Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/02

 

 

 

 

      

 

 

 

   2021         01            13                                           2021/ДШМ/02

 

 

 

Д.Т, М.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Б.М,

Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч: Б.Д,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/420 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Д.Т, М.Б нарт холбогдох, эрүүгийн 1919002490115 дугаартай, 3 хавтас, 592 хуудас бүхий хэргийг прокурор Б.М-ийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Д.Т,

2. Шүүгдэгч: М.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор Б.М-аас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

                                                          

Шүүгдэгч М.Б нь тус цэцэрлэгийн эрх бүхий албан тушаалтан буюу эрхлэгчээр ажиллаж байхдаа, шүүгдэгч Д.Т нь тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа бүлэглэн 2018-2019 он хүртэлх хугацаанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Аж ахуй нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална.” гээд 5.1.3-д заасан “жинхэнэ хэрэгжилтийн”, 5.1.4-д заасан “үнэн зөв байх”, 5.1.5-д заасан “хэмжигдэхүйц байх” гэсэн зарчмуудыг мөрдөөгүй, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасан “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.” гэснийг, 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.” гэснийг, 13.5-д заасан “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” гэснийг, 13.7-д заасан “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан “Нягтлан бодох бүртгэлд хөрөнгө, өр төлбөр, бүх авлага, бүх орлогыг заавал бүртгэнэ.” гэснийг, 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасан “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх.” гэснийг тус тус зөрчиж, төрийн байгууллагад буюу Дорноговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт 7.291.600 төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                             

Анхан шатны шүүх: Д.Т, М.Б нарт холбогдох эрүүгийн 1919002490115 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн прокурорын газарт буцааж,

хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Т, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Шүүгчийн захирамжийг прокурор, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.М давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 9/7 тогтоолоор Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар цэцэрлэгийн дотор тохижилт болон бага үнэтэй түргэн элэгдэх зардалд Боловсрол, соёл, урлагийн яамнаас төсөвлөгдсөн 73.886.700 төгрөгийг баталж, уг мөнгийг захиран зарцуулах эрхийг Зүүнбаян багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар цэцэрлэгт олгожээ. Холбогдох зарцуулалт зөрчилтэй эсэхэд Аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хяналт шалгалт хийсэн талаарх танилцуулгад дурдагдсан. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.С 7 дугаар цэцэрлэгийн санхүүгийн баримтад аудит хийж, гаргасан, шинжээчийн дүгнэлтэд: “...Дорноговь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Санхүүгийн хяналт, аудитын албанаас тус аймгийн Сайншанд сумын 7 дугаар цэцэрлэгийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хийсэн аудитын дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн. Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар цэцэрлэгийн 2018 оны төсвийг 2018 оны 12 дугаар сард 91092.4 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн баталж, үүнээс дотор тохижилтын ажилд зориулж, бага үнэтэй түргэн элэгдэх зүйлийн зардалд 10.936.7 мянган төгрөгийг Тавилга, эд хогшил худалдан авах зардалд 59.950.0 мянган төгрөгийг, багаж техник хэрэгсэл худалдан авах зардалд 3.000.0 мянган төгрөгийг тус тус баталсан байна. 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр бага үнэтэй түргэн элэгдэх зүйлийн зардалд 10.292.5 мянган төгрөгийг, Тавилга эд хогшил худалдан авах зардалд 59.950.0 мянган төгрөгийг, багаж техник хэрэгсэл худалдан авах зардалд 2.420.0 мянган төгрөгийг тус тус зарцуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар цэцэрлэгт 2018 онд олгосон санхүүжилтийн 100061315207 дугаар төрийн сангийн харилцах данснаас зарцуулах мөнгөний болон тооцооны баримтуудад 1 дүгээр гарын үсгийг эрхлэгч албан тушаалтай М.Б 2006 оны 03 сарын 17-ноос, 2 дугаар гарын үсгийг нягтлан бодогч Д.Т 2018 оны 03 сарын 30-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд зурж төсвийн хөрөнгийг захиран зарцуулсан байна. 7 дугаар цэцэрлэгийн санхүүгийн баримтад орлогоор бүртгэгдсэн бараа материалаас 11.061.100 төгрөгийн бараа материалын зөрчил тогтоогдсон байна. ... 7 дугаар цэцэрлэг нь санхүүжилтийн мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан боловч худалдан авсан бараа материалыг биетээр хүлээн аваагүй, цэцэрлэгт нийт 11.061.100.00 төгрөгийн бараа материалын хохирол учирсан байна. ...” гэж дурдсан юм. Мөрдөн шалгах байгууллагаас Сайншанд сумын 7 дугаар цэцэрлэгт нийт 11.061.100.0төгрөгийн бараа материалын хохирол учирсан гэх үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн шалгаж, хянасны үндсэнд шүүгдэгч М.Б, Д.Т нарын бүлэглэн үйлдсэн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас 7.291.600 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон юм. Иймд тус аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Б, Д.Т нарт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн юм. Гэтэл Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/420 дугаартай шүүгчийн захирамжийн “Тодорхойлох нь:” хэсгийн 3.1, 3.2, 3.3, 4.1, 5, 6, 7, 8 дахь зүйлүүдэд заасан мөрдөн шалгах ажиллагаанууд нь агуулгын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасныг зөрчиж, М.Б, Д.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан нь шүүхэд шилжүүлсэн хүрээнд явагдаагүй гэдгийг нотолж байна. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид дурдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанууд ямар учраас хоорондоо зөрчилтэй болохыг тогтоож дүгнэлт хийгээгүй, ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр гэмт хэрэг үйлдсэн хүнийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гэж үзэж байгаа нь тодорхойгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох талаарх хуулийн зохицуулалт болон зарчим алдагджээ.

Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 7 дугаар цэцэрлэгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр баталж, хуваарилсан гэх 73.886.700 төгрөгийг зарцуулах эрхийг нь тус цэцэрлэгт олгосон гэдгийг иргэний нэхэмжлэгч Б.А, М.Б нар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй дурдсан байхад шүүх “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн ажиллах байсан уу гэдэгт дүгнэлт хийх боломжгүй...” гэсэн нь ойлгомжгүй байна.

 Мөн Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 9/07 дугаартай тогтоолоор батлагдсан 73.886.700 төгрөг хэрхэн юунд зарцуулах талаарх баримтууд хэрэгт авагдсан юм. Тухайлбал: Дорноговь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 07 сарын 22-ны өдрийн 167 тоот албан бичигт: “...Аймгийн засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрийн Боловсролын чиглэлээр тэргүүлэх зорилт 2.6.5-д тусгагдсаны дагуу Сайншанд сумын 5 дугаар багт ашиглалтад орох шинэ цэцэрлэгийн шаардагдах тоног төхөөрөмж, тавилга эд хогшил зөөлөн эдлэлийг Бага үнэтэй түргэн элэгдэх зүйл зардалд 10936.7 мянган төгрөг, тавилга эд хогшил зардалд 62950.0 мянган төгрөг, нийт 73886.7 мянган төгрөгийн зардлууд нь АИТХ-ын 2018оны 9/07 тоот тогтоолоор батлагдсан. Тухайн байгууллагын санхүүгийн тайлан тэнцэл нь Сайншанд сумын төрийн санд нэгтгэгддэг болно. ...Хавсралт 8 хуудас” гэжээ. /1 дүгээр хх-ийн 70-78 дугаар хуудас/, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд: “...гэрч М.Б-ээс гаргаж өгсөн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян дахь цэцэрлэгт “Эрмүүн инженеринг” ХХК-иар тавилга, бараа материалыг 26.819.100 төгрөгөөр нийцүүлж гүйцэтгэсэнтэй холбоотой 29 хуудас санхүүгийн баримт бичиг хэрэгт ач холбогдолтой тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийг баримтлан хүлээн авч, тэмдэглэл үйлдэв. ...” гэсэн /1 дүгээр хх-ийн 10 дугаар хуудас/нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгчийн захирамжийн “Тодорхойлох” хэсгийн 2-т заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамж нь “шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй...” гэв.

 

Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж орж байна. Шүүх хуралдаанд Д.Т мэдүүлэг өгөхдөө “Би Эрээн хот руу явахдаа 3.000.000 /гурван сая/ төгрөг авч явсан. Энэ мөнгө нь 73 сая төгрөгөөс тусдаа мөнгө юм. Учир нь хуучин цэцэрлэгийн компьютер авахад 3.000.000 /гурван сая/ төгрөгийн асуудал байсан. Үүнийг тэгээд тээврийн зардалд зарцуулсан” гэдэг. Тэгэхээр энэ 3.000.000 /гурван сая/ төгрөгийн асуудал шүүх хуралдаанд яригдсан, нотлох баримтаар зарим зүйл нь нотлогдсон байдаг. Тэгэхээр үүнийг шалгахгүй орхигдуулсан байна гэж үзэж байна. Мөн энэ мөнгийг яагаад нэхэмжлэхгүй байгаа юм, тухайн байгууллагыг хохирогчоор тогтоогоогүй болохоор мэддэггүй юм уу, бид нар хонон, өнжин хуралдахдаа нэхэмжлэгч нарийг нэлээн шахаж асуусан ч тооцоогоо бүрэн гаргаж ирж чаддаггүй. Одоо прокурор 7 сая төгрөгийн асуудал ярьж байна. Яагаад 11 сая төгрөгөөс 7 сая төгрөг хасагдсан юм бэ? Дараагийн асуудал нь Д.Т нь “Хутагтын зам”, “Цагаан тэмээ”, “Жи тү өү” гэдэг гурван компани руу мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ шилжүүлэгтээ 2.176.000 /хоёр сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөгийг цэцэрлэгийн хөрөнгө оруулалтаас 10 хувь болгож тэнд суутгаж аваад, энэ мөнгийг хохирол тооцож байгаа эсэх нь тодорхойгүй байна. Үүнийг тодорхой шалгалгүйгээр гэрчээр асуугаад явчихсан байдаг. Тиймээс энэ асуудлыг орхигдуулсан байна, хэн энэ мөнгийг төлөх юм бэ, тухайн 7 сая төгрөгт энэ мөнгө орж байгаа юм уу, мөн түрүүний ярьсан 3 сая төгрөг орж байгаа юм уу, гэдгийг шалгаад нэг тийш нь болгох ёстой гэж үзэж байна. Тэгээд дараа нь хариуцах хүн байх ёстой, Д.Т хариуцах юм уу, М.Б хариуцах юм уу, ер нь Д.Т руу хандаад байгаа юм шиг миний тайлбар гарсан байгаа. Иймд Д.Т-ын үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой асуудлыг шалгаагүй байна. Хоёр дахь асуудал нь бэлэн бусаар шилжүүлсэн мөнгөө бэлнээр нь компаниас авчхаад өөрөө явж Эрээн хотоос бараа оруулж ирсэн. Жишээ нь 179.000 /зуун далан есөн мянга/ төгрөгийн сандал нь хамгийн өндөр үнэтэй, 40-45 юань байдаг. Тэгэхээр үүнийг 179.000 /зуун далан есөн мянга/ төгрөгөөр орлогот авсан байдаг. Мөн Д.Т энэ асуудал дээр хуурамч бичиг баримт үйлдсэн юм уу, үгүй юм уу гэдэг асуудал гардаг. Тэгэхээр зарим бараа, материалууд дутсан, тоо, ширхэг нь зөрсөн байдаг. Харин нэхэмжлэгч тал Д.Т-ын талд орж бараа, материал байгаад тооцож хасаад 7 сая төгрөг гаргадаг. Энд цэцэрлэгийн асуудал юм шиг хандаад байдаг, цаана нь хүүхдүүд хохирч байна. Тиймээс дутуу шалгасан ажиллагааг шалгуулах гэхээр эсэргүүцэл бичиж орж ирж байгаа нь боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээс авхуулаад яригдаад байгаа тооцооны асуудлыг яг нарийн гаргаж ирдэггүй. Нэхэмжлэгч нар болон улсын яллагч гаргаж чадаагүй. Өмгөөлөгч бид нар ч нөгөө хүмүүстэйгээ уулзаад ярьсан мөртлөө тооцоог нарийн гаргаагүй. Мөн Д.Т нягтлангаар ажиллах байхдаа албан тушаалаа ашиглаад тодорхойгүйгээр урамшуулал болгож гурван зуун хэдэн мянган төгрөг авсан байдаг. Энэ асуудлыг бас яах юм, Д.Т хариуцах юм уу гэдэг нь тодорхойгүй. Энэ цэцэрлэгийн асуудал дээр өөр бусад хүмүүс холбоотой юм уу, үгүй юм уу тухайн падааныг дураараа аваад бичсэн байдаг. Үүнд шүүхээс үнэлгээ тогтоох боломжтой юу гэхээр боломжгүй. Тэгэхээр үнэлгээ тогтоох ямар ашигтай вэ? гэхээр эдийн мөн чанар, тухайн цэцэрлэгт үнэхээр шаардлагатай эд хөрөнгө мөн юм уу?, энэ нь нийлүүлэгдэж байгаа зах зээлийн үнээс үнэхээр дээгүүр байгаа юм уу, доогуур байгаа юм у, эсхүл таарч байгаа юм уу гэдгийг нотлох хэрэгтэй. Миний дээр хэлсэн өөр бусад хүмүүс хамаарах юм уу гэх асуудал нэлээн яригдсан. Жишээлбэл нярав н.О-ийн асуудал байдаг. Энд ач холбогдолгүй юм шиг санагдаж байгаа ч цаанаа нарийн ач холбогдолтой зүйл юм. Энэ нярав н.О нь бусдад давуу байдал бий болгоод байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг зүгээр гэрчээр 3 удаа асуучихсан. За 3 удаа асуух нь хамаагүй ч энэ үйл явдалд энэ хүн өөрөө хамааралтай эсэхийг шалгаад, эцэслэж шийдвэрлэх ёстой гэдэг байр суурьтай байна. Улсын яллагчийн хэлсэн хэргийн хүрээнээс хальсан гэдгийг захирамжаас уншаад, дараа нь эсэргүүцлээс харахаар авлигын шинжтэй асуудал байдаг. Өөр гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй юм аа гэсэн агуулгаар ороод ирсэн боловч “Мандаалай цех”-ийн н.Т-аас 1.000.000 /нэг сая/ төгрөг 7 хоногийн дотор орж ирсэн байдаг. Энэ нь ямар учиртай вэ? гэхээр “Мандаалай цех”-ийн хүн надад ямар ч тооцоо байхгүй гэдэг. Гэтэл буцаагаад цэцэрлэгт биш Д.Т-ын дансанд хийсэн байдаг. Тухайн мөнгийг албан байгууллагаас авчхаад буцаагаад цэцэрлэг рүү нь хийх байтал Д.Т-ын дансанд хийсэн. Дараа нь улсын яллагч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудыг баримтлаад гэм буруу тооцсон. Тэгтэл шүүх хуралдаанд энэ далан хэдэн сая төгрөгийг явуулах ёс журмаа зөрчсөн гэж ярьсан. Өөрсдөө дураараа 10.000.000 /арван сая/ төгрөг болгохгүйн тулд хэсэгчлээд нягтлан бодогч хуваагаад зарцуулаад байгаа хууль зөрчсөн асуудал мөн эсэхийг ярьсан. Мөн үүнийг шүүгчийн захирамжид тусгасан байдаг. Иймд эдгээр үндэслэлүүдээр энэ асуудлыг нэмж шалгахгүй бол болохгүй, тэгээд дараа нь гэм буруугийн асуудлыг ярина. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, шууд гэм буруугийн хурал хийхээр анхан шатны шүүхэд буцаах боломжгүй гэж үзэж байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн хорин хоёрдугаар бүлэгт “Авлигын гэмт хэрэг” буюу мөн бүлгийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан ба Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгохоор тодорхойлсон байх тул энэ төрлийн гэмт хэрэгт давуу байдалтай холбоотой нөхцөл байдлыг зайлшгүй нотолж, тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох хуулийн шаардлагад нийцэх юм.

 

Харин шүүхээс нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй учир аливаа гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон хэргийн бодит байдлыг эрүүгийн хэрэгт зайлшгүй нотолж, тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чухал ач холбогдолтой болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч М.Б-ийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа, шүүгдэгч Д.Т-ыг тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа бүлэглэн 2018-2019 он хүртэлх хугацаанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Аж ахуй нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална.” гээд 5.1.3-д заасан “жинхэнэ хэрэгжилтийн”, 5.1.4-д заасан “үнэн зөв байх”, 5.1.5-д заасан “хэмжигдэхүйц байх” гэсэн зарчмуудыг мөрдөөгүй, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасан “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.” гэснийг, 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.” гэснийг, 13.5-д заасан “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” гэснийг, 13.7-д заасан “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан “Нягтлан бодох бүртгэлд хөрөнгө, өр төлбөр, бүх авлага, бүх орлогыг заавал бүртгэнэ.” гэснийг, 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасан “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх.” гэснийг тус тус зөрчиж, төрийн байгууллагад буюу Дорноговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт 7.291.600 төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон гэж” дүгнээд хэргийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилнэ гэжээ.

 

Эндээс үзэхэд яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тодорхойлсон үйл баримтыг тодорхой дүгнэж дурдаагүйгээс хэдэн төгрөгийн хохирол хэнд, хэрхэн яаж учирсныг тухайлбал тухайн хохирол төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулснаас эсхүл өндөр үнээр эд хөрөнгө худалдан авснаас зөрүү гарч хохирол учирсан эсэх, шүүгдэгч нар албан тушаалын ямар эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ямар ашигтай байдлыг бий болгож, хувьдаа хичнээн төгрөг завшсан зэрэг нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх буюу санхүүгийн нотлох баримтууд хоорондоо зөрүүтэйн улмаас шүүгдэгч нарыг бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон талаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үйл баримтыг тогтоох огт боломжгүй байхад яллах дүгнэлтэд энэ талаар огт тусгалгүйгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоосон гэх 11061100 төгрөгөөс хасаж тооцон, Дорноговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт 7291600 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох хуулийн шаардлагыг зөрчжээ.

 

Мөн Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албанаас Сайншанд сумын Зүүнбаян багийн 7 дугаар цэцэрлэгийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын танилцуулга түүнчлэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд заасан санхүүжилт, эд хогшил, бараа материалуудын үнийн дүн тус тус зөрүүтэй байх ба 2018 оны 12 сард цэцэрлэгт нэмж олгосон /аудитын шалгалтын танилцуулгад цэцэрлэгийн үйл ажиллагаанд нэмэлтээр 97692,4 мянган төгрөгийн санхүүжилтийг нэмж олгон, 72662500 төгрөгийг эд хогшил худалдан авахаар төсөвлөж өгсөн гэж, харин шинжээчийн дүгнэлтэд 2018 оны 12 сард цэцэрлэгийн төсвийг 91092,4 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн баталж, тавилга эд хогшил, багаж техникт 73886700 төгрөгийг баталсан гэжээ/ санхүүжилтээс аж ахуйн нэгж болон иргэнд нийт 73462500 төгрөгийг шилжүүлсэн байх боловч бодит байдлаар эд хогшил, бараа материалыг хүлээн авалгүй НББ-ийн анхан шатны баримтаар хий орлогоор бүртгэн авсныг, иргэн болон аж ахуйн нэгжид шилжүүлсэн мөнгөнөөс 10 хувийг суутгуулж, буцаан бэлнээр 24962500 төгрөгийг гаргуулан авч Эрээн болон бусад газраас материал бэлтгэн нийлүүлсэн, цэцэрлэгийн эрхлэгчийн төлбөл зохих/130000+400000/ төлбөрийг ямар эх үүсвэрээс төлсөн болох, нягтлан бодогч өөртөө урамшуулал цалин 369294 төгрөг авсан зэрэг нөхцөл байдлыг огт шалгаагүй байна.

 

 Түүнчлэн зөвхөн дээр дурдсан зөрүүтэй тоон үзүүлэлт төдийгүй шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц тендер зарлалгүйгээр 26819100 төгрөгийг компанид шилжүүлснийг, санхүүжилтийн мөнгийг ААНБ, иргэдийн дансаар дамжуулан бэлнээр гаргуулан авч байгааг буюу тухайн санхүүжилтийн мөнгийг хүлээн авсан хувь хүн, аж ахуйн нэгж нь тус тус албан татвар төлөгч мөн эсэх, албан татвар ногдох, ямар орлогод үндэслэн тухайн орлогоос, ямар үндэслэлээр 10 хувийг тооцон суутган авч, үлдэх төлбөрийг буцаан шилжүүлж байсныг шалгаж, тогтоох шаардлагатай төдийгүй бэлнээр гаргуулан авсан мөнгөөр Эрээн хот болон бусад газраас бараа материалыг өндөр үнээр худалдан авсан эсэх, огт байхгүй эд хогшил, бараа материалыг НББ-ийн баримт үйлдэж, санхүүгийн баримтад хавсаргасан эсэх улмаар холбогдох баримтыг хуурамчаар үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг тогтоож, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой бөгөөд шүүхээс прокурорын шилжүүлсэн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж эсхүл зүйлчлэл хүндэрч болзошгүй учир шүүх хуралдаанаар энэхүү ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилго, үйлдэл, эс үйлдэхүй, учирсан хохирол, хор уршгийг бүрэн гүйцэд тогтоосноор Эрүүгийн хуульд заасан адил төсөөтэй болон өөр гэмт хэргийн шинжийг тухайн үйлдэл, эс үйлдэхүй, учирсан хохирол, хор уршиг илэрхийлж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж улмаар ямар гэмт хэргийн шинжийг хангаж байгаагаар нь зүйлчлэх учиртай.

 

Харин анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь буруу биш гэхдээ шүүгчийн захирамжид заагдсан зарим нэг ажиллагааг тухайлбал, захирамжийн 3 дахь заалтын 3.2-т заасан “...Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн тасгийн ажилтнууд ямар дэмжлэг туслалцаа үзүүлсэн тэдний үйлдэл оролцоог шалгах” гэсэн ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд эдгээр үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэхийн зэрэгцээ мөрдөгч, прокуророос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн этгээдийг хохирогчоор тогтоолгүй, албан тушаалтныг томилсон нь мөн шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг, харин анхан шатны шүүхээс шүүх хуралдаан даргалагчийг өөрчилж, томилохдоо холбогдох зөвлөгөөний тогтоолыг хавсаргаагүй нь Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг тус тус цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/420 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.М-ийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Т, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                               ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                    Н.БОЛОРМАА