Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Э.Мөнхгэрэл

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд

Шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-т холбогдох эрүүгийн 201722000204 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.Б-,

Шүүгдэгч Э.Б- нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багт хадамж эгч болох Б.Ө-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас согтуугаар маргалдан зүүн гарын чигчий хурууг хазаж түүнд тайрагдал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Э.Б- нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багт хадамж эгч болох Б.Ө-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас согтуугаар маргалдан зүүн гарын чигчий хурууг хазаж түүнд тайрагдал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэгээд юм яриад Э.Б-тэй зэрэгцээд нам, улс төр яриад сууж байхад тэгсэн Э.Б- намайг хэл амаар доромжлоод тэрэнтэй ч явалддаг, хулгай хийдэг гээд байсан. Тэгснээ над руу дайраад нүүрлүү маажаад ирэхээр нь зүүн гараараа хаагаад түлхсэн чинь миний зүүн гарын чигчий хурууны үе хэсгээс хазаад авсан. Тэгээд хуруугаа авах гээд хазаад тавихгүй болохоор нь Б.М- салгасан, хуруугаа харсан чинь хуруунаас цус гарсан байсан. Тэгээд бараг өглөө болж байсан болохоор гэртээ харьсан. Тэгж явсаар байгаад нэг сар болсон. Мөрөнд нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн чинь ясны хальсандаа гэмтэлтэй байна гээд тайруулах шаардлагатай гэсэн. 7 хоног эмчилгээ хийлгээд сайжраагүй учир хуруугаа тайруулсан. Надад 2.000.000 төгрөг өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэгээд би гадаа байж байтал гэрт орилоод байхаар нь яваад ортол Э.Б- Өнөрөө эгчийн гарыг хазсан байж байхад би гэрээс чирж гаргаад Э.Б-ийг нэг цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс тарсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 14-ний 251 дугаартай

- Базаррагчаагийн Б.Ө-ын биед гэмтэл тогтоогдлоо.

- Базаррагчаагийн Б.Ө-ын биед чигчий хурууны тайрагдал бүхий гэмтэл учирсан байна.

- Ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй ба мэс заслын аргаар тайрагдсан байна.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15.89-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар үлэмж хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт 15 хувь нөлөөлнө гэх дүгнэлт /хх-ийн 26-р тал/,

Шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэгээд пиво уугаад дуусч байхын алдад Б.Ө- эгч орж ирж байх шиг байсан. Би тэгээл тасарсан байна лээ. Өглөө босоод ирсэн чинь миний нүүр ам тэгширсэн хөхөрч хавдсан байсан. Би юу болсон талаар Нямжав эгчээс асуусан чинь Б.Ө- эгч бид 2-ыг зодолдсон гэж хэлсэн. Тэгсэн би нөхрөөсөө тэр өдрөөс хойш 6 хоногийн дараа Б.Ө- эгчийн хурууг хазсан гэдгээ мэдсэн. Тэгээд би С- эгчтэй ярьсан чинь Б.Ө- хуруугаа тайруулж байгаа гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар  зүйлийн 98.1-д зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 201722000204 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Э.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо сайн дураар нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 201722000204 дугаартай хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь хохирол, гомдолгүй болсон талаар эвлэрлийн гэрээ хийсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э.Б-ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Б-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Э.Б-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Э.Б-ийн ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ