| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/02806/И |
| Дугаар | 101/ШШ2021/03508 |
| Огноо | 2021-11-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2021/03508
2021 11 02 101/ШШ2021/03508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Ж-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “П” ХХК-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 8,006,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.Ж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч З.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Н.С-ийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Ж би “П” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Барилгын туслах материал түрээслэх гэрээ” байгуулан V2 маркийн сапуд 2000 ширхэгийг өдрийн нэг ширхэг бүрийг 70 төгрөгийн үнэтэйгээр 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 90 хоногийн хугацаатайгаар түрээслэсэн юм.
Гэрээ байгуулсан өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 90 хоногийн 12,600,000 төгрөгийн төлбөрт тооцож Портер маркийн автомашин авсан.
Улмаар гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 73 хоног сунгасан. Гэрээний төлбөр 10,220,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөрт нь төлөхөөр тохиролцсон.
Гэтэл энэхүү түрээсийн төлбөрийг төлөхгүй байсаар хугацаа хэтрүүлэн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 24 хоног хэтрүүлэн 4,200,000 төгрөгийг,
2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 116 хоног хэтрүүлэн 6,000,000 төгрөгийг, нийт 10,200,000 төгрөгийг төлсөн.
Бидний хооронд байгуулагдсан гэрээний 7.2-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хоног тутам төлөх үүргийг “П” ХХК хүлээсэн.
Үүний дагуу хугацаандаа төлөгдөөгүй 10,220,000 төгрөгийн 0,5 хувийн алданги хоногийн 51,100 төгрөгийг 24 хоногт тооцоход 1,226,400 төгрөг, 6,000,000 төгрөгийн 0,5 хувийн алданги хоногийн 30,000 төгрөгийг 116 хоногт тооцоход 3,480,600 төгрөг, нийт 4,706,400 төгрөгийн алданги болж байна.
Дахин “П” ХХК-ний хүсэлтээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээг сунгасан. Гэрээний 2.4, 2.16-д зөвхөн гэрээнд заасан газарт түрээсийн сапудыг хэрэглэнэ гэж заасан, гэрээгээр тохиролцсон энэ үүргээ хариуцагч нь зөрчиж өөр газарт сапудыг хэрэглэсэн.
Гэрээнийхээ заалтыг зөрчсөн тул Л.Ж миний бие гэрээний 2.6-д зааснаар гэрээг дуусгавар болсныг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх захирал Г.Б-т мэдэгдсэн.
Гэтэл намайг зодсон, тэгэхээр нь цагдаад мэдэгдсэн бөгөөд, Зөрчлийн тухай хуульд зааснаар Г.Б-т торгуулийн арга хэмжээ авсан.
Дээрх 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр сунгасан гэрээний төлбөр болох 8,300,000 төгрөгөөс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр 3,300,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна.
Нэхэмжлэл гаргах үед нэг бүрийн 30,000 төгрөгийн 158 ширхэг сапудыг надад хүлээлгэн өгөөгүй байсан боловч 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дээрх 4,718,000 төгрөгийн үнэ бүхий сапудыг буцааж өгсөн тул энэ шаардлагаас татгалзаж байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрхийн зөрчилгүй, 2 талын хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээний хугацааг 3 удаа сунгасан. Засгийн газраас тогтоосон хөл хорионы үеэр сапудыг хэрэглэж байсан, тулгуур төмрийг барилгаас салгах боломжгүй юм.
Түүнээс гадна хөл хориотой холбоотой барилгын үйл ажиллагаа явуулах боломжгүй хугацааны түрээсийн төлбөрийг тооцоогүй, энэ хугацааны төлбөрийг нэхэмжлээгүй, хөл хорио тавигдсан, барилгын үйл ажиллагаа хэвийн явуулах хугацааг оруулан тооцсон болно. Хариуцагч нь хөл хорионы хугацааны төлбөрийг нэхэмжилсэн гэх боловч үүнийг нотолсонгүй. Түүнээс гадна давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлөөс үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон талаарх хүсэлтийг хариуцагч өөрөө гаргах ёстой, энэ талаар Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд хандаж гэрчилгээ авсан талаарх баримтыг ирүүлсэнгүй.
Хариуцагч “П” ХХК-иас гэрээний төлбөрт тооцож 2020.08 сард 12,600,000 төгрөгийн үнэ бүхий “Портер” маркийн автомашин, 2020.10.14-ний өдөр 4,200,000 төгрөг, 2021.02.10-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021.05.24-ний өдөр 5,000,000 төгрөг, барьцаа болох 1,000,000 төгрөг, нийт 28,800,000 төгрөг хүлээн авсан. Барьцааны 1,000,000 төгрөгийг гэрээний үүрэг дуусгавар болонгуут буцааж өгнө.
Гэрээ байгуулагдсан 2020.08.02-ны өдөр V2 маркийн 2000 ширхэг сапудыг “П” ХХК-д падаанаар хүлээлгэн өгсөн, сапудыг нярав н.Болд-Эрдэнэ нь тоолж хүлээн авсан. Түрээсийн гэрээний нөхцлөөр төлбөрийг сар бүр төлөх байсан. Төлбөрийг төлөхгүй хугацаа хэтэрвэл алданги тооцохоор гэрээнд заасан, түрээсийн гэрээний төлбөр, алданги нь хөл хорионы хугацаанд хамаарахгүй. Ер нь бол сапудыг 2021.08.02-ны өдөр хүртэлх хугацаанд ашигласан гэж үзэж байгаа бөгөөд гэрээнд заасан газраас өөр газар хэрэглэсэн учраас маргаан үүссэн.
Иймд хариуцагч “П” ХХК-иас 2020.09.02-ны өдрийн сунгалтын гэрээний алдангид 4,706,400 төгрөг, 2021.02.10-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөрт 3,300,000 төгрөг, нийт 8,006,400 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “П” ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч З.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Л.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Манай байгууллага нь иргэн Л.Ж-тай Баянзүрх дүүргийн 0 дугаар хороонд баригдаж буй “Б” хотхонд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр №11 тоот барилгын туслах материал түрээсийн гэрээ байгуулсан болно.
Манай байгууллагын зүгээс гэрээний дагуу 2020.06.02-ны өдрөөс 2020.09.01-ний өдөр хүртэлх 90 хоногийн хугацаат гэрээний төлбөрт харилцан тохиролцсоны үндсэн дээр портер авто машиныг 2020 оны 08 сард Л.Ж-т өгсөн.
-Нэмэлт гэрээ буюу 2020.09.02-ны өдрөөс 2020.11.15-ны өдрийг хүртэл 73 хоногийн хугацаатай сунгасан гэрээний нийт төлбөр 10,220,000 /арван сая хоёр зуун хорин мянган/ төгрөг гэж амаар харилцан тохиролцсон.
Уг нэмэлт гэрээний дагуу алданги тооцоолол нь:
- 2020.09.02-ны өдрөөс 2020.10.16-ны өдөр хүртэлх 45 хоног 10,220,000*0,5 хувь*45 хоног 2,299,500 төгрөг,
2020.10.17-ны өдрөөс 2020.11.11-ний өдөр хүртэлх 24 хоног 6020,0*0,5 хувь*24 хоног 722,400 төгрөг, нийт 3,021,900 төгрөгийн алданги,
2021.05.08-2021.07.31-ний өдрийг хүртэлх үлдэгдэл сапудны төлбөр 1,217,930 төгрөг,
Иргэн Л.Ж-тай хийсэн гэрээ, гэрээний нэмэлт, гэрээний алданги нийт төлбөр 26,499,830 төгрөг болно.
Манай байгууллагын зүгээс иргэн Л.Ж-т 16,200,000 төгрөг бэлнээр, 12,600,000 төгрөгийн портер авто машин, нийт 28,800,000 төгрөг төлсөн байх ба гэрээний дагуу манайх төлөх ёстой төлбөр нь 23,170,000 төгрөг бөгөөд үүнээс илүү төлсөн 2,300,170 төгрөгийг түүнээс нэхэмжилж байна.
Илүү төлсөн 2,300,170 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл гаргаагүй.
Гэрээний 7.5-т “...Давтагдашгүй хүчний нөхцөл байдал гэдэгт талууд энэ гэрээгээр тогтоосон дараах нөхцөлүүд хамаарна. Байгалийн шинжтэй үзэгдлүүд /газар хөдлөлт, үер, ган, зуд, хүчтэй салхи шуурга, ой хээрийн түймэр г.м/, төрийн эрх барих дээд байгууллагын буюу засгийн газар, нутгийн удирдлагын шийдвэр хамаарна” гээд заачихсан.
2020.11.11-ний өдрөөс 2021.05.08-ны өдрийг хүртэлх Улсын онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрийн дагуу онцгой үүргийн 5 байгууллагаас бусад аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд барилгын салбар үйл ажиллагаагаа огт явуулаагүй. Ийм тохиолдолд давагдашгүй хүчин зүйлийн нотолгоо шаардаж байгааг ойлгохгүй байна. Энэ нөхцөлд алданги тооцох боломжгүй гэж үзэж байх тул алдангийг зөвшөөрөхгүй. Ер нь өвлийн хүйтэнд буюу 9 эхэлсэн үед барилгын ажил явагддаггүй, зогсонги байдалд байдгийг мэдсээр байж энэ хугацааны төлбөр, алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т: “иргэн болон ажилтныг халдвараас сэргийлэх нөхцөлийг эрх бүхий байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу бүрдүүлэх”, 17 дугаар зүйлийн 17.1-т: “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан. Гэтэл хууль зөрчиж үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүйг мэдсээр байж үйл ажиллагаа явуулсан гэж үзэн түрээсийн төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
Энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 141.1-т: “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж заасан байтал алдангийг хоногийн 0,5 хувиар тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч хэдэн ширхэг сапудыг хүлээлгэн өгсөн болох, үүнээс хэдийг түрээслүүлсний төлбөр нэхэмжилсэн нь тодорхойгүй байна.
Иймд “П” ХХК-иас 8,006,400 төгрөг гаргуулах тухай Л.Ж-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ж нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3,300,000 төгрөг, алданги 4,706,400 төгрөг, 158 ширхэг сапудны үнэ 4,718,000 төгрөг, нийт 12,724,400 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байх ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 4,718,000 төгрөгийн үнэ бүхий сапудыг хариуцагчаас хүлээн авсан тул уг шаардлагаас татгалзаж, үлдэх 8,006,400 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн болно.
Хариуцагч “П” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай, №11 дугаар бүхий “Барилгын туслах материал түрээслэх гэрээ,
-2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан хавсралт гэрээ,
-2021 оны 02 дугаар сарын 10-ний өдөр “Барилгын туслах материал түрээслэх гэрээ сунгалт” гэх 3 гэрээ байгуулагдсан байх ба гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээний хавсралтад заагдсан нэр төрөл, хэмжээ, тоо ширхэг бүхий барилгын туслах материал буюу эд хөрөнгийг түрээслэгчид тодорхой хугацаанд ашиглуулахаар түрээслүүлж түрээсийн төлбөр авах, түрээслэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд түрээсийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж буцааж өгөх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхөөр тохиролцжээ.
/хх-ийн 4-10, 11, 12 тал/
Зохигч талууд дээрх гэрээ, гэрээний хугацааг сунгасан сунгалтын талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д: “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар
Л.Ж нь гэрээний хавсралтад заагдсан нэр төрөл, хэмжээ, тоо ширхэг бүхий барилгын туслах материал буюу эд хөрөнгийг түрээслэгчид тодорхой хугацаанд ашиглуулахаар түрээслүүлэх,
“П” ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд түрээсийн эд хөрөнгийг зориулалтын дагуу гэрээнд заасан газарт ашиглаж буцааж өгөх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхөөр тохиролцсон түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
-Талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан №11 дугаартай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-ний 1.5-т: “Тухайн барилгын туслах материалыг түрээслэгчид шилжүүлэх болон тэдгээрийг буцаан авахдаа хүлээлгэн өгсөн болон буцаан авсан тухай орлого, зарлагын баримтыг үйлдэж талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна”,
2.4-т: “Түрээсийн зүйлийг зөвхөн өөрийн буюу энэхүү гэрээнд засан газарт барилгын үйл ажиллагааны хүрээнд ашиглах”,
7.2-т: “Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө”
Гэрээний хавсралт №2-т V2 маркийн, 2000 ширхэг, нэг бүрийн үнэ 30,000 төгрөг, хоногийн 70 төгрөг, төлбөр төлөх хугацааг гэрээ байгуулсан өдөр холбогдох дансаар, нийт үнэ 12,600,000 төгрөг, гэрээний хугацаа сунгагдсан тохиолдолд гэрээний төлбөрийг сунгалт хийсэн өдөр төлөх, гэрээний хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байхаар, гэрээний хугацааг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байхаар тохиролцсон байна.
/хх-ийн 4-10 тал/
Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох V2 маркийн, 2000 ширхэг сапудыг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь зарлагын баримтаар тогтоогдож байх ба энэхүү гэрээний төлбөр 12,600,000 төгрөг төлөгдсөн байх ба үүнтэй зохигч маргаагүй.
Хариуцагч “П” ХХК нь гэрээний үүрэгт 16,200,000 төгрөг бэлнээр, 12,600,000 төгрөгийн үнэ бүхий портер маркийн авто машин, нийт 28,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, гэрээний төлбөрт 23,170,000 төгрөг төлөхөөс 2,300,170 төгрөг илүү төлсөн, түүнчлэн түрээслүүлсэн сапудын тоо тодорхойгүй, түрээсийн төлбөр, алдангийг Засгийн газраас хатуу хөл хорио тогтоосон хугацаанд тооцсон нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
-Зохигч нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Гэрээний хавсралт”-ыг баталж, үүгээр дээрх гэрээний 10.1-т гэрээний хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байхаар сунгаж, хугацаанаас өмнө талууд гэрээг дуусгавар болгох бол түрээсэлсэн хоногийн тарифаар тооцож, зөрүү төлбөрийг тооцох, энэхүү хавсралт нь үндсэн гэрээний хамт байхаар тохиролцсон байх ба гэрээнд талууд гарын үсэг зуран, хуулийн этгээдийн тамга даран баталгаажуулжээ.
/хх-ийн 11 тал/
Гэрээний сунгалтыг хийхдээ талууд үндсэн гэрээний нөхцлийг тохирсон байх ба үндсэн гэрээний хавсралт №2-т гэрээний хугацаа сунгагдсан тохиолдолд гэрээний төлбөрийг сунгалт хийсэн өдөр төлөх, 7 дугаар зүйлийн 7.2-т түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тусгасан байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д: “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д: “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дах заалт нийцжээ.
Нэхэмжлэгч нь энэхүү сунгалтын гэрээний дагуу гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний төлбөрт 24 хоног хэтрүүлэн 2020.10.14-ний өдөр 4,200,000 төгрөг, 116 хоног хэтрүүлэн 2021.02.10-ны өдөр 6,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн тул 24 хоногийн алдангид 1,226,400 төгрөг, 116 хоногийн алдангид 3,480,600 төгрөг, нийт 4,706,400 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн гэж тайлбарласан.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай”, уг хугацааг сунгах тухай тогтоолоор:
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт,
-2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай”, уг хугацааг сунгах тухай тогтоолоор:
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар,
-2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай” тогтоолоор:
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар,
-2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 тоот, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай”, уг хугацааг сунгах тухай тогтоолоор:
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт тус тус шилжүүлсэн байна.
Хариуцагч нь талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан сунгалтын гэрээний төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаанд шилжүүлсэнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар 2020.09.02-ны өдрөөс 2020.11.15-ны өдөр хүртэлх хугацааны сунгалтын гэрээний дагуу хариуцагч нь гэрээний төлбөрийг 2020.09.02-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон гэж үзэх ба уг хугацаа нь Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарч байна гэж үзэхээргүй байна.
Үүнээс үзэхэд хариуцагч нь талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан сунгалтын гэрээний төлбөрийг мөн өдөрт нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээгээр тохирсон хугацааг 24 хоногоор хэтрүүлэн 4,200,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 116 хоног хэтрүүлэн 6,000,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
/хх-ийн 17-18 тал/
Иймд талуудын хооронд байгуулагдсан сунгалтын буюу гэрээний хавсралтаар тохиролцсон гэрээний дагуу хариуцагч “П” ХХК-иас алдангид 4,706,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ж-т олгох нь зүйтэй гэж үзэв.
/10,220,000төгрөгх0.5%=51,100төгрөгх24хоног=4,200,000төгрөг,
/6,000,000төгрөгх0,5%=30,000төгрөгх116хоног=3,480,600төгрөг,нийт 4,706,400 төгрөг/
-Мөн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр №11 дугаартай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ сунгалт” гэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр түрээслүүлэгч талын Баянзүрх дүүргийн 0 дугаар хороонд баригдах “Б” төслийн үйлчилгээтэй, орон сууцны барилгад 1185 ширхэг, V2 төмөр тулаас болох туслах материалыг ашиглах, гэрээг сунгасан өдрөөс эхлэн туслах материалын 1 ширхэгийг нь өдрийн 70 төгрөгөөр үнэлэн тооцоог хийх, улс оронд үүссэн хөл хорионы өдрүүд болон материал буцаалт хийх өдрүүд тооцоонд орохгүй байх, түрээслэгч тал гэрээг дуусгавар болох өдрийг түрээслүүлэгч талд 2 хоногийн өмнө мэдэгдэхээр тохиролцон, гарын үсэг зуран баталгаажуулсан.
/хх-ийн 12 тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан үндсэн гэрээний 2.4-т: “түрээсийн зүйлийг зөвхөн өөрийн буюу гэрээн заасан газарт барилгын үйл ажиллагааны хүрээнд ашиглах”, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 1.1.-т: “Баянзүрх дүүргийн 0 дугаар хороонд баригдах “Б” төслийн үйлчилгээтэй, орон сууцны барилгад ашиглах” заалтыг зөрчсөн гэж үзэн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээг дуусгавар болгохыг хариуцагч “П” ХХК-д мэдэгдсэн байх ба талууд үүнтэй маргаагүй.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-т гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болно гэж зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч нь энэхүү гэрээний үүрэгт 2021.05.24-ний өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх ба зохигч үүнтэй маргаагүй.
/хх-ийн 19 тал/
Нэхэмжлэгч нь түрээсийн зүйл V2 сапуд 2000 ширхэгийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчид хүлээлгэж өгсөн зарлагын баримт,
хариуцагч нь үлдэгдэл 158 ширхэг сапудыг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн бэлэн мөнгөний орлогын баримт тус тус үйлдсэн байх ба эдгээр баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох сапуд нь гэрээ байгуулагдсан 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд түрээслэгч талын эзэмшилд байсан гэж үзнэ.
/хх-ийн 14, 57 тал/
Хариуцагч нь гэрээний дээрх хугацаанд нэхэмжлэгчээс хүлээн авсан сапудаас хэдийд, хичнээн ширхэгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн болох, үүнээс хэдэн ширхэг сапудыг, хэдийгээс хэдий хугацаанд ашигласан болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Дээрх хугацаанд гэрээний дагуу түрээсийн зүйлийг хүлээн авсан тоо, хэмжээгээр ашиглаагүй гэдгийг хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд дурдсан хугацаанд мөн тоо, хэмжээгээр ашиглаагүй гэх байдлаа нотлоогүй учраас энэ хугацаанд бусдын эд хөрөнгийг үндэслэлгүй ашиглах ёсгүй юм.
Нэхэмжлэгчийн 2021.02.10-ны өдрөөс 2021.06.22-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2021.02.11-ний өдрөөс 2021.02.23-ны өдөр хүртэлх 12 хоног, 2021.04.11-ний өдрөөс 2021.05.08-ны өдөр хүртэлх 27 хоног тус тус хамаарч байх тул уг хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч хариуцан төлөх үндэслэлгүй гэж үзэв.
Иймд уг гэрээний үүрэгт хариуцагчаас 3,212,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 87,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
/99хоногх70төгрөгх1185ш=8,212,050төгрөг-5,000,000төгрөг=3,212,050төгрөг/
Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч “П” ХХК-иас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн сунгалтын гэрээний алдангид 4,706,400 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний үүрэгт 3,212,050 төгрөг, нийт 7,918,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Жт олгохоор байх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон байх тул барьцаа хөрөнгө 1,000,000 төгрөгийг 7,918,450 төгрөгөөс хасч, нийт 6,918,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Жт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,087,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч “П” ХХК нь гэрээний үүрэгт илүү төлсөн төлбөр болох 2,300,170 төгрөгийг иргэн Л.Ж-аас нэхэмжилсэн гэж тайлбарласан боловч тэрээр уг тайлбартайгаа холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч “П” ХХК-иас 6,918,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ж-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,087,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 125,645 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ж-т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218,886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ