| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2021/00401/И |
| Дугаар | 129/ШШ2021/00398 |
| Огноо | 2021-08-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 129/ШШ2021/00398
129/ШШ2021/00398
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г овогт Г.У-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г овогт Б.С-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У, хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.С-той 2015 оны 04 дүгээр сард танилцаж, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хурим найраа хийж 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Хамт амьдарч байх хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүү С.М төрсөн. Б.С 2018 оноос эхлэн зан ааш нь хувирч, архи ууж, гэр орондоо тогтохгүй, агсам согтуу тавьж, зодож, хэл амаар дарамталдаг болсон. Сүүлдээ амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн, үс толгойноос зулгааж зодоод, гарт тааралдсан зүйлээ авч шидэж, эвдэж хэмхлэх, гэрээ шатаах гэж бензин цацаж, өдөр, шөнөжингөө айлгаж сүрдүүлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, аргаа бараад салсан. Б.С-с тусдаа амьдраад 1 жил 3 сар болж байна. Одоо ч над руу архи уусан үедээ утсаар ярьж байгаа газарт чинь очиж шатааж ална, надаас салаад өгөөч, би амьдралаа бодмоор байна гэдэг. Ийм таарамжгүй хүчирхийлэлтэй нөхцөл байдлын улмаас хариуцагч Б.С-той амьдрах боломжгүй байна. Би Б.С-той цаашид хамтран амьдрах боломжгүй. Хүүхдээ том болохоос нь өмнө, ааш авир нь өөрчлөгдөхвий гэж бодоод Б.С-с салъя гэж бодсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү С.М-г миний асрамжинд үлдээж, хариуцагч Б.С-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Б.С хүүхдээ анхаардаггүй. Утсаар ярихдаа хэл амаар доромжилдог гэв.
Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.У бид хоёр 2012 онд анх танилцсан. 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүү С.М төрсөн. С.М-с өмнө Г.У жирэмсэн байж байгаад хүүхэд нь эндсэн. Манай хадмууд намайг хүн гэж тоодоггүй. Г.У-г эмнэлэгт хэвтэж байхад хадмындаа очоод эмнэлэг рүү хоол зөөх шаардлагатай байна гэхэд чи өөрөө хоол хийх махаа ол гэдэг. Хадмууд надад их дургүй, би гэм хийсэн юм шиг хэцүү байдаг. Би хүүгээ бодож байна. Хойд эцгийн царай харуулаад яахав гэж бодож байна. Утсаар ярих гэхээр Г.У утсаар ярьдаггүй. Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Б.С-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Г.У, Б.С нар нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүү Г овогт С.М төрсөн ба одоо эх Г.У-н хамт амьдарч байгаа болох зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн засаг даргын тодорхойлолт, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Сум дундын эмнэлгийн эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Г.У нь ... үс толгойноос зулгааж зоддог, гарт тааралдсан зүйлээ авч шидэж, эдвэж хэмхлэх, гэрээ шатаах гэж бензин цацаж айлгаж, сүрдүүлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг тул гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамт амьдрах боломжгүй болсон.... гэдгээ илэрхийлсэн, хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй. Хариуцагч гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргадаг бөгөөд тэдний гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, зохигч тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан үзээд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:
Гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлгийн тал дээр мөн маргаагүй, хүүхдийн өсөж хүмүүжих ахуй нөхцлийн болон хайр халамж шаардагдах онцлог, нас, одоо эхийн асрамжид байгаа нөхцөл нь түүний эрх ашигт нийцэхгүй гэж үзэх үндэслэл байхгүй зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү С.М-г эх Г.У-н асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.С-р С.М-г тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хариуцагч Б.С-г хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч Г.У нь саад учруулах, хориглох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгө хуваалгах талаар шаардлага гаргаагүй ба зохигч дээрх асуудлаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч Г.У-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.У-т, 1 жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох 35,337 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод тус тус олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г овогт Г.У, Г овогт Б.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү С.М-г эх Г.У-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Г овогт С.М-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.С-р сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.У-т даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвэр үлдээж, хариуцагч Б.С-с 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.У-т, 1 жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох 35,337 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод тус тус олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Анхтуяа/-д даалгасугай.
8 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА