Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0238/З |
Дугаар | 128/ШШ2022/0299 |
Огноо | 2022-04-19 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2022/0299
Улаанбаатар хот \ъ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э*********** *****” ХК /РД:5******* /,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г********, Э.У****, А.М*******, Ж.Э*********,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч А.Б*******, Ц.М*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.А********нарын хоорондын “2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн НА-2********** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г********, Э.У****, А.М*******, Ж.Э*********, хариуцагч Ц.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А***** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1/. Нэхэмжлэгч “Э*********** *****” ХК нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч А.Б*******, Ц.М******* нарт холбогдуулан “Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч А.Б*******, Ц.М******* нарын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн НА-2********** дугаартай “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2/. Нэхэмжлэгч “Э*********** *****” ХК нь уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3/. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “....Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнээд уг зөрчлөөр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2019 оны тайлангийн алдагдлыг бууруулаагүй гэж дүгнэн ногдуулсан 1,708,650.079.1 төгрөгийн зөрчилд ногдох 170,865,007.0 төгрөгийн нөхөн татвар, 69,972,569.0 төгрөгийн торгууль, 4,305,801.0 төгрөгийн алданги нийт 245,143,377.0 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож 488,859,698.09 төгрөгийн зөрчилд ногдох 48,885,970.0 төгрөгийн нөхөн татвар, 17,927,820.0 төгрөгийн торгууль, 1,231,926.0 төгрөгийн алданги нийт 68,045,716.0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон.
Гэвч Татварын улсын байцаагч нарын “Э****** ********* ******” ХХК-ийн 2020 онд оршин суугч бус 10 этгээдээс нийт 8,725,459,763.60 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний нэхэмжилсэн үнийн дүн дээр 1,311,269,405.19 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 886,240,372.61 төгрөгийн, нэмэгдсэн өртгийн албан татвар нийт 2,197,509,777.80 төгрөгийн татварыг нэмж тооцон хасагдах зардалд оруулан татвар ногдох орлогыг бууруулсан гэх зөрчлийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. “Э****** ********* ******” ХХК нь 2019 онд 4,403,070,400.00 төгрөгийн, 2020 онд 12,564,904,133.60 төгрөгийн ажил үйлчилгээг оршин суугч бус этгээдээс худалдан авч 2019 онд 440,307,040.0 төгрөгийн, 2020 онд 1256,490,413.36 төгрөгийн нийт 1,696,797,453.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган тайлагнаж төлсөн нь нэмэгдсэн өртгийн албан татварын 2020 оны 1, 2, 3, 4, 6 дугаар сарын татварын тайлангаар, мөн татварын улсын байцаагчийн 2021 оны 04 дугээр сарын 07-ны өдрийн 2********** дугаар нөхөн ногдуулалтын ХШ-12 дугаар маягт “нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын акт”-д 1,696,797,453.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган тайлагнаж телснийг баталгаажуулсан болно.
2. "Э****** ********* ******" ХХК нь 2020 онд 12,564,904,133.60 төгрөгийн ажил үйлчилгээг оршин суугч бус этгээдээс худалдан авч 2020 онд 2,061,677,991.74 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг суутган тайлагнаж төлсөн нь 2020 оны аж ахуйн нэгжийн суутган төлөгчийн албан татварын тайлангаар нотлогдоно.
3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай / 2019 оны / хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13 2.12-т “албан татвар суутгах орлого олгосон тохиолдолд холбогдох албан татварыг суутган тайлагнасан байх" гэж заасны дагуу албан татварыг суутган авсан 12,564,904,133.60 төгрөгийн зөвлөх үйлчилгээний зардлыг татвар ногдох орлогоос хасаж тайлагнах татварын хуульд заагдсан шаардлага нөхцөлийг хангасан.
4. Гэтэл "Э****** ********* ******" ХХК нь 2020 онд 10,726,056,728,25 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж 1,838,847,405.35 төгрөгийн зөвлөх үйлчилгээний зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцолгүй дутуу тайлагнасан байна .
5. Иймд татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 2,197,509,777.80 төгрөгийн зөрчлийн дүнгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2019 оны/ 19 дүгээр зүйлийн 19.9-д "Энэ хуулийн 19.1-д заасан алдагдалд 2020 оны 01 дүгээр сарын 01 - ний өдрөөс өмнөх татварын жилийн татварын тайлангаар гарсан болон татварын албаны баталгаажуулаагүй алдагдал хамаарахгүй” ..... гэсэн заалт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 20 дугаар зүйлд 20.1 “Албан татвар ногдох орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд нийт зардлыг хасаж илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ”, 20.2 Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцох бөгөөд хөрөнгө оруулалтын хугацаатай уялдуулан дэд бүтэц, уул уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна. 20.3 “Энэ хуулийн 20.2-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоос жил бүр хасагдах алдагдлын хэмжээ нь дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд тухайн жилийн албан татвар ногдуулах орлогоос тооцно татвар ногдуулах орлогын дүнгийн 100 хувь, бусад салбарын хувьд 50 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд уг хасагдах алдагдлыг тухайн татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогоос тооцно” гэсэн заалтыг тус тус үндэслэн 2019 оны жилийн эцсийн тайлангаар гарсан алдагдал 1,708,650,079.71 төгрөгийн алдагдлыг шилжүүлэн тооцож, мөн дутуу тайлагнасан 1,838,847,405.35 төгрөгийн зөвлөх үйлчилгээний зардлыг хасаж тооцож, -1,349,987,707.26 төгрөгийн алдагдал үүсэж татвар ногдуулахааргүй байна.
Өөрөөр хэлбэл энгийн жишээгээр тайлбарлахад 1000 төгрөгийн цалингийн зардлаас 125 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, 86.5 төгрөгийн ХХОТ татвар хасаад 787.5 төгрөг гарт олгох олгогдох бөгөөд 1000 төгрөгийн цалингийн зардал гэж татварын тайланд тусгагдах болно. Гэтэл татварын улсын байцаагчид татвар ногдох орлогooc хасагдах цалингийн зардлын дүнг 1000 төгрөгөөр тооцолгүйгээр гарт олгогдох 787.5 төгрөгийн дүнгээс тооцооллыг хийсэн /1000-125-87,5 = 787.5/ бөгөөд манай тохиолдолд татвар суутгасан 12,564,904,133.60 төгрөгийг зардалд тусгах ёстой гэж тооцооллыг хийх байтал тус компани нь татвар суутгаж гадагшаа шилжүүлсэн зөвлөх үйлчилгээний төлбөр 8,528,546,950.44 төгрөгийн дүнгээс тооцооллыг хийсэн нь тооцооллын алдаатай акт тогтоох үндэслэл болсон.
6. Мөн нөгөө талаас татварын улсын байцаагч акт тогтоохдоо 10 компанийн нийт зардалд бүртгэсэн 10,726,056,728.25 төгрөгийн зөвлөх үйлчилгээний зардлаас нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогыг суутган албан татвар суутгасны дараах гадагшаа шилжүүлсэн 8,528,546,950.44 төгрөгийн төлбөрийг хасаж 2,197,509,777.81 төгрөгийн зөрүүг татвар ногдох орлого бууруулсан гэж акт тогтоосон нь үндэслэлгүй байна.
Учир нь тус компани нь татвар суутган тооцсон 11,553,075,172.06 төгрөгийн зөвлөх үйлчилгээний зардлыг татвар ногдох орлогоос хасах байтал 10,726,066,728.25 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж 827,018,443.81 төгрөгийн зөвлөх үйлчилгээний зардлыг татвар ногдох орлогоос дутуу хасаж тооцсон бөгөөд 2,197,509,777.81 төгрөгөөр татвар ногдох орлого бууруулсан гэдэг нь нотлогдохгүй байна.
7. "Э****** ********* ****** " ХХК нь 2020 онд зөвлөх үйлчилгээний зардлаас суутган авсан нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг татвар ногдох орлогоос татвар ногдох орлогыг 2,197,509,777.81 төгрөгөөр бууруулсан болох нь нотлогдохгүй байхад Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 08 дугаар тогтоолоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3 дахь заалтыг үндэслэн 1,708,650,079.71 төгрөгийн алдагдлыг шилжүүлэн тооцож, 488,859,698.09 төгрөгийн зөрчилд ногдох 48,885,970.0 төгрөгийн нөхөн татвар, 17,927,820.0 төгрөгийн торгууль, 1,231.926.0 төгрөгийн алданги нийт 68,045,716.0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцээгүй. Маргаан таслах зөвлөл нь баримтад үндэслээгүй, логикгүй дүгнэлт хийж, татвар төлөгчийн эрх ашгийг хүндэтгэн үзээгүй шийдвэр гаргасан.
Учир нь тус компани нь Маргаан таслах зөвлөлд бүх шаардлагатай материалыг гаргаж өгсөн бөгөөд аж ахуйн нэгжийн орлогын суутган албан татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн журнал, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зэргээс нотлогдох бүрэн боломжтой буюу тооцооллын алдаа байхад өөрийн бүрэн эрхийн хэмжээнд шалгалтыг хийлгүйгээр дүгнэлт гаргаж шалгалтыг дутуу хийсэнд гомдолтой байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 1-д "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Иймд Татварын улсын байцаагчийн 2********** дугаар нөхөн ногдуулалтын акт нь утга агуулгын илэрхий алдаатай, тооцооллын алдаатай, хуульд үндэслээгүй, 2020 онд зөвлөх үйлчилгээний зардлаас суутган авсан нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдох орлогыг 2,197,509,777.81 төгрөгөөр бууруулсан нь нотлогдохгүй байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2019 оны/ 16 дугаар зүйлийн 16.1.8-д "Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй 16 1.8 нийслэл хотын албан татвар , нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар болон энэ хуулийн дагуу бусад этгээдийн олсон орлогоос суутган авсан татвар” гэсэн заалтыг зөрчөөгүй тул нөхөн ногдуулалтын актыг бүхэлд хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Э***** *********** ******ХХК нь татварын улсын байцаагчийн актад хуулийн зүйл заалтаар маргаагүй, тооцооллын зөрүүтэй байгаа тул маргаан үүсгэсэн. Оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар, суутган татвараас зардлыг өсгөж татвар ногдох орлогыг бууруулсан 2,197,509,77.80 төгрөгийн зөрчилд нийт 313,189,093 төгрөгийн дүн ногдуулсан. Татварын ерөнхий хуульд заасны дагуу Маргаан таслах зөвлөлд бид бүхэн хандсан. Маргаан таслах зөвлөлөөс актын үнийн дүнг 245 сая төгрөгөөр бууруулж, 68,045,716 төгрөг төлүүлэхээр баталсан. Татварын улсын байцаагч нар зөвлөх үйлчилгээ авсан Heidrick & Struggles, Moelis Company UK LLP, Slaugther and May, KPMG, Merrill Corporation APAC Limited, ARTEMIS ASSOCIATES LIMIT, Ernst and Young, Bloomberg, Wood Mackenzie, Shanxi Fenwei Energy ingormation services CO.,ltd, гэх байгууллагуудтай байгуулсан гэрээг зөрчилд тооцож, нийт 2,197,509,777 төгрөгийн торгууль бичсэн. Татварын тооцсон суурь дүн 11,5 тэрбум төгрөгөөс Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1,8 тэрбум, нэмэгдсэн өргийн албан татварын 1,15 тэрбум төгрөгийг хасаад зөвлөх үйлчилгээний татвар суутгасны дараах шилжүүлсэн дүн нь 8,5 тэрбум төгрөг болсон. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно” гэж заасан. Суутган татварын тайлангаар 12,564,904,133 төгрөгийн орлогоос 2,061,677,991 төгрөгийн татвар ногдуулсан. Оршин суугч бусын нэмэгдсэн өртгийн албан татварт 1,256,490,413 төгрөгийн татвар ногдуулсан. Үүний нотлох баримт бол суутган төлөгчийн аж ахуй нэгжийн олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангаар харагдаж байгаа юм. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.12 дах заалтаар 12,564,904,133 төгрөг хасагдах байсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар хасагдах зардалд 10,726,056,728 төгрөгийг тооцсон байгаа юм. Татвар ногдох орлогоос хасагдаагүй дүн буюу зардалд тооцох дүн нь 1,838,847,405 төгрөг юм. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3 дах заалтаар 2019 оны алдагдал шилжүүлсэн дүн нь 1,708,650,079 төгрөг юм. 2019 оны татварын тайлангийн алдагдлыг шилжүүлэн тооцоогүй. Татварын улсын байцаагчийн актаар тогтоосон зөрчлийн дүн нь 2,197,509,777 төгрөг байгаа. Татвар ногдуулах, орлого нь /1,349,987,707/ хасах утгатай буюу татвар ногдуулахааргүй байгаа юм” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар Засгийн газрын тогтоолын 02 дугаар заалтаар Э***** *********** ******ХХК-ийг байгуулах шийдвэр гарсны дагуу байгуулагдсан. Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 146 дугаар Засгийн газрын тогтоолоор Э***** *********** ******ХХК татан буугдаж, эрх үүрэг, хариуцлага Э***** *********ХК-д шилжин ирсэн. 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн НА-2********** тоот улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт гарсан. Эрх үүргийг шилжүүлсэн авсны үндсэн дээр Э***** *********ХК нь маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрөхгүйгээр Маргаан таслах зөвлөлд хандсан юм. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Маргаан таслах зөвлөлийн 08 дугаар тогтоолоор Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3 дах хэсгийг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн НА-2********** тоот нөхөн ногдуулалтын актаар 2,197,509,777 төгрөгийн зөрчилд ногдуулсан 219,750,977 төгрөгийн нөхөн татвар, 87,900,389 төгрөгийн торгуул, 5,537,727 төгрөгийн алданги, нийт 313,189,093 төгрөгийн төлбөрөөс 1,708,650,079 төгрөгийн зөрчилд ногдох 170,865,007 төгрөгийн нөхөн татвар, 69,972,569 төгрөгийн торгуул, 4,305,801 төгрөгийн алданги, нийт 245,143,377 төгрөгийн төлбөрийг бууруулж, 488,859,698 төгрөгийн зөрчилд ногдох 48,885,970 төгрөгийн нөхөн татвар, 17,927,820 төгрөгийн торгуул, 1,231,926 төгрөгийн алданги, нийт 68,045,716 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсөн тогтоолыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан үндэслэлээр 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн НА-2********** тоот улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Татварын улсын байцаагч нарын гаргасан актын гол үндэслэл нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8 дах заалтыг үндэслэсэн байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д нийслэл хотын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар болон энэ хуулийн дагуу бусад этгээдийн олсон орлогоос суутган авсан татвар гэж заасан. Жишээлбэл үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан татвараас төлж буй татвар, хүүгийн орлого, алданги тодорхой татваруудад хамаарах заалт гэж би үзэж байна. Энэ заалтыг буруугаар ойлгож, үндэслэл болгосон байна. Оршин суугч бус этгээдтэй зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулна гэдэг нь төрийн өмчит компани зарлахдаа гэрээний дүн, татварын дүнг оруулж, нийт дүнгээр нь баталж өгсөн байдаг. Татвараа төлөөд улсыг ямар ч хохиролгүй байлгаж байхад зөрчил тооцож, торгуул оногдуулж байгаа нь буруу гэж үзэж байна” гэв.
4/. Хариуцагч Ц.М*******, А.Б******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Э****** ********* ******” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/307 дугаартай нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлд татварын улсын байцаагчийн 2********** дугаартай нөхөн ногдуулалтын актыг тооцооллын алдаатай, хуульд үндэслээгүй, 2020 онд зөвлөх үйлчилгээний зардлаас суутган авсан нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын бууруулсан нь нотлогдоогүй гэсэн байна.
Татварын улсын байцаагч бид оршин суугч бус этгээдэд олгосон орлогоос албан татвар суутгаж авч төлөөгүй гэсэн үндэслэлээр биш оршин суугч бус этгээдээс суутгавал зохих албан татварын дүнгээр тухайн зардлыг ихэсгэж буюу нэмж тооцон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан билээ. Өөрөөр хэлбэл татвар суутгах бус суутгал хийгдэх Үндсэн суурь дүн дээр суутгах татварын дүнг нэмж зардал өсгөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг бууруулсан явдал юм.
Гомдлын 1, 2, 3-д заасан "Э***** ********* *******" ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2********** дугаар нөхөн ногдуулалтын актын ХШ-12 дугаар маягт "нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын акт”-д тайлагнаж төлснийг баталгаажуулсан нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлагнаж, төлөх үүргийг хэрэгжүүлсэн байна. Энэ гомдол нь маргаан бүхий татварын улсын байцаагч нарын акт тогтоосон хэсэгт хамааралгүй байна.
Гомдлын 4-д: Татварын хяналт шалгалтын явцад "Э***** ********* *******" ХХК нь 2020 онд 10 оршин суугч бус этгээдийн гэрээ байгаа ба эдгээрээс Moelis UK компанитай холбогдох 224,000,000.00 төгpөr, Merrill Corporation APAC Limited компанитай холбогдох 10,997,229.48 төгрөг, Artemis Associaltes компанитай холбогдох 178,279,306.75 төгрөгийн ажил үйлчилгээний гэрээнүүдэд болох зөвлөх үйлчилгээний гэрээний төлбөрт шилжүүлэхдээ оршин суугч бус этгээдээс суутган авч төсөвт төлөх "Нэмэгдсэн өртгийн албан татвар" -ыг гэрээт ажлын хөлс-IPO нэмэгдүүлэн тооцож удирдлагын шийдвэрийн дагуу зардлаар бүртгэв гэсэн гүйлгээний утгатайгаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд бүртгэн татвар ногдох орлого бууруулсан болно.Энэ нь
Нэгт: Бодит буюу нэхэмжилсэн дүнгээр зардалд бичих байтал нэхэмжилсэн дүнгээс илүү дүнгээр зардалд хүлээн зөвшөөрч бүртгэсэн.
Хоёрт: “Э***** ********* *******” ХХК нь Татварын ерөнхий хуульд зааснаар тухайн төрлийн татварын хуулийн дагуу төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлж, тайлагнах үүргээ биелүүлээгүй.
Гуравт: Суутгах татварыг суутгахгүйгээр өөрөө даах буюу орлого олж буй этгээд өөрсдөө төлнө гэж хүлээн зөвшөөрсөн бол тус дүнгээр ст-30 Санхүү болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлангаар арилгах/ тайлагнах байсан.
Дөрөвт: Хэрэв бодит зардал нь үзвэл энэ дүнгээс татвар суутгах бөгөөд татвар дутуу суутгасан асуудал яригдах болно. Гэвч энэ нөхцөлд гэрээ болон нэхэмжилсэн дүнгээс илүү дүнгээр зардалд бичсэн тул "Аж ахуйн нэгжийн орлогын тухай хуулийн хүрээнд илүү тооцсон зардалд хуулийн хариуцлага хүлээлгэж нөхөн ногдуулалтын акт гаргасан.
Гомдлын 5-д: Татварын улсын байцаагч 2019 оны тайлангаар алдагдлыг 2020 оны тайланд шилжүүлэн тооцоогүй тухай гомдолд дараах тайлбарыг хийж байна. Үүнд:
Нэгд: Нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 2020 оны 2,197,509,777.80 төгрөгийн зөрчлийн дүнгээс 2019 оны аж ахуйн нэгжийн тайлангаар гарсан алдагдал 1,708,650,079.71 төгрөгийн алдагдлыг шилжүүлэн тооцож, дутуу тайлагнасан 1,838,847,405.35 төгрөгийн зөвлөх үйлчилгээний зардлыг хасч тооцон татвар ногдуулахааргүй байна гэсэн нь "Э***** ********* *******” ХХК нь Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.13-т "татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах", Татварын ерөнхий хуулийн / 2020 оны / 28 дугаар зүйлийн 28.1-т Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 28.2-т "Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий нэгдсэн системд холбогдсон стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж , борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Хоёрт: “Э***** ********* *******” ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны 01/377 дугаар албан бичигт “Э***** ********* *******” ХХК нь “Э***** ********* *******” ХК-ийн охин компани хэлбэрээр үүсгэн байгуулагдсан, тайлангаар алдагдалтай гарсан тул татварын хуулийн дагуу алдагдал баталгаажуулах хүсэлт хүргүүлсэн, Засгийн газрын 2020 оны 146 дугаар Э***** ********* ******* ХХК-ийн эрх , үүрэг хариуцлагыг "Э***** ********* *******” ХК-д шилжүүлэх замаар нэгтгэхээр шийдвэрлэсэн тул алдагдал баталгаажуулах шаардлагагүй болсон тухайгаа мэдэгдэж татварын хяналт шалгалт хийх томилолтыг цуцлуулсан байсан.
Гомдлын 6-д “Э***** ********* *******” ХХК нь татварын хяналт шалгалтад ирүүлсэн гэрээ, гүйлгээ журналын татвар ногдох зардлаас хасагдсан хэсэгт гүйлгээний утга баганад 2020 оны Ерөнхий журнал, Гүйлгээ балансд “удирдлагын шийдвэрээр хасагдах зардалд тооцов " гэж бүртгэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд тооцсон байсан. Энэ нь Татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тулган баталгаажуулалтаар бүрэн нотлогдсон. Мөн гомдлын 5-д татвар төлөгч алдагдлыг шилжүүлэн тооцох тухай дурдсан нь өөрийн алдаатай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн харагдаж байна.
Гомдлын 7-д: "Э***** ********* *******" ХХК нь гомдлын тав дугаарт зөрчлийн дүнгээр алдагдал бууруулах тухай дурдсан нь өөрийн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн зүйл мэт харагдаж байна. Үүнд дараахь тайлбаыг хийж байна:
Нэгд: “Э***** ********* *******” ХХК татан буугдах хүсэлтийн татварын хяналт шалгалтад хамрагдах явцад 2019 оны тайлангаар алдагдлыг баталгаажуулаагүй, дараагийн жилд шилжүүлэн тооцоогүй татвар төлөгч алдагдал баталгаажуулах хүсэлт өгсөн боловч татварын хяналт шалгалтад орохгүйгээр хүсэлтээ буцаасан, татварын байцаагч бид холбогдох хууль болон журам, Татварын ерөнхий газрын даргын тушаал зэргийг үндэслэн алдагдлыг шилжүүлэн тооцоогүй болно. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна гэсэн хуулийн зохицуулалтын дагуу Засгийн газрын 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 287 дугаар тогтоолд "Алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох журам", мөн хуулийг хэрэгжүүлэх аргачлал заавар, холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулан батлуулан мөрдүүлэхийг Татварын ерөнхий газрын даргад даалгасан байдаг. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/265 дугаар тушаалаар “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, баталгаажуулах журам”-ыг хавсралтаар баталсан байдаг.
Тус хавсралтад “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, баталгаажуулах журам”-ын 2.1 Тухайн тайлант жилд алдагдалтай ажилласан татвар төлөгч нь Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэх тооцоо Т-02 Маягтын хамт хуулийн хугацаанд татварын албанд илгээнэ. 3.4.2 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.6-д заасан аж ахуйн нэгж өөрчлөн байгуулагдсан тохиолдолд хасагдаагүй үлдсэн алдагдлыг шилжүүлэн тооцохгүй гэж заасан байдаг ба тус "Э***** ********* *******” ХХК нь Засгийн газрын 2020 оны 146 дугаар тогтоол, "Э***** ********* *******” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар тогтоолуудаар тус компанийн үйл ажиллагаа зогссон тул дээрх заалтыг баримталж мөн тус компаниас ирсэн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/377 тоот алдагдал баталгаажуулах шаардлагагүй болсон тухай албан бичгүүдийг үндэслэн хяналт шалгалтын хугацаанд алдагдлыг баталгаажуулаагүй болно. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журам, тус компаниас ирүүлсэн албан бичиг байсаар байтал нэхэмжлэлд энэ талаар татварын албаны зүгээс баталгаажуулалт хийгээгүй гэж байгаа нь үндэслэлгүй хэрэг юм.
Хоёрт: Захиргааны хэргийн шүүх, давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэлтийн татварын маргаантай асуудлын шийдвэрлэлтийн байдлаас судлан үзэхэд татвар төлөгчийн тайлангаар гарсан алдагдлыг баталгаажуулж, дараагийн тайлангийн жилд шилжүүлэн тооцох, татвар ногдох орлогыг бууруулахдаа хуулийн эрх хэмжээний хүрээнд журам, заавар, аргачлалыг баримтлах, " Татварын ерөнхий ( 2008 оны ) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасан үндэслэлээр хуулийн хугацаанд харьяа татварын албанд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр алдагдлыг хасаж тооцоогүйг буруутгах үндэслэлгүй" гэж дурдсан.
Иймд "Э***** ********* *******" ХХК-ийн 2019 оны алдагдлыг дараагийн жилд шилжүүлэн тооцохгүйгээр татварын хяналт шалгалт хийсэн байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 219,750,977,60 төгрөгийн нөхөн 87,900,390.80 төгрөгийн торгууль, 5,537,727.00 төгрөгийн алданги, нийт 313,189,093.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Зөвлөх үйлчилгээний төлбөр буюу цалинтай холбогдуулан жишээ авлаа. Тухайлсан зөрчил гаргасан 10 компанитай хийсэн гэрээн дээр татвараа суутгаж аваад Монгол Улсад үлдэх татварыг хуулийн дагуу төлчхөөд үлдэх төлбөрийг тухайн гадаадын улсад шилжүүлэх ёстой байсан. Гэрээний нөхцөл хэрхэн хийгдсэн талаар мэдэхийн тулд гэрээг орчуулах нь зүйтэй гэж үзэж байна. тухайн 10 гэрээ татварыг суутгаад, үлдэх хувийг шилжүүлэх байтал бөөн дүнгээр нь шилжүүлсэн. Заавал төлөгдөх нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуй нэгжийн орлогын албан татварыг төлнө хэмээн тайландаа тусгаж, тухайн төлбөрийг Монгол Улсын тал төлж байгаа юм. Буцаж суутгаж авах ёстой татварыг биш өөрсдийнхөө зардал дээр нэмсэн. Тухайн гарч буй 133 сая төгрөг зардал мөн гэхдээ энэхүү зардал дээр Монголын талаас дааж буй татваруудаа нэмээд төлчихсөн байгаа зүйл юм. Татвар суутган төлөгч гэж хэн бэ гэхээр Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19-д "суутган төлөгч" гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг хэлнэ гэж заасан. Суутган төлөгчийн үүргийг гүйцэтгэж, тайлагнасан гэхдээ төлж буй татвар дээрээ нэмээд Монголын талд ногдож байгаа татварыг нэмж зардалдаа тусгасан зөрчил гарсан юм.
Татвар төлөгч анх алданги тооцох хүсэлтээ татварын албанд ирүүлсэн байдаг. Тухайн шалгалтын явц эхлээд томилолт олгосон байхад 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 01/377 дугаар албан бичгээр алдагдал баталгаажуулах шаардлагагүй боллоо гэж мэдэгдэл хүргүүлсэн. Баталгаажуулаагүй алдагдлыг шилжүүлэн тооцоогүй байна. Удирдлагын шийдвэрийн дагуу зардлаар бүртгэв гэсэн гүйлгээний утгатайгаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд бүртгэн татвар ногдох орлого бууруулсан болно. Яагаад гадаад руу шилжүүлэхдээ татварыг суутгаж аваагүй шилжүүлэв, удирдлагын шийдвэрээр яагаад зардалд тооцов гэдэг асуултууд үлдэж байна. Тайландаа нэмж бодсон татвараа зардалдаа шингээсэн байсан.
....Хуучин хуулийн хэрэгжилтийг хараад явахад болно гэж бодож байна. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 531 дүгээр тушаалд алдагдлыг хэрхэн тооцох тухай тусгасан байдаг. Татварын ерөнхий газрын даргын энэ тушаал нь өөрийн эрх үүргийн дагуу дотооддоо мөрдөж, хэвшүүлэх тушаал юм. 531 дүгээр тушаалыг нийтээр заавал дагаж мөрдөх шаардлагагүй, Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх ч шаардлагагүй гэж үзсэн. Зардалд бүртгэсэн дүн гэрээний дагуу гадаад улс руу шилжүүлж байгаа гэрээт ажлын төлбөр гэж үндсэн төлбөр шилжиж байгаа юм. Гүйлгээний утга үр дагавар үүсгэж болохуйц юм. Зөвлөх үйлчилгээний төлбөрийг мөн адил зардал дээр бүртгэж байгаа, нэмж борлуулсан, бодсон татвараа захирлын шийдвэрээр бүртгээд байгаа юм” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Э***** ********* *******” ХХК-ийг төлөөлж, тус компанийн эрх залгамжлагч “Э***** ********* *******” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тус шүүхэд хандаж “ТЕГ-ын том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч А.Б*******, Ц.М******* нарын гаргасан, 2021 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн НА-2********** дугаар “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Татварын ерөнхий газрын том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч А.Б*******, Ц.М******* нарын гаргасан, 2021 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн НА-2********** дугаар “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актаар “...2020 онд 2,197,509,777.80 төгрөгийн оршин суугч бус этгээдээс суутгавал зохих нэмэгдсэн өртгийн албан татварыг суутгахгүйгээр ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж тооцон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд уг зардлыг өсгөж, татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэж үзэж, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасныг үндэслэн 219,750,977 төгрөгийн нөхөн татвар, 87,900,389 төгрөгийн торгууль, 5,537,727 төгрөгийн алданги, нийт 313,189,093 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.
Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын нэг дэх үндэслэл болох “татвар суутгасан 12,564,904,133.60 төгрөгийг зардалд тусгах ёстой гэж тооцооллыг хийх байтал татвар суутгаж гадагшаа шилжүүлсэн зөвлөх үйлчилгээний төлбөр 8,525,564,950.44 төгрөгийн дүнгээс тооцооллыг хийсэн нь тооцооллын алдаатай болсон” гэх тухайд:
Хариуцагч нараас уг үндэслэлийг эс зөвшөөрч “...татвараа суутгаж аваад Монгол Улсад үлдэх татварыг хуулийн дагуу төлчхөөд үлдэх төлбөрийг тухайн гадаадын улсад шилжүүлэх ёстой байтал оршин суугч бус этгээдээс суутган төлөх Нэмэгдсэн өртгийн албан татварыг гэрээт ажлын хөлс-IPO нэмэгдүүлэн тооцож улмаар “удирдлагын шийдвэрийн дагуу зардлаар бүртгэв” гэсэн гүйлгээний утгатайгаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд бүртгэн татвар ногдох орлого бууруулсан нь тогтоогдсон,...оршин суугч бус этгээдэд олгосон орлогоос албан татвар суутгаж авч төлөөгүй гэсэн үндэслэлээр биш оршин суугч бус этгээдээс суутгавал зохих албан татварын дүнгээр тухайн зардлыг ихэсгэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан...” гэж маргав.
Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19-д "суутган төлөгч" гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг" хэлэхээр, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 29.1.3-т “суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах" гэж тус тус заасан.
Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “дараахь нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13.2.12-т “албан татвар суутгах орлого олсон тохиолдолд холбогдох албан татварыг суутган тайлагнасан байх”, 15 дугаар зүйлийн 15.1-д "Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцож болно”, 15.1.3-т “энэ хуулийн 16.1.8-д зааснаас бусад төсөвт төлөхөөр тайлагнасан албан татвар, төлбөр, хураамж”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй”, 16.1.8-д “...нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар болон энэ хуулийн дагуу бусад этгээдийн олсон орлогоос суутган авсан татвар" гэж тус тус заажээ.
Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл нэхэмжлэгчээс төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар болон оршин суугч бус этгээдийн зөвлөх үйлчилгээний төлбөрөөс суутган авсан татвар нь татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдохгүй байх тул 2020 онд 2,197,509,777.80 төгрөгийн, оршин суугч бус этгээдээс суутгавал зохих нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг суутгахгүйгээр ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж тооцон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд уг дүнгээр зардлыг өсгөж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзсэн Татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын акт хууль зүйн үндэслэлтэй, уг актыг тооцооллын алдаатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс “...төрийн өмчит компани болохын хувьд оршин суугч бус этгээдтэй зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахдаа гэрээний дүнд татварын дүнг оруулан нийт дүнгээр нь баталж өгдөг” гэж тайлбарласныг хариуцагч нараас “...суутган төлөгчийн хувьд төлж буй татвар дээрээ Монголын талд ногдож буй татвараа нэмж зардлаа өсгөж тайланд тусгасан нь зөрчил” гэж тайлбарлан маргасан тул шүүх энэ хэрэгт хариуцагчаас гаргаж ирүүлсэн гадаад хэл дээр үйлдэгдсэн “гэрээ” гэх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иймд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар 2,197,509,777.80 төгрөгийн зөрчилд 219,750,977.00 төгрөгийн нөхөн татвар, 87,900,389.00 төгрөгийн торгууль, 5,537,727.00 төгрөгийн алданги, нийт 313,189,093.00 төгрөгийн төлбөр ногдуулснаас шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын 6 605 670 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Албан татвар ногдох орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ”, 20.2-т "Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцох...”, 20.3-д "Энэ хуулийн 20.2-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоос жил бүр хасагдах алдагдлын хэмжээ нь дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын дүнгийн 100 хувь, бусад салбарын хувьд 50 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд уг хасагдах алдагдлыг тухайн татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогоос тооцно" гэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуримтлагдсан татварын тайлангаар гарсан алдагдлыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу ирээдүйд шилжүүлэн тооцно” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хуулийн эдгээр заалтуудыг үндэслэн “алдагдлыг шилжүүлэн тооцох үндэслэлтэй” гэж маргасныг хариуцагч нар эс зөвшөөрч “алдагдал баталгаажуулах хүсэлт ирүүлсэн боловч уг хүсэлтээсээ татгалзсан тул баталгаажуулалт хийгдэх үндэслэлгүй” гэж тодорхойлон эс зөвшөөрөв.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан, “Э****** ********* ******” ХХК-иас Татварын ерөнхий газрын том татвар төлөгчийн газарт хүргүүлсэн, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01/377 дугаар албан бичгээс үзвэл “...манай компани санхүү, татварын тайлангаар алдагдалтай гарсан тул хуулийн дагуу алдагдал баталгаажуулах хүсэлтийг татварын албанд хүргүүлсэн...”Э***** ********* *******” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож эрх үүрэг хариуцлагыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлэх замаар нэгтгэхээр шийдвэрлэсэн...алдагдал баталгаажуулах шаардлагагүй болсныг мэдэгдэж байна” гэжээ.
Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/265 дугаар тушаалаар батлагдсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, баталгаажуулах журам”-ын 1.1-д “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан татварын тайлангаар гарсан алдагдал /цаашид “алдагдал” гэх/-ыг баталгаажуулах, ирээдүйд шилжүүлэн тооцохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино”, 1.3-т “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.2-т заасны дагуу татварын албаар баталгаажуулсан татварын тайлангаар гарсан алдагдлыг дараалсан 4 жилд шилжүүлэн тооцно”, 2.1-д “Тухайн тайлант жилд алдагдалтай ажилласан татвар төлөгч нь “Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэх тооцоо” ТТ-02 маягтыг нөхөж, цахим тайлангийн системд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан ТТ-02 маягтын хамт хуулийн хугацаанд татварын албанд илгээнэ”, 3.4-т “Алдагдлыг дараах тохиолдолд шилжүүлэн тооцохгүй”, 3.4.1-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаа дууссан, цуцлагдсан, буцаан өгсөн тохиолдолд алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохгүй”, 3.4.2-т “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.8-д заасан аж ахуйн нэгж өөрчлөн байгуулагдсан тохиолдолд хасагдаагүй үлдсэн алдагдлыг шилжүүлэн тооцохгүй”, 3.4.3-т “татварын хялбаршуулсан горим ашиглах татвар төлөгчийн өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохгүй”, гэж тус тус нарийвчлан зохицуулсан, уг журмыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 4667 дугаарт бүртгэсэн болох нь тогтоогдов.
Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл алдагдалтай ажилласан татвар төлөгчөөс ТТ-02 маягтыг нөхөж татварын албанд илгээгдсэний дараа “...алдагдал баталгаажуулах шаардлагагүй болсныг мэдэгдэж байна” гэх Гүйцэтгэх захирлын гарын үсэг бүхий албан бичиг хүргүүлснийг нэхэмжлэгч компани хүсэлтээсээ татгалзсан гэж үзэхгүй, энэ нь алдагдлыг шилжүүлэн тооцохгүй байх үндэслэлд хамаарахгүй тул хуримтлагдсан татварын тайлангаар гарсан алдагдлыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу ирээдүйд шилжүүлэн тооцох үндэслэлтэй, энэ үндэслэлээр хариуцагчийн “...уг журам бол дотогшоо үйлчлэлтэй,...алдагдал баталгаажуулах хүсэлтээс татгалзсан...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иймд 313,189,093.00 төгрөгийн нийт төлбөрийн дүнгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2019 оны тайлангаар гарсан алдагдлын 1,708,650,079.71 төгрөгийг шилжүүлэн тооцож, уг алдагдалд ногдох 170,865,007.00 төгрөгийн нөхөн татвар 69,972,569,00 төгрөгийн торгууль, 4,305,801.00 төгрөгийн алданги, нийт 245,143,377.00 төгрөгийн төлбөрийг бууруулж, 488,859,698.09 төгрөгийн зөрчилд ногдох 48,885,970.00 төгрөгийн нөхөн татвар, 17,927,820.00 төгрөгийн торгууль, 1,231,926.0 төгрөгийн алданги, нийт 68,045,716.00 төгрөгийн төлбөр болгож багасган үүнээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагад холбогдох 6 605 670 төгрөгийн төлбөрийг хасч нийт 61 440 046 төгрөгөөр тогтоох боломжтой гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.19, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.8, 19 дүгээр зүйлийн 19.9. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль /2019 оны/-ийн 6 дугаар зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн НA-2********** тоот нөхөн ногдуулалтын актаар 2,197,509,777.80 төгрөгийн зөрчилд ногдуулсан 219,750,977.00 төгрөгийн нөхөн татвар, 87,900,389.00 төгрөгийн торгууль, 5,537,727.00 төгрөгийн алданги, нийт 313,189,093.00 төгрөгийн төлбөрөөс 1,708,650,079.71 төгрөгийн зөрчилд ногдох 170,865,007.00 төгрөгийн нөхөн татвар, 69,972,569.00 төгрөгийн торгууль, 4,305,801.00 төгрөгийн алданги, нийт 245,143,377.00 төгрөгийн төлбөрийг бууруулж, үлдэх 488,859,698.09 төгрөгийн зөрчилд ногдох 48,885,970.00 төгрөгийн нөхөн татвар, 17,927,820.00 төгрөгийн торгууль, 1,231,926.00 төгрөгийн алданги, нийт 68,045,716.00 төгрөгийн төлбөрөөс хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагад холбогдох 6 605 670 төгрөгийн төлбөрийг хасч нийт 61 440 046 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр багасгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН