Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 156/ШШ2019/00082

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 18 өдөр

      Дугаар 156/ШШ2019/00082

               Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

156/2018/00695

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: ................оршин суух, Б.Х /РД:........../ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: .............тоотод оршин суух, Б.Г /РД:........../,

Хариуцагч: .............. тоотод оршин суух, Д. А /РД:.........../,

Хариуцагч: ............... тоотод оршин суух, Д.С /РД:........./

Хариуцагч: ............... оршин суух, . Э. Э /РД:.........../ нарт холбогдох

            “бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө чөлөөлүүлж, өөрт буцаан олгуулахыг даалгуулах, 842 450 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан, хариуцагч Б.Г, хамтран хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.

           Хариуцагч Д. С нь Улаанбаатар хотод мэс хагалгаанд ороод бие тааруу эмнэлэгт хэвтэж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хариуцагч  Д. Сын хувьд хүндэтгэн үзэх шалтгаан байх тул шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулахаар тогтов. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Нэхэмжлэгч Б.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Б.Г-аар 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн өмчлөлийн .....хийцийн 70 лангийн, ганзаганы ёзоорт мөнгөн угалзтай, ясан хяран дээр мөнгөн угалзтай их гарын мөнгөн эмээлээ засуулахаар тохиролцож түүнд хүлээлгэн өгсөн юм. Тэгээд хэд хоногийн дараа Гаас эмээлээ авъя гэхэд Г надаас янзалж өгөхөөр авсан өдөрт нь эмээлийг ломбарданд тавьчихсан байсан. Тэгээд би Гаас эмээлээ шаардаад байхад ломбарднаас авч өгөхгүй байсан тул түүнийг залилангийн хэрэг үйлдсэн гэж Бор-Өндөр сумын цагдаагийн газар өгөхөд тус өргөдлийг шалгаж байсан цагдаа М нь над руу утасдаж Г таны эмээлийг одоо ломбарднаас чөлөөлөөд өгнө гэж байна гэж хэлээд надаар эмээлийг өгөх юм бол надад гомдол байхгүй гэж бичүүлж гарын үсэг зуруулж авсан. Тэгээд хэсэг чимээгүй болчихоор нь Гаас асуухад эмээлийг чинь сунгуулж байгаа, одоохон авч өгнө гэдэг байсан тэгээд байж байтал Бор-Өндөр сумын Прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан байсныг сүүлд мэдсэн. Ингээд Иргэний шүүхэд хандах болсон.

Тэгээд миний бие эмээлийг ломбарданд тавьсан асуудлыг хувиараа судлахад Г нь А гэх хүнтэй машины наймаа хийгээд мөнгө нь дутахаар нь миний эмээлийг ломбарданд тавьж, тавихдаа Аынхоо нэр дээр тавьж хоёул мөнгийг нь авсан байсан. Ингэж тавихдаа “.....” ХХК-ийн “.........” ломбарданд /хүмүүсийн нэрлэж заншсанаар Цэцэг ломбард/ тавьсан байсан. Дараа нь дахин А нь эмээлийг “.........” ломбарднаас аваад энэ ломбард буюу “Сын ломбарданд тавьж мөнгийг өөрөө авсан байсан. Тэгээд би Сын ломбард дээр очоод эмээлээ авъя гэхэд эзэн С нь мөнгөө төлөөд ав” гэхээр нь “би яахаараа бусдын авсан мөнгийг төлөх ёстой юм” гэхэд “би мэдэхгүй, эмээлийнхээ хүүг төлөхгүй бол, эмээл чинь үхнэ” гэж хэлсэн. С нь анхнаасаа Аийг миний эмээлийг тус ломбарданд тавихад “Аийн өмчлөлийн эд зүйл биш” гэдгийг мэдэж байсан байдаг бөгөөд мэдсээр байж ломбардандаа барьцаанд авсан.

А нь эмээлийн ломбарданд тавьсан хүүг төлөөгүй бөгөөд би эмээлээ бусдад алдахгүйн тулд аргагүйн эрхэнд өөрөө ломбардны хүүг 8, 9 сарын хүүнд  нэг сард 350 000 төгрөг, хоёр сарын нийлээд 700 000 төгрөг төлөөд явж байгаа. Саас ломбардны хүү төлсөн баримтаа авъя, танай ломбард ямар нэртэй зэргийг асуухад хэлж өгдөггүй, надад хүү төлсөн баримтыг өгдөггүй, ломбард нь гаднаа нэр хаяг байхгүй, Хүнсний дэлгүүр” гэсэн хаягтай байсан тул би тухайн ломбардны нэрийг мэдэхгүй. Харин олны ярьж заншсанаар “Сын ломбард” гэдэг нэрийг нь л мэдэж байна.

Иймд Б.Г, Д.А, Д.С нар нь миний эмээлийг хууль бусаар өөрсдийн эзэмшилд авч, итгэл эвдэх замаар хөрөнгөжиж өөрсдөдөө ашиг олсон хууль бус үйлдэл хийсэн болохыг тогтоож, эмээлийг надад буцаан олгуулж, ломбардны хүүнд төлсөн 700 000 төгрөг, нотариатын зардал 15 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөг, мөн  нийт 842 450 төгрөгийг хариуцагч Д.С, Б.Г, Д.А, Э.Э нараас гаргуулж, Б.Гаас идэшний үхэр, адууны үнэ болох 1 700 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 

 

Хариуцагч Д.С нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр их гарын мөнгөн чимэгтэй бүрэн хэрэгсэлтэй эмээлийг Э.Э гэдэг хүүхэн зээлийн мөнгө  төлчихөөд 3 хоногийн дотор авна гээд үнэлгээ хийлгэж ........ гэсэн иргэний үнэмлэх үзүүлээд 3 500 000 төгрөгөөр ломбарданд тавьсан юм. Нэг сар болоод хүүгээ төлөхгүй байхаар нь.......... гэсэн утсаар дуудсан боловч утсаа авахгүй байтал Баянхутаг сумын харьяат Б. Г гэгч ирж та санаа зоволтгүй би бүх хүү төлбөр тооцоог хийгээд дариухан авна гээд түүнээс хойш 4 сар гаруй болж байна. Тодорхой хэмжээний их мөнгө авсан учир сарын хүүг нэг ч удаа төлөөгүй харин ........... дүгээр багийн иргэн Будаагийн Хаас эмээлийн зарим эд зүйлийг өгнө гэдэг байдлаар танил тал найз нөхдийн хүрээнд аваад өөр ломбарданд тавьж байгаад сүүлд нь С надад өөр бичиг баримтаар Э.Эээр тавиулсан байгаа юм.

Б.Г нь удаа дараа намайг болон  Хыг хохиролгүй болгоно гэдэг боловч одоо болтол ганц сарын хүү ч төлөөгүй харин эмээлийн эзэн Х 8, 9 сарын хүү 700 000 төгрөг төлсөн болно.

 Анхнаасаа Г, А нар нь ирж эмээлийг тавина гэсэн бол тэднийг таньдаг учир авахгүй байсан.

Одоо бол Г бүх зүйлийг мэдэж бүх төлбөрийг төлнө гэсэн учир Б.Гийг олж иргэн С намайг болон Х нарыг хохиролгүй болгона гэдэгт найдаж байна. Эцэст нь С би хүний эмээлийг дур мэдэн аваагүй, өөрийн эзэмшлийн хөрөнгө болгоогүй. Э.Эийн иргэний үнэмлэхээр баталгаа болгон барьцаанд авсан өөрийн хөрөнгө болгоогүй. Гэрээнд заасны дагуу эмээлээ ав, зээл, зээлийн хүүгээ төл 2 хүнийг хохиролгүй болгож өг гэсэн шаардлагыг Б.Гт удаа дараа тавьсаар байна.

Б.Г нь бүх зүйлийг мэдэж байгаа учир аль аль талдаа хохиролгүй шийдэж өгнө гэдэгт итгэж байна гэжээ /хх-ийн 26-27х/.

 

Хариуцагч Э.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

2018 оны 06 дугаар сард А ах над  дээр ирээд манай нэг ахын эмээл ломбарданд байгаа юм хугацаа нь дуусаад зарагдах гээд байна ломбардаас авч өгөөч ээ мөнгөний хэрэг байна гээд надаас 3 850 000 төгрөг аваад  ........ломбарднаас эмээлийг авахуулсан. Тэгээд эмээлийг аваад намайг гэртээ байлгаж бай гээд эмээлийг авчирч өгсөн. Эмээлийн эзэн ах нь Улаанбаатар явсан ирэхээр нь удахгүй аваад өгнө гэж А надад хэлж байсан. Тэгээд би 14 хоногийн дараа мөнгөний хэрэг гараад байна яасан бэ гэсэн чинь нөгөө ах маань ажил нь амжаагүй ирээгүй байна гэсэн. Би нөхөртөө мэдэгдэхгүй 3 850 000 төгрөгийг өгчихсөн юм. 3 850 000 төгрөгөөр нөхөр бид хоёр гэр авна гэж байсан юм. Тэгээд би ахиад 2 хоногийн дараа А руу утастдаад яачих ваа та гэсэн чинь одоо тэгвэл эмээлээ түр ломбарданд тавиад чи мөнгөө авчих, эзэн ах нь удахгүй ирэх юм чинь гэсэн. Зүүн захын ломбардад 2018 оны 7 сард 3 500 000 төгрөгөөр сарын 10 хувийн хүүтэй тавьсан. Би бол Б. Хын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

          Би хувиараа алт мөнгөний дархан ажил хийдэг хүн. Энэ маргаан болоод байгаа эмээл бол би анх 1994 онд Хт хийж өгч байсан эмээл юм. 2017 онд би Хтай уулзаад эмээлийг чинь янзалж өгье, янзалж өгсөний хөлс авахгүй харин би 1,2 сар эмээлийг чинь тавьж байгаад авч өгье гэж Хтай тохиролцсон юм. А надаас мөнгө аваагүй, би тэрнээс машин ч аваагүй энэ бол баталгаатай үнэн. Би өөрөө бичиг баримтгүй ирчихээд Аийн нэр дээр тавьсан юм. Нэхэмжлэл ирэхээс өмнө би Стай уулзсан, Тэгэхэд С “ах нь Хын 700 000 төгрөг, хүүний мөнгө буцааж өгнө” гэж ярилцаад салсан. Би ч мөнгө олохын тулд янз бүрийн юм хийгээд олигтой ч мөнгө олохгүй явсаар хоног алдчихаад байна. Ер нь бол миний буруугаас энэ эмээл, мөнгө төгрөгний асуудал бүгд болоод байгаа юм. Үүнийг би өөрөө дангаараа хариуцаж энэ хүмүүсийг хохиролгүй болгоно. Энэ хавар дүү нар ноолуур гарахаар эмээлийг нь ломбарднаас аваад өгье өрнөөс чинь нэг удаа салгаж өгье, ахиж ийм юм битгий хийгээрэй гэж хэлсэн. Би эмээлийн төлбөрийг бүрэн хариуцна. Яг өнөөдөр, маргаашдаа эмээлийг чөлөөлж өгөх үнэхээр боломжгүй байна. Үхэр адууг нэгийг нь 600 000 төгрөгөөр үнэлсэн. Үхэр, адууны 1 200 000 төгрөгийг төлнө гэв.

Нэхэмжлэгч Б.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Х нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын харъяат Б.Г гэдэг хүнээр 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн өмчлөлийн “Боржигон хийцийн 70 лангийн, ганзаганы ёзоорт мөнгөн угалзтай,ясан хяран дээр мөнгөн угалзтай их гарын мөнгөн эмээл”ээ засуулахаар тохиролцож түүнд хүлээлгэн өгсөн юм.

Тэгээд хэд хоногийн дараа Гаас эмээлээ авъя гэхэд Г надаас эмээлийг янзалж өгөхөөр авсан өдөрт нь ломбардад тавьчихсан байсан. Тэгээд би Гаас эмээлээ шаардаад байхад ломбардаас авч өгөхгүй байсан тул түүнийг залилангийн хэрэг үйлдсэн гэж Бор-Өндөр сумын цагдаагийн газарт өгөхөд тус өргөдлийг шалгаж байсан цагдаа М нь над руу утасдаж “Г таны эмээлийг одоо ломбарднаас чөлөөлөөд өгнө гэж байна” гэж хэлээд надаар эмээлийг өгөх юм бол надад гомдол байхгүй гэж бичүүлж гарын үсэг зуруулж авсан. Тэгээд хэсэг чимээгүй болчихоор нь Гаас асуухад “эмээлийг чинь сунгуулж байгаа, одоохон авч өгнө” гэдэг байсан. Тэгээд байж байтал Бор-Өндөр сумын прокурорын газраас “Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо” гэсэн бичиг ирсэн. Тэгээд Бор-Өндөр сумын прокурорын газарт хандахад гомдол гаргах хугацаа нь дууссан та иргэний хэргийн шүүхэд ханд гэж Хт хэлсэн байсан. Г нь А гэх хүнтэй машины наймаа хийгээд мөнгө нь дутахаар Хын эмээлийг ломбарданд тавьж, ломбарданд тавихдаа “.....” ХХК-ны “.........” ломбарданд / хүмүүсийн нэрлэж заншсанаар цэцэг ломбард/ тавьсан байсан. Дараа нь дахин А нь эмээлийг “......... ломбард”-аас аваад энэ ломбардын эзний аавынх нь ломбард буюу “Сүбаатарын ломбард”-нд тавьж мөнгийг өөрөө авсан байсан. Тэгээд Х “С ломбард” дээр очоод эмээлээ авъя гэхэд С нь “мөнгөө төлөөд ав” гэхээр нь би яахлаараа бусдын авсан мөнгийг төлөх ёстой юм” гэхэд нь “би мэдэхгү” эмээлийнхээ хүүг төлөхгүй бол, эмээл чинь үхнэ” гэж хэлсэн: С нь анхнаасаа Аийг миний эмээлийг тус ломбардад тавихад “Аийн өмчлөлийн эд зүйл биш” гэдгийг мэдэж байсан байдаг бөгөөд мэдсээр байж ломбардандаа барьцаанд авсан байдаг.

Ингээд А нь эмээлийн ломбардад тавьсан хүүг төлөөгүй бөгөөд Х эмээлээ бусдад алдахгүйн тулд аргагүйн эрхэнд өөрөө “Ломбардны хүү”-г 8, 9, сарын хүүнд нэг сард 350 000 төгрөг, хоёр сар нийлээд 700 000 төгрөг төлөөд явж байгаа. Саас ломбардны хүү төлсөн баримтаа авъя, танай ломбард ямар нэртэй зэргийг асуухаар хэлж өгдөггүй, Хт хүү төлсөн баримтыг өгдөггүй, ломбард нь гаднаа нэр хаяг байхгүй, “Хүнсний дэлгүүр” гэсэн хаягтай байсан тул Х тухайн ломбардны нэрийг мэдэхгүй. Харин олны ярьж заншсанаар “Сын ломбард” гэдэг нэрийг нь л мэдэж байсан. Иймд Б.Г, Д.А, Д.С нар нь Хын эмээлийг хууль бусаар өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч, итгэл эвдэх замаар хөрөнгөжиж өөрсдөдөө ашиг олсон хууль бус үйлдэл хийсэн болохыг тогтоож, эмээлийг надад буцаан олгуулж, ломбардны хүүнд төлсөн 700 000 төгрөг, нотариатын үнэ 15 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126 950 төгрөг нийт 842 450 төгрөгийг Б.Г, Д.А, Д.С нараас гаргуулж, Б.Гаас бог малын үнэ болох 1 700 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б.Г, Д. А, Э.Э, Д.С нараас 7 000 000 төгрөгөөр үнэлэгдэх, Боржигон хийцийн 70 лангийн их гарын мөнгөн чимэгтэй эмээлийг гаргуулах, түүнчлэн ломбардны хүүнд төлсөн 700 000 төгрөг, нотариатын үйлчилгээнд төлсөн зардал 15 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126 950 төгрөгийг гаргуулах, хариуцагч Б.Гаас идэшний үхэр, адуу өгсөн үнэ үнэ болох 1 700 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ. 

 

Шүүх нэхэмжлэгч Б.Хын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Хариуцагч Б.Гийн хувьд нэхэмжлэгч Б.Хын итгэлийг эвдэн урьдын танилын холбоогоо ашиглан түүний засварлуулахаар өгсөн 7 000 000 төгрөгөөр үнэлэгдэх, Боржигон хийцийн 70 лангийн их гарын мөнгөн чимэгтэй эмээлийг хариуцагч Д.А, Э.Э нарын хамт хариуцагч  Д.Сын эзэмшлийн “..........” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг ломбарданд 3 500 000 төгрөгийн барьцаанд дур мэдэн тавьж нэхэмжлэгч иргэн Б.Хыг илтэд хохироосон үйлдэл хийсэн байна.

         

          Эмээлээ эргүүлж олж авахын тулд нэхэмжлэгч нь ломбардны 2 сарын хүү      700 000 төгрөгийг ч өөрөөсөө мөнгө гаргаж төлсөн байна.

         

          Хариуцагч Д.Сын хувьд гарал үүсэл нь тодорхой бус эд хөрөнгийг эзэмшигчийг нь нягталж тодруулалгүйгээр ашиг олох зорилгоор өөрийн хувийн бизнесийн барьцаа, бусдад өгсөн зээлээ буцаан авах баталгаа болгож эмээлийг барьцаалж авсан байна.

          

          Хариуцагч Б.Г, Д.А, Э.Э нарын хувьд өөрсдийнх нь бус, өөр этгээдийн эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж эмээлийг өөрсдийн нэрээр удаа дараа барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газарт мөнгөний барьцаанд тавьж мөнгө авч хувьдаа хэрэглэж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

         

          Иймд шүүх хариуцагч Б.Г, Д.А, Э.Э, Д.С нарыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, үндэслэлгүйгээр эзэмшсэн байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон буцаан шаардах эрхтэй гэж заажээ.

 

          Тиймээс хариуцагч нарын нэхэмжлэгч иргэнийг хохироосон үйлдлийг зогсоож, зөрчигдсөн эрхийг нь сэргээх нь зүйтэй байна.

 

          Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Б.Хын хувьд хариуцагч Б.Гаас идэшний хэрэгцээнд нь худалдсан үхэр, адууны үнэ 1 700 000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлангийн зүгээс шүүх хуралдаан дээр хариуцагч Б.Гийн “үхэр адуу хоёрыг 1 200 000 төгрөгт бодож Б.Хтай тохиролцож мөнгийг нь дараа өгөхөөр тохиролцсон” гэх саналыг хүлээн зөвшөөрсөн тул энэ байдлаар нь шийдвэр гаргах нь зүйтэй болно.

 

          Нэгэнт хариуцагч нар нь бусдын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул тэдний үндэслэлгүйгээр олж авсан, үндэслэлгүйгээр эзэмшсэн хөрөнгө буюу мөнгийг буцаан гаргуулж хууль ёсны эзэмшигч болох нэхэмжлэгч Б.Хт олгох нь шударга ёсны зарчимд нийцэх билээ.

Иймд хариуцагч Д.Саас 7 000 000 төгрөгөөр үнэлгээтэй Боржигон хийцийн 70 лангийн, их гарын мөнгөн чимэглэлтэй эмээлийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт, хариуцагч Б.Г, Д.А, Д.С, Э.Э нараас 842 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт, хариуцагч Б.Гаас          1 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт  тус тус олгохоор шийдвэрлэлээ.

          Хэрэв хариуцагч Д.С нь эмээлтэй холбоотой асуудлаар өөрт нь эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд хариуцагч Б.Г, Д.А, Э.Э нараас учирсан хохирлоо иргэний журмаар жичдээ нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй юм.

 

          Эцэст нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор эмээлийг битүүмжилсэн Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 сарын 07-ны өдрийн №1870 дугаартай захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үлдээв.

 

          Улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тэр хүрээнд хариуцагч нараас ялгамжтай байдлаар хуваан хариуцуулах нь зүйтэй болно.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                       

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Д.Саас 7 000 000 төгрөгийн үнэлгээтэй, Боржигон хийцийн 70 лангийн,  их гарын мөнгөн чимэглэл, тоноглолтой эмээлийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт, хариуцагч Б.Г, Д.А, Э.Э нараас 842 450 /найман зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт, хариуцагч Б.Гаас 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт  тус тус олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 169 100 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Г, Д.А, Э.Э нараас тус бүрээс 42 316 төгрөг, нийт 126 950 төгрөг, хариуцагч Б.Гаас сүүлд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж болох 33 350 төгрөг, нийтдээ хариуцагч нараас 160 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт олгосугай.

3. Хариуцагч Д.С нь эмээлтэй холбоотой асуудлаар өөрт нь эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд хариуцагч Б.Г, Д.А, Э.Э нараас учирсан хохирлоо иргэний журмаар жичдээ нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

4. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 сарын 07-ны өдрийн №1870 дугаартай Б.Хын эзэмшлийн эмээлийг битүүмжилсэн захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          Ж.БОЛДБААТАР