Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/52

 

2025       03         18                                           2025/ШЦТ/52

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0046/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.**********,

Улсын яллагч Н.******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******,

Шүүгдэгч Б.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овогт ******** ********ид холбогдох 2539001250060 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******** нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 04 цагийн үед ********** аймгийн ******* сумын 5 дугаар баг Механикжуулалтын 2-5 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Э.********той тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.******** нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 04 цагийн үед ******* аймгийн ********** сумын 5 дугаар баг Механикжуулалтын 2-5 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Э.********той тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.  

 

Дээрх үйл баримтын улмаас Э.********гийн биед баруун хөлийн эрхий хуруунд шарх, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэг, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, цээжний зүүн хэсэг, зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэ, зүүн өгзөгт цус хуралт, зүүн шуу, хүзүүний зүүн хажуу хэсэг, баруун дал, баруун мөр, зүүн өвдөг, зүүн өгзөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг байна гэж шүүх дүгнэлээ. 

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.******** гэм буруутай болох нь:

 

Хохирогч Э.********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2025 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн орчимд баарнаас гараад манай гэрт буюу ******** сумын 5 дугаар баг Механикжуулалтын 2-5 тоотод очиж хоол цай идэж ууцгаасан. Тэгээд бид дөрөв манай гэрт 1 савтай том пиво хувааж ууцгааж байсан чинь гаднаас ********** орж ирэхдээ 1 шил 0.5 граммын Агар нэртэй архитай орж ирээд цуг уугаад сууцгааж байсан чинь *********, ********** хоёр гэрлүүгээ харьлаа гээд шөний 04 цагийн үед гараад явсан. Тэгэхээр нь би унтах гэж байсан чинь манай нөхөр ******** гэнэт уурлаад найз нараасаа дорд үздэг гээд намайг орон дээр хэвтэж байхад зүүн гарын булалга болон нүүр, дух хэсэгт цохисон. Тэгэхээр нь би босоод зугтах гэсэн чинь хувцас угаадаг ногоон саваар цохихоор нь би гараараа хаасан чинь сав нь хагарчихсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15-р хуудас/,

2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаартай ****** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.********** “...Э.********гийн биед баруун хөлийн эрхий хуруунд шарх, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэг, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, цээжний зүүн хэсэг, зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэ, зүүн өгзөгт цус хуралт, зүүн шуу, хүзүүний зүүн хажуу хэсэг, баруун дал, баруун мөр, зүүн өвдөг, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...." гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.******** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.********ийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.********гийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирчээ.

 

Иймд шүүгдэгч Б.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

         

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч шүүгдэгч Б.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 (долоон зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун наян мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 (долоон зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун наян мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.********ид шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

Шүүгдэгч Б.********ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хавтаст хэргийн 98 дугаар хуудаст “...Б.********ид ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хохирогчийн хүсэлт байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *********** овгийн ********** ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********ид 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********ид оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Б.********ид мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР