлгэж архинаас гарсан боловч эргээд архиа уучихсан. Хүчирхийлэл үйлдэж удаа дараа баривчлуулж байсан. Иймд Л.Ц-тай цаашид хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна... гэдгээ илэрхийлсэн, хариуцагч Л.Ц ...Гэрлэлт цуцлуулах, хоёр хүүхдээ Б.Н-т өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг анх өгч байсан боловч шүүх хуралдааны явцад одоо эвлэрч амьдарлаа гэхэд өмнөх шигээ сайхан амьдрахгүй байх. Иймд гэрлэлт цуцлуулах тал дээр санал байхгүй. Би хааяа нэг л гар хүрдэг байсан. Би архины эмчилгээ хийлгэж архинаас гарсан боловч эргээд уусан нь үнэн. Гэхдээ өдөр болгон уудаггүй. Гэр бүлийн хүчирхийлэлээр баривчлуулж байсан нь үнэн. гэх тайлбар өгдөг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд заасан бие махбодь, сэтгэл санааны хүчирхийллийг давтан үйлддэг талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй ч нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт дурдсан үйл баримт, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас баривчлагдаж байснаа хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн хариуцагч Л.Ц-н тайлбар зэргээр тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улсын иргэний амьд явах эрхтэй болохыг баталгаажуулж, хамгаалж өгсөн байдаг ба уг маргааныг шийдвэрлэхэд гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдлыг хангах нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахаас илүү ач холбогдолтой нөхцөл байдал үүссэн байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

II

Б.Н, Л.Ц нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хүү Ц.Ж, Ц.Б нарыг өөрийн асрамжинд авах хүсэлтийг гаргасан бөгөөд хариуцагч нь ...хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ гэж бодоход би 2 хүүхдээ цаашдаа харж хандана. Гэхдээ би тэтгэмж тогтоолгохыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр надад сар болгон хүүхдийн тэтгэмж төлөөд явах тогтвор суурьшилтай ажил байхгүй, боломж нөхцөл байхгүй. гэсэн тайлбарыг шүүх хуралдааны явцад өгдөг.

Гэрлэгчид нь хүүхдүүдээ хэний асрамжид үлдээх талаар тодорхой тохиролцоогүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар шүүхийн зүгээс хүү Ц.Ж, Ц.Б нарыг өсөж хүмүүжих ахуй нөхцлийн болон хайр халамж шаардагдах онцлог, нас, эцэг, эхийн ёс суртахууны байдал зэргийг харгалзан эх Б.Н-н асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Л.Ц-г хүү Ц.Ж, Ц.Б нарын хувьд хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад саад учруулах, хориглох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

III

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг тус тус зохицуулжээ

Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан хүү Ц.Ж, Ц.Б нарыг сар бүр эцэг Л.Ц-р тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

IV

Нэхэмжлэгч Б.Н хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон 2 хүүхэддээ оногдох хэсэг болох 27,000,000 төгрөг буюу Архангай аймгийн Чулуут сумын Наран хорооллын 02-14 тоотод байрлах хашаа байшин, Nissan Sunny маркийн тээврийн хэрэгслээс өөрт болон хүү Ц.Ж, Ц.Б нарт оногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад хариуцагч Л.Ц нэхэмжлэгч Б.Н-н нэхэмжилсэн нийт 28,702,280 төгрөгөөр үнэлэгдсэн Архангай аймгийн Чулуут сумын Наран хорооллын 02-14 тоотод байрлах хашаа байшинг нэхэмжилэгч Б.Н болон хүү Ц.Ж, Ц.Б нарт өгөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Н 3,750,000 төгрөгөөр үнэлэгдсэн ..... АРА улсын дугаартай Nissan Sunny маркийн тээврийн хэрэгслийн өөрт болон хүү Ц.Ж, Ц.Б нарт оногдох хэсгийг гаргуулахаас татгалзаж зохигч эвлэрч байх тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,350 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагчаас 433,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагчаас 1 жилийн хугацаанд төлбөл зохих 2 хүүхдийн тэтгэлгийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжид 91,337 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар С овогт Б.Н, О овогт Л.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү О овогт Ц.Ж, 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү О овогт Ц.Б нарыг эх Б.Н-н асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Ц.Ж, Ц.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.Ц-р тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Н-т даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Ц нэхэмжлэгч Б.Н-н нэхэмжилсэн нийт 28,702,280 төгрөгөөр үнэлэгдсэн Архангай аймгийн Чулуут сумын Наран хорооллын 02-14 тоотод байрлах хашаа байшинг нэхэмжилэгч Б.Н болон хүү Ц.Ж, Ц.Б нарт өгөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Н 3,750,000 төгрөгөөр үнэлэгдсэн 77-26АРА улсын дугаартай Nissan Sunny маркийн тээврийн хэрэгслийн өөрт болон Ц.Ж, Ц.Б нарт оногдох хэсгийг гаргуулахаас татгалзаж эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Анхтуяа/-д даалгасугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг тайлбарласугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,350 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Л.Ц-с 433,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олгож, хариуцагч Л.Ц-с 1 жилийн хугацаанд төлбөл зохих 2 хүүхдийн тэтгэмжид ногдох тэмдэгтийн хураамж 91,337 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

 

9 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА