Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 129/2021/00507

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                             129/ШШ2021/00507

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Б-д холбогдох

4,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Б нь 2019 оны 11 сарын 11-ний өдөр Д.Б миний эрхлэн үйл ажиллагаа явуулдаг Баялаг барьцаалан зээлдүүлэх газраас 3.300.000 төгрөгийг сарын 9 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээ байгуулсан болно. Зээлдэгчийн зүгээс 2020 оны 3 сарын 10-ны өдөр хүртэл хүүг төлж, зээлийн гэрээний хугацааг сунгуулж байсан боловч үндсэн зээлийн төлбөрийг огт төлөөгүй болно. 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ж.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч удаа дараа худал хэлж, эвлэрэлд хүрэлцэн ирээгүй тул шүүхэд хандаж байна. Гэрээнд зааснаар Ж.Баас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн /3,300,000/-ийн 0,3 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутам бодож алданги төлүүлнэ. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш бодох алдангийн хэмжээ хоног тутам 9900 байна. Иймд Ж. Батсайханаас үндсэн зээл 3.300.000, алданги 1.650.000 зээлийн гэрээний үүрэг 4.950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Батсайхан би Бямбахандын нэхэмжлэлтэй танилцсан. Би газраа өгөхөөр тохиролцсон гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Жавзангийн Батсайхан нь нэхэмжпэгч Д.Бын эрхлэн явуулдаг “Баялаг” барьцаалан зээлдэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3,300,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 9 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон байдаг. Энэ хугацаанд зээлийн гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлийг огт төлөөгүй. 3,300,000 төгрөгөөс нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Хоног хэтэрсэн гэвэл 2019 оны 12 дугаар сараас хойш тооцвол 2 жил болох гэж байгаа хэрэг байна. Гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 3.300.000 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутам 0,3 хувиар алданги тооцоход 9,900 төгрөг болж байгаа. Үүнийг хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцох юм бол маш их хэмжээний мөнгө гарах учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцүүлж, үндсэн үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр буюу 1,650,000 төгрөг, үүн дээр үндсэн зээл 3,300,000 төгрөг буюу нийт 4.950.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч хариу тайлбар гаргахдаа үүргийн гүйцэтгэлд газар өгье гэсэн саналаа тусгасан байдаг. Тухайн зээлийн хэмжээ болон алдангийн асуудал, мөн энэ зээлийг төлөхгүй гэдэг асуудал дээр огт маргаагүй юм байна гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг бүрэн хүлээн зөвшөөрч, үнийн дүнд өөр эд хөрөнгө тооцуулж, үүргийг дуусгавар болгохоор өөрөө саналаа өгсөн байна гэж үзэж байна. Иймд хариуцагч Ж.Баас үндсэн зээл 3,300,000 төгрөг, алданги 1,650,000 төгрөг буюу нийт 4,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж.Бд холбогдуулан 4,950,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.Б нь “газраа өгөхөөр тохирсон” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Д.Бын барьцаат зээлийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр  000008636 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 сарын хугацаатай 9 хувийн хүүтэй, 3,300,000 төгрөгийн зээл авсан нь 000008636 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Хэдийгээр барьцаанд автомашин барьцаалсан гэсэн байх боловч нэхэмжлэгч тал барьцаалсан автомашин хариуцагчийн эзэмшилд байсныг хариуцагч өөрөө сэлбэг болгон зарсан гэсэн тайлбар гаргасан, хариуцагч барьцааны автомашины талаар маргаагүй, шаардлага гаргаагүй болно.

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Ж.Б нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулж зээлийн гэрээний үнийн дүн болох 3,300,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь уг зээлийн  төлбөрийг 1 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Ж.Б нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2 дэх заалтуудад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч Д.Б нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232,6-д зааснаар төлөгдөөгүй үндсэн зээл 3,300,000 төгрөг, алданги 1,650,000 төгрөг, нийт 4,950,000 төгрөгийг хариуцагч Ж.Баас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааныг товлон зарлаж хариуцагч Ж.Бд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгджээ. Гэвч хариуцагч Ж.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ бичгээр ирүүлээгүй болно.

Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.  

 

          Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас улсын тэмдэгтийн хураамж 94,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бад олгох нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дүгээр зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ж.Баас үндсэн зээл 3,300,000 төгрөг, алданги 1,650,000 төгрөг, нийт 4,950,000 /дөрвөн сая есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас улсын тэмдэгтийн хураамж 94,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН