Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар  2025/ШЦТ/60

 

2025       03         27                                         2025/ШЦТ/60

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0053/Э

 

******** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.********,

Улсын яллагч Д.**********,

Хохирогч Н.********,

Шүүгдэгч Т.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******** аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********** овгийн ********** ********т холбогдох 2539000030024 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******** нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө 22 цагийн үед ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 8 дугаар гудамжны 33 тоот болох өөрийн гэртээ хамтран амьдрагч Н.******** нь түүнийг хардаж, хэрүүл маргаан үүсгэснээс шалтгаалан Н.********ийн зүүн эгэмний дээд хэсэгт нэг удаа хутгалж, биед нь зүүн эгэмний дээд хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Т.******** нь хамтран амьдрагч Н.******** нь түүнийг хардаж, хэрүүл маргаан үүсгэснээс шалтгаалан Н.********ийн зүүн эгэмний дээд хэсэгт нэг удаа хутгалж, биед нь зүүн эгэмний дээд хэсэгт хутгалагдсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас Н.********ийн биед зүүн эгэмний дээд хэсэгт нэг удаа хутгалж, биед нь зүүн эгэмний дээд хэсэгт хутгалагдсан бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ. 

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Т.******** гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч Н.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Харин 23 цагийн орчим би ойрд архи уугаагүй байсан болохоор согтсон байсан учраас эхнэр ********ыг уурлуулж маргалдсан. Тухайн үед би гэрийнхээ баруун талын хувцасны шүүгээний тэнд суугаад эхнэртэйгээ маргалдаж байсан юм. Тэр үед манай эхнэр ******** зуухны хойд талд сууж байгаад уурлаж босож ирэхдээ гартаа хутга бариад босож ирээд миний зүүн талын эгэмний дээд хэсэгт 1 удаа хутгалсан юм. Тэгээд манай эхнэр согтуу байсан учраас тийм үйлдэл гаргаснаа мэдээд шууд эмнэлгийн байгууллага дуудаж намайг үзүүлсэн. Ийм л асуудал болсон.... Би анх мэдүүлэг өгөхдөө эхнэрээ янз бүрийн асуудалд оруулчихаж магадгүй гэж бодоод эхнэрээ хамгаалж мэдүүлэг егсөн юм.... Манай эхнэр ******** нь нэлээн согтуу өөрийгөө хянах чадваргүй байсан юм. Манай эхнэр бид хоёр согтуу байсан учраас ялимгүй зүйлээс болж би хэрүүл хийж эхлээд тийм зүйл болсон юм. Би эхнэрээ согтуу хэл амаар өдөөд уурыг нь хүргээд тэгээд л манай эхнэр уурлаж намайг хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

 

2.Гэрч О.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Харин 23 цагийн орчимд ******** сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 8-33 тоотод хүний цээж хэсгээс цус гараад байна гэх дуудлага мэдээлэлд очиход тухайн дуудлага өгсөн хаяг дээр байх гэрт эхнэр нөхөр хоёулаа согтуу нөхрийнх нь цээжний эгэмний хэсгээс цус гараад тэрийгээ гар нүүрийн алчуураар дарсан байдалтай эхнэр нь би нөхрийгөө дүрсэн юм манай нөхрийг үзээд өг гэж хэлээд орилоод байсан. Харин тэр үед нөхрийг биед үзлэг хийх гэсэн боловч нөхөр нь би үзүүлэхгүй гээд намайг гэртээ оруулахгүй хөөгөөд байсан. Тухайн үед намайг гэртээ оруулахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.... Би нөхрийгөө дүрсэн миний нөхрийг үзээд өг гэж хэлээд хашхираад байсан.... Тухайн нөхөр нь гэх залуу би зүгээрээ үзүүлэх шаардлагагүй гээд намайг гэртээ оруулахгүй хөөгөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

 

3.2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 41 дугаартай ******** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.******* “...Н.********ийн биед зүүн эгэмний дээд хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тоrтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Т.******** хохирогч Н.********ийн биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

          Иймд шүүгдэгч Т.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Т.********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ... удаа үйлдсэн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэв.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Т.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.********т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.********т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            3.Гэм хор, хохирлын талаар:

Шүүгдэгч Т.********** гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хавтаст хэргийн 113 дугаар хуудаст “...надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн хохирогчийн хүсэлт байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ******** овгийн ********* ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.********ыг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.********т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.********т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.