Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 129/шш2021/00511

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                             129/ШШ2021/00511

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.Л-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Ч сумын Засаг даргад холбогдох

Захирамж хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, Г.Э, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Л 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс Архангай аймгийн Чулуут сумын ерөнхий боловсролын сургуульд захирлаар ажиллах болсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын тамгын газрын галч Батбаатар нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед Засаг дарга өөрт чинь өг гэсэн гээд А5 дугтуйтай бичиг өгөөд явсан. Уг дугтуйг задалж узвэл:

1. Аймгийн Боловсрол Соёл урлагийн газар луу явуулсан Засаг даргын албан тоотын 1 хувь / 2021.05.14-ны 01/363 тоот /

2. Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Лд мэдэгдэл хүргүүлэх тухай гэсэн хоёр бичиг гарч ирсэн.

Уг мэдэгдлийг уншиж танилцахад “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.13 дахь заалтыг зөрчин улс төрийн үзэл бодлоо цахим хуудсаар илэрхийлсэн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11 дэх заалтыг зөрчсөн тул Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу 2021 оны 05 дугаар гасын 21-ний өдрийн 10 цагт сонсох ажиллагаа явуулах болсныг үүгээр мэдэгдэж байна. Дурдсан хугацаанаас өмнө хариу тайлбар албан бичгээр ирүүлж болно” гэсэн байсан. Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана”, 27.3.1-д “Сонсох ажиллагаа явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаар тусгана”  гэж заасан байдаг. Гэвч надад өгсөн уг мэдэгдэлд сонсох ажилагаа явуулах журам, байрлал, дарааллын талаар огт тусгагдаагүй байсан. Мэдэгдэл нь хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулах журам, байрлал, дараалал нь тодорхой байсан бол уг ажиллагаанд очиж тайлбар өгөх боломжтой боловч тийм байгаагүй болно. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.13 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11 дэх заалтыг зөрчсөн гэж мэдэгдэлдээ бичсэн байсан. Хууль зөрчсөн эсэхийг албан тушаалтан бус хуулийн байгууллага зөрчсөн эсэхийг тогтоодог гэж үзэж байна. Сумын засаг дарга Б.Туул 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өрөөндөө дуудаж 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/21 дугаар бүхий “Сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Лд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг танилцуулж, сонсох ажиллагаанд ирээгүй учир хариуцлага тооцож сануулах сахилгын шийтгэл ногдуулж байгаа гэдгээ танилцуулсан. Уг захирамжийг би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд захирамжийн 1 хувийг авч засаг даргын өрөөнөөс гарсан. Манай сургууль болон суманд хөдөлмөрийн маргаан таслах комисс гэж байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргаан гэсэн хуулийн зохицуулалтын 128.1.7-д сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны нэхэмжлэл гэдгээр шууд шүүхэд хандаж гомдлоо гаргаж байна.  Сумын засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн б/21 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Засаг даргын Тамгын газрын галч манаач н.Батбаатар гэж хүн тухайн өдрийн 15 цагийн үед надад А5 хэмжээтэй дугтуйтай бичгийг Засаг дарга өг гэсэн гэж хэлээд өгсөн. Тухайн дугтуйнд юу байгааг мэдэхгүй байгаа учраас би дугтуйг хүлээж аваад задалж үзэхэд нэгдүгээрт Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газар руу явуулсан Засаг даргын албан тоот байсан. Уг албан тоот нь сургуулийн захирлын улирлын үр дүнгийн ажлыг дүгнэх гэж байгаа учраас танайхаас дүгнэлт ирүүлнэ үү гэсэн утгатай бичиг байсан. Хоёрдугаарт Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Лд мэдэгдэл хүргүүлэх тухай гэсэн бичиг буюу тухайн дугтуйнд 2 бичиг байсан. Уг мэдэгдлийг нь уншиж танилцахад Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.13 дахь заалтыг зөрчин улс төрийн үзэл бодлоо цахим хуудсаар илэрхийлсэн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтыг зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт сонсох ажиллагаа явуулахыг үүгээр мэдэгдэж байна, дурдсан хугацаанаас өмнө хариу тайлбар ирүүлж болно гэсэн албан мэдэгдэл байсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана гэж заасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-д сонсох ажиллагаа явуулах журам, он сар өдөр, цаг, байрлал, дарааллын талаар тусгана гэж заасан байдаг. Гэтэл уг мэдэгдэлд сонсох ажиллагаа явуулах журам, байрлал, дарааллын талаар огт тусгагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл тодорхойгүй байсан учраас тухайн сонсох ажиллагаанд би нэгдүгээрт очоогүй. Хоёрдугаарт тухайн өдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр аймгийн сонгуулийн хорооноос сум дээр ажиллаж байсан. Тухайн хэсгийн хорооны байраар орж үзэж танилцана, хэсгийн хорооны бэлтгэл ажилтай танилцаж үзнэ гээд тухайн дуудсан 10 цагт нь би сумынхаа сонгуулийн 96 дугаар хэсгийн хороон дээр ажиллаж байсан. Ийм хоёр шалтгаанаар би очоогүй. Хэрвээ үнэхээр хуульд заасан сонсох ажиллагааных нь журам тодорхой, явуулах байрлал дараалал нь тодорхой байсан бол би очоод тайлбараа өгч болох байсан. Тухайн сонгуулийн хэсгийн хорооны даргаасаа зөвшөөрөл аваад очиж болох байсан. Сумын Засаг дарга Б.Туул нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өрөөндөө дуудаж, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/21 дугаартай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Лд сахилгын шийтгэл ноогдуулах тухай захирамжийг танилцуулсан. Тэгээд сонсох ажиллагаанд ирээгүй учраас хариуцлага тооцож, сануулах сахилгын шийтгэл ноогдуулж байна гэсэн. Уг захирамжийг танилцуулахад нь би энэ захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй гээд надад танилцуулсан нэг хувийг нь аваад гараад явсан. Манай суманд хөдөлмөрийн маргаан таслах комисс гэж байхгүй. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлүүлэх маргаан гэсэн хуулийн зохицуулалтынх нь дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь Чулуут сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ноогдуулах тухай" Б/21 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

           

            Хариуцагч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Лтай холбоотой гомдол 2020 оны 12 дугаар сард /өдрийг сайн санахгүй байна/ анх ирсэн. Ямар учиртай гомдол вэ гэхээр сургуулийн няраваар өөрийн төгсөлтийн, өөрийнхөө дотны найзыг өөр ажилтай, түр чөлөөтэй байхад нь ажилд авч томилсон. Надаас гадна өөр өргөдөл өгсөн хүн байгаа, гэтэл ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулахгүйгээр томилсон байна. Энэ дээр ямар байх ёстой юм бэ? Шударга ёсныхоо хувьд яаж хандах ёстой юм бэ, энэ талаар танд танилцуулж байна гэж хэлээд над дээр иргэн Бямбаагийн Цэрэндулам гэдэг иргэн, мөн Бямбажаргалын Жанцанноров гэдэг хоёр иргэн хандсан. Тухайн үед нь би сургуулийн захирлыг дуудаад сонгон шалгаруулалт явуулсан уу? Ямар учиртай хэдэн хүн өргөдөл өгсөн бэ? гэж асуухад надад өөр өргөдөл орж ирээгүй, Б.Төрбаяр гэдэг хүний өргөдөл орж ирээд би томилсон гэдэг тайлбар өгсөн. Би дахин нөгөө хүмүүсээс нь тодруулж асуусан. Бямбаагийн Цэрэндулам гэдэг хүнээс хэзээ өргөдлөө өгсөн бэ гэж асуухад намар өгсөн, мөн удаа дараа гаргаж байгаа гэж хэлсэн. Б.Жанцанноров нь ч мөн би сургуулийн бичиг хэрэгт өргөдлөө өгсөн гэж хэлдэг. Ер нь бол сургуулийн сул ажлын орон тоон дээр нээлттэй ил тод зарлаж, өргөдлийг хүлээн авч, сонгон шалгаруулалттайгаар сонгон шалгаруулж авах байсан гэсэн гомдол гарсан байгаа.  Манай суманд 2021 оны эхний хагас жил Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад нэлээн хүнд байсан. Хөл хорио болон тухайн цаг үеийн байдлаас шалтгаалаад энэ асуудал маань хойшилж байгаа. Түүний дараа 05 дугаар сард Ковидын үед сумын сургуулийн захиралтай холбоотой постон дээр архи уусан гэсэн асуудал дахиад гарч ирсэн. Ямар учиртай юу болов гэхэд 05 дугаар сарын 15-ны өдөр байсан байх, постон дээр гарч байсан нэг ажилтны эхнэр нь манай нөхөр урд шөнө постон дээр архи уулаа, та нар сумын онцгой комисс үүн дээр арга хэмжээ авдаггүй юм уу гэж утсаар залгаж хэлсэн. Би тэр даруй нь сумынхаа цагдаагийн хэсгийн төлөөлөгч н.Ганболд руу хэлээд ямар учиртай, юу болсон талаар тодруулаарай гэж хэлсэн. Тэгэхэд нэр бүхий хүмүүс постон дээр гарахдаа архи уусан асуудал гарсан юм шиг байна гэж надад хэлсэн. Тэгээд би архи уусан асуудал гарсан юм байна гэж ойлгосон. Түүний дараа ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үед цахим орчинд ерөнхийлөгч У.Хийг дэмжигчдийн нэгдсэн групп гэж байсан. Улс төрийн үзэл бодлоо илэрхийлж У.Хийн шууд нэвтрүүлгийг шэйр хийсэн зэрэг удаа дараагийн зөрчил гарсан учраас эдгээр зөрчлүүдийг өөрөөс нь тодруулъя, сонсох ажиллагаа явуулъя гээд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр сонсох ажиллагааг ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийг Засаг даргын Тамгын газрын эрх зүй хариуцсан ажилтан боловсруулж, албан ёсоор бичиг хэргээрээ дамжуулан хүргүүлж ажилласан байгаа. 05 дугаар сарын 21-ний өдөр сонсох ажиллагааг заасан хугацаанд хийхээр хүлээсэн боловч өөрөө хүрэлцэн ирээгүй. Мөн түрүү өөрөө тайлбарласан, эрх зүйн ажилтанд би өөрийн биеэр хүрэлцэн очихгүй, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ гэж хариу тайлбар утсаар өгсөн байгаа. Тэрийг нь сонсох ажиллагааны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 05 минутанд сургуулийн захирал Д.Лтай Засаг даргын Тамгын газрын эрх зүйн ажилтан н.Дагиймаа утсаар ярьж, сонсох ажиллагаа зохион байгуулагдах гэж байна гэж мэдэгдэхэд би  очихгүй гэдгээ хэлснийг тэмдэглэлд тэмдэглэсэн байгаа. Д.Л ирээгүй 11 цаг болсон учраас сонсох ажиллагаанд оролцсон Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.М, хууль эрх хариуцсан мэргэжилтэн н.Дагиймаа болон сумын Засаг дарга миний бие эдгээр асуудлуудыг хэлэлцээд, бусад нотлох баримтуудыг нь хянаж үзээд энэ хүн нь сахилгын шийтгэл оногдуулахуйц зөрчил илэрсэн байна гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1,  заалтыг үндэслэж сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүийлийн 39.1.13, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтуудыг тус тус үндэслэн сануулах сахилгын шийтгэл оногдуулахаар захирамж гарсан байгаа гэжээ.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

  Нэхэмжлэгч Д.Л Сумын засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн б/21 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: улс төрийн үзэл бодлоо цахим хуудсаар илэрхийлсэн зүйл байхгүй, сонгон шалгаруулалтгүй ангийн хүүхдээ ажилд авч ашиг сонирхлын зөрчил гаргаагүй, сонсох ажиллагаа явуулах журам, байрлал, цаг тодорхойгүй байсан учир оролцоогүй, намын харъяаллаар сахилгын арга хэмжээ авсан учир зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

 Хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг шүүх хуралдааны явцад илэрхийлсэн бөгөөд шүүх хуралдааны шатанд 8 хуудас нотлох баримт өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй учир нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Чулуут сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн б/21 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Д.Лд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон

- Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.13 дахь заалт нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах бөгөөд нэхэмжлэгч Д.Л нь сургуулийн захирал ажилтай төрийн үйлчилгээний албан хаагч байна. Хэдийгээр төрийн улс төрийн албан хаагчаас бусад албан хаагч нар улс төрийн нам эвслийн аливаа үйл ажиллагаанаас ангид байх ёстой боловч нэхэмжлэгч Д.Л нь улс төрийн үзэл бодлоо цахим хуудсаар илэрхийлсэн үйл баримт нотлох баримтаар тогтоогдсонгүй.

-Мөн ангийн хүүхдээ ажилд авч ашиг сонирхлын зөрчил гаргасан буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-т заасан “тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдсонгүй.

-сонсох ажиллагаа явуулах мэдэгдэлд хариу өгөөгүй, уулзаагүй гэдэг үндэслэл нь хариуцагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй.

Иймд хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Лд сахилгын шийтгэл ногдуулах тухай” б/21 дугаартай захирамж үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Лгийн нэхэмжлэлийг хангаж хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Лд сахилгын шийтгэл ногдуулах тухай” б/21 дугаартай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй тул хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

                                                                                                                                 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Архангай аймгийн Ч сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Лд сахилгын шийтгэл ногдуулах тухай” б/21 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН